Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2483

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-, Э.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02158 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ц-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөлс, хохиролд нийт 4 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Материалын үнэ, хохиролд нийт 8 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Э-, Э.Э-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүнзэн байшингийн шатсан зүүн урд талыг солиулахаар хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө хариуцагчтай ажлын байран дээр уулзахад бидэнд ажлаа танилцуулж, урьдчилгаа 1 000 000 төгрөг өгвөл Хөвсгөл аймгаас дүнзэн мод авчруулж, танай ажлыг хийж дуусгана гэж хэлсэн. Тиймээс бид хоёр ярилцаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны дансаар 1 000 000 төгрөгийг дүнзэн байшингийн урьдчилгаа нэртэйгээр хариуцагчид шилжүүлсэн. 14 хоногийн дараа байшингийн мод ирнэ гэсэн боловч ирээгүй. Түүнээс хойш дахин 14 хоног өнгөрсөн тул утсаа авахгүй байсан учир ажил дээр нь очиж уулзахад танай модыг Хөвсгөл аймгаас ачуулчихсан, бороо ороод байгаа учир ирэхгүй байна гэсэн. Дахин 10 гаруй хоногийн дараа уулзахад үнэн учраа хэлье надад мөнгө байхгүй учир танай модыг захиалж чадаагүй, та хоёроос авсан мөнгийг ажилчдынхаа цалинд өгчихсөн. Би өмнө захиалсан захиалагчийнхаа захиалгыг дуусгах шаардлагатай. Тиймээс тэр ажлаа дуусгаад танай ажлыг хийнэ гээд 14 хоног хойшлуулсан. Би компани удирдаад явж байсан учир энэ зовлонг ойлгоод дахин 14 хоногийн хугацаа өгсөн. Нийт 4 удаа 14 хоногийн хугацаа өгсөн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон. Энэ хугацаанд олон удаа уулзах гэсэн боловч хаяг дээрээ амьдардаггүй байсан. Ажлын байран дээр нь очиход манаач гэх хөгшин эмэгтэй олон хүн асууж ирдэг, одоо хаана байгааг мэдэхгүй, Хөвсгөл аймаг руу явсан байх, олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ, өөрөө хааяа ирдэг гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүнтэй утсаар холбогдоход мод ирсэн. Үлдэгдэл төлбөрөө өгчих, гэрээгээ байгуулъя. Түүний дараа танай ажлыг хийе гэж хэлсэн тул 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан өдрөө уулзаж, бүх зүйлээ тохирч хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Ингээд анх өгсөн 1 000 000 төгрөгөөсөө гадна 1 350 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгч ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу ажлын хөлсний 60 хувьтай тэнцэх төлбөрийг ажил эхлэх үед өгсөн.

Түүнээс хойш ажил эхлэх байх гэж хүлээхэд алга болчихсон. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр баталгааг бичиж өгсөн. Гэтэл дахиад 2017 оны 08 сар дуусч, 09 сар болтол хүлээхэд ирээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 16 хоног байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаа эхэлчихсэн байхад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил хийж өгнө гэж баталгаа бичиж өгчихөөд алга болсон. Ажил дуусах хугацаа дуусчихсан байхад модоо буулгаж, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хөлс өгч модонд явсан. Тиймээс гэрээний хугацааг маш ноцтой зөрчсөн.

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мод буулгасан. Одоо барих байх гэж бодоод хүлээж байхад 15 ширхэг мод буулгачхаад алга болчихсон. Түүнээс хойш тухайн хүн олдохгүй байсан учир 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагчийг алга болсон гэж хандсан. Тэгтэл хариуцагч өөрөө ирээд цагдаагаар явахаа болъё, миний буруу учир би гэрээгээ цуцалъя, хийж өгч чадахгүй юм байна. Таны хохиролд 350 000 төгрөгийг өгье гэсэн. Хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа дээрх хэлсэн зүйлийн талаар хүсэлт бичиж өгөөд явсан.

Явахдаа ажил гүйцэтгэх гэрээнд заасан өгсөн мөнгийг авъя гэхэд 14 хоногийн дотор буцааж өгье гэж хүсэлт бичиж өгсөн. Хүлээж байтал мөнгө төлнө, мод авна гэх хугацаа өнгөрчихсөн.

Энэ хооронд Г.Э- 14 хоногийн хугацаатай модыг нь харж байя гэхэд түүнээс хойш сар алга болсон. Зуслан буусан учир 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 800 000 төгрөгийн хөлс өгч манаачаар тухайн модыг харуулсан. Хариуцагч алга болчихоод 3 сарын үед ярихад одоо дулаарч байна, би бариад өгье гэж хэлсэн. Ингээд байж байхад би барьж өгч чадахгүй юм байна, болилоо, танай мөнгө төгрөгийг өгөөд дуусгая гэж хэлсэн. Чи ажлаа дуусгаад мөнгө өг гэж Г.Э- ярихад модыг ачиж явсны дараа мөнгө өгнө гэх огт биелэгдэхгүй шаардлагыг удаа дараа тавьсан. Тиймээс тухайн хүнд итгэхгүй байгаа. Модыг нь өгөхгүй. Мөнгөө өгч байж модоо ав гэж бид хэлсэн. Манаачийн хөлс яах юм бэ гэхэд би манаачийн хөлс өгөхгүй, та нар шүүхээр яв, би зөвхөн 2 000 000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалд хандахад хариуцагч ирнэ гэж хэлчхээд ирээгүй. Ингээд зун дуусч, энэ хооронд байшингийн дээвэр байхгүй, маш их бороо орсонтой холбоотой шал цөмөрсөн зэрэг дахин ажил гарч ирсэн. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл заалтыг огт биелүүлээгүй, дандаа зөрчсөөр ирсэн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу цаг тухайд нь шаардлага тавьж байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнээс өмнө байгуулахаар талууд ярилцаж байсан боловч нэхэмжлэгч талын буруутайн улмаас 2017 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл байгуулагдахгүй явсан юм байна лээ. Нэхэмжлэгч өмнө нь 1 000 000 төгрөг авчихаад алга болсон гэж ярьж байна. Нэхэмжлэгч 2 зүйлийг орхиж яриад байна. Талуудын хооронд 2 асуудал байсан. Нэхэмжлэгч тал нэгдүгээрт мөнгө өгөөгүй. Анх бүтэн байшин бариулна гэж тохирчхоод өөрсдөө алга болчихсон. Нэхэмжлэгч 2 сард шатсан гэж байна. Шатсан байшингаа солиулах гэж л захиалга өгч, түүнийг сольж өгөхөөр тохирсон. Түүний урьдчилгаа 60 хувийг өгөхөөр болж байгаад 2017 оны 5 сард мөнгө төгрөг болчихсон гэж ирж, уулзаад хүнээс мөнгө авна гэж явж байгаад 1 сая төгрөгөөс илүү олдсонгүй, би мөнгөө олж байгаад болъё гээд 1 сая төгрөг өгчхөөд явсан. Наадам болохоос өмнө Б.Ц- гуай маш олон удаа залгасан. Нэхэмжлэгч тал өөрөө мөнгөө хайгаад явсан. Сүүлдээ талууд байшингаа бүхэлд нь биш зөвхөн шатсан хэсгийг л бариулъя гэж хэлж тохироод үнийн дүнг бууруулсан. Гүйцэтгэгч Б.Ц- гуай аргагүйн улмаас гэрээг шинэчилж хийсэн. Тэгэхдээ гэрээний үнийн дүнг 3 900 000 төгрөгөөр тохирч, гэрээний урьдчилгаа 2 300 000 төгрөг өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Ажлыг гүйцэтгэхээр очиход барих газар чөлөөлөгдөөгүй. Шатсан хэсэг буугаагүй байсан. Энэ талаар уулзсан өдрөө л нэхэмжлэгч нарт хэлж байсан. Үүнийг огт ярихгүй байна. Гэрээ биелэгдээгүй гол шалтгаан нь энэ шүү дээ. Үүнийг буулгаач гэхэд буулгадаггүй. Буулгаж байж л барина шүү дээ. Бидний зүгээс ажилчны хөлс төлчих, бид буулгаж өгье гэхэд үгүй та нар мөнгөө авсан, өгөхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал мөнгө өгөх тал дээр маш хойрго байсан. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2 700 000 төгрөгийн мод буулгасан. Тухайн модыг авч чадаагүй. Гэрээ биелэгдээгүй, асуудал үүссэн болохыг би хэлсэн. Энэ нь нэхэмжлэгч талаас болсон. Бусад асуудлын талаар худлаа ярьж байна. Тухайн дүнзийг ачихад 4 ажилтан орсон. 4 ажилчдын цалин 200 000 төгрөг, өмгөөлөгчид 400 000 төгрөг төлсөн. Мөн модыг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгаж, 2 жил орчим болоогүй бол 3 900 000 төгрөг олох ёстой байсан. Зах зээлийн ханш үүнээс ч их байсан. Тиймээс олох ёстой байсан орлого 5 000 000 төгрөг. Нийт 8 300 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч өөрөө хажууд нь байсан мэтээр яриад байна. Төлөөлөгч хүн ингэж худлаа ярьж болохгүй. Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах эрх бүгдэд нээлттэй байдаг. Айлгаж байгаад хийлгэсэн юм бол тэр даруй яагаад шалгуулаагүй юм бэ. Аргаа барсандаа л цагдаагийн хэлтэст хандсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд буруутай тал учруулсан хохирлоо хариуцахаар заасан. Гэтэл яагаад ингэж гуйвуулж яриад байгаа юм бэ. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалъя би буруутай гэж яагаад Б.Ц- бичиж өгсөн юм бэ. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлж бичсэн. Сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхгүй л гэж үзэж байна. Мөнгө өгсөн хүн яагаад буруутай болдог юм бэ. Ажил гүйцэтгээгүй гол үндэслэл нь Г.Э- буруутай гэж хэлж байна. Учир нь байшин барих талбай чөлөөлөөгүй гэж байна. Гэтэл хэргийн 10-12 дугаар хуудсанд загвар зураг нь байгаа. Ийм маргаан болдог учир загвар зургийг гаргаад батлуулчихсан. 11 дүгээр хуудсанд байгаа зурагт бөөрөнхийлсөн хэсгийг ийм хэмжээний модоор барина гэж тохирсон. Бүтэн байшин барихад 15 ширхэг мод орохгүй. Талууд хийх ажлаа зөвлөлдөөд, нотариатаар батлуулж тодорхой заачихсан. Гэрээний 1.1-т дүнзэн торхонд өргөтгөл хийнэ, 2 метр хана 1 ширхэг орно гэж байгаа. Гэтэл хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан дүнзэн байшингийн зургийг хариуцагч тал гаргаж өгсөн. Та байгаагүй учир үүнийг ойлгохгүйгээр хариуцагчийн хэлснээр ярьж байна. Гүтгэж ярихгүй байхыг хүсч байна. Ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Ажил эхлэх хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, ажлаа хүлээлгэж өгөх хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж бичиж өгсөн. Хариуцагч тал ямар байдлаар нэхэмжлэгчид хохирол учруулсан талаар хангалттай нотлох баримт авагдсан. Олох ёстой байсан орлого 5 000 000 гэж байна. Сөрөг нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй. Хариуцагчийг гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн 5 хүний 200 000 төгрөг яригдаад байна. Гэрээгээ л барьж ажиллах ёстой. Гэрээний 2.4-т 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлдцийг өөрийн зардлаар буулгана гэж байгаа. Одоо сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа Хөвсгөл аймгаас 5 хүн ачсан гэж яриад байна. Гэрээнд тийм зүйл тусгагдаагүй. Бид нар хараагүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэндээ гэрээ байгуулаагүй бол залилан хийж байна. Хариуцагч алга болоогүй бол яагаад бид нар Цагдаагийн хэлтэст өргөдөл бичих юм бэ. Үүнийг яагаад няцаагаагүй юм бэ. Манаач гэх настай эгч байсан. Тэр хүн хэлэхдээ хүмүүс ирдэг, алга болдог гэж хэлж байсан. Худлаа байсан бол ийм зүйл болоогүй гэж цагдаагийн хэлтэст бичих байсан. Үнэхээр гомдолтой байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б.Ц-гоос 3 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэгч Г.Э-аас 15 ширхэг бэлдэц модыг гаргуулж, хариуцагч Б.Ц-д олгож, нэхэмжлэгч Г.Э-, Э.Э- нараас 8 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-, Э.Э- нарын улсын тэмдэгтийн хураамжид 80 550 төгрөг, хариуцагч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гоос 66 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02158 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь энэхүү гэрээний ажил гүйцэтгэгч тал гэрээнд зааснаар дүнзэн торх барих үүргийг гүйцэтгэхэд саад учруулах нөхцөл байдал буюу өргөтгөл хийх газар чөлөөлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, байшингийн шатсан хэсгийг буулгаагүй байсан.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргийг захиалагч талд хуулиар хүлээлгэсэн байдаг. Гэтэл энэ үндэслэлээр гаргасан бидний тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үл харгалзан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 930 000 төгрөгийг хангаж, шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй боловч түүнийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Э-, Э.Э- нар нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 2 350 000 төгрөг, учирсан хохиролд 1 750 000 төгрөг, нийт 4 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Б.Ц- нь 15 ширхэг модон бэлдэцийг буулгаж, ажлаа эхлэх гэтэл талбайг бэлдээгүй, байшингийн шатсан хэсгийг нураагаагүй, мөн гэрээний дагуу ажлын хөлсийг төлөхгүй удаашруулсан нэхэмжлэгчийн буруугаас болж ажил гүйцэтгэж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, нэхэмжлэгчээс материалын үнэ, хохиролд 8 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Г.Э-, Э.Э- нар нь хариуцагч гэрээний үүргээ зөрчиж биднийг хохироосон атлаа мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч Б.Ц- нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн дүнзэн торхны шатсан хэсэгт өргөтгөлийн ажлыг хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 16 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд нийт 3 900 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй. Захиалагч ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 2 350 000 төгрөг төлсөн гэх боловч гэрээний 2.2-т 60 хувьтай тэнцэх төлбөр болох 2 300 000 төгрөгийг урьдчилан төлсөн талаар тусгасан байх ба үүнийг хариуцагч зөвшөөрсөн байна. /хэргийн 7-8, 17 дугаар тал/

 

Хариуцагч ажлыг гэрээнд заасан 16 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсны дараа 9 дүгээр сард 15 ширхэг бэлдэц модыг авчирч буулгасан талаар талууд тайлбар гаргаж мараагүйгээс үзэхэд захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гүйцэтгэгч гэрээнээс татгалзаж дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс захиалагч тал нь гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

 

Талууд гэрээндээ хийж гүйцэтгэх ажил болох байшингийн модон торхны шатаж гэмтсэн аль хэсгийг солих талаар тухайлан заасан болон холбогдох бүх зардлыг гүйцэтгэгч хариуцахаар тохиролцсон зэргээс үзэхэд захиалагч шатсан хэсгийг буулгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутайгаас гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийж гүйцэтгэх ажил нь байшингийн шатсан хэсгийн модыг солих гэж байгаа тул түүнтэй холбоотой хэсгийг буулгах зардал, эрсдэлийг гүйцэтгэгч хариуцна.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээнд дүнзэн торхонд өргөтгөл хийхэд 2.3 метр-2 ширхэг, 2 метртэй-1 ширхэг хана, 4.3 метр- ширхэг, 6.7метртэй- 1 ширхэг нийт 5 ханыг 3.1 метрийн өндөртэйгөөр угсарч гүйцэтгэх, 3 ширхэг цонх, 1 ширхэг хаалгыг гаргаж угсрах ажлыг гүйцэтгэх гэж заасан учир уг талбайд шинээр барилга барих бус, харин байшингийн шатсан хэсгийг засч өргөтгөлийг гүйцээх агуулгатай гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Ийм учраас захиалагч өөрөө байшингийн шатсан хэсгийг буулгаж, чөлөөлөх ёстой байсан гэж буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалсны дараа хариуцагчийн буулгасан 15 ширхэг бэлдэц модыг харуулах зорилгоор Ц.Э-д 800 000 төгрөг бэлнээр төлсөн гэж тайлбарлан, холбогдох баримт ирүүлснийг шүүх үндэслэн хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна./хэргийн 44 дүгээр тал/ Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Харин захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2 350 000 төгрөг бус, 2 300 000 төгрөг өгсөн нь гэрээ болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагчаас 3 250 000 төгрөг буюу 150 000 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. /хэргийн 7-8 дугаар тал

 

Иймээс давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд захиалагчаас гүйцэтгэгчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд төлсөн 2 300 000 төгрөг, бэлдэц модыг харуулсан манаачийн хөлсөнд 800 000 төгрөг нийт 3 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 15 ширхэг бэлдэц модыг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний талууд нь Г.Э-, Б.Ц- нар байх ба нэхэмжлэгч Э.Э- нь гэрээний тал гэж тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргажээ. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Иймд хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар тэрээр шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-гоос 3 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэгч Г.Э-аас 15 ширхэг бэлдэц модыг гаргуулж хариуцагч Б.Ц-д олгож, нэхэмжлэгч Э.Э-ийн хариуцагчаас 4 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Ц-гийн нэхэмжлэгч нараас 8 300 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтын “...66 950 төгрөг” гэснийг “...64 550 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.О

 

  ШҮҮГЧИД                                            Ц.И

 

                                                                С.Э