Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00558

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалтай, 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох, 

Ажил эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие цэцэрлэгийн туслах багшаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2007 онд бага боловсролын багш, арга зүйчээр төгсөн ** дугаар цэцэрлэгт багшилж улсад нийт 28 жил ажилласан. 2017 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл зүрх, даралт, бөөрний өвчнөөр эмнэлгээр явж байна. Намайг өвчтэй байгааг мэдсээр байж ажлаас халсан байсан. Би ажил таслаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халсан тушаалаа аваагүй. Ажлаас халсан тушаалаа авах гэтэл миний төрсөн эгч Б.Наранцэцэгт өгсөн гэж хэлээд өгдөггүй. Б.Наранцэцэгээс халагдсан тушаалаа асуухад мөн байхгүй алга болсон гэдэг. ...Иймд Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Багш Б.О- нь 2017 оны 12 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүтэн ажил тасалж 21-ний өглөө ажилд ирээд хүүхдийн өглөөний цайны дараа 09.30 минутын үед гараад дахин ажилд ирээгүй. Нийтдээ 4 хоногийн ажил тасалсныг байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн сануулах арга хэмжээ авч ажлыг нь үнэлж дүгнэхэд 6 оноо авч хангалтгүй үнэлгээ авсан. Багш Б.О- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалсны дараа ажилчдын хурлыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрхлэгчийн тушаал гарсныг төрсөн эгч Б.Наранцэцэг нь танилцаж, тушаалыг авч явсан. Багш Б.О- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сургалтын үйл ажиллагааг 14 хоногоор тасалдуулан, хүүхдийн сурах, суралцах эрхийг ноцтой зөрчсөн, багшийн ажлын байрны тодорхойлолтын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрийн сангийн 100190000958 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Намайг Дархан-Уул аймаг, Шарын гол, ** дугаар цэцэрлэгийн зүгээс ажлаас халсан тушаалыг албан ёсоор хуульд заасан хэлбэрээр гардуулж өгөөгүй. Манай хамаатан Б.Наранцэцэг гэж хүнд өгсөнийгөө гардуулж өгсөн гэж хэлдэг. Би олон жил эрүүл мэндээр өвдөж шаналж яваа улсад 27 жил боловсролын байгууллагад ажилласан өрх толгойлсон эмэгтэй юм. Би ажлаас халсан тушаалыг одоо хэр нь гардаж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэвээр үргэлжилж байгаа гэж ойлгоод шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасантай нийцээгүй гэж үзсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.О-, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Б.О- Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ** дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  Б/08 тоот тушаалаар ажлаас халагдсан ба тушаалд ажилтанг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил таслан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг тасалдуулан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “Б.О- шүүхэд хандан гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх, уг дүгнэлтийг үгүйсгэж, харин “ажил олгогчийн тушаалд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдсон” гэжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй хэдий ч Б.О-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тус шүүх, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ “ажил олгогч нэхэмжлэгч Б.О-т ажлаас халсан тушаалыг гардуулан өгсөн гэж дүгнэх боломжгүй, эгч Б.Наранцэцэг нь түүнийг бүрэн төлөөлөх эрхгүй“ гэсэн нь учир дутагдалтай байна.

Хэргийн баримтаас үзвэл, ажил олгогч Дархан-Уул аймаг, Шарын гол, ** дугаар цэцэрлэг нь Б.О-ийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халж, тухайн шийдвэрийг түүний эгч Б.Наранцэцэгт өгсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ үндэслэлээ нотлоогүй байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Б.О- ажлаас буруу халагдсан тухай гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид тус тус гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнд хүрээгүйгээс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгосон нь тэрээр  ажлаас халагдснаа мэдсэн гэж үзнэ. Үүнээс гадна дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, улмаар тасалдал зогсож, хугацааг шинээр тоолох нөхцөл үүссэн боловч нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд дахин хандах хугацааг хэтрүүлж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан, хэтэрсэн хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй” талаарх эрх зүйн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.О- “ажилтан ажлаас буруу халсан... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах” Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, тус шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Б.О- гаргасан нь тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн  санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заажээ.

Ажилтан тухайн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй бол ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч Б.О- 2017 оны 12 дугаар сарын 18-наас эхлэн 3 өдөр ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүйгээс ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/28 тоот тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил тасалсны улмаас  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/08 тоот тушаалаар ажлаас халжээ. Нэхэмжлэгч дээрх хугацаанд өвчтэй байсан гэх боловч тухайн цаг хугацаанд ажил олгогчид энэ талаарх баримтыг өгөөгүй, шүүхэд нотлох баримтаар гаргасан эмнэлэгийн магадлагаа хожим буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр олгогдсон огноотойгоос гадна уг баримтад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн тухай заасан нь эмнэлэгийн магадлагаа гаргах эрх бүхий этгээдийн гаргасан журамтай нийцээгүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-д “ажлын нэг өдөр нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш цаг, мөн дараалан 2 ба түүнээс дээш цаг тасалсан”, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн туршид ажилдаа ирээгүй ажил тасалсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ. Иймд Б.О-ийг ажлаас халсан ажил олгогчийн Б/08 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хоёр шатны шүүх өөр, өөр  дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдоогүй тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УНДРАХ

                      ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ