Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2501

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-ы хариуцагч “Т банк” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д үндэслэн зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн барьцаа хөрөнгөгүйгээр 50 000 000 төгрөгийн зээлийг олгосон, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавьж ажиллаагүй гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зээлдэгч Н.Анхбаярт 50 000 000 төгрөгийн зээл олгох асуудлыг “Т банк” ХХК-ийн Да Хүрээ тооцооны төвийн зээлийн хорооны хурлын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17/24 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэ зээлийн асуудлыг эдийн засагч С.Оюунбилэг судалсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн банк болон зээлдэгч Н.Анхбаяр нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Дотоодын хяналтаар барьцааны байр нь Н.Анхбаярынх биш гэсэн. Гэтэл тухайн үед гэрчилгээ Н.Анхбаярын нэр дээр гарсан байсан бөгөөд энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Би Да Хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа энэ бүх үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж ажиллаж байсан тул намайг хяналт тавьж ажиллаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргээс үзэхэд энэхүү ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарахгүй. Да Хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа холбогдох дүрэм, журмын дагуу олгогдсон зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэсэн хууль бус үндэслэл нь сүүлд томилогдон ажиллах болсон Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Да хүрээ тооцооны төвийн захирлаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, Гэгээнтэн салбар төвийн захирлаар 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс “Т банк” ХХК-ийн Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар томилогдон ажилласан. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Л.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлах болсон үндэслэл нь Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн барьцаагүйгээр зээл олгосон, үүнээс үүдэн 50 000 000 төгрөгийн зээл барьцаагүйдсэн гэдгийг “Т банк” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Да хүрээ тооцооны төвд хийсэн ээлжит шалгалтаар тогтоосон. Зөрчлийн тухайд Л.Б нь Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Да хүрээ тооцооны төвийн зээлийн хорооны хурлаар Н.Анхбаярт 50 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 50 000 000 төгрөгийг Н.Анхбаярын дансанд шилжүүлж, зээлийг олгосон. Зээл олгохдоо харилцааны менежер С.Оюунбилэг нь зээлийг судлаад барьцаа хөрөнгө дээр очиж үзлэг хийгээгүй, акт үйлдээгүй зэрэг зээлийн үйл ажиллагааны журмаа мөрдөж ажиллаагүй байдалд нь хяналт тавиагүй. Ийнхүү хяналт тавих үүрэг нь Да хүрээ тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан. Энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл байна гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Л.Быг “Т банк” ХХК-д Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т банк” ХХК-аас 9 699 327 төгрөг гаргуулж Л.Бд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 170 139 төгрөг гаргуулж улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Анхбаярын зээлийн хувийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Шүүх хариуцагчийн гаргасан “нотлох баримтыг шүүхийн журмаар эх хувиар нь гаргуулах тухай” хүсэлтийг тодорхой үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч гэдэг нь эх хувиас нь харахад илт мэдэгдэх бөгөөд нэхэмжлэгчийн илт хуурамч гэрчилгээг үндэслэн зээл олгосон, хяналт тавих үүргээ биелүүлээгүйг нотлоход үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувь нь чухал ач холбогдолтой байсан боловч шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тооцооны төвийн захирлын хувьд зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд хяналт тавиагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тэрээр зээлийн хувийн хэргийн бүрдэл хэсэг болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгаж хянасан, хуудсыг бөглөсөн, хийвэл зохих ажиллагааг хийсэн байна. Харин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч гэдгийг шууд хараад мэдэх боломжтой байсан гэж тооцооны төвийн эрхлэгчийг буруутгах боломжгүй юм” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь зээлийн хувийн хэргийн бүрдэл болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгах хуудсыг бөглөсөн нь хяналт тавих үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй ба тооцооны төвийн захирал зээлийн хувийн хэргийг нэг бүрчлэн шалгаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, тамга тэмдэг дарсан эсэх, гарын үсэг зурагдсан эсэх зэргийг шалгасны үндсэн дээр шалгах хуудсыг үнэн зөв бөглөж, гарын үсэг зурахыг хяналт тависан гэж ойлгоно. Гэтэл барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг Улсын бүртгэлийн лавлагаа авч шалгалгүйгээр лавлагаа авагдсан гэж, мөн Барьцааны гэрээг ҮХЭХБГ-т бүртгүүлсэн, тамга тэмдэг бүрэн гэж шалгах хуудсыг бөглөсөн байдаг боловч барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн гарын үсэг зурагдаагүй, мөн барьцаанд тавьж буй үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаа авагдаагүй байдаг. Гэтэл шүүх шалгах хуудсыг бөглөсөн учир хяналт тавих үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт “хариуцагч дээрх барьцааны гэрээний бүртгэл, барьцаалбарт улсын бүртгэгчийн гарын үсэг байх ёстой байтал байгаагүй гэж тайлбарлах боловч тэдгээрт улсын бүртгэл, улсын бүртгэгчийн тэмдэг, дугаар байх бөгөөд улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний жишиг болгож хэрэгт ирүүлсэн өөр бусдын барьцааны гэрээнээс харагдаж байна” гэжээ. Зээлдэгч Н.Анхбаяртай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд улсын бүртгэгчийн тамга дарагдсан боловч гарын үсэг зурагдаагүй байдаг ба Т банкны зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн 17.3.2-д “Зээлийн барьцааны зүйлийг холбогдох байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд зээлийн ажилтан иь барьцааны болон батлан даалтын гэрээн дээрх тэмдэглэл бүртгэл зөв хийгдсэн байдалд хяналт тавина” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн гарын үсэг зурагдсан эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байдаг. Улсын бүртгэлийн газраас тамга тэмдэг хэрхэн дарах, улсын бүртгэгч нь гарын үсэг зурах эсэхийг зааж жишиг болгосон барьцааны гэрээ байдаггүй бөгөөд нэхэмжлэгч талаас бусдын барьцааны гэрээг нотлох баримтаар өгч барьцааны гэрээнд улсын бүртгэгч тамга дардаггүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүх тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, жишиг болгох нотлох баримтыг анхаараагүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн барьцааны гэрээнд улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болж байгааг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох Баянзүрх дүүрэг салбарын харьяа “Да хүрээ” тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайланд Н.Анхбаярт олгосон 50 000 000 төгрөгийн зээлийг судалсан харилцааны менежер С.Оюунбилэгийн “зээлийн судалгааг хийхдээ худалдан авах орон сууцанд хүн байхгүй гэдэг шалтгаанаар буцсан, зээлдэгчийн худалдан авах орон сууцны дотоод өөрөө дараад явуулчих гэсэн тухайн үед ажилтай байсан учир дахиж очоогүй” гэх тайлбар байдаг. Харилцааны менежер нь барьцааны зүйлийг газар дээр нь очиж шалгаагүй, акт үйлдээгүй нь энэхүү тайлбараар нотлогддог бөгөөд ийнхүү барьцаа хөрөнгө шалгах, акт үйлдэхэд нэхэмжлэгч нь хяналт тавьж ажиллаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх харилцааны менежер С.Оюунбилэгийн тайлбарыг анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Л.Б Т банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаанд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавихгүйгээр хуурамч гэрчилгээг илрүүлэлгүй 50 000 000 төгрөгийн зээлийг зээлдэгч Н.Анхбаярт барьцаагүйгээр олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Л.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.

            Хариуцагч Т банк ХХК нь тооцооны төвийн захирлыг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтны жагсаалтыг баталсан болон уг жагсаалтад тооцооны төвийн захирлын албан тушаал орсон, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тооцооны төвийн захирал байх үед нь Л.Б-тай байгуулснаа баримтаар нотлоогүй байна. Хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь Л.Бтай Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлынх нь хувиар байгуулсан тул маргаанд хамааралгүйгээс гадна, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хамааруулах агуулга тусгагдаагүй байна.

Түүнчлэн “барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавилгүйгээр хуурамч гэрчилгээг илрүүлэлгүй 50 000 000 төгрөгийн зээлийг барьцаагүйгээр олгосон” гэж тайлбарласнаа ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй хэмээн хариуцагчийн тайлбарласныг агуулгаар нь авч үзвэл тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан “салбар, нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хуваарилах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлэх” үндсэн чиг үүргээ /хх2-36/ болон Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасан үндсэн үүргээ /хх2-33/ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан гэж үзэхээр байна.

            Ажлын байрны үндсэн чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцсон 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба /хх2-32-35/ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Б-ыг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулснаар уг гэрээний үйлчлэл дуусгавар болжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдээгүйгээс гадна Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байрны чиг үүргийг гүйцэтгүүлэхээр түүнтэй байгуулсан  хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлгүй байна.

            Дээрх байдлуудаас дүгнэвэл Т банкны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаар тушаалаар Л.Б-ыг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлснийг зөвтгөх боломжгүй, анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 170 139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ