Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/00209

 

 

 

 

 

 

 

 

       2022          02         15

          181/ШШ2022/00209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт  байрлах, “П Д” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Н.Т -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12.674.266 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Н.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “П Д” ХХК хариуцагч Н.Т-аас 12.674.266 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Т 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14.095.000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэмэлтээр 2.340.000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэлтээр 1.500.000 төгрөгийн зээлийг авч, цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр 17.935.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэйгээр “У Х Б” ХХК-аас зээлж авсан байдаг. Н.Т зээл авах үедээ Улсын дээд шүүхийн дотоод аудитын албаны даргаар ажиллаж байгаад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоо хасагдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн байдаг. Зээлдэгч 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн.

Зээлдүүлэгч болох “У Х Б” ХХК манай даатгалын компанитай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулсан.  Зээлдэгч Н.Тын орон тоо хасагдаж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Улмаар “У Х Б” ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан тоотыг хүлээн авч судлаад даатгалын тохиолдолд хамаарч байсан тул нөхөн төлбөрт 12.674.266 төгрөгийг “У Х Б” ХХК-д манайх төлсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх “У Х Б” ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа тул Н.Таас 12.674.266 төгрөг гаргуулж өгнө үү.

Даатгуулагч банкнаас манайд ирүүлсэн хүсэлтэд хариуцагчийн банкинд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 12.163.404 төгрөг, гэрээний дагуу 3 сарын хүүгийн төлбөр 683.816 төгрөг, нийт 12.847.221 төгрөг хүссэн байсан. Үүнээс хүүгийн төлбөрт тооцооллын алдаа гарсан байсан тул 510.862 төгрөг болгож зөвтгөн бодож нийт 12.674.266 төгрөг шилжүүлсэн. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 11.5-д зээлийн үлдэгдэл дээр 3 сарын хүүг нэмж төлөхөөр тохиролцсныг үндэслэж олгосон. Манай зүгээс хариуцагч зээл төлөх үүргээ биелүүлээгүй буруутай тул цалингийн зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа болно. Улсын дээд шүүхийн тогтоолд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдах үед хариуцагч цалингийн зээл аваагүй байжээ гэж дүгнэсэн. Гэтэл Банк болон даатгалын байгууллага хоёр хоорондоо жил бүр гэрээг сунгаж, тухайн жилийн зээлдэгч нараа нэмдэг бөгөөд тухайлан нэг гэрээний дагуу банк манайх хоёр гэрээ нэмж байгуулах боломжгүй. Манайхаас нөхөн төлбөр олгосон тушаалд “Н.Т” гэж бичээд байгаа нь ялгах үүднээс бичсэн. Энэ нь нөхөн төлбөрийг хариуцагчид олгосон биш, харин гэрээний дагуу даатгуулагч болох банкинд олгохдоо ялгаж бичсэн зүйл болно. Хураамжийг хариуцагч биш банк төлсөн. Мөн хариуцагч өөрөө хөөцөлдөж нөхөн төлбөрийг авч зээлээ хаасан, би авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргав. Үүнд: Даатгал нь даатгалын гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Даатгагч болох “П Д” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилж байгаа нь хууль зүйн болон гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан буруутай этгээд гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм.

2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЦЗЭ 30C14100534-3 дугаартай цалингийн зээлийн эрсдэлийн гэрээний 1.1-т энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Т/ зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, 2.2-т дэд даатгуулагч банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-т даатгалын тохиолдол  гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /15.1.3/, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014 оны 6 дугаар сарын 26-ны ХА 30С/141000534 тоот “У Б” ХХК болон П Д ХХК-ны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1-т дэд даатгуулагчийг даатгалд хамруулах ... харилцааг зохицуулахад оршино гэж туйлын тодорхой заасан байдаг.

Эндээс харвал даатгалын гэрээний даатгалын зүйл нь хариуцагчаар татагдсан иргэн миний цалингийн зээл болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан. Даатгаж болох ашиг сонирхол нь цаашилбал гуравдагч этгээдийн ашиг сонирхол байж болно. Даатгуулагчийн ашиг сонирхол гэдэг даатгалын гэрээгээр өөрийн ашиг сонирхлоо хамгаалуулж болох этгээдийн ашиг сонирхол юм.У Х Б” ХХК-аас П Д” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт  Н.Т нь ... даатгалын шимтгэлд 179.350 төгрөг төлсөн. Зээлдэгч Н.Тт даатгалын нөхөн төлбөрийг ... олгож өгнө үү гэжээ. Цаашилбал нөхөн төлбөр олгох тухай П Д” ХХК-ийн захирлын тушаалд ...даатгалын нөхөн төлбөрт нийт 12.674.266 төгрөгийг ... даатгуулагч Н.Тын хүсэлтээр олгохыг зөвшөөрсүгэй гэжээ. Даатгалын тухай хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан.

Гэрээний талуудын хувьд нотлох баримтаас харахад Н.Т нь гэрээний тал буюу дэд даатгуулагч болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр даатгалын гэрээнээс үүдэх иргэний эрх зүйн харилцаанд дор хаяж хоёр этгээд оролцох бөгөөд үүнд даатгалын гэрээний талууд буюу даатгагч, даатгуулагч нар хамрагдана. Мөн даатгалын гэрээг бусдыг төлөөлж өөр этгээдтэй байгуулж болно. Энэ тохиолдолд дээрх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ. Даатгалын эрсдэлийн хувьд даатгалын эрсдэл гэдэг нь даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл орчныг ойлгодог. Тэгвэл даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Эрсдэлийг даатгалын гэрээний 5.1-д зааж өгсөн байдаг. Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээд биш бөгөөд, мөн гэрээний 9.1-т зааснаар харин ч эсрэгээрээ гэрээнд заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын тушаалд нөхөн төлбөрийг “Н.Тт” олгосугай гэж зааж миний дансанд орж ирсэн. Мөн би өөрөө хөөцөлдөж авснаар банкинд зээлээ төлсөн. Гэрээнд заасан Дэд даатгуулагч гэж хэн болох нь энэ хэрэгт гол хамааралтай. Нөхөн төлбөрийг дэд даатгуулагч шимтгэлээ төлсний дараа нөхөн төлбөр авах эрх үүснэ гэж заасан.  Нөхөн төлбөрийг би хүсэлт гаргаж миний дансанд олгосон тул даатгуулагч этгээд даатгалын байгууллагад нөхөн төлбөр эрсдэлийг буцаан үүрэх ёсгүй болно гэв.

 

3.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч тухайн үеийн “У Х Б” ХХК-иас зээл авсанд маргахгүй байгаа. Анх тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээл авсан. Нэмж 2 удаа зээлийн хэмжээг нэмэгдүүлж авч, 2017 оны 12 дугаар сарын 13-нд гэрээг шинэчилж байгуулсан байдаг.

Н.Т ажлаас чөлөөлөгдснөөр “П Д” ХХК, “У Х Б” ХХК нарын хоорондох хамтран ажиллах гэрээ, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу  даатгалын тохиолдолд үүсч манайх нөхөн төлбөрийг авсан. Энэ хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ нь хариуцлагын даатгал биш.  Даатгал болоод банк хоёр хоорондын гэрээний дагуу хариуцагчийг даатгаагүй бөгөөд энэ харилцаанд зуучлагчаар оролцоогүй болно. Харин банк өөрийн эрсдэлийг даатгаж, хураамжаа төлсөн. Нөхөн төлбөрийг “П Д” ХХК-иас  У Х Бинд төлсөн. Мөнгө У Х Бны цалингийн түр дансанд орж ирснийг банк цааш Н.Тын зээлд шилжүүлж хаасан.  Зээл олгосны шимтгэл манай үйл ажиллагааны зардалд хариуцагчаас авсан бөгөөд харин даатгалын хураамж хариуцагчаас огт аваагүй. Даатгалын баталгаа ч өгөөгүй болно. Бид даатгалын байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу түүнд олгосон зээлийн дүнгээс 0,8 хувиар тооцон нэхэмжлэгчид хураамжийг банк өөрөө төлсөн байдаг. Банкинд нөхөн төлбөрийг төлснөөр “П Д” ХХК шаардах эрхийг шилжүүлж авсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нөхөн төлбөр олгох тухай “П Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн депозит дансны хуулга, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн даатгалын нөхөн төлбөр хүссэн албан тоот,  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ, түүний хавсралт, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хамран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт зэргийг ирүүлжээ.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, “У Х Б” ХХК, “П Д” ХХК-ийн 2016 он 12-р  сарын тайлан тооцооны жагсаалт, салбар тооцооны төвүүдээр олгосон 2016 оны 11 дүгээр сарын цалингийн зээлийн шимтгэлийн тооцоо, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн депозит дансны хуулга,

Хариуцагчаас нотлох баримтаар: нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2019/5482 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШТ2019/0552 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт зэргийг ирүүлжээ.

Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэлийг ирүүлжээ.

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас Н.Тын зээлийн дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1466 тоот тодорхойлолт, дансны хуулгууд зэргийг баримтаар бүрдүүлжээ.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “П Д” ХХК-иас Н.Тт холбогдуулан гэрээний үүрэгт 12.674.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгч “П Д” ХХК, “У Х Б” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүсч нөхөн төлбөр олгосон, улмаар нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн үлдэгдлийг шаардаж байна.

Хариуцагч даатгалын гэрээний дэд даатгуулагч буюу даатгалд хамрагдсан этгээд өөрөө тул буруутай этгээд биш, хураамжийг би төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс даатгалын хураамжийг банк өөрөө төлсөн, хариуцлагын даатгал биш, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын хувьд банк зуучлагчийн хувиар оролцоогүй даатгуулагч этгээд гэж тайлбарлав.

 

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1.“П Д ХХК нь “У Х Б” ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г, уг гэрээний 8.1-д заасны дагуу хавралтаар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөө “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г тус тус байгуулжээ.

 Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г мөн адил хугацаагаар сунгасан байна.  /Гэрээний 2.1.1, 2.1.4-т зааснаар/

Түүнчлэн талууд харилцан тохиролцож “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-нд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 12-22, 43-45 тал /

Эдгээр гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан харилцаа  “П Д ХХК, “У Х Б” ХХК-нарын хооронд үүссэн.

Талууд цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 2.2-т зээлдэгчийг дэд даатгуулагч гэж тодорхойлж улмаар гэрээний 5.1, 5.1.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч зээлдэгч буюу тухайн гэрээний хувьд дэд даатгуулагч гэж тодорхойлсон этгээдийн хөдөлмөрийн гэрээг цуцалсны улмаас зээлийн гэрээгээр төлөх үүргээ 90-ээс дээш хоногоор хожимдуулсан тохиолдлыг даатгалын эрсдэлд хамааруулахаар тохиролцсон байна. /хх-15/

2.2.“У Х Б” ХХК-иас Н.Тт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 095 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2 340 000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан түүний зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба улмаар талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх гурван зээлийг нэгтгэн 17.935.000 төгрөгөөр зээлийн гэрээг шинэчилж байгуулсан үйл баримтад маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т банк, эрх бүхий этгээдээс зээл олгоход зээлийн гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаардсан. Гэвч “У Х Б” ХХК-г “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, ийнхүү хуулийн этгээдүүд нэгдэх үйл явцтай холбоотойгоор “У Х Б” ХХК, Н.Т нарын хоорондох зээлийн гэрээ, зээл олгосон баримтууд олдохгүй байгаа, зөвхөн дансны хуулга байгаа талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн, түүнчлэн зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд хариуцагч маргаагүй, мөн гурван гэрээг нэгтгэж сүүлд бичгээр шинэчилж хийсэн маргаагүй тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх

2.3.Хариуцагч Н.Тын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хассан” үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цуцлагдсан, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

 

 

 

3.Хариуцагчаас даатгалын гэрээнд заасан дэд даатгуулагчаас шаардах ёсгүй,  хавтаст хэргийн 59 дэх талд авагдсан “Н.Т, зээл 14.095.000 төгрөг, даатгалын хураамж 112.760 төгрөг” гэж тусгагдснаар хураамжийг би төлсөн, нөхөн төлбөр авах эрхтэй этгээд би гэж тайлбарласан.

Гуравдагч этгээдийн зүгээс цалингийн зээлээ манайх даатгуулсан, энэ харилцаанд даатгалын зуучлагчаар оролцоогүй, харин манайх өөрөө цалингийн зээлээ даатгаж хураамжийг өөрөөс төлсөн гэж тайлбарласан.

Хэргийн 53-61 дэх талд “У Х Б” ХХК, “П Д” ХХК нарын хоорондох 2016 оны 12 дугаар сарын хураамжийг тооцсон тайлан байх ба үүнд цалингийн зээлийн эрсдэл /11 сарынх/ 405 даатгуулагчид 12.590.534 төгрөг хэмээн тооцоолж, түүний задаргаа хавсралтад “Н.Т, зээлийн огноо 2016.11.18, зээлийн дүн 14.095.000 төгрөг, даатгал 112.760 төгрөг, хугацаа 36 сар” гэж тусгагджээ. Улмаар банк “П Д” ХХК-д дээрх 405 даатгуулагч буюу цалингийн зээлийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр12.590.534 төгрөг төлсөн баримт авагдсан. /хх 62/ Ийнхүү даатгуулагч банк хураамжийг даатгалын байгууллагад хариуцагч Н.Тт олгосон зээлийн дүнгээс Цалингийн зээлийн гэрээний 6.1.3-ийн 3-т заасан 0,8 хувиар тооцон хураамжийг төлснөөр маргааны энэ тохиолдолд хариуцагчийн зээл даатгалын гэрээний зүйлд хамаарч байна.  

Хэрэгт авагдсан хариуцагч Н.Тын зээлийн дансны хуулгаас үзвэл банк түүнд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14.095.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2.340.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлэхдээ тухайн өдрүүдэд Н.Т болон банк нарын хоорондох цалингийн зээлийн гэрээний 1.2.4-т заасан “зээл олгосны шимтгэл”-д 1,0 хувиар тооцож 140.950 төгрөг, 23.400 төгрөг, 15.000 төгрөг тус тус авсан болох нь тогтоогдож байна. Харин даатгалын хураамж суутгаж авсан үйл баримт дансны хуулгаар тогтоогдоогүйгээс гадна зээлийн гэрээгээр зээлдэгч даатгалын хураамж төлөх талаар анхнаасаа зохицуулаагүй, энэ талаар тусгаагүй байна. Иймд даатгалын хураамжийг хариуцагч төлөөгүй байх тул дэд даатгуулагчийн хувиар нөхөн төлбөр авах эрхтэй, хураамжийг өөрөөс төлсөн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /хх 187-188, 204-206, 208/

4.“У Х Б” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан бичгээр “П Д” ХХК-иас Н.Тын зээлийн үүргийн хэмжээгээр нөхөн төлбөрийг шаардсан, “П Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар “нөхөн төлбөрт 12.674.266 төгрөгийг банкинд төлсөн, уг мөнгийг банк зээлдэгч Н.Тын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгч нөхөн төлбөрийг банкинд шилжүүлснээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Н.Таас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн гэж үзнэ. /хх 7-9, 188, 207/

Харин  талуудын хоорондох цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 10.5, 11.5.-д “зээлийн үлдэгдэл дээр 3 сарын хүүг нэмж” нөхөн төлбөрт олгохоор тохиролцсон, улмаар үүний дагуу нөхөн төлбөрийг тооцон олгожээ. Банк болон даатгалын байгууллагын хоорондох гэрээний тохиролцооны дагуу нэмсэн гурван сарын хүү хариуцагчид хамааралгүй. Банк нөхөн төлбөр хүсэх үеийн байдлаар хариуцагчийн бодитоор төлбөл зохих зээлийн үлдэгдэл 12.163.404 төгрөг болох нь зээлийн дансны хуулга, нөхөн төлбөр хүссэн банкны хүсэлт зэргээр тогтоогдож байх тул энэ хэмжээгээр хариуцагч төлөх үүрэг хүлээнэ. Энэ дүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү багтаагүй тул хуримтлагдсан 90 хоногийн хүүг банкинд тооцож олгосон гэж нэхэмжлэгч тайлбарласан ч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нийт үлдэгдэлд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээр шингэсэн болох нь тогтоогдож байна. /хх 9,187-188/

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 12.163.404 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Шүүх хуралдааны явцад хүсэлт хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулаад хариуцагчийн зүгээс өмгөөлөгч авах үндэслэлээр хуралдаан хойшлуулах, түүнчлэн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч дээрх хүсэлтүүдийг хүсэлт шийдвэрлэх үе шатанд гаргаагүйгээс гадна тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/09156, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/08525 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж хуралдааныг хойшлуулж байсан, шүүгчийг татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлоогүйгээс гадна хүсэлт шийдвэрлэсэн явдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т хамаарахгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Н.Таас 12.163.404 /арван хоёр сая нэг зуун жаран гурван зуун мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөг гаргуулж “П Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510.862 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 209.564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ