Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж СТӨ, В корпуст байрлах, “С” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, Их сургуулийн гудамж ... тоотод байрлах, “Э” ХХК /РД:..../,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, Их сургуулийн гудамж ... тоотод оршин суух, Ц.Э /РД:.../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 64,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ““С” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оа,

Хариуцагч: ““Э” ХХК /РД:...., төлөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагч: Ц.Э

Хариуцагч нарын өмгөөлөгч: О.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” ХХК /РД:...., Ц.Э нарт холбогдуулан 64,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“С” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ““Э” ХХК /РД:....-тай 191382 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу Жанрайсаг бурхны дээврийн иж бүрэн засвар будгийн ажил хийхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа талуудын хооронд 30,000,000 төгрөгөөр тухайн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон байдаг.

Тус өдөр ““Э” ХХК /РД:....-ийн захирал Ц.Эгийн гарын үсэгтэй, Ц.Энхбаярын “Э” ХХК /РД:....-ийн тамгатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгсөн ба “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаярын гарын үсэгтэй нэхэмжлэлийн дагуу 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн.

Ажил гүйцэтгэх явцад “Э” ХХК /РД:.... нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 20 хоногийн дотор ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан боловч хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 4.1.7.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн зардлаар 10 хоногийн дотор доголдлыг арилгуулах, 7.2 дахь хэсэгт захиалагч доголдлыг өөрийн хөрөнгөөр арилгаж, гарсан зардлыг гүйцэтгэгчээс гаргуулах зардлыг нэхэмжлэх эрхтэй, мөн 4.1.7.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн санхүүжилтийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож, 4.2.10 дахь хэсэгт гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж заасны дагуу бид нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь “Э” ХХК /РД:....-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр, ““Э” ХХК /РД:....ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Э нар гэрээ байгуулах хоёр тал харилцан хүсэл сонирхолтой байсан. Энэ нь “Э” ХХК -ийн дүрэм, Ц.Энхбаярын Гандантэгчилэн хийдийн хамба ламын өгсөн хүсэлтээр тодорхойлно. Хүсэлт өгсний дагуу “Э” ХХК /РД:....-ийн Ц.Э ирж гэрээ байгуулсан байдаг.

Гэрээ байгуулах болсон шалтгаан нь Ц.Энхбаярын дээврийн засварын ажлыг хий гэсэн үндэслэл шалтгаан болно. Ц.Энхбаяр нь урьдчилгаа 15,000,000 төгрөг шилжүүлэхэд гарын үсэг, тамгатай нэхэмжлэх нь “С” ХХК-д ирсэн байдаг. Хэргийн материалд “Э” ХХК /РД:....-ийн зөвхөн манай байгууллагатай бус өөр хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг хавсаргасан байдаг. Гэрээнд Ц.Энхбаяр, Ц.Э нар гарын үсэг зураад утасны дугаар, гэрийн хаяг, мөн нэг овогтой байгаа нь нэгдмэл сонирхолтой юм байна гэж “С” ХХК-иас үзэж байна. Компанийн тамга тэмдгийг хэн нэгэн дураараа ашиглах боломжгүй байдаг. Ц.Э зөвшөөрлийг авсны үндсэн дээр тамга дарсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Ц.Эгийн хийсэн ажил дээр Ц.Энхбаярын Хаан банк ХХК-ийн дансны хуулгыг гаргаж өгдөг. Ц.Энхбаяр нь ““Э” ХХК /РД:....-ийн гүйцэтгэх захирал, өөрөө энэ ажлыг хийж гүйцэтгэсэн, миний данснаас ийм зардал гарсан гэж гаргаж байгаа нь гэрээ хүчин төгөлдөр болоод бид энэ ажлыг хийсэн гэж Ц.Энхбаяр нь хүлээн зөвшөөрч байна гэж бид харж байна. Ц.Энь “Э” ХХК /РД:....-ийн нэрийн дор “С” ХХК-тай гэрээ байгуулж тамга дарсан. Гэрээний дагуу ямар ажил хийсэн талаар тодорхойгүй, шинжээчээр ямар ажил хийсэн талаар дүгнэлт гаргаад өгөөч гэхэд шинжээч боломжгүй гэдэг хариуг өгсөн.

Хийсэн ажлаа баталгаажуулахын тулд “Экструд констракшн” ХХК буюу дараагийн ажил гүйцэтгэгч ил далд ажлыг актыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэрээнд актаар ажил хүлээлгэж өгснөөр ажил хийсэн гэдгээ нотолно гэж заасан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нарын зүгээс “С” ХХК-д ажил хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт байдаггүй. Ц.Э нь 22,000,000 төгрөгийн ажил хийсэн гэдэг. Гэхдээ 22,000,000 төгрөгийн ажил хийсэн гэдэг чинь цаасан дээр бичиж өгсөн тоо юм. Энэ тоог хэн ч гаргаж өгч чадна. Бодитой ажил хийсэн бол анхан шатны санхүүгийн тооцоо байх ёстой. Хэрвээ ажил хүлээлгэж өгсөн бол бид хүлээж авсан талаар хэлэх байсан. Мөн БНХАУ-с будаг оруулж ирээд нэгжийн үнийг өндөр тавьж байх шиг байна. Хэргийн материалд хариуцагч нь өөр компанитай гэрээгээр будагны нэгж үнийг 15,000 төгрөгөөр тодорхойлсон байдаг. Үнэхээр зардал гарсан гэж байгаа бол 380,000 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч ямар ч шалтгаангүйгээр ажлаа хаяж явсны улмаас “С” ХХК нь 64,000,000 төгрөгөөр хохирсон байдаг. Магадлалд Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажил нь буяны ажил байсан боловч сүсэгтэн олноос зун нь бороо дусах, өвөл нь хүйтэн, мөргөл үйлдэхэд хүйтэн байдаг тул “С” ХХК-ийн зүгээс сүсэгтэн олонд буян болох зорилгоор энэхүү ажлыг үнэ төлбөргүй Гандантэгчилэн хийдэд хийж өгсөн.

“Э” ХХК-ийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлын төсвийг зохиож 30,000,000 төгрөгөөр тохиролцсон. Энэ төсөв нь Ц.Э гаргаж өгсөн би ийм ажил хийсэн гэдэг төсөвтэй нэг юм. Гандантэгчилэн хийдийг яагаад гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгчээр татаагүй вэ гэхээр “С” ХХК-ийн зүгээс Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж өгсөн л харилцаатай байсан учраас гэрээний дагуу “Э” ХХК /РД:.... болон Ц.Э ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул хариуцагч нараа тодорхойлсон.

Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөл ямар нэгэн доголдолгүй үр дүнд шилжүүлэх үүргээ “Э” ХХК /РД:.... биелүүлээгүй учраас бидэнд үр дүн шилжүүлээгүй. Тиймээс ажил хийсэн эсэх дээр нотлох боломжгүй байна. Гэрчийн мэдүүлгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг хийсэн гэдэг. Гэрээгээр 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байтал 5 өдрийн дотор 80 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. “С” ХХК-ийн зүгээс эрх бүхий этгээд болох Ц.Энхбаяр нь энэ гэрээг байгуулах талаар үнийн санал өгч байсан. Өөрөөр хэлбэл Жанрайсаг бурхны дээврийг 36,000,000 төгрөгийн өртгөөр засуулах санал өгснөөр “Э” ХХК /РД:....нь энэ ажлыг хийх сонирхолтой байсан гэж тодорхойлж байна.

“Э” ХХК /РД:.... ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Эгэрээнд гарын үсэг зурж, тамга дарагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Яагаад хожим дэмжин зөвшөөрсөн бэ гэж үзэж байна вэ гэхээр “Э” ХХК /РД:....-ийн гүйцэтгэх захирал Ц.Эгийн гарын үсэг тамгатай 15,000,000 төгрөгийн нэхэмжлэх ирсэн байдаг. Тэр нэхэмжлэхийн дагуу бид 15,000,000 төгрөгийг бид бэлнээр өгсөн. Харин “Э” ХХК /РД:.... нь ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас 64,875,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үнийн санал гаргасан болон нэхэмжлэх явуулсан нь ““Э” ХХК /РД:...., гарын үсэг зурсан нь Ц.Э байдаг. Хариу тайлбартаа Ц.Э15,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг учраас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслээд нэхэмжлэгч аль аль талаас нь шаардаж байна.

Иймд гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 95 хоног үүрэг гүйцэтгээгүй тул 4,725,000 төгрөгийн алданги, гэрээний 4.2.10 дахь хэсэгт заасны дагуу торгууль 12,000,000 төгрөг, 4.1.7.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр Экструд констракшн ХХК-тай байгуулсан гэрээний хөлс болох 30,000,000 төгрөг, хариуцагч Ц.Эгийн байгуулсан нэмэлт гэрээний 3,600,000 төгрөг, нийт 64,875,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,325 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1. Хариуцагч“Э” ХХК /РД:....-ийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 онд Гандантэгчилэн хийдээс Жанрайсаг бурхны дээврийн ажлыг засварлаж өгнө үү гэсэн хүсэлт ирж байсан. Мөн Чой хамба лам хандивын журмаар хийгээд өгнө үү гэсэн. Бид жижиг компани учраас 30 гаруй сая төгрөгийн ажлыг хандиваар хийж өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн. Дараа нь нэг өдөр засварын ажил хийх хүн олчихлоо, нисэх дээр очоод уулз гэж хэлсэн. Тэр үед би ажилтай байсан болохоор Ц.Э очиж уулзсан. Ц.Э очоод над руу Ц.Анандбазар байна гэж хэлэхээр нь би татгалзсан. Өмнө бид хоёр удаа Ц.Анандбазартай гэрээ байгуулаад мөнгөө авч чадалгүй үлдэж байсан учраас би татгалзаж байгаа тухайгаа Ц.Эд хэлсэн.

Ц.Э нь ирээд “Ц.Анандбазар нь бурхан шашны холбогдолтой учраас тийм зүйл болохгүй, хоёулаа хийе, би 30,000,000 төгрөг, чи 6,000,000 төгрөгийг нь гаргаад хийе гэж байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би компаниар оролцохгүй гэсэн. Ц.Э “би сүсэг бишрэлийн хувьд болон Ц.Анандбазарын үгэнд итгэж байна” гэсэн. Би компанийн дансны хуулгыг хэвлээд шүүх хуралдаан дээр авч ирэхээ мартсан байна.“Э” ХХК /РД:....-ийн данс руу урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөг орсон зүйл байхгүй, Ц.Э компанийг төлөөлөөд гарын үсэг зурсан. Би “Э” ХХК /РД:....-ийн захирал, Ц.Эгийн ах нь ч мөн юм. Төрсөн ах дүүгийн хувиар нэг, нэгийгээ дэмжих зүйл байсаар ирсэн. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хоёр хүн сүсэг бишрэлийн хувьд буяны ажил хийхээр тохиролцсон байдаг. Ц.Э нь тэр ажлыг хийхээр явж байсан. Одоо алданги, торгууль гэх мэтчилэн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

2.2. Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг өдөр Д.Чойжамц хамба лам над руу залгаад хүрээд ир гээд очтол надад Ц.Анандбазарын дугаарыг өгсөн. Би нисэх дээр очиж уулзахад Ц.Анандбазар байсан, “Би тантай энэ ажлыг хийхгүй, урд нь та нар мөнгөө өгч байгаагүй” гээд хэлтэл Ц.Анандбазар надад “Ах нь одоо өөр хүн болсон, бурхан шашны ажлыг хийж гүйцэтгэе, одоо луйвар хийхгүй” гэсэн. Тэгээд 30,000,000 төгрөгийг би гаргаад, чи 6,000,000 төгрөгийг гаргаад хоёулаа ажиллая гэхээр нь би зөвшөөрсөн.

Урьдчилгаа мөнгөө “С” ХХК-ийн кассаас 15,000,000 төгрөгийг аваад Гандантэгчилэн хийдтэй тохироод будгаа захиалсан. Гандантэгчилэн хийдийн дээвэр дээр би бүтэн хоёр өдөр троссоор бэхэлгээ хийгээд, төмрийг нь цэвэрлээд материалаа аваад будгаараа будсан. Би өөрөө ажлын талбай дээрээ байсан. Хоёр талд нь жаахан хэсэг үлдээгээд, дээвэр дээр нь 60 гаруй будгийн хоосон сав үлдсэн. Ажил хэвийн болж байхад “С” ХХК-иас санхүүжилтээ нэхэхэд өгөхгүй байсан. Шинжээч томилох тухай надад хэлээгүй шүүхэд өгсөн байсан. Би ажлын 90 хувийг хийсэн байсан. Дараа нь өөр хүмүүс шар будаг манайхаас авмаар байна гээд 8 лааз будаг авахдаа гүйлгээний утга дээрээ “Жанрайсаг бурхны дээврийн засварт” гээд шилжүүлсэн байхаар нь түүнээс хойш би ахиж будаг өгөөгүй. Усны хамгаалалттай будаг бүтэн яваад төмөржөөгүй наалдаад хатсаны дараа гадна талыг нь өөр будгаар хийж болно. Дундын санхүүжилтээ өгөхгүй байж дараагийн компанийг оруулж ирсэн байсан. Дахиж хуулж шинээр хийсэн гэж байна, наалдсан материал төмөрнөөс сална гэж байхгүй. Экструд констракшн ХХК нь нэхэмжлэгчийн бүрэн хамааралтай өөрийнх нь компани юм. Экструд констракшн ХХК нь цаг уурын үнэлгээнээс гарсан хасах градустай үед тэр ажлыг хурдан хийнэ гэж байхгүй. Усан суурьтай будаг учраас шууд урсана. Тэгэхээр Экструд констракшн ХХК-ийг тэр ажлыг хийсэн гэдэгт би итгэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.3. Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

“С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлага тус бүр дээр хууль зүйн дүгнэлтээ хэлье. Нэхэмжлэгчийн хувьд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гэж буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг заасан байдаг. Энэ нь гүйцэтгэгч өөрийн болон бусдын зардлаар тодорхой ажлыг гүйцэтгээд, ажлынхаа үр дүнд гүйцэтгэгчид хүлээлгэж өгөх үүргийг хүлээнэ. “Э” ХХК /РД:....-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол “С” ХХК-д Гандантэгчилэн хийдийн дээврийн засварын ажлыг хийж хүлээлгэж өгөх байсан гэх логик гарч ирж байна. Гандантэгчилэн хийд буюу өөрөөр хэлбэл Монгол улсын бурхан шашинтны төв орж ирж байна. Тийм учраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гэж “С” ХХК нь “Э” ХХК /РД:....-иас шаардах эрхгүй гэж үзэж байна. “Э” ХХК -тай холбогдуулан гэрээний урьдчилгаа болох 15,000,000 төгрөгийг “Э” ХХК -ийн захирал хүлээж аваагүй. Харин 15,000,000 төгрөгийг Ц.Э хүлээж авсан талаар нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна. Энэ ажил нь хандивын ажил юм. “С” ХХК нь 30,000,000 төгрөг, Ц.Э 6,000,000 төгрөгийг гаргаж Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн ажлыг хийхээр хандивын зориулалттай учраас Ц.Эгийн хувьд 15,000,000 төгрөгийг засварын ажилд зарцуулсан.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.6 дахь хэсэгт “Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр буцаан шаардах биш зориулалтын дагуу зарцуулна гэж шаардах эрхтэй хандивын харилцаа гэж үзэж байна. Тиймээс 15,000,000 төгрөгийг Ц.Эгийн хувьд Гандантэгчилэн хийдийн дээврийн засварын ажилд хандивласан учраас “Сп” ХХК нь буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна.

Гэрээнд дурдагдаж байгаа алданги 4,275,000 төгрөг, торгууль 12,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй. “Экструд констракшн” ХХК нь “С” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм байна. Уг гэрээний дагуу “Экструд констракшн” ХХК нь “Э” ХХК -ийн хийсэн ажлыг гүйцээж будах ажлыг хийсэн байна. Тийм учраас хохиролд тооцож байгаа 30,000,000 төгрөгийг ““Э” ХХК -иас шаардах эрхгүй байна.

Нэмэлт гэрээний дагуу Ц.Эд 3,600,000 төгрөгийг өгсөн учраас буцаан гаргуулах шаардлага гаргасан. Тэгэхээр нэмэлт гэрээний дагуу Ц.Эд 3,600,000 төгрөгийг өгөөгүй, мөн өгсөн гэх баримт хэргийн материалд байхгүй байна. Шүүх хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд талуудын шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын дагуу зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эх сурвалжаа заана гэсэн үг юм. Хариуцагчийн хувьд тодорхой хугацаанд ажил хийсэн гэдгээ гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотолсон. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтаар Ц.Эгийн хувьд нийт 22,000,000 төгрөгийн ажлыг хийсэн гэдэг нь нотлогдоно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1,320,887 төгрөг төлсөн баримт, “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх, 31/, “С” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/2615 тоот Н.Оролжмаад олгосон итгэмжлэл, “С” ХХК, “Э” ХХК  нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Э” ХХК -ийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний Гандантэгчилэн хийдийн захиргаанд хүргүүлсэн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг,  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Жанрайсагийн дээврийн засварын ажлын протокол, нэмэлт гэрээ”, “С” ХХК, “Экструд констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, Экструд констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Сугардоржийн “С” ХХК-д гаргасан хүсэлт, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 784 дугаар “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг, “Э” ХХК -д бодогдсон алдангийн тооцоо, “Экструд констракшн” ХХК-ийн дүрэм, У.Батмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Экструд констракшн” ХХК-ийн дээврийн ажил гүйцэтгэсэн актууд, гэрэл зургийн хуулбар /1хх, 63-88/, “С” ХХК-ийн ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/Б/344 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаал /1хх, 89/, Ажил хүлээн авах техникийн комиссын акт /1хх, 90-91/, Техникийн комиссын хурлын тэмдэглэл /1хх, 92/, Ажил хүлээлцэх акт /1хх, 93/, Гэрээ дүгнэсэн протокол /1хх, 94/, Экструд констракшн ХХК-ийн гэрээ дүгнэх хүсэлт /1хх, 95/,  “С” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/2960 тоот Н.Оролжмаад олгосон итгэмжлэл /1хх, 173/, “С” ХХК, Экструд констракшн ХХК нарын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /1хх, 183-189/, Жанрайсаг бурхны дээврийн урсгал засварын ажил хийж гүйцэтгэсэн акт /1хх, 190-250, 2хх, 1-29/, “Э” ХХК К-ийн нэхэмжлэх /2хх, 137-138/, “С” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/2797 тоот Н.Оролжмаад олгосон итгэмжлэл /2хх, 143/, “С” ХХКийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, тайлбар /2хх, 149-151/, Экструд констракшн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны “Тайлбар гаргах тухай” албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Хариуцагчаас “Э” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх, 103/, хариу тайлбар, “Э” ХХК -ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АО2008/04-01 тоот Ж.Ариунаад олгосон итгэмжлэл, “Э” ХХК -ийн дүрэм /1хх, 104-110/, Ц.Эгаас Ж.Ариунаад олгосон итгэмжлэл /1хх, 128/, гэрэл зургийн хуулбар /1хх, 130-138/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх, 142/, “Э” ХХК -ийн хариу тайлбар /1хх, 144/, Ц.Эгийн хариу тайлбар /1хх, 164-165/, Жанрайсаг бурхны сүмийн дээврийг засварлах ажилбаруудын жагсаалт /1хх, 166/, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №0001437 дугаар “Сорилт, шинжилгээний дүн” /1хх, 167/, Дэлгэр тэс ХХК-ийн тодорхойлолт /1хх, 168/, Жанрайсаг бурхны сүмийн дээврийг засах ажилбаруудын жагсаалт /2хх, 39/,  Ц.Энхбаярын хаан банкны 5079050261 тоот дансны хуулга /2хх, 44/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх, 103-104/, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/86 тоот албан бичиг /2хх, 159/, Цаг уурын шинжилгээний “Улаанбаатар” өртөөний цаг агаарын мэдээ /2хх, 160/, Ц.Эгийн дараа тооцооны хүснэгт /2хх, 161/, Төлбөрийн баримт /2хх, 162/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Хариуцагч Ц.Эгийн хүсэлтээр гэрч Б.Цолмонбаяраас /1хх, 120-123/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Д.Сугардоржоос гэрчийн мэдүүлэг /1хх, 146-148/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон, Б.Жаргал, Т.Энхтүвшин нарын шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаарх тайлбар зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

            1 дүгээр хавтаст хэргийн 1-3, 129, 139-141, 143, 152-155, 169-172, 2 дугаар хавтаст хэргийн 40-43, 136, 164-170 дугаар хуудсан дахь баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Сп” ХХК-ийн хариуцагч ““Э” ХХК , Ц.Э нарт холбогдуулан гаргасан 64,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“С” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Э” ХХК -тай 191382 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд тус компанийн тамга дарагдсан, Ц.Э нь тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч учраас нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзнэ. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар “Э” ХХК -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгтэй нэхэмжлэл ирсний дагуу 15,000,000 төгрөгийг түүнд өгсөн учраас эрх бүхий этгээд гэрээг хожим дэмжин зөвшөөрсөн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Хариуцагч нар  гэрээний дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас 64,875,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч “Э” ХХК -ийн төлөөлөгчийн зүгээс “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хариуцагч Ц.Эгийн зүгээс “С” ХХК-тай ажил гүйцэтгэхээр тохиролцож, урьдчилгаанд 15,000,000 төгрөг авсан. Гэрээнд заасан ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК, ““Э” ХХК нарын хооронд байгуулсан гэх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний Батлав хэсэгт: “С” ХХК-ийн захирал Н.Ганболд, “Э” ХХК -ийн захирал Ц.Эгэж бичигдэж гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан бөгөөд төгсгөлийн гэрээг байгуулсан хэсэгт Захиалагч талыг төлөөлж Ерөнхий ня-бо Ц.Алтантуяа, Гүйцэтгэгч талыг төлөөлж захирал Ц.Э гэж бичигдэж, тус тус гарын үсэг зурсан байна. /1хх 174-176/

Хэрэгт авагдсан ““Э” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ц.Энхбаярыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захирлаар томилсныг бүртгэсэн. “Э” ХХК -ийн дүрмээр Ц.Энхбаяр нь 39 хувийн хувьцааг, Ц.Энь 51 хувийн хувьцааг эзэмшдэг, хариуцагч “Э” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Энхбаяр болох нь тогтоогдож байна. /1хх 113-120/

“Э” ХХК -иас Гандантэгчилэн хийдийн захиргаанд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №АО1906/14-15 тоот албан бичгээр Үнийн санал хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх 10/

ХариуцагчЦ.Э нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлж, дээврийн засварт хэрэглэгдэх будаг, материалын зардал, ажилчдын цалин, хоолны мөнгөнд нийт 22,216,260 төгрөгийг зарцуулсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Цолмонбаяр, Д.Сугардорж нарын мэдүүлэг, Ц.Эгийн дараа тооцооны хүснэгт, төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна. /2хх 161-162/

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Жанрайсагийн дээврийн засварын ажлын протокол, нэмэлт гэрээ”-г “С” ХХК-ийн хуулийн албаны дарга Б.Баян-Очир, хуульч Н.Оролжмаа, ЭХХК-ийн захирал Ц.Э гэж гарын үсэг зурж, “Төв гандан тэгчилэн хийдийн Мигжид Жанрайсаг бурхны дээврийн ажлыг бүрэн засварлаж, будах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн “Э” ХХК нь өөрсдийн 8 ажилчдыг гаргаж, будгийн ажлыг эхлүүлэхийг батлав. Хэрэв будгийн ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8 ажилтан гаргаагүй тохиолдолд 1 хоног тутмын 100,000 төгрөгийн торгууль төлөхийг зөвшөөрөв” гэжээ. /1хх, 11/

“С” ХХК нь “Экструд констракшн” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан хийд, Мэгжид Жанрайсаг дуганы дээврийг иж бүрэн засах, будах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд 100 хувь хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг буюу 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /1хх, 12-16/

“Экструд констракшн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дээврийн ус чийг тусгаарлагч нааж, дээврийн ус чийг тусгаарлагч грунт түрхэж, дээврийн нөхөөс хийж, дээврийн ус чийг тусгаарлагч 2, 3 дугаар үеийн будаг түрхэж, 2019 оны 11 дүгээр сарын 22-нд хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан “Дээврийн ажил гүйцэтгэсэн акт”, Ажил хүлээн авах техникийн комиссын акт, хурлын тэмдэглэл, ажил хүлээлцэх акт, гэрээ дүгнэсэн протокол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх, 58-62, 90-95/

Гэрч Б.Цолмонбаяр “...2019 оны 06 дугаар сарын 28-наас 7 сарын 09-ний өдрийг хүртэл хийсэн...5-лаа ажилласан...Будагны ажил хий гэсэн. Би эхлээд очоод бэхэлгээг хийсэн...Хуучин будгийг нь хуулсан...Эхлээд унахаас сэргийлж бэхэлгээ хийгээд, хуучин будгийг хусч арилгасан...Тэгээд будгийн ажил хийгдсэн...Хөвөн 4 боодол, 48 сав будаг орсон...Ажлаа хийсэн хоног нь 12 хоног...Баяр болоод ахиж очоогүй...Төмөрийг бүгдийг хуссан...Материалгүй болоод ажил зогссон. Санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн тул ажил зогссон. Үсрээд 5 метр хэртэй газар дутуу байсан...”/1хх, 120-123/

Гэрч Д.Сугардорж “...Анх фэйсбүүкээр Ц.Эахтай утсаар яриад үнийн санал авсан. Тэгээд хөрөнгө мөнгө байхгүй байсан учраас “С” ХХК сайн дураараа дээврийн засварын ажлыг хийж өгөх болж энэ ажлыг авсан. Тэгээд Ц.Э гэдэг хүнтэй холбогдож энэ ажлыг хийх болж дундаасаа алга болсон. Алга болсон шалтгаанаа утсаар будаг дууссан гэж хэлсэн... Хамгийн том дээд гурвалжин, нурууг хамт хийсэн. Гэхдээ давхар будаагүй...5 хүн ажиллаж байсан...Сүүлийн компани гүйцээж хийсэн, будах ажил хийсэн...” /1хх, 146-148/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2019/13971 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, зөвлөх инженер У.Ёндон, зөвлөх инженер Б.Жаргал, төсөвчин Т.Энхтүвшин нарыг томилсон боловч шинжээч нар нь шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар тайлбарыг шүүхэд ирүүлснээр тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/12214 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулжээ. /1хх, 34-96/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан. /2хх, 151/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.” гэж заасан.

Гэвч зохигчдын хэн алинаас Гандантэгчилэн хийдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үнэ төлбөргүйгээр Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийг засварлахаар шийдвэрлэсэн. Гандантэгчилэн хийд нь энэ гэрээтэй асуудалтай огт хамааралгүй, манай 2 компанийн хоорондын асуудал”, хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс “Энэ ажил нь хандивын ажил юм.” гэх тайлбарыг гаргасан учраас Гандантэгчилэн хийдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоодоогүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх, торгууль, алданги, нэмэлт гэрээний хөлсийг хариуцагч нараас шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хооронд гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаас үзэхэд тус гэрээний гол нөхцлийн тохиролцоо нь “ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх”, “захиалагч нь ажлын хөлс төлөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр “С” ХХК нь Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Э” ХХК ХХК-тай харилцан тохиролцсон, “Э” ХХК нь гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэсэн, “С” ХХК нь “Э” ХХК -д ажлын хөлсний урьдчилгаа 15,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус гэрээ байгуулагдах үед буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд “Э” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Энхбаяр бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үнийн санал гаргаж, компанийн тамга, тэмдэгтэй нэхэмжлэх явуулснаар уг гэрээг хожим дэмжин зөвшөөрсөн гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ““Э” ХХК -ийн захирал Ц.Энхбаяр, нягтлан бодогч О.Оюундэлэг нарын гарын үсэгтэй, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Жанрайсаг бурхны сүмийн дээврийн засвар шинэчлэлийн урьдчилгаа төлбөр” гэх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь уг нэхэмжлэхийн дагуу 15,000,000 төгрөгийг түүнд хэрхэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй. Түүнчлэн, хариуцагч “Э” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Гандантэгчилэн хийдийн захиргаанд үнийн санал хүргүүлж байсан баримтаар “Э” ХХК -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Энхбаярыг уг гэрээг хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ““С” ХХК, “Э” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн гэх 15,000,000 төгрөг, алданги, торгууль, хохирол шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Э” ХХК -д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хариуцагч Ц.Эгийн хувьд“С” ХХК-тай харилцан тохиролцож, Гандантэгчлэн хийдийн Жанрайсаг дуганы дээврийн засварын ажлыг гүйцэтгэхээр болж ажлын хөлсний урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг хүлээн авч, зохих хэмжээний ажил хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Ц.Э, нэхэмжлэгч “С” ХХК нар нь Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг дуганы дээврийн иж бүрэн засварын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь хариуцагч “Э” ХХК -ийн төлөөлөгчийн тайлбар, Ц.Эгийн тайлбар, гэрч Б.Цолмонбаяр, Д.Сугардорж нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульчлаагүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн, хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч Ц.Э нь  Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг дуганы дээврийн засварын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй, дээврийн засварт хэрэглэгдэх будаг, материалын зардал, ажилчдын цалин, хоолны мөнгөнд нийт 22,216,260 төгрөгийг зарцуулсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Цолмонбаяр, Д.Сугардорж нарын мэдүүлэг, Ц.Эийн дараа тооцооны хүснэгт, төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Эг гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, хийсэн ажил нь доголдолтой байсан тул огт ажил хийгээгүй гэж үзнэ, Экструд констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гандантэгчлэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг 100 хувь шинээр хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй, 352.2.2.-т  зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Эгийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Экструд констракшн” ХХК-ийн “Дээврийн ажил гүйцэтгэсэн акт”-уудад Ц.Эгийн хийж гүйцэтгэсэн троссоор бэхэлгээ хийх, хуучин будгийг хусч арилгах зэрэг ажлууд тусгагдаагүй байгаа зэргээс дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “огт ажил хийгээгүй” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Жанрайсагийн дээврийн засварын ажлын протокол, нэмэлт гэрээ”-г “С” ХХКийн хуулийн албаны дарга Б.Баян-Очир, хуульч Н.Оролжмаа, Э ХХК-ийн захирал Ц.Э гэж гарын үсэг зурж, “Төв гандан тэгчилэн хийдийн Мигжид Жанрайсаг бурхны дээврийн ажлыг бүрэн засварлаж, будах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн “Э” ХХК нь өөрсдийн 8 ажилчдыг гаргаж, будгийн ажлыг эхлүүлэхийг батлав. Хэрэв будгийн ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8 ажилтан гаргаагүй тохиолдолд 1 хоног тутмын 100,000 төгрөгийн торгууль төлөхийг зөвшөөрөв” гэжээ. /1хх, 11/ Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч нараас 3,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд 1 хоног тутмын 100,000 төгрөгийн торгуулийг хэдэн төгрөгөөс тооцох нь тодорхойгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.”  заасантай нийцээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ц.Этай алданги, торгууль төлөхөөр тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй, мөн түүний хийсэн ажлыг доголдолтой болохыг баримтаар нотлоогүй тул Ц.Эгаас Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн засварын ажлын урьдчилгаа 15,000,000 төгрөг, алданги 4,275,000 төгрөг, торгууль 12,000,000 төгрөг, ажлыг гүйцэтгээгүйн улмаас “Экструд констракшн” ХХК-д төлсөн 30,000,000 төгрөг, нэмэлт гэрээний хөлс 3,600,000 төгрөг, нийт 64,875,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Э” ХХК , Ц.Э нараас 64,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 232.6-д заасныг баримтлан “Э” ХХК , Ц.Э нараас 64,875,000 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХЦЭЦЭГ