Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2185

 

 

 

 

 

   2018 оны 11 сарын 01 өдөр

      Дугаар 182/ШШ2018/02185

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Шарнууд овогт Лодойренчингийн Болдсайхан /РД:ЧЖ75022313/, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 41-р байрны 40 тоот

 

Хариуцагч: “ТБ” ХХК /РД:5341469/, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1, ТБны төв байр, 701 тоот

 

            ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд, П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Ч.Рэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Л.Б миний бие 2000 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгссөн, банкны эдийн засагч мэргэжилтэй. Банк, санхүүгийн салбарт 18 жил ажилласан. ТБинд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Да хүрээ тооцооны төвийн захирал, Гэгээнтэн тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажил албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Энэ хугацаанд банкны дүрэм журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Гэтэл ажилтан Л.Б намайг ТБны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөний 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ““Да Хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үндэслэн барьцаа хөрөнгөгүйгээр 50.000.000 төгрөгийн зээлийг олгосон, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавьж ажиллаагүй” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зээлдэгч Н.Анхбаярт 50.000.000 төгрөгийн зээл олгох асуудлыг ТБны “Да Хүрээ” тооцооны төвийн зээлийн хорооны хурлын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17/24 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэ зээлийн асуудлыг эдийн засагч Оюунбилэг судалж танилцуулсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн банк болон зээлдэгч Н.Анхбаяр нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан. Дотоодын хяналтаар барьцааны байр нь Анхбаярынх биш болж таарсан. Гэтэл тухайн үедээ гэрчилгээ Анхбаярын нэр дээр гарсан байсан. Одоо энэ асуудлаар тэдэнд эрүүгийн хэрэг үүссэн, шалгаж байгаа. Миний бие ТБны “Да Хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа энэ бүх үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж ажиллаж байсан тул намайг “хяналт тавьж ажиллаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргээс үзэхэд энэхүү ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт хамаарахгүй. “Да Хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа холбогдох дүрэм, журмын дагуу олгогдсон зээлийн үйл ажиллагаанд “хяналт тавьж ажиллаагүй” гэсэн хууль бус үндэслэл нь сүүлд томилогдон ажиллах болсон Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь “ТБ” ХХК-ийн “Да хүрээ” тооцооны төвийн захирлаар 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, “Гэгээнтэн” салбар төвийн захирлаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2018 оны  02 дугаар сарын 06-ны өдрөөс “ТБ” ХХК-ийн Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар томилогдон ажилласан. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Л.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлах болсон үндэслэл нь Л.Б “Да хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн барьцаагүйгээр зээл олгосон, үүнээс үүдэн 50.000.000 төгрөгийн зээл барьцаагүйдсэн байна гэдгийг “ТБ” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Да хүрээ” тооцооны төвд хийсэн ээлжит шалгалтаар тогтоосон. Зөрчлийн тухайд Л.Б нь “Да хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Да хүрээ” тооцооны төвийн зээлийн хорооны хурлаар Н.Анхбаярт 50.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 50.000.0000 төгрөгийг Н.Анхбаярын дансанд шилжүүлж, зээлийг олгосон. Ийнхүү зээл олгохдоо харилцааны менежер н.Оюунбилэг нь зээлийг судлаад барьцаа хөрөнгө дээр очиж үзлэг хийгээгүй, акт үйлдээгүй зэрэг зээлийн үйл ажиллагааны журмаа мөрдөж ажиллаагүй байдалд нь хяналт тавиагүй. Ийнхүү хяналт тавих үүрэг нь “Да хүрээ” тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан. Энэ нь “ТБ” ХХК буюу ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл байна гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтан хоёрын аль альнийх нь статус солигдоогүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь “ТБ” ХХК хэвээр, ажилтан нь Л.Б хэвээр байгаа юм. Л.Б нь өөртөө эд хөрөнгийг захиран зарцуулах, ашиглах, хамгаалах, эрхийг шилжүүлээд авсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дугаар зүйлд хамаарч байна гэж ойлгож байна.

Зээлийн үйл ажиллагааны журамд заахдаа зээлийн ажилтан гэдэгт зээлийн судалгааны хэлтсийн захирал, нэгжийн захирал, харилцааны ахлах менежер, харилцааны менежер, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн гэх мэт орно гэж байгаа. Гэтэл Зээлийн үйл ажиллагааны журмын 17.3.2-т зээлийн барьцааны зүйлийг холбогдох байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд зээлийн ажилтан барьцааны болон батлан даалтын гэрээнд дээрх тэмдэглэл бүрэн зөв хийгдэн байдалд хяналт тавина гэж байгаа. Зээлийн ажилтанд тухайн үед ажиллаж байсан Л.Б хамаарч байгаа юм.  

 

Барьцааны гэрээ, барьцаалбар ялгахын аргагүй үнэн зөв байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба барьцаалбар нь хэрэгт авагдсан, энэ үнэт цаас дээр барьцаалбарыг бүртгэсэн улсын бүртгэгч зайлшгүй гарын үсэг зурсан байдаг. Энд гарын үсэг зурагдаагүй атал үүнд хяналт тавьж ажиллаагүй. Ажил олгогчийн зүгээс гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаар тушаалын нэг дэх хэсэгт хяналт тавьж ажиллаагүй эс үйлдэхүй гаргасан гэдэг нь барьцаалбар дээр улсын бүртгэгч гарын үсэг зураагүй, хэд хэдэн тодорхой сэжиг бүхий үйлдлүүд харагдаж байхад хяналт тавьж шалгаагүй байгааг ойлгож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Л.Бы иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ТБ” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаар тушаалын хуулбар, Л.Бы цалингийн тодорхойлолт, “ТБ” ХХК-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/203 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, “ТБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТБ ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1324 дугаар тушаал, зээлийн хувийн хэргийн бүрдэл болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгах хуудас, гүйлгээ хийхийн өмнө шалгах хуудас, орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, “Да хүрээ” тооцооны төвийн зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, барьцаалбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, “Да хүрээ” тооцооны төвд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан, “Да хүрээ” тооцооны төвийн ажил хүлээлцсэн акт, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ТБны зээлийн үйл ажиллагааны журам болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Л.Б нь “ТБ” ХХК-д Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад ТБны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр, тухайлбал, “Да хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үндэслэн барьцаа хөрөнгөгүйгээр 50.000.000 төгрөгийн зээлийг олгосон, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавьж ажиллаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Л.Б нь “Да хүрээ” тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тооцооны төвийн харилцааны менежр С.Оюунбилэгийн зээл хүссэн бичиг баримтыг судалж танилцуулснаар зээлдэгч Н.Анхбаярт орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 22.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 50.000.000 төгрөгийн зээл олгох асуудлыг ТБны “Да Хүрээ” тооцооны төвийн зээлийн хорооны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, олгохоор шийдвэрлэжээ. Н.Анхбаяр нь Х.Гөлгөний Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 1а байр 42 тоот гурван өрөө орон сууцыг худалдан авах гэрээг хийж, орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.Анхбаярын өмчлөлд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг зээлийн бичиг баримтанд бүрдүүлжээ. Банк болон зээлдэгч Н.Анхбаяр нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийгдэж, нотариатаар гэрчлэгдсэн, дээрх орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн,  2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөнгө зээлдэгчид олгогдсон болох нь гэрээ, барьцаалбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Банкны төлөвлөгөөт, дотоодын шалгалт “Да хүрээ” тооцооны төвийн үйл ажиллагаанд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдэж, уг шалгалтаар Н.Анхбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан байдал тогтоогдсон байна. Тэрээр зээлийн барьцааны орон сууцыг өөрийн өмчлөлийнх гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирүүлсэн боловч бодит байдал дээр орон сууц түүний өмчлөлд шилжиж ирээгүй болох нь бүртгэлийн байгууллагын лавлагаанаас харагдаж байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст “Да хүрээ” тооцооны төвийн захирал Л.Б зээлдэгч Н.Анхбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлж 50.000.000 төгрөгийн зээл авсан тухай гомдлыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, ТБнаас дээрх үйлдлийг Л.Б, С.Оюунбилэг, Н.Анхбаяр нарт холбогдуулж шалгах тухай гомдлыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус гаргасныг шалгаж байгаа байдал тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Л.Б гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагчаар татаагүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байна.

Тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтоос харахад салбар, нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хуваарилах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах үндсэн үүрэгтэй байна. Тооцооны төвийн харилцааны менежрийн үндсэн үүрэгт зээлийн хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн өндөр түвшинд зээлийн бодлого журмын дагуу судлах, зээл олгох, төлүүлэх, зээлийн хувийн хэрэг материалыг журмын дагуу бүрдүүлэх, бусад зээлийн ажилтнуудын хувийн хэрэг материалын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж холбогдох арга хэмжээний саналыг удирдлагад танилцуулах, мөн хамтран үүрэг гүйцэтгэгч болон барьцаа хөрөнгийн мэдээлэл, явцын хяналт хийсэн тухай бүр грейп программд оруулж байх үүргүүд орж байна.

Тооцооны төвийн захирлын хувьд зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавиагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тэрээр зээлийн хувийн хэргийн бүрдэл болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгаж хянасан, хуудсыг бөглөсөн, хийвэл зохих ажиллагааг хийсэн байна. Харин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч гэдгийг шууд харж мэдэх боломжтой гэж тооцооны төвийн захирлыг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч дээрх барьцааны гэрээний бүртгэл, барьцаалбарт улсын бүртгэгчийн гарын үсэг байх ёстой байтал байгаагүй гэж тайлбарлах боловч тэдгээрт улсын бүртгэл, улсын бүртгэгчийн тэмдэг, дугаар байх бөгөөд улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний жишиг болгож хэрэгт ирүүлсэн өөр бусдын барьцааны гэрээнээс харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

“ТБ” ХХК-ийн Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаал мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарахгүй нь түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоос харагдаж байх ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч хариуцсан мөнгө эд хөрөнгөтэйгөө холбоотой зөрчил гаргасан байдал байхгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй гэж тайлбарлах боловч энэ гэрээгээр ажилтан хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас эзэмшиж, ашиглаж буй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гэмтээх болон үрэгдүүлж банкинд хохирол учруулах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай заасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 133 өдрийн цалинтай тэнцэх олговор нь     түүнийг ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын цалингийн дунджаар тооцоход 9.699.327 төгрөг болж байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Л.Быг “ТБ” ХХК-д Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 9.699.327 төгрөгийг гаргуулж Л.Бд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Л.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 170.139 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД