Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 02447

 

     Т СӨХ-ны нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сасрын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Х-т холбогдох           

  Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал 842 590 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг нийт 848 590 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Т СӨХ-оос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Х 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 21 сарын СӨХ-ны засвар үйлчилгээний зардалд 842 590 төгрөгийг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа материал бүрдүүлэхэд нотариатаар баримт баталгаажуулсан зардалд 6 000 төгрөг, нийт 848 590 төгрөгийг хариуцагч Ч.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т СӨХ нь үйл ажиллагаа явуулдаггүй хууль бусаар байгуулагдсан. Оршин суугчдын тав тухыг хангасан ажил огт хийдэггүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох талбар болж байгаа юм. Уг СӨХ-ны оршин суугчдад үйл ажиллагаа явуулснаас хойш нэг ч удаа хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар тайлан гаргаж, танилцуулж байгаагүй. Иймд СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Х-аас 848 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-нд  олгож,   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Т" СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагчаар Ч.Х-ыг тодорхойлсон боловч хэрэгт авагдсан Төрийн банкны хуулгаар СӨХ-ны төлбөр н.Н-ээр нэхэмжилсэн байтал Ч.Х-аас төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тухайн орон сууцны өмчлөгчтэй холбоотой нотлох баримт байхгүй байхад өмчлөгч хэн болохыг шүүх таамгаар тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 93 тоот айлын улсын тэмдэгтийн хураамжийн баримт хавсаргасан байхад 35 тоотын тэмдэгтийн хураамж гэж шүүх нотлох баримтыг өөрчилж ойлгох боломжгүй юм.

"Т" СӨХ нь дүрмийн 4h-a-д зааснаар холбооны жилийн орлого, зарлагын төсөв, их ба урсгал зардлын ажлын төлөвлөгөө зохиох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах, жилд 2-оос доошгүй хугацаанд удирдах зөвлөлд тайлагнах үүрэгтэй. Гэтэл 2014, 2015 оны тайланг ня-бо н.Н хүлээлгэн өгөөгүй учир гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбараар үүргээс чөлөөлөгдөж, эрхээ эдлэх үндэслэлгүй. Түүнчлэн "Т" СӨХ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэх оршин суугчдын гарын үсэг /хх-40-43 дах талд/ нь хуулбар үнэн байх бөгөөд хуульд заасан эх хувиараа, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувь байх шаардлага хангаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй, өмчлөгч хэн болох тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т СӨХ хариуцагч Ч.Х-т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 842 590 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 848 590 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 4 сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны зардлыг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нь тус орон сууцыг бусдаас худалдан авч, өмчлөх эрхийг бүртгэлийн дагуу шилжүүлж аваагүй байгаа боловч 2016 оны 12 дугаар сараас оршин сууж, эзэмшиж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний засварыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй. Гэвч хариуцагч Ч.Х Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 35 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

“Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм”-ээр сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх”-ээр дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Т СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15 болон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгий засвар үйлчилгээний зардлыг тогтоосны дагуу хариуцагч Ч.Х 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөр 842 590 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны төлбөрийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.Х-аас 842 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сард худалдан авч, өмчлөлдөө авах хэлцэл хийж, тухайн орон сууцанд оршин сууж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт зааснаар сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө буюу хариуцагч бүрэн хариуцна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг  хангах боломжгүй.

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                             

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА