Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00535

 

Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2501 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Б-

          Хариуцагч: “... банк” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, С.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Ч.Рэгзэн, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөний 2018-04-26-ны өдрийн Б/678 тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалын үндэслэл болсон Н.Анхбаярт 50 сая төгрөгийн зээл олгох асуудлыг ... банкны Да хүрээ тооцооны төвийн зээлийн хорооны 2017-08-02-ны 17/24 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Би Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа энэ бүх үйл ажиллагаанд хяналт хангалттай тавиагүй гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байрны үндсэн зорилго, үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргээс үзэхэд энэхүү ажил, албан тушаал нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарахгүй. Би Да хүрээ тооцооны төвийн захирлын ажлаас 2017-09-13-ны өдөр чөлөөлөгдөж, 2018-02-06-ны өдрөөс эхлэн Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажил, албан тушаалыг эрхлэх болсон. Хяналт тавьж ажиллаагүй гэсэн хууль бус үндэслэлээр сүүлд томилогдсон албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Л.Б- нь Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн барьцаагүйгээр зээл олгосон, үүнээс болж 50 сая төгрөгийн зээл барьцаагүй гарсан гэдгийг 2018-03-14-ны өдрөөс 2018-04-12-ны өдөр хийсэн дотоод шалгалтаар тогтоосон. Нэхэмжлэгч Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа 2017-08-03-ны өдрийн зээлийн хорооны хурлаар Н.Анхбаярт 50 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаад 2017-08-11-ний өдөр 50 сая төгрөгийг Н.Анхбаярын дансанд шилжүүлж, зээл олгосон. Зээл олгохдоо харилцааны менежер С.Оюунбилэг зээлийг судлаад барьцаа хөрөнгө дээр очиж үзлэг хийгээгүй, акт үйлдээгүй зэрэг зээлийн үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллаагүй байхад хяналт тавиагүй. Хяналт тавих үүрэг нь тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан. Энэ зөрчил нь  ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-р хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 182/ШШ2018/02185 дугаартай шийдвэр гаргаж, Л.Б-ыг “... банк” ХХК-ийн Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 9,699,327 төгрөгийг гаргуулж Л.Б-д олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Л.Б-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,139 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2501 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тооцооны төвийн захирлын хувьд зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавиагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тэрээр зээлийн хувийн хэргийн бүрдэл болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгаж хянасан, хуудсыг бөглөсөн, хийвэл зохих ажиллагааг хийсэн байна. Харин барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч гэдгийг шууд харж мэдэх боломжтой гэж тооцооны төвийн захирлыг буруутгах боломжгүй юм” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Зээлийн хувийн хэргийн бүрдэл болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шалгах хуудсыг бөглөсөн нь хяналт тавих үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй ба тооцооны төвийн захирал зээлийн хувийн хэргийг нэг бүрчлэн шалгаж, барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, тамга тэмдэг дарсан эсэх, гарын үсэг зурагдсан эсэх, Улсын бүртгэлийн лавлагаа авч барьцааны зүйл Улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх зэргийг шалгасны үндсэн дээр шалгах хуудсыг үнэн зөв бөглөж, гарын үсэг зурахыг хяналт тавьсан гэж ойлгоно.Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг бүртгэлийн лавлагаа авч шалгалгүйгээр лавлагаа авагдсан гэж, мөн Барьцааны гэрээг ҮХЭХБГ-т бүртгүүлсэн, тамга тэмдэг бүрэн гэж шалгах хуудсыг бөглөсөн байдаг боловч барьцааны гэрээнд Улсын бүртгэгчийн гарын үсэг зурагдаагүй, мөн барьцаанд тавьж буй үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаа авагдаагүй байдаг. Гэтэл шүүх шалгах хуудсыг бөглөсөн учир хяналт тавих үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрт “Хариуцагч дээрх барьцааны гэрээний бүртгэл, барьцаалбарт Улсын бүртгэгчийн гарын үсэг байх ёстой байтал байгаагүй гэж тайлбарлах боловч тэдгээрт улсын бүртгэл, улсын бүртгэгчийн тэмдэг, дугаар байх бөгөөд улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний жишиг болгож хэрэгт ирүүлсэн өөр бусдын барьцааны гэрээнээс харагдаж байна” гэжээ. Зээлдэгч Н.Анхбаяртай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд Улсын бүртгэгчийн тамга дарагдсан боловч гарын үсэг зурагдаагүй. ... банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 17.3.2-д заасны дагуу нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд Улсын бүртгэгчийн гарын үсэг зурагдсан эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байдаг. Улсын бүртгэлийн газраас тамга тэмдэг хэрхэн дарах, Улсын бүртгэгч нь гарын үсэг зурах эсэхийг зааж жишиг болгосон Барьцааны гэрээ байдаггүй бөгөөд Нэхэмжлэгч талаас бусдын барьцааны гэрээг нотлох баримтаар өгч барьцааны гэрээнд Улсын бүртгэгч тамга дардаггүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүх тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, жишиг болгох нотлох баримт мөн эсэхийг анхааралгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн барьцааны гэрээнд Улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40.2-г зөрчсөн. Магадлалд “Ажлын байрны үндсэн чиг үүрэг, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцсон 2015-05-28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба 2018-02-06-ны өдөр Л.Б-ыг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулснаар уг гэрээний үйлчлэл дуусгавар болжээ” гэж дүгнэсэн байна. Л.Б- нь Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар томилогдсоноор ажил олгогч нь ... банк, ажилтан нь Л.Б- хэвээр байсан бөгөөд өмнөх ажил, албан тушаал эрхэлж байхдаа гаргасан зөрчил нь 2018-04-р сард хяналт, шалгалтаар илэрч ажил олгогчийн итгэлийг алдсан тул Л.Б-ыг иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар ажиллах боломжгүй гэж үзэж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Мөн магадлалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 135-д зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтны жагсаалтыг баталсан болон уг жагсаалтад тооцооны төвийн захирлын албан тушаал орсон, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тооцооны төвийн захирал байх үед нь Л.Б-тай байгуулснаа баримтаар нотлоогүй байна” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216-р тогтоолоор Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан. Гэвч тус тогтоолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016-11-22-ны өдрийн А/249 дугаар Эрх зүйн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай тушаалаар хүчингүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажил, албан тушаалтны жагсаалт байхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006-7-3-ны өдрийн 33-р тогтоолын 15.5.2-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ... тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгашчт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгож болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тооцооны төвийн захирлын хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл олгох эрхтэйн хувьд тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтанд хамаарна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.Б- 2018-05-18-ны өдөр “... банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. ... банкны захирал 2018-02-05-ны өдөр б/203 дугаартай тушаал гаргаж, Л.Б-ыг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар 2018-02-06-ны өдрөөс 3 /хүртэл/ сарын хугацаатай томилсон боловч  2018-04-26-ны өдөр б/678 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгчийг уг ажлаас чөлөөлсөн байна /хх1-н 6/.

        Ажил олгогч нь Л.Б-ыг ажлаас нь чөлөөлөхдөө “...Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа зээлдэгч Н.Анхбаярт хүчин төгөлдөр бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ үндэслэн барьцаа хөрөнгөгүйгээр 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхэд хяналт тавьж ажиллаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, дотоод журмын 5.16.1, 5.26, хөдөлмөрийн гэрээний 7.3, хүний нөөцийн хорооны 2018-04-18-ны өдрийн 23-ны өдрийн хурлын шийдвэрийг   баримталжээ.  

        Дээрх тушаалын агуулгаас үзвэл, хариуцагч нь Л.Б-ыг “... банк” ХХК-ийн Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлийг үндэслэн   нэхэмжлэгчийг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн  захирлын ажлаас чөлөөлсөн нь нотлогдсон байна.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болвол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

       Л.Б- ... банкны захирлын 2018-04-26-ны өдрийн Б/678 дугаартай тушаал гарах үед Да хүрээ тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаагүй буюу талуудын хооронд энэ ажлын байранд байгуулсан, дуусгавар болоогүй хөдөлмөрийн гэрээ байхгүй тул тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

       2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч тушаал гаргахдаа уг заалтыг үндэслэжээ.  

       Тушаалд заасан аль үндэслэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйд хамаарч байгаа нь тодорхой бус байх тул  нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараар гомдлыг хангах боломжгүй байна.

      3. Л.Б-ыг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар 2018-02-06-ны өдрөөс 3 /хүртэл/ сарын хугацаатай туршилтын хугацаатай томилсон тухай ... банкны захирлын 2018-02-05-ны өдрийн Б/203 дугаар тушаал хэрэгт авагджээ.

         Л.Б-ыг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлаар ажиллуулахдаа “туршилтын хугацаа” заасан үндэслэл тодорхой бус буюу тэрээр шинээр орж байгаа ажилтанд хамаарах эсэх нь тодорхой бус байна.

         ... банкны дотоод журам хэрэгт байхгүй тул ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 

        Иймд шүүх нэхэмжлэгчийг Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг, 23 1 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэв.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2501 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 170,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ