Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00533

 

Г.Э, Э.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02158 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2483 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Э-, Э.Э-

          Хариуцагч: Б.Ц-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөлс, хохиролд нийт 4,100,000 төгрөг гаргуулах

          Сөрөг нэхэмжлэл: Материалын үнэ, хохиролд 8,300,000 төгрөг гаргуулах тухай хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

        Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа: 2017-05-10-ны өдөр дүнзэн байшингийн шатсан зүүн урд талыг солиулахаар хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2017-06-03-ны өдөр Хаанбанкны дансаар 1 сая төгрөгийг дүнзэн байшингийн урьдчилгаа нэртэйгээр хариуцагчид шилжүүлсэн. 14 хоногийн дараа байшингийн мод ирнэ гэсэн боловч ирээгүй. Түүнээс хойш дахин 14 хоног өнгөрсөн тул утсаа авахгүй байсан учир ажил дээр нь очиж уулзахад танай модыг Хөвсгөл аймгаас ачуулчихсан, бороо ороод байгаа учир ирэхгүй байна гэсэн. Дахин 10 гаруй хоногийн дараа уулзахад үнэн учраа хэлье надад мөнгө байхгүй учир танай модыг захиалж чадаагүй, та хоёроос авсан мөнгийг ажилчдынхаа цалинд өгчихсөн. Би өмнө захиалсан захиалагчийнхаа захиалгыг дуусгах шаардлагатай. Тиймээс тэр ажлаа дуусгаад танай ажлыг хийнэ гээд 14 хоног хойшлуулсан. Нийт 4 удаа 14 хоногийн хугацаа өгсөн. Ингээд 2017-07-20-ны өдөр болсон. 2017-07-23-ны өдөр түүнтэй утсаар холбогдоход мод ирсэн. Үлдэгдэл төлбөрөө өгчих, гэрээгээ байгуулъя. Түүний дараа танай ажлыг хийе гэж хэлсэн тул 2017-07-24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан өдрөө уулзаж, бүх зүйлээ тохирч хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Ингээд анх өгсөн 1 сая төгрөгөөс гадна 1,350,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгч ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу ажлын хөлсний 60 хувьтай тэнцэх төлбөрийг ажил эхлэх үед өгсөн. 2017-08-10-ны өдөр баталгааг бичиж өгсөн. 2017-08-сар дуусч, 09 сар болтол хүлээхэд ирээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 16 хоног байсан. 2017-07-24-ний өдөр ажлаа эхэлчихсэн байхад 2017-08-09-ний өдөр ажил хийж өгнө гэж баталгаа бичиж өгчихөөд алга болсон. Ажил дуусах хугацаа дуусчихсан байхад модоо буулгаж, 2017-09-24-ний өдөр тээврийн хөлс өгч модонд явсан. Тиймээс гэрээний хугацааг маш ноцтой зөрчсөн. 2017-09-24-ний өдөр мод буулгасан. Одоо барих байх гэж бодоод хүлээж байхад 15 ширхэг мод буулгачихаад алга болчихсон. Түүнээс хойш тухайн хүн олдохгүй байсан учир 10-12-ны өдөр ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хандсан. Тэгтэл хариуцагч өөрөө ирээд цагдаагаар явахаа болъё, миний буруу учир би гэрээгээ цуцалъя, хийж өгч чадахгүй юм байна. Хохиролд 350,000 төгрөгийг өгье гэсэн. 800,000 төгрөгийн хөлс өгч манаачаар тухайн модыг харуулсан. 3 сарын үед ярихад одоо дулаарч байна, би бариад өгье гэж хэлсэн. Ингээд байж байгаад барьж чадахгүй юм байна, мөнгө төгрөгийг өгөөд дуусгая гэсэн. Ажлаа дуусгаад мөнгө өг гэж ярихад модыг ачиж явсны дараа мөнгө өгнө гэх огт биелэгдэхгүй шаардлагыг удаа дараа тавьсан. Модыг нь өгөхгүй. Мөнгөө өгч байж модоо ав гэж бид хэлсэн. Манаачийн хөлс өгөхгүй, шүүхээр яв, би зөвхөн 2 сая төгрөгөө өгнө гэж хэлсэн. Зун дуусч, бороо орсонтой холбоотой шал цөмөрч дахин ажил гарсан. 4,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2017-07-24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнээс өмнө байгуулахаар талууд ярилцаж байсан боловч нэхэмжлэгч талын буруутайн улмаас 2017-07-24-г хүртэл байгуулагдахгүй явсан. Нэхэмжлэгч мөнгө өгөөгүй. Анх бүтэн байшин бариулна гэж тохирчхоод өөрсдөө алга болсон. Шатсан байшингаа солиулах гэж л захиалга өгч, түүнийг сольж өгөхөөр тохирсон. Түүний урьдчилгаа 60%-ийг өгөхөөр болж 1 сая төгрөгөөс илүү олдсонгүй, би мөнгөө олж байгаад болъё гээд 1 сая төгрөг өгчихөөд явсан. Нэхэмжлэгч тал өөрөө мөнгөө хайгаад явсан. Сүүлдээ талууд байшингаа бүхэлд нь биш зөвхөн шатсан хэсгийг л бариулъя гэж хэлж тохироод үнийн дүнг бууруулсан. Аргагүйн улмаас гэрээг шинэчилж хийсэн. Тэгэхдээ гэрээний үнийн дүнг 3,9 сая төгрөгөөр тохирч, гэрээний урьдчилгаа 2,3 сая төгрөг өгсөн. Ажлыг гүйцэтгэхээр очиход барих газар чөлөөлөгдөөгүй. Шатсан хэсэг буугаагүй байсан. Энэ талаар уулзсан өдрөө л нэхэмжлэгч нарт хэлж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2,7 сая төгрөгийн мод буулгасан. Тухайн модыг авч чадаагүй. Гэрээ биелэгдээгүй, асуудал үүссэн болохыг би хэлсэн. Энэ нь нэхэмжлэгч талаас болсон. Тухайн дүнзийг ачихад 4 ажилтан орсон. 4 ажилчдын цалин 200,000 төгрөг, өмгөөлөгчид 400,000 төгрөг төлсөн. Мөн модыг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгаж, 2 жил орчим болоогүй бол 3,9 сая төгрөг олох ёстой байсан. Зах зээлийн ханш үүнээс ч их байсан. Тиймээс олох ёстой байсан орлого 5 сая төгрөг, нийт 8,3 сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 181/ШШ2018/02158 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагчаас 3,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 15 ширхэг бэлдэц модыг гаргуулж, хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид Г.Э-, Э.Э- нараас төлсөн 80,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 148,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,950 төгрөг гаргуулж, Г.Э-д олгож шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2483 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Б.Ц-гоос 3,100,000 төгрөг гаргуулж Г.Э-д олгож, Г.Э-аас 15 ширхэг бэлдэц мод гаргуулж Б.Ц-д олгож, хариуцагчаас 4,100,000 төгрөг гаргуулах тухай Э.Э-ийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын ...66,950 төгрөг гэснийг ...64,550 төгрөг... болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагч төлөөлөгч хяналтын гомдолдоо: Ажил гүйцэтгэгч тал гэрээнд зааснаар дүнзэн торх барих үүргийг гүйцэтгэхэд саад учруулах нөхцөл байдал буюу өргөтгөл хийх газар чөлөөлөгдөөгүй, өөрөөр хэлвэл байшингийн шатсан хэсгийг буулгаагүй байсан. ИХ-ийн 351.1.4-д заасан үүргийг захиалагч талд хүлээлгэсэн байдаг. Гэтэл энэ үндэслэлээр гаргасан бидний тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хоёр шатны шүүх үл харгалзан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Э-, Э.Э- нар 2018-08-03-ны өдөр Б.Ц-д холбогдуулан  нэхэмжлэл гаргаж, 4,100,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа хийгээгүй... тул өгсөн 2,350,000 төгрөгийг буцааж гаргуулна... гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манаачид 800,000 төгрөгийн хөлс төлсөн, хохирол 350,000 төгрөг өгнө гэж байсан... өмгөөллийн хөлс 500,000 төгрөг болж нийт 1,750,000 төгрөгийн хохирол учирсан...” гэж тайлбарласан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаж нийт 8,300,000 төгрөг шаардахдаа “...дүнз ачихад 4 ажилтан ажилласан цалин 200,000 төгрөг, өмгөөлөгчид 400,000 төгрөг төлсөн... 15 ширхэг модон бэлдэц 2,700,000 төгрөг, олох байсан орлого 5,000,000 төгрөг...” гэжээ. 

       Анхан шатны шүүх хариуцагчаас 3,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 15 ширхэг бэлдэц мод гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна. 

       Давж заалдах шатны шүүх Б.Ц-гоос 3,100,000 төгрөг гаргуулж Г.Э-д олгож, Г.Э-аас 15 ширхэг бэлдэц мод гаргуулж Б.Ц-д олгож, Э.Э-ийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо “...захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2,3 сая төгрөг төлсөн байна... манаачийн хөлс 800,000 төгрөгийн зардал гаргасан байна... Э.Э- нь гэрээний тал биш байна...” гэжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Талууд 2017-07-24-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь “...дүнзэн торхонд өргөтгөл хийхэд 2.3 метр-2 ширхэг, 2 метртэй-1 ширхэг хана, 4.3 метр-ширхэг, 6.7 метртэй-1 ширхэг нийт 5 ханыг 3.1 метрийн өндөртэйгөөр угсарч гүйцэтгэх, 3 ширхэг цонх, 1 ширхэг хаалгыг гаргаж угсрах ажлыг гүйцэтгэх...” ажлыг 2017-07-24-ний өдрөөс 16 хоногийн хугацаатай хийх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд нийт 3,900,000 төгрөг төлөх талаар тохиролцжээ.

       Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

       Захиалагч нь гэрээний дагуу 2,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, харин ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй нь тогтоогджээ.  

       Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзсан нь нотлогдсон бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

       Ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхой тусгасан байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар үндэслэлгүй юм.

     Давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа хөлсөнд төлсөн 2,300,000 төгрөг, бэлдэц модыг харуулсан манаачийн хөлс 800,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэргийн баримтад үндэслэгджээ.

        Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2483 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 69,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ