Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2505

 

 

 Д.А-гийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03283 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дүгээр захирамжаар Д.А-аас 500.000.000 төгрөгийг С.Отгоннямд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8395 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 835 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг илтэд зөрчсөн байна. НШШГ-ын шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор Ү-2204053296 улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Д.А-гийн өмчлөлийн 960.мкв үйлчилгээний зориулалттай обьект, 12 м.кв манаачийн байрыг битүүмжилж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161/003 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, иргэн Д.А-гийн өмчлөлийн, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж оролцуулаагүй, мөн миний өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас 4 дахин багаар Д.А-гаас эд хөрөнгийг үнэлэх талаар санал, хүсэлтийг авахгүй, түүнд мэдэгдэхгүйгээр үнэлсэн. НШШГ-ын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 тоот албан бичгээр 960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10224 тоот албан бичгээр 12 м.кв талбайтай харуулын байранд үнэлгээ тогтоолгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг надад мэдэгдсэн болно. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаар албан бичгээр гаргасан үнэлгээнээс иргэн Д.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 960 м.кв талбайтай үйлчилгээний байр 528.000.000 төгрөг, 12 м.кв талбайтай харуулын байр 4.800.000 төгрөг, нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгмэжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 501.473.692 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Д.А-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ 82 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 12 м.кв талбайтай манаачийн байрыг битүүмжилж хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Аззаяа нь 3.000.000.000 төгрөг, төлбөр авагч С.Отгоннямын итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шинжээч томилох хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2,2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг томилон  үнэлгээ тогтоолгосон.   Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонням шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. НШШГ-т албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. НШШГ-аас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд мэргэжлийн хөндлөнгийн байгууллага хөрөнгийг үнэлсэн тул зах зээлийн бодит ханшийн түвшинд гарсан гэж үздэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо. Хонхор 82 хаягт байрлах 960.мкв талбайтай үйлчилгээний байрыг 528.000.000 төгрөгөөр, 12 м.кв талбайтай манаачийн байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус шинжээч үнэлсэн талаар мэдэгдсэн хариуцагч НШШГ-ын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГ-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аззаяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.А-гийн хөрөнгөд үнэлгээ гаргуулахаар хуульд заасны дагуу шинжээч томилоогүй атлаа тус хөрөнгийг “Ёлын цом” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдтэй хамтад нь үнэлж үнэлгээ тогтоосон нь хуулийн заалт зөрсөн хэрэг юм.  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Д.А-гийн хөрөнгийг өөрийн дураар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг НШШГ-т гаргахад шүүх хэрэгт цугларсан болон зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв дүгнэсэн атлаа Д.А-гийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй, харин уг үнэлгээг нэхэмжлэгч Д.А-д мэдэгдсэн хариуцагч “НШШГ-ын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгосон” нь ойлгомжгүй байна. НШШГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс иргэн Д.А-гийн эрх ашиг зөрчигдсөн мөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь илт хууль бус гарсан болох нь тодорхой байгаа тул Д.А-гийн өмчлөлийн 960м.кв үйлчилгээний байр 528.000.000 төгрөг, 12м.кв манаачийн байр 4.800.000 төгрөг, нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгоннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн утгаа "Эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай" гэж тодорхойлон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарыь 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээнээс иргэн Д.Аззаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээс хороо. 960 м талбайтай үйлчилгээний байр 528.000.000 төгрөг, 12м2 талбайтай харуулын байр 4.800.000 төгрөг, нийт 532.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг маш тодорхой гаргасан байтал анхан шатны шүүхээс НШШГ-ын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүссэн учраас түүнд үйлчилгээний байр, харуулын байрыг шинжээч үнэлсэн  талаар мэдэгдсэн хариуцагчийн мэдэгдлийг хүчингүй болгосон нь зүйтэй гэж шүүх үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс “Хөрөнгийн үнэлгээний төв”    ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарьш 23-ны өдрийн 195 дутаартай үнэлгээнээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөртлөө нэхэмжлэлнйн шаардлагаа өөрөө нотлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй байгаа нь мэдэгдлийг хүчингүй болгох үндэсдэл бодохгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГ-т холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 тоот үнэлгээний нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхорын /13090/ 82 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2204053926 дугаартай, 960  м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, хөрөнгийг  532.800.000 төгрөгөөр, манаачийн байрыг 4.800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болохыг зөв дүгнэснээс гадна Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.А-гаас 500.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор С.Отгоннямд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн, барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926 дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 960.мкв талбайтай үйлчилгээний байр, 12 м.кв талбайтай манаачийн байр, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн газрыг тус тус битүүмжилж, хураасан, төлбөр төлөгч, төлбөр авагч  нар нь эдгээр хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай нийцсэн зэрэг үйл баримтыг зөв тогтоожээ. /хх-ийн 72-89/

"Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  20/01 тоот үнэлгээний тайланд үйлчилгээний зориулалтай объектыг 685.679.900 төгрөгөөр, манаачийн байрыг 6.200.300 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 7.100.000 төгрөгөөр, тоног төхөөрөмжийг 60.000.000 төгрөгөөр, нийт 758.980.200 төгрөгөөр  үнэлсэн үнэлгээг  нэхэмжлэгч  хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/00165 дугаар шийдвэрээр "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  20/01 тоот үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 608 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/Ш32018/00296 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоосоо татгалзсан үндэслэлээр түүнийг хяналтын гомдол гаргаагүйд тооцжээ. /хх-ийн 91-111, 116/

 

Гэтэл хариуцагч НШШГ дээрх байдлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болоогүй буюу үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад  өөр төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан хөрөнгөд шинжээч томилсон тогтоолын дагуу хийгдсэн үнэлгээг үндэслэж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч Д.А-д нэхэмжлэлд дурдсан үйлдвэрийн барилгыг шинжээчийн тогтоосон үнэ 528.000.000 төгрөгөөр, харуулын байрыг шинжээчийн тогтоосон үнэ 4.800.000 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгджээ /хх-114, 115/.

Хариуцагч НШШГ-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар шинжээч томилох тухай тогтоолд дээр дурдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг нэрлэн заагаагүй байхаас гадна барьцаалагдсан гэх Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо, Дэнжийн 6-5а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн газрын үнэлгээ хийгдээгүй байна.

 Харин анхан шатны шүүх  “Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  20/01 тоот үнэлгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байхад хариуцагч нь хуулиар тогтоосон журмын дагуу уг ажиллагааг дахин гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг зөв дүгнэсэн атлаа  нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг буюу  хариуцагчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/10229 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгосон нь буруу байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...үнэлгээг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Харин хариуцагч байгууллага хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох…” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7  дах хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 тоот үнэлгээний Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхорын /13090/ 82 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2204053926 дугаартай, 960  м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  532 800 000 төгрөгөөр, манаачийн байрыг 4 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн хэсгийг хүчингүй болгосугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт тус тус  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  гуравдагч этгээд С.Отгоннямын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А-гийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                      Н.БАТЗОРИГ