Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2158

 

 

 

 

 

 

 

                                                                    

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г.Э,

 

Нэхэмжлэгч:  Э.Э нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох

 

           Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.100.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

          Гэрээний үүрэг гүйцэтгээгүйн хохиролд  8.300.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э , Г.Э , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Данзандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, гэрч С.Батбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Бид нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулсан. 2017 оны 2 дугаар сард манай 180 м.кв талбай бүхий 2 давхар дүнзэн байшин шатсан. Шатахдаа зүүн урд талыг ажил гүйцэтгэгчээр солиулахаар гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулахаас өмнө хариуцагчтай ажлын байран дээр уулзахад бидэнд ажлаа танилцуулж, урьдчилгаа 1.000.000 төгрөг өгөх юм бол Хөвсгөл аймгаас дүнзэн мод авч ирүүлж, танай ажлыг хийж дуусгана гэж хэлсэн. Тиймээс бид хоёр ярилцаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны дансаар 1.000.000 төгрөгийг дүнзэн байшингийн урьдчилгаа нэртэйгээр хариуцагчид шилжүүлсэн.

14 хоногийн дараа байшингийн мод ирнэ гэсэн боловч хүлээгээд ирээгүй. Түүнээс хойш дахин 14 хоног өнгөрсөн тул утсаа авахгүй байсан учир ажил дээр нь очиж уулзсан. Тэгэхэд мод яасан бэ, ажил чинь юу болсон бэ гэхэд танай модыг Хөвсгөл аймгаас ачуулчихсан, бороо ороод байгаа учир ирэхгүй байна гэж хэлсэн.

Дараа нь дахин 10 гаруй хоногийн дараа уулзахад үнэн учраа хэлье надад мөнгө байхгүй учир танай модыг захиалж чадаагүй, та хоёроос авсан мөнгийг ажилчдынхаа цалинд өгчихсөн. Би өмнө захиалсан захиалагчийнхаа захиалгыг дуусгах шаардлагатай байгаа. Тиймээс тэр ажлаа дуусгаад танай ажлыг хийнэ гээд 14 хоног хойшлуулсан. Би компани удирдаад явж байсан учир энэ зовлонг ойлгоод дахин 14 хоногийн хугацаа өгсөн. Нийт 4 удаа 14 хоногийн хугацаа өгсөн.

Ингээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон. Энэ хугацаанд олон удаа уулзах гэсэн боловч хаяг нь дээрээ амьдардаггүй байсан. Ажлын байран дээр нь очиход манаач гэх хөгшин эмэгтэй олон хүн асууж ирдэг, одоо хаана байгааг мэдэхгүй, Хөвсгөл аймаг руу явсан байх, олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ, өөрөө хааяа ирдэг гэж хэлсэн.

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүнтэй утсаар холбогдоход мод ирсэн. Үлдэгдэл төлбөрөө өгчих, гэрээгээ байгуулъя. Түүний дараа танай ажлыг хийе гэж хэлсэн. Тиймээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд байгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан өдрөө уулзаж, бүх зүйлээ тохирч хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Ингээд анх өгсөн 1.000.000 төгрөгөөсөө гадна 1.350.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгч ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу ажлын хөлсний 60 хувьтай тэнцэх төлбөрийг ажил эхлэх үед өгсөн.

Түүнээс хойш ажил эхлэх байх гэж хүлээхэд алга болчихсон. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Урбанекийн уулзвар дээр машинаа уначихсан явж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа баталгааг бичиж өгсөн. Үүнд би гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мод буулгаж, ажил хийж өгнө гэх баталгаа байгаа. Гэтэл дахиад 2017 оны 08 сар дуусч, 09 сар болтол хүлээхэд ирээгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 16 хоног байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлаа эхэлчихсэн байхад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил хийж өгнө гэж баталгаа бичиж өгчхөөд алга болчихсон. Ажил дуусах хугацаа дуусчихсан байхад модоо буулгаж, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хөлс өгч модонд явсан. Тиймээс гэрээний хугацааг маш ноцтой зөрчсөн.

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мод буулгасан. Одоо барих байх гэж бодоод хүлээж байхад 15 ширхэг мод буулгачхаад алга болчихсон. Тухайн үед модыг манай аав болон н.Алтантүлхүүр нар харж зогсч байсан. Тухайн модыг буулгаж байсан хүн манай ааваас аль нутгийн хүн бэ гэж асуугаад Хөвсгөлийнх гэхэд нь нэг нутаг юм байна, байшингийн шатсан хэсгийг хурдан барьж өгнө гэж хэлчхээд алга болсон.

Түүнээс хойш тухайн хүн олдохгүй байсан учир 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагчийг алга болсон гэж хандсан. Тэгтэл хариуцагч өөрөө ирээд цагдаагаар явахаа болъё, миний буруу учир би гэрээгээ цуцалъя, хийж өгч чадахгүй юм байна. Таны хохиролд 350.000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа дээрх хэлсэн зүйлийн талаар хүсэлт бичиж өгөөд явсан.

Явахдаа ажил гүйцэтгэх гэрээнд заасан өгсөн мөнгийг авъя гэхэд 14 хоногийн дотор буцааж өгье гэж хүсэлт бичиж өгсөн. Хүлээж байтал мөнгө төлнө, мод авна гэх хугацаа өнгөрчихсөн.

Энэ хооронд Г.Э  14 хоногийн хугацаатай модыг нь харж байя гэхэд түүнээс хойш сар алга болсон. Ингээд зуслан буусан учир 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 800.000 төгрөгийн хөлс өгч манаачаар тухайн модыг харуулсан.

Энэ хооронд хариуцагч алга болчхоод 3 сарын үед ярихад одоо дулаарч байна, би бариад өгье гэж хэлсэн. Ингээд байж байхал би барьж өгч чадахгүй юм байна, болилоо, танай мөнгө төгрөгийг өгөөд дуусгая гэж хэлсэн.

Чи ажлаа дуусгаад мөнгө өг гэж Г.Э  ярихад модыг ачиж явсны дараа мөнгө өгнө гэх огт биелэгдэхгүй шаардлагыг удаа дараа тавьсан. Тиймээс тухайн хүнд итгэхгүй байгаа. Модыг нь өгөхгүй. Мөнгөө өгч байж модоо ав гэж бид хэлсэн. Манаачийн хөлс яах юм бэ гэхэд би манаачийн хөлс өгөхгүй, та нар шүүхээр яв, би зөвхөн 2.000.000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалд хандахад хариуцагч ирнэ гэж хэлчхээд ирээгүй. Ингээд зун дуусч, энэ хооронд байшингийн дээвэр байхгүй, маш их бороо орсонтой холбоотой шал цөмөрсөн зэрэг дахин ажил гарч ирсэн. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл заалтыг огт биелүүлээгүй, дандаа зөрчсөөр ирсэн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу цаг тухайд нь шаардлага тавьж байсан” гэв

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Хариуцагчийн төлөөлөгч өөрөө хажууд нь байсан мэтээр яриад байна. Төлөөлөгч хүн ингэж худлаа ярьж болохгүй. Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах эрх бүгдэд нээлттэй байдаг. Айлгаж байгаад хийлгэсэн юм бол тэр даруй яагаад шалгуулаагүй юм бэ. Аргаа барсандаа л цагдаагийн хэлтэст хандсан.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд буруутай тал учруулсан хохирлоо хариуцахаар заасан байдаг. Гэтэл яагаад ингэж гуйвуулж яриад байгаа юм бэ. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалъя би буруутай гэж яагаад Б.Ц  бичиж өгсөн юм бэ. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлж бичсэн. Сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхгүй л гэж үзэж байна. Мөнгө өгсөн хүн яагаад буруутай болдог юм бэ. Ажил гүйцэтгээгүй гол үндэслэл нь Г.Э  буруутай гэж хэлж байна. Учир нь байшин барих талбай чөлөөлөөгүй гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 10-12 дугаар хуудсанд загвар зураг нь байгаа. Ийм маргаан болдог учир загвар зургийг гаргаад батлуулчихсан.

11 дүгээр хуудсанд байгаа зурагт бөөрөнхийлсөн хэсгийг ийм хэмжээний модоор барина гэж тохирсон. Бүтэн байшин барьхад 15 ширхэг мод орохгүй. Талууд хийх ажлаа зөвлөлдөөд, нотариатаар батлуулж тодорхой заачихсан.

Гэрээний 1.1-т дүнзэн торхонд өргөтгөл хийнэ, 2 метр хана 1 ширхэг орно гэж байгаа. Гэтэл хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан дүнзэн байшингийн зургийг хариуцагч тал гаргаж өгсөн байна лээ. Та байгаагүй учир үүнийг ойлгохгүйгээр хариуцагчийн хэлсэнээр ярьж байна. Гүтгэж ярихгүй байхыг хүсч байна.

Ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Ажил эхлэх хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, ажлаа хүлээлгэж өгөх хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж бичиж өгсөн. Хариуцагч тал ямар байдлаар нэхэмжлэгчид хохирол учруулсан талаар хангалттай нотлох баримт авагдсан. Олох ёстой байсан орлого 5.000.000 гэж байна. Сөрөг нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй. Хариуцагчийг гаргах эрхгүй гэж үзэж байна.

Мөн 5 хүний 200.000 төгрөг яригдаад байна. Гэрээгээ л барьж ажиллах ёстой. Гэрээний 2.4-т 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлдцийг өөрийн зардлаар буулгана гэж байгаа. Одоо сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа Хөвсгөл аймгаас 5 хүн ачсан гэж яриад байна. Гэрээнд тийм зүйл тусгагдаагүй. Бид нар хараагүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Үнэндээ гэрээ байгуулаагүй бол залилан хийж байна. Хариуцагч алга болоогүй бол яагаад бид нар Цагдаагийн хэлтэст өргөдөл бичих юм бэ. Үүнийг яагаад няцаагаагүй юм бэ. Манаач гэх настай эгч байсан. Тэр хүн хэлэхдээ хүмүүс ирдэг, алга болдог гэж хэлж байсан. Худлаа байсан бол ийм зүйл болоогүй гэж цагдаагийн хэлтэст бичих байсан. Үнэхээр гомдолтой байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн байгууллага өөрийн үйл ажиллагааг эрүү болон иргэний одоогийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсны төлөө эдгээр хүмүүсийг ингэж ярьж байна. Би хариуцагчийн төлөөлөгчийг тун үл бүтэх этгээд гэж хэлнэ. Яаж ингэж хэлж чадаж байна. Би энэ талаар зохих газар нь тавина. Сүрдүүлж байгаа юм биш. Тус байгуулсан гэрээ нь хууль ёсны гэрээ. Иргэний хуулийн 43.2.1, 43.2.2, 43.2.3, 43.2.4-т заасан бүх шаардлагыг хангасан. Гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар л ярих ёстой. Өөрийн сэтгэлийн хөөрлөөр л яриад байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан зүйл болсон бол гэмт хэргийн шинжтэй болох ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлээс эхлэн нотлох баримтыг хэн гаргаж, хэрхэн үнэлэх талаар тодорхой бичсэн. Түүний дагуу л хийсэн. Хэм хэмжээний тогтолцоог тайлбарласан баримт танайх гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн агуулга нь Иргэний хуулийн 343.1-ээр тодорхойлогдоно Ажил гүйцэтгэх гэрээ үр дүнгээр тодорхойлогддог. Гэрч бодит байдлыг л хэллээ. Бид нар хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Бид Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар гаргах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар баталгааждаг. Тэр зүйл заалтаар баталгаажуулсан зүйлээ гаргаж өгөх хэрэгтэй. Ямар хохирол учирсан юм бэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4, 62.1.8-д байгаа. Үүнийг уншиж үзэх хэрэгтэй. Тиймээс сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Би өөрийг чинь хуульч биш хууль зүйч гэж хэлнэ. Тиймээс Иргэний хуулийн 225-д ч мөн байгаа. Ямар ч баримтгүй зүйл ярьж болохгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнээс өмнө байгуулахаар талууд ярилцаж байсан боловч нэхэмжлэгч талын буруутайн улмаас 2017 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл байгуулагдахгүй явсан юм байна лээ. Нэхэмжлэгч өмнө нь 1.000.000 төгрөг авчихаад алга болсон гэж ярьж байна.

Нэхэмжлэгч 2 зүйлийг орхиж яриад байна. Талуудын хооронд 2 асуудал байсан. Нэхэмжлэгч тал нэгдүгээрт мөнгө өгөөгүй. Анх бүтэн байшин бариулна гэж тохирчихоод өөрсдөө алга болчихсон. Нэхэмжлэгч 2 сард шатсан гэж байна. Шатсан байшингаа солиулах гэж л захиалга өгч, түүнийг сольж өгөхөөр тохирсон. Түүний урьдчилгаа 60 хувийг өгөхөөр болж байгаад 2017 оны 5 сард мөнгө төгрөг болчихсон гэж ирж, уулзаад хүнээс мөнгө авна гэж явж байгаад 1 сая төгрөгөөс илүү олдсонгүй, би мөнгөө олж байгаад болъё гээд 1 сая төгрөг өгчхөөд явсан. Наадам болохоос өмнө Б.Ц  гуай маш олон удаа залгасан. Нэхэмжлэгч тал өөрөө мөнгөө хайгаад явсан.

Сүүлдээ талууд байшингаа бүхэлд нь биш зөвхөн шатсан хэсгийг л бариулъя гэж хэлж тохироод үнийн дүнг бууруулсан. Гүйцэтгэгч Б.Ц  гуай аргагүйн улмаас гэрээг шинэчилж хийсэн. Тэгэхдээ гэрээний үнийн дүнг 3.900.000 төгрөгөөр тохирч, гэрээний урьдчилгаа 2.300.000 төгрөг өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан.

Ажлыг гүйцэтгэхээр очиход барих газар чөлөөлөгдөөгүй. Шатсан хэсэг буугаагүй байсан. Энэ талаар уулзсан өдрөө л нэхэмжлэгч нарт хэлж байсан. Үүнийг огт ярихгүй байна. Гэрээ биелэгдээгүй гол шалтгаан нь энэ шүү дээ. Үүнийг буулгаач гэхэд буулгадаггүй. Буулгаж байж л барина шүү дээ. Бидний зүгээс ажилчны хөлс төлчих, бид буулгаж өгье гэхэд үгүй та нар мөнгөө авсан, өгөхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал мөнгө өгөх тал дээр маш хойрго байсан. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Хариуцагч нь 2.700.000 төгрөгийн мод буулгасан. Тухайн модыг авч чадаагүй. Гэрээ биелэгдээгүй, асуудал үүссэн болохыг би хэлсэн. Энэ нь нэхэмжлэгч талаас болсон. Бусад асуудлын талаар худлаа ярьж байна. Тухайн дүнзийг ачихад 4 ажилтан орсон. 4 ажилчдын цалин 200.000 төгрөг, өмгөөлөгчид 400.000 төгрөг төлсөн. Мөн модыг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгаж, 2 жил орчим болоогүй бол 3.900.000 төгрөг олох ёстой байсан. Зах зээлийн ханш үүнээс ч их байсан. Тиймээс олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг. Нийт 8.300.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нар нь хариуцагч Б.Ц д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2.350.000 төгрөг гаргуулах, гэрээнээс учирсан  хохиролд 1.750.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц  нь 8.300.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэлжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

            Хариуцагч Б.Ц  нь 15 ширхэг модон бэлдэцийг буулгаж, ажлаа эхлэх гэтэл талбайг бэлдээгүй, байшингийн шатсан хэсгийг нураагаагүй, мөн гэрээний дагуу ажлын хөлсийг төлөхгүй удаашруулсан нэхэмжлэгчийн буруугаас болж ажил гүйцэтгэж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу дүнзэн торхонд өргөтгөл хийх ажлыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 16 хоногийн хугацаатай, ажлын хөлсөнд нийт 3.900.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

           

            Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

 

            Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор 15 ширхэг бөөрөнхий мод буулгасан бөгөөд ажлын хөлсийг  хугацаа хожимдуулж өгсөн, мөн торхон байшингийн шатсан хэсгийг буулгаагүй тул уг ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 2.2-д заасан нийт ажлын хөлсний 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 2.350.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан  хувь, хэмжээгээр ажлын хөлсийг хугацаанд төлсөн үйл баримттай маргаагүй атлаа ажлын хөлсийг хугацаа хожимдуулсан гэж зөрүүтэй тайлбар гаргасан нь үйлдэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ажлыг гүйцэтгэх зорилгоор 15 ширхэг модыг бэлтгэж, нэхэмжлэгчийн хашаанд буулгасан нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боложмгүй юм.

 

            Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “...Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” заасан үүргээ тус тус биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч Б.Ц гоос 2.350.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э д олгож, нэхэмжлэгч Г.Э аас 15 ширхэг бөөрөнхий модыг гаргуулж, хариуцагч Б.Ц д олгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс торхон байшингийн шал муудсан 500.000 төгрөг, Б.Ц гийн цагдаагийн байгууллагад гэрээний хохиролд төлөхөөр зөвшөөрсөн 350.000 төгрөг, 15 ширхэг бөөрөнхий модыг харуулсан манаачийн хөлс 800.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ.

 

            Хариуцагч Б.Ц гийн 15 ширхэг бөөрөнхий модыг бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор Ц.Энхтүвшинд 800.000 төгрөг бэлнээр төлсөн болох нь бэлэн мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна.

 

            15 ширхэг модны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор манаач хөлслөх нь  үүрэг гүйцэтгүүлэгчээс гарах зүйлшгүй зардал хамаарах тул хариуцагч Б.Ц гоос 800.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх байшингийн шал эвдэрч гэмтсэн хохирол 500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Түүнчлэн өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Ц  нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй хохиролд 350.000 төлөхөөр баталгаа гаргасан гэж тайлбарлах бөгөөд уг баталгаа нь гэрээний ямар хохиролд хамаарах нь тодорхойгүй, мөн хариуцагч уг мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа тул гэрээний хохирол гэж үзэх боломжгүй тул 350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнд заасны дагуу хүргэсэн 15 ширхэг модон бэлдэцийн үнэ /15*180.000/ 2.700.000 төгрөг, бэлдэц ачсан ажилчдын хөлс 200.000 төгрөг, өмгөөллийн хөлс 400.000 төгрөг, олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг, нийт 8.300.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нар нь хариуцагч гэрээний үүргээ зөрчиж бидний хохироосон атлаа мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх хариуцагчид 15 ширхэг модон бэлдэцийг олгож шийдвэрлэсэн тул 2.700.000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч эрхээ эдэлж, өмгөөлөгч авсан зардлаа бусдаас шаардах эрхгүй юм.

 

            Хариуцагч нь 15 ширхэг бэлдэц модоор байшин барьсан бол 5.000.000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа бөгөөд олох ёстой байсан орлого гэж 5.000.000 төгрөгийн шаардлагыг баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нараас ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 8.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч Цэенхорлоотой иргэний эрх зүйн харилцаанд ороогүй байх тул шаардах эрхгүй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б.Ц гоос 3.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э д олгож, нэхэмжлэгч Г.Э аас 15 ширхэг бэлдэц модыг гаргуулж, хариуцагч Б.Ц д олгож, нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нараас 8.300.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э , Э.Э  нарын улсын тэмдэгтийн хураамжид 80.550 төгрөг, хариуцагч Б.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээж, хариуцагч Б.Ц гоос 66.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР