| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2021/03237/И |
| Дугаар | 001/ХТ2026/00012 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2026/00012
Б.Ас-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03486 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01283 дугаар магадлалтай,
Б.Ас-н нэхэмжлэлтэй
“Г ҮЦК” ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ат
Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Т.Э, хариуцагч “Г ҮЦК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.У, Ч.О, гуравдагч этгээд Б.Ат, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Ас нь “Г ҮЦК” ХХК-д холбогдуулан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03486 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11-д зааснаар хариуцагч “Г ҮЦК” ХХК-аас 176,397,816.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ас-д олгож, үлдэх 159,050,513.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ас-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г ҮЦК” ХХК-аас 1,039,939 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01283 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11 ...” гэснийг “Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 419 дүгээр зүйлийн 419.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 953,203 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,039,939 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалд “хариуцагч 81 удаагийн арилжаа хийх захиалгыг нэхэмжлэгчээс урьдчилан аваагүй ч Б.Ас сүүлд гарын үсэг зурснаар хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үнэт цаасны зах зээлд “хожим хүлээн зөвшөөрөх” гэх ойлголтыг хэрэглэх боломжгүй. Хариуцагч тал гэрээ болон хуульд заасан брокерын үйл ажиллагааны эрхээ хэтрүүлэн арилжаанд оролцсоныг шүүх зөв тогтоосон ч нэхэмжлэгч хожим хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтээр хариуцагчийн үйлдлийг зөвтгөн хуулийг буруу тайлбарласан.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар брокер нь захиалагчтай байгуулсан гэрээнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах ба гэрээнд урьдчилан захиалга өгснөөр брокер үнэт цаас худалдах, худалдан авахаар тохирсон. С-н 2014.01.15-ны өдрийн №07 тогтоолын хавсралтаар баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам”-ын 6.7-д, тус хорооны 2008.10.22-ны өдрийн №223 тогтоолын хавсралтаар баталсан “Брокер, дилерийн үйл ажиллагааны журам”-ын 6.1, 6.3-т харилцагчаас урьдчилан захиалга авч үйл ажиллагаа явуулах, захиалгыг баталгаажуулах талаар тусгайлан зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад аливаа арилжаанд оролцох захиалгыг урьдчилан өгч байгаагүй, арилжаа хийсний дараа Б.Ас-р захиалгын хуудсууд дээр нөхөж гарын үсэг зуруулдаг байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон ба магадлалд энэ талаар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, арилжаанд оролцоход Б.Ас-н хүсэл зориг илэрхийлэгдээгүй, хариуцагч өөрийн үзэмжээр, дур мэдэн нэхэмжлэгчийн хөрөнгөөр арилжаанд оролцож байсан.
Түүнчлэн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар брокер С-с баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх Б.Ас зөвшөөрлийг нөхөж олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо С-н холбогдох дүрэм, журмуудыг эрх зүйн ач холбогдолгүй мэт үр дагаврыг нь үгүйсгэлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн гаргасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах шаардлагын үндэслэл болно гэх дүгнэлт нь мэтгэлцэх зарчим болон талуудын тэгш эрхийн зарчимтай нийцээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, хэргийн болон мэтгэлцээний цар хүрээг тогтоосон бол тухайн шаардлагын хүрээнд тайлбар гаргах нөхцөл хариуцагчид бүрдэх байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч, гуравдагч этгээдийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж тайлбарласан тул бидний зүгээс гэм буруутай эсэх, гэм хорын хохирол учирсан эсэх асуудлаар мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх энэхүү ноцтой зөрчлийг анхаараагүй. Мөн анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг худалдааны зуучлагчийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон бол давж заалдах шатны шүүх худалдааны комиссын харилцаа гэж зөрүүтэй дүгнэсэн. Нэхэмжлэгч үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгож, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулж буй талаараа баталгаа гаргасан ба гэрээ байгуулсан бол үүрэг үүснэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Г нарын магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01135 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
8.Нэхэмжлэгч Б.Ас хариуцагч “Г ҮЦК” ХХК-д холбогдуулан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох, гэм хорын хохиролд 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...орлогоо нэмэгдүүлэхийн тулд хариуцагчтай 2018.09.19-ний өдөр №Г-18/800 тоот “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн №18/879 тоот “Арилжааны данс нээх гэрээ” байгуулж, тухайн компанийн данс руу нийт 3 удаагийн үйлдлээр 915,400 хонконг доллар шилжүүлсэн, тухайн үед банкинд мөнгөө хадгалдагтай адил намар нь хөрөнгө оруулаад хавар болоход мөнгөө хүүгийн хамт авна гэж ойлгосон, гэтэл он гараад хариуцагч байгууллагаас тайлангаа ирүүлсэн ба миний шилжүүлсэн хөрөнгөөс 80,000 хонконг доллар үлдсэн байсан. Би өөрийн гэсэн дансгүй, гар утасны аппликейшн хөгжөөгүй байсан тул хөрөнгөө хянах боломж байгаагүй. Ингээд хариуцагч байгууллагатай очиж уулзахад 3 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж ажиллуулна гэсэн ч үр дүн гараагүй, ашиг аваагүй тул анх оруулсан мөнгөө нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
9.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа “...нэхэмжлэгчид номиналь дансаар дамжуулан мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээний үйлчилгээг үзүүлсэн ба гэрээнд захиалгыг утасны дугаар болон цахим шуудангаар өгч болохоор тусгасан. Нэхэмжлэгч богино хугацаанд өндөр ашиг олох хөрөнгө оруулах хүсэл зоригоо илэрхийлсэн. Ингээд боломжит хувилбар болох үүсмэл үнэт цаасны мэдээлэл болон Хонконг /БНХАУ/ зах зээлд өндөр ашиг олох боломжтой талаар танилцуулснаар үүсмэл үнэт цаас авахаар болсон. 2018.09.26-ны өдөр 306,000 хонконг доллар шилжүүлж, 2018.09.28-ны өдөр, 2018.10.03-ны өдөр, 2018.10.04-ний өдөр тус тус варрант худалдан авч, борлуулсны үр дүнд нь 39,827.25 хонконг доллар буюу 13,000,000 төгрөгийн цэвэр ашиг олсон. Дараа нь 457,000 хонконг доллар, 2018.11.02-ны өдөр 152,000 хонконг доллар тус тус байршуулан ашиг олсон. Ингээд 8 сарын хугацаанд нийт 120 гаруй арилжаа хийхдээ захиалгыг Б.Ат-н хувийн гар утсаар болон вайбераар тогтмол ярилцан явуулж байсан. Гүйлгээ арилжааны мэдээллийг Б.Ас-д тогтмол өгч ажилласан. 2019 оны 01 сард үүсмэл үнэт цаасны арилжаа ашиггүй болсон ба нэхэмжлэгчийн зүгээс ахлах брокер О.О болон Б.Ат нартай уулзан арилжаа ашиггүй болсонд анхаарал хандуулахыг хүссэн хүсэлт гаргаж байсан. 2019 оны 01 сард дахин варрант худалдан авах гэж байхад нь ахлах брокер О.О эрсдэлийг анхааруулж анхдагч зах зээлд хувьцаа санал болгосон. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу зах зээлээс зуучлах үйлчилгээ авч, өөрийн шийдвэрийн дагуу захиалгын үнэт цаасыг худалдан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ат хариуцагч талыг дэмжсэн тайлбартаа: “...Б.А варрант худалдан авах шийдвэр гаргах үед ашиг их олдог ч эрсдэл тэр хэмжээгээр өндөр байдаг талаар анхааруулан бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. Гэтэл өндөр өгөөж авахын тулд их хэмжээгээр худалдан авах шийдвэрийг өөрөө гаргасан. Анх ашигтай байсан ч эрсдэл, алдагдал бий болж эхлэхэд тэрээр хувьцаа авч нөхөхөд хугацаа их шаардах тул варрантаар нөхнө гэсэн. Брокерууд зөвхөн зөвлөх үүрэгтэй бөгөөд харилцагчийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийг биелүүлэх ёстой тул Б.Ас-н захиалгыг биелүүлсэн. Захиалга хийсний дараа Б.Ас руу цахимаар гүйлгээний баримтыг явуулдаг байсан тул тэрээр мэдээллийг тухай бүр авч байснаас гадна бид дур мэдэн гүйлгээ хийгээгүй, зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь итгэмжлэн удирдах, захиран зарцуулах үйлдэл хийгээгүй, зөвхөн брокерын үйл ажиллагаа үзүүлсэн, хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 176,397,816.63 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ: “...гэрээгээр тохиролцсоны дагуу хувьцааны захиалгыг урьдчилан харилцагчаас авч арилжааг зохион байгуулах, харилцагчийн баталгаат гарын үсэг бүхий хүсэлт, даалгавраар гүйлгээ хийх, баталгаат гарын үсэгтэй захиалгын хуудсыг компанид хүргүүлснээр хувьцаа худалдан авах зарлагын гүйлгээ хийх зэрэг үүргийг хариуцагч зөрчсөн, нэхэмжлэгч Б.Ас үнэт цаасны арилжаанд оролцоход урьдчилсан захиалга өгч байгаагүй, арилжааны талаар болон дансны үлдэгдэл хэмжээ, ашиг орлогын харьцааны талаар бүрэн мэдээлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул Үнэт цаасны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар зуучлалын үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, улмаар хариуцагч брокерын үйл ажиллагааны эрхээ хэтрүүлж, захиалагчийн даалгаваргүйгээр арилжаанд оролцсон, Б.Ас өөрөөс нь урьдчилан захиалга аваагүй варрантын арилжааны захиалгын баримтууд болохыг мэдсэн атлаа тухайн арилжаануудыг сүүлд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул арилжааны холбогдох хэсгийг хүчин төгөлдөр гэж үзнэ, 2019.03.20-2019.05.15-ны хооронд хийгдсэн захиалгын хуудаст нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байхад хувьцаа худалдан авах 20 арилжаа, 2019.03.25-2019.05.15-ны өдрийн хооронд захиалгын хуудасгүй 18 арилжаа хийсэн нь зөвшөөрөлгүй явуулсан үйл ажиллагаа байна. Энэ үед нэхэмжлэгч дансандаа 63,946 хонконг долларын үлдэгдэлтэй байсан. 2019.03.20-ны өдрөөс хойш Б.Ас-н зөвшөөрөлгүйгээр мөнгөн хөрөнгийг захиран зарцуулснаас учирсан бодит хохирол 63,946 хонконг доллар гэж үзэж Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11-д зааснаар “Г ҮЦК” ХХК хариуцна. 2019.03.05-ны өдрийн 170,000 ширхэг хувьцааг 39,820 хонконг доллараар худалдан авч, 2019.04.10-ны өдөр 37,400 хонконг доллараар худалдсаны улмаас зөрүү 2,420 хонконг долларын хохирол учирсан, хугацаатай үүсмэл үнэт цаасыг нэн даруй буцаан худалдах үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгчид анхааруулах, зөвлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хувьцааны үнэлгээгээр бодит хохирол учирсан. Үүний улмаас үүсмэл үнэт цаасны зах зээлд хувьцааг худалдан борлуулах хугацаа дуусгавар болсныг нэхэмжлэгч мэдээгүй талаарх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид 415,832 хонконг долларын хохирол учирсан, дээрх бодит хохирол хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн, зохигчийн хооронд гэрээний үүргийн зөрчил үүссэн, нэхэмжлэгчийн дансанд үлдсэн 828,6 хонконг долларыг хасаж, бодит учирсан хохирлыг 481,369.4 хонконг доллар буюу 176,397,816.63 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулна, нэхэмжлэгчийн гаргасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах шаардлагын үндэслэл болно...” гэж дүгнэсэн.
11.Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээхдээ “худалдааны зуучлагч нь бусдын нэрийн өмнөөс, бусдын зардлаар үйл ажиллагаа явуулдаг бол комисс нь Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1-д зааснаар өөрийн нэрийн өмнөөс бусдын зардлаар үйл ажиллагаа явуулдаг ялгаатай ойлголт тул талуудын хооронд худалдааны зуучлагчийн гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлтэд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах бөгөөд зохигчийн хооронд худалдааны комиссын гэрээ байгуулагдсан” гэж үзжээ.
12.Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
13.Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хоёр шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
13.1.Нэхэмжлэгч Б.Ас нь гадаад улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйлчилгээ авах зорилгоор хариуцагч “Г ҮЦК” ХХК-тай 2018.09.19-ний өдөр №18/879 дугаартай Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ,
13.2.мөн өдөр №Г-18/800 дугаартай Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ,
13.3.мөн өдөр Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ тус тус байгуулсан,
13.4.“Г ҮЦК” ХХК-ийн Төлбөр тооцооны 2005003536 тоот хонгконг долларын дансанд 2018.09.26-нд 306,000 доллар, 2018.10.05-нд 457,000 доллар, 2018.11.02-нд 152,400 доллар, нийт 915,400 хонгконг долларыг байршуулсан,
13.5.“Г ҮЦК” ХХК 2018.09.28-ны өдрөөс 2019.05.15-ны өдрийн хооронд Б.Ас-н байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонгконг дахь Ф-брокерын компанийн QGT Lite цахим системээр 63 удаагийн гүйлгээгээр хувьцаа худалдан авах арилжааг, 57 удаагийн хувьцаа худалдах, нийт 120 удаагийн арилжааг гүйцэтгэжээ.
14.Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т заасан худалдааны комиссын гэрээ болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Мөн Иргэний хулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар комиссын гэрээний агуулгыг холимог гэрээний агуулгаар тайлбарласан нь үндэслэлтэй.
15.Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг ба бусдын нэрийн өмнөөс, бусдын зардлаар үйл ажиллагаа явуулдаг учраас зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг худалдааны зуучлалын гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай.
16.Иргэний хуулийн 415 дугаар зйлийн 415.2 дахь хэсэгт зааснаар комисс нь өөрийн нэрийн өмнөөс, бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлдэгээрээ худалдааны зуучлалаас ялгаатай бөгөөд борлуулах хүрээнд худалдах, худалдан авах аль аль нь хамаарах боломжтой.
Мөн комисс нь бараа худалдах, худалдан авахад чиглэсэн даалгаврын гэрээний шинжийг агуулсан бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй төрөл болох комиссын гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна.
17.Комиссын гэрээ нь зуучлалын нэг төрөл боловч өөрийн гэсэн онцлогтой, өөрийн нэрээр бусдын зардлаар зуучилдаг шинжээрээ үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг бодитой төлөөлж өөртөө хөрөнгө худалдан авч байгаа мэт, эсхүл өөрийн хөрөнгөө худалдаж мэт үйлчилгээндээ илүү мэргэжлийн, хариуцлагатай хандах шинжээрээ бусад ердийн болон худалдааны зуучлалаас ялгаатай.
Энэ утгаараа Үнэт цаасны брокерын гэрээ нь комиссын гэрээний шинжийг агуулдаг бөгөөд брокер нь энэ гэрээний үндсэн дээр үнэт цаасыг худалдах, худалдах авах үйлчилгээ эрхлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар брокер С-с баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй байна.
18.Иймээс талуудын байгуулсан үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээг комиссын гэрээ гэж үзэх бөгөөд уг гэрээний 2.1.1-д “Компани нь харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат и-мэйл болон утасны дугаараар өгсөн захиалгаар/ гүйлгээ хийж, албан маягт бүхий хүсэлтэд дурдсан нэр бүхий хувьцааг захиалсан хэмжээгээр худалдан авч харилцагчид мэдэгдэнэ” гэж, 2.1.4-т “...дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдан авах тухай ямар нэгэн баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавар харилцагч талаас ирээгүй тохиололд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр мөнгөн хөрөнгийг буцаан олгоно. Бусад тохиолдолд аливаа хэлбэрээр зарцуулахгүй...” гэж талууд тохиролцсон боловч нэхэмжлэгчээс хувьцааг худалдах эсхүл худалдан авах захиалгыг урьдчилан өгч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
19.Харин нийт 120 арилжаанаас 2018.09.28-ны өдрөөс 2019.03.19-ний өдрийн хооронд хийгдсэн нийт 81 удаагийн хувьцаа худалдах болон худалдан авах захиалгын хуудаст нэхэмжлэгч Б.Ас гарын үсэг зурж баталгаажуулсан, эдгээр баримтад нөхөн зуруулсан нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар харьцуулан дүгнэж, эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн, хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
20.Зөвхөн нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан захиалгын хуудаснаас гадна хэрэгт цугларсан бусад баримт, Б.Ас-д хүргүүлж байсан и-мэйл, хариуцагч байгууллагын ажилтан Б.Ат, Б.Ас нарын харилцаж байсан вайбер чат, тэдгээрт тусгагдсан мэдээлэл зэргээс үзэхэд 81 удаагийн арилжааг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзнэ.
21.Түүнчлэн, Брокер диллерийн үйл ажиллагааны журмын 11.1-д зааснаар хариуцагч байгууллага нь харилцагчид арилжаа явагддаг механизм, хүлээх эрсдэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй боловч гэрээний 1.3-т зааснаар эдгээр арилжааны үр дагавар, эрсдэлийг өөрөө хариуцах тул энэ тогтоолын 4-т тусгагдсан “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
22.Нэхэмжлэгчийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь 5 нэр, төрлийн нийт 415,832 хонгконг долларын хувьцааг худалдан авсан боловч эдгээр хувьцаа нь хугацаа дууссан /Expired/ гэх тэмдэглэгээтэй буюу зах зээлд борлуулах хугацаа нь дуусгавар болж, арилжаанаас хасагдан үнэгүйдсэн бөгөөд энэ нь хариуцагч зуучлах үүргийг нэхэмжлэгчийн өмнөөс биечлэн гүйцэтгэж байсны хувьд нэн даруй буцаан худалдан борлуулах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн энэ талаар нэхэмжлэгчид анхааруулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.3-т заасан “…үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангах...”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан “Брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга хэмжээ авах” үүргээ тус тус биелүүлээгүйтэй холбоотой хохирол гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь зөв.
23.Дээрх 81 арилжаа хийгдсэний дараа нэхэмжлэгчийн дансанд 63,946 хонконг долларын үлдэгдэлтэй байсан ба үүнээс хойш хийгдсэн арилжаанд Б.Ас-н зөвшөөрөл олгогдоогүй тул энэ үеэс хойш хийгдсэн арилжаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 419 дүгээр зүйлийн 419.2, 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хариуцагч “Г ҮЦК” ХХК нь тусгай зөвшөөрлөөр брокерийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн оролцогчийн хувьд Үнэт цаасны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны холбогдох журмаар тодорхойлогдсон болон гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах учиртай. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэй 2019.03.05-ны өдөр 39,820 доллароор худалдан авсан HKG11990 дугаартай 170,000 ширхэг хувьцааг 2019.04.10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 37,400 доллараар худалдаж, зөрүү 2,420 хонгконг долларын алдагдалтай арилжааг хийсэн байна.
24.Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, зуучлагч буюу хариуцагч нь 5 нэр төрлийн хугацаатай үүсмэл үнэт цаасыг худалдан авч буцаан худалдах үүргээ нэн даруй хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирол 415,832 хонгонг доллар, хохирол, харилцагчийн зөвшөөрөл, даалгаваргүйгээр хийсэн үйлдлийн улмаас учирсан хохирол 66,366 /63,946+2,420/ хонконг доллар, нийт 482,198 хонгонг долларын хохирол учирсан байх боловч үүнээс нэхэмжлэгчийн дансанд үлдэгдэл 828.6 хонгонг доллар байгаа тул зөрүү 481,369.4 хонгонг доллар буюу 176,397,816.63 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.
25.Талуудын хооронд дээрх байдлаар комиссын гэрээний үүргийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч гэрээний бус үүргийн харилцаа буюу хариуцагч байгууллагын ажилтны буруугаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон боловч шүүх өөрөө эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй тул “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, гэм хорын хохирол учирсан эсэх асуудлаар мэтгэлцэж оролцсон, анхан шатны шүүх энэхүү ноцтой зөрчлийг анхаараагүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй.
26.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01283 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Ас 2025.10.01-ний өдөр 954,803 төгрөг, хариуцагч “Г ҮЦК” ХХК 2025.09.24-ний өдөр 1,850,191 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД