Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2018/01168

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2018/01168

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/01123/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д............................. тоотод оршин суух С овогт Б-н О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д............................ цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө, хариуцагчийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Б.О нь цэцэрлэгийн туслах багшаар ажлын гараагаа эхэлж ажиллаж байгаад 2007 онд Монгол улсын багшийн их сургуульд сургуулийн өмнөх бага боловсролын багш арга зүйчээр төгсөж 17 дугаар цэцэрлэгт багшилж улсад нийт 28 жил ажилласан. 2017 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл зүрх, даралт, бөөрний өвчнөөр шаналж эмнэлгээр явж байна. Одоо ч Улаанбаатар хот 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Намайг өвчтэй байгааг мэдсээр байж ажлаас халсан байсан. Би ажил таслаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халсан тушаалаа авья гэхэд танай төрсөн эгч Наранцэцэгт чинь өгсөн гэж хэлээд өгдөггүй тэгээд Б.Н-ээс намайг халсан тушаал таньд байна уу? гэхэд надад өгч байсан би нэг газар тавьсан гэртээ ирээд олохгүй байна. Алга болчихсон юм шиг байна гээд бас өгдөггүй энэ тухай эрхлэгч Оюунцэцэгт хандаж Н-т өгсөн тушаал чинь алга болсон байна гээд надад өгсөнгүй би халагдсан тушаалаа авч хандах газраа явмаар байна. Надад өөрт минь өгөөч гэхээр дахиж өгдөггүй гээд өгөөгүй. Улсад 28 жил ажилласан ажлаас халагдсан тушаалаа эх хувиар нь барьж үзээгүй өнөөдрийг хүрч өөрийн гараар гардаж аваагүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид эрхлэгч О-ийн авч ирж өгсөн тамга тэмдэггүй канондсон хуулбараас тушаалынхаа дугаар агуулгыг бичиж шүүхэд хандаж явна. Өөрт тушаал нэгэнт байхгүй учраас гэнэт халагдсаны мөнгөө олж авч чадаагүй. Тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч хэдний ямар тушаалыг хүчингүй болгуулах талаар дурдаагүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж гарсан. Надад ажил олгогчоос халсан тушаал байхгүй учраас хэдэн оны хэдэн сард, хэдэн тоот тушаалаар халсан нотлох баримт үнэндээ байгаагүй юм. Ингээд арга буюу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид дахин хандаж ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлагч уригдагч талаас оролцсон Д.О өргөдлийн хариу тайлбар бичгээр гаргаж өгч намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалсан тул ажилд авахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн байсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ........ дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халах тухай Шарын гол сумын ..... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг эвлэрүүлэн зуучлагчаас хуулбар гарган өгсөн байсан. Манай эрхлэгч Д.О ямар учраас надад өөрт минь ажлаас халсан тушаалыг өгөхгүй өөр газар өөр хүнд өгч болдог юм бэ? Би ажлаас халсан тушаалаа байгууллагаасаа албан ёсоор гардаж хүлээж аваагүй учраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага байна гэж үзэж байна. Эвлэрүүлэн зуучлагчид гарган өгсөн тушаалын үндэслэл ... багш Б овогтой О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил таслан гэсний удаа дараа яг хэзээ, хэдийд, хэд хоног ажил таслан сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн талаар баримтад үндэслэн тодорхой заагаагүй байгууллагын дотоод журмын аль хэсгийг зөрчсөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон байна. Иймд Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.О нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Багш Б.О нь 2017-2018 оны хичээлийн жилийн 10 дугаар сарын 25-нд ажилдаа ирэхэд нь туслах багш Г.Б-ын хамт өөрийн албан тасалгаандаа дуудаж хүүхэд бүрийг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, анги бүлгээ тохижуулах талаар идэвхи санаачлагатай хамтран ажиллах үүрэг өгч цаашдынх нь хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ажил үйлсэд нь амжилт хүсэж ажил албыг нь эхлүүлсэн мөн багш Б.О-ийн талаар багш ажилчдын гомдол өргөдлийг танилцуулж хамт олноо олон нийтийн газар дахин доромжлохгүй байх талаар ярилцаж сануулсан.

Ажиллаж байх хугацаандаа багш Б.О нь сургалтын хөтөлбөргүй, 14 хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөөгүй ажилласаар байхад нь удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлагыг үл хүндэтгэн ажилсаар л байсан. Ингээд боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 тоот тушаалын дагуу багш ажилчдын 2017 оны 4 дүгээр улирлын урамшуулал олгох ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх үйл ажиллагаа явуулахад өөрийн ажлаа үнэлүүлэхгүй 2017 оны 12 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүтэн ажил тасалж 21-ний өглөө ажилд ирээд хүүхдийн өглөөний цайны дараа 09.30 минутын үед гараад дахин ажилд ирээгүй. Нийтдээ 4 хоногийн ажил тасалсныг байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн сануулах арга хэмжээ авч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилд ирсний дараа 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багийн ажлыг байгууллагын дотоод хяналтын ахлагч М.А, ахлах багш С.С, эрхлэгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй ажлыг нь үнэлж дүгнэхэд 6 оноо авч хангалтгүй үнэлгээ авсныг танилцуулж, цэцэрлэгийн захиргаанаас БСШУС-ын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ........ тоот тушаалын хавсралт 5.8-т заасны дагуу цалингийн 10 хувиар буруулах арга хэмжээ ............ тоот тушаалын хавсралт цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх журмын 5.9-т заасны дагуу 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ зохион байгуулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /математик, энгийн төсөөлөн хөгжүүлэх/ үйл ажиллагаанд сууж зөвлөн туслах гэсэн боловч үйл ажиллагаагаа явуулахгүй 20 минут зогсож дараа нь миний бие өөрийн өрөөнд дуудаж /өнөөдөр 17 цаг гэхэд сургалтын хөтөлбөрөө сайжруулаад хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад ороод ир, тэгээд зөвлөгөө өгье маргаашийн үйл ажиллагаанд хамтран бэлтгэе/ гэсэн боловч ажил тарах цаг болж би өөрийн биеэр ангид орж багш таныг 17 цаг 15 миунт хүртэл хүлээлээ одоо төлөвлөгөөгөө үзүүлэх үү гэхэд бас дуугүй зогсоод байхаар нь за би одоо явлаа. Чи гэртээ хариад сайн бодож боловсруулаад маргааш өглөө 9 цаг гэхэд өрөөнд ирээрэй гэж хэлээд явсан. Маргааш нь туслах багшдаа тариа хийлгэчихээд ирье гэж хэлээд 14 хоног ажил тасалсан. Энэ хугацаанд миний бие удирдлагынхаа хувьд энэ багшийг ирж уулзах болов уу. Учир шалтгаанаа ярих болов уу гэж маш их харж, багшийг ирэхэд нь хамт олны хурал зохион байгуулж асуудлыг шийдье гэж бодсон боловч ямар ч шалтгаангүй ажил тасалж энэ хугацаандаа эцэг, эхээс сургалтын үйл ажиллагаа явуулахгүй. Хүүхдийн эрх зөрчигдөж сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээ явагдахгүй байна. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргаж байна гэсэн асуудлыг шийдүүлж өгнө үү гэж гомдол гарсаар байсан учир байгууллагын үйл ажиллагааг ханган ажиллаж, цаашид сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлага гарсан тул арга буюу багш ажилчдын хурлыг зохион байгуулж ажлаас халсан.

- Багш Б.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалсны дараа ажилчдын хурлыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрхлэгчийн тушаал гарсныг төрсөн эцэг Б.Н нь танилцаж, тушаалыг авч явсан боловч маргааш нь эгч нь дахин ирж шалтгаангүйгээр 14 хоног тасалсныг хүлээн зөвшөөрч байна. Харин миний дүүгийн боловсролын тухай хуулиар олгогддог 5 жилийн тэтгэмжийг олгож өгч туслаач гэдэг хүсэлтийг тавиад ажил тасалснаа биш чөлөө олгож байгаад 2018 оны 09 сард тэтгэмжийг нь аваад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд ажилгүйдлийн тэтгэмж, даатгалыг хөөцөлдөж авъя гээд яваад хэсэг хугацааны дараа чөлөөлөгдсөн өргөдөл өгсөн боловч тэр нь шаардлага хангахгүй байсан.

Тухайлбал: Өргөдлийг багш О өөрөө бичээгүй. Өргөдөл гаргасан огноо, дугааргүй, гарын үсэг өөрийнх нь биш байсан.

- Багш Б.О нь 2017-2018 оны хичээлийн жил дууссаны дараа 6 сарын сүүлчээр халагдсан тушаалаа авъя гэж нярав Л.Э хандсан боловч нярав би ээлжийн амралттай байна. Ажилд орохоороо өгье. Танай эгч чиний халагдсан тушаалыг авсан ш дээ. Түүнийгээ яасан юм бэ? гэж асуухад ажаа ураад хаясан байна лээ гэж хариулсан. Ингээд багш Б.О нярав Л.Э-ыг ажилд ормогц 2017 оны 07 дугаар сарын 05, 06-ны үед өөрөө авсан гэдгийг нотолж байна.

Багш Б.О нь ажлаас халагдаад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд тушаал шийдвэрээрээ авъя, би гомдолтой байна гэж 1 ч удаа ирж уулзаагүй.

Багш Б.О нь:

1.                Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан.

2.                Сургалтын үйл ажиллагааг 14 хоногоор тасалдуулан, хүүхдийн сурах, суралцах эрхийг ноцтой зөрчсөн.

3.                Багшийн ажлын байрны тодорхойлолтын дагуу Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн өөрийнхөө үйлдлийг ухамсарлахынхаа оронд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш энэ асуудлыг хөндөж бүх шатны байгууллагад хандаж намайг буруутан болгож нэр төрийг минь гутааж гүтгэж байгааг миний бие сайн олгохгүй байна.

Багш Б.О нь багшийн болон мэргэжлийн ёс зүйгээ ухамсарлан байгууллагын эрх ашиг, хүүхдийн сурч хөгжих эрхийг хамгаалах талаар сайтар бодсон бол 2017-2018 оны хичээлийн жилд ажлаас халагдсан 4 сар гаруй хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан.

Багш Б.О нь нэхэмжлэх дээрээ байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг тусгаагүй байна гэж нэхэмжилсэн байсан. Б.О нь хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журмын олон заалтуудыг зөрчсөн тул заалтуудыг нэг бүрчлэн тушаал шийдвэр дээр тусгаагүй. Үүнд:

Байгууллагын дотоод журмын .... /багш ажилчдын хүлээх үүрэг 4.1-4.4, 4.9/

Байгууллагын дотоод журмын.../ажлын хариуцлага зөрчигчид хүлээлгэх хариуцлага 8.1, 8.3/

Байгууллагын дотоод журмын ... /Цэцэрлэгийн захиргааны санаачлагаар ажлаас халах үндэслэлүүд/

Хөдөлмөрийн гэрээний 2-д заасан /ажил үүрэг гүйцэтгэх/, 3-т заасан /талуудын эдлэх эрх хүлээх үүрэг/ 4-т заасан /талуудын хүлээх үүрэг/

Миний бие хэзээ ч хаана ч тамга тэмдэггүй баримт бичгийг өгч байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч ...... сумын .....дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Б.О нь ..... сумын ..... дугаар цэцэрлэгт багшаар 2010 оны 09 дүгээр сарын 01-ний, өдрөөс эхлэн ажилласан бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .......... дугаартай тушаалаар Сахилгын арга хэмжээ авч, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .......дугаартай тушаалаар Б.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнийг ажлаас халах тухай шийдвэрийг гаргасан байна.

Дархан-Уул аймгийн ......... сумын ........дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1, Хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.1, 4.2-ийг үндэслэн

Багш Б.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 өдөр ажил таслан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг тасалдуулан, хүүхдийг эзгүйдүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийг гаргасан тул сануулах арга хэмжээ авсугай... гэсэн,

 

Дархан-Уул аймгийн ........ сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....... дугаар тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хамт олны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн

Базар овогтой О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил таслан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг тасалдуулан сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсугай... гэсэн шийдвэрийг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүлээн зөвшөөрсөн, уг тушаалтай холбоотой гомдлыг гаргаагүй ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ........ дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.О ...би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчтэй байсан. Намайг өвчтэй байсан гэдгийг туслах багш маань мэдэж байсан учир намайг өвчтэй гэдгийг байгууллага мэдэж байгаа гэж бодсон. Тухайн үед Бүркетхан эмчид үзүүлсэн боловч актаа авч чадаагүй, дараа нь эмчээс актаа нөхөж авсан. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчид актаа өгөөгүй. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас халсан гэдгийг утсаар сонссон. Намайг ажлаас халчихсан юм чинь гээд би ажилдаа дахиж очоогүй, би биеэ эмчлүүлсэн. Ингээд 2018 оны 06 дугаар сард шүүхэд хандахад шүүх тушаал байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгээд би 6 сарын сүүлээр цэцэрлэг дээр очиж тушаалынхаа хуулбар хувийг авсан. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунцэцэг нь намайг ажилд авахаас татгалзаж, намайг ажлаас халсан тушаалын хуулбар хувийг эвлэрүүлэн зуучлагчид өгсөн байсан. Би одоо хүртэл албан ёсоор ажлаас халсан тушаалын эх хувийг гардаж аваагүй. Иймд би ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан... гэсэн тайлбарыг,

Хариуцагч ..........л сумын ........... дугаар цэцэрлэгийн төлөөлөгч ...Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажил тасалсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-аас хойш 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Б.Оийг ажилдаа ирэхийг хүлээсэн. Тэрээр ажилдаа ирээгүй, чөлөө зөвшөөрөл аваагүй учир түүнийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын хувийг Б.Оийн төрсөн эгч Б.Н-т дүүдээ өгөөрэй гэж өгсөн. Эгч Б.Н нь дүү Б.О-тэйгээ нэг байранд байдаг байнга тааралддаг холбоотой байдаг учир эгчид нь ажлаас халсан тушаалыг өгсөн. Б.О нь ажлаас халагдсан тушаалаа аваагүй гээд 2018 оны 07 дугаар сард цэцэрлэг дээр ирэхээр нь тушаалын хуулбар хувийг түүнд өгсөн... гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Өмнө нь нэхэмжлэгч Б.О нь хариуцагч 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэдэн оны ямар тушаалыг хүчингүй болгуулах талаар тусгаагүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй... гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Д.О нь ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болох тухай тэмдэглэл-д ...өргөдөл гаргагч Д.О нь уригдсан талын өгсөн тушаалыг авч шүүх хурлаар орж асуудлаа шийдүүлнэ гэсэн тайлбарыг, уригдагч тал болох......... цэцэрлэгийн зүгээс эвлэрэхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан учир Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд дахин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай захирамжаар Б.Оийн нэхэмжлэлтэй Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.О нь ажлаас халагдсан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг 2018 оны 07 дугаар сард хүлээн авч тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хандсан болох нь тогтоогдож байна.

Эвлэрүүлэн зуучлагч 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон боловч нэхэмжлэгч Д.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байхад тэрээр уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгч Б.О нь ...ажлаас халагдсан тушаалын эх хувийг одоо хүртэл аваагүй, тушаалаа албан ёсоор гардаж аваагүй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч тэрээр тушаалын хуулбарыг хариуцагч талаас авсан, тушаалын агуулга үндэслэлийг мэдсэн учир түүнийг ажлаас халсан тушаалыг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажлаас буруу халсан тухай гомдлоо гаргаагүй тул түүний гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч .......... сумын ... дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрийн сангийн 100190000958 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА