Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1206

 

 

           

 

 

 

      2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШЗ2018/01206

              Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 46Б байрны 1 тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь/ Cai Yong Qing/-ийн төлөөлөгч С.Мын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал грийн вилла хотхоны 206 дугаар байрны 505 тоотод оршин суух Цагаан адуут овгийн Нармандахын Ч /РД: /,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 07 тоотод оршин суух Адууч овгийн Төмөрсүхийн А /РД: / нарт холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 48.420.000 юань буюу 16.961.526.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Н.Чын төлөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагч Т.Аийн төлөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: БНХАУ-ын иргэн Цай овогт Юн Чинь нь Монгол улсад нүүрсний бизнес эрхлэх зорилгоор Өвөрмонгол иргэн Буянхишигээр дамжуулан Н.Чтай танилцсан. Н.Ч нүүрсний орд газар худалдан авахад хөрөнгө оруулаач гэснийх нь дагуу Н.Чын хэлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх 12799Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд газрыг худалдан авахад урьдчилгаа болгож 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7 сая юань, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 сая юань, нийт 12 сая юанийг Мөнгөн гүүр ББСБ-аар дамжуулан Н.Чад өгсөн. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газарт эрэл хайгуулын ажлыг хийгээд нүүрсний нөөц тогтоогдвол 4 сая ам.доллараар хамтран худалдаж аваад цаашид хамтран ажиллахаар, нүүрсний нөөц тогтоогдохгүй бол 12 сая юанийг зээлээр тооцож Н.Ч нь БНХАУ-ын иргэн Цай Юн Чиньд буцаан өгөхөөр тохиролцсон. Ингээд дээрх нүүрсний орд газарт монгол компаниар 2 сая юань зарцуулан Цай Юн Чинь өөрийнхөө зардлаар нүүрсний нөөц байгаа эсэхийг тогтоолгохоор хайгуулын ажил хийлгэсэн боловч нүүрсний нөөц тогтоогдоогүй. Иймээс Н.Чаас 12 сая юаниа буцааж авъя гэхэд мөнгийг нүүрс худалдаж авахад урьдчилгаанд өгсөн, шууд мөнгө өгөх боломжгүй байна, өнөө маргааш өгнө гэх мэт шалтаг тоочсоор 12 дугаар сар болсон. Тухайн үед дээрх бүх үйл явдалд Н.Чтай танилцуулсан Буянхишиг, Н.Чын төрсөн дүү Т.А хамтран оролцож байсан бөгөөд өөрсдийн Улзын ундарга ХХК-ийн нэр дээр дээрх 12 сая юаниа төлөхөөр зээлийн гэрээ хийж хууран мэхэлж байсан болно. Н.Ч 2010 оны 12 дугаар сард 12 сая юанийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээл болгоё гэж санал тавьж, баримт бичиж өгснийг нь зөвшөөрсөн. Энэ үед Н.Ч 12 сая юанийн зээлийн хүү гэж 136.000 ам.доллар өгсөн. Улмаар баталгаажуулж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь,  Н.Ч нар харилцан тохиролцож дээрх зээлсэн мөнгийг хүүгийн хамт 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт төлөх 15.3 сая юань байхаар  тооцоо нийлж, зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Н.Чын эзэмшлийн гэх “Сфико-Монгол”ХХК-ийн 35 хувийн хувьцааг барьцаалсан. Уг зээлийн гэрээний 1.3-т 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 3.300.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө 4.000.000 юань, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 4.000.000 юань, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө 4.000.000 юань тус тус төлж дуусгахаар байсан боловч Н.Ч нийт 15.3 сая юанийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 480.000 юанийн зээлийн хүүг зээлийг төлөх хүртэл хугацаагаар төлөх үүрэгтэй бөгөөд Н.Чын зээлийн төлөх үүргээ биелүүлээгүй 5 жил 9 сар буюу 69 сарын хүүнд 33.120.000 юанийг төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 15.300.000 юань, хүү 33.120.000 юань, нийт 48.420.000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш болох 350.3 төгрөгөөр тооцож 16.961.526.000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Т.А нараас нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээн үүрэгт 12.100.000 юань, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний хүүнд 36.320.000 юань, нийт 48.420.000 юань буюу 16.961.526.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Цай Юн Чиньд олгож өгнө үү. Нэхэмжлэгч нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ 4.000.000 юанийг авсан гэж мэдүүлдэг ч өөрөө түүнийгээ сайн мэддэггүй, миний бие үүнийг нь сайн мэдэхгүй учир төлөөгүй гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Н.Чын төлөөлөгч Т.Дэлгэрбаяр шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч тал талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсныг дурдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2010 оны 4-5 дугаар сард БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь нь Өвөрмонголын иргэн Буянхишигтэй Монголд ирээд ашигт малтмалын нүүрсний лиценз авч хамтран ажиллая гэж санал тавьсаны дагуу тэд хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд Өмнөговь аймгийн   Хамрын үзүүр гэх газар 12799Х лицензтэй 15 га газрыг авахаар тохиролцсоны дагуу “Улзын ундарга”ХХК-ийг Н.Ч 700.000 ам.доллараар худалдан авч энэ компани дээрээ хайгуулын ажлаа хийж нүүрс гаргахаар тохиролцсон. Энэхүү газарт хайгуул хийх 2 сая юанийн зардлыг Цай Юн Чинь хариуцахаар болсон. Ингээд хайгуулын ажлын хүрээнд Цай Юн Чинь нь Хятадын геологичдыг авчирч өрөмдлөг хийсэн боловч ашигт малтмал илрээгүй. Ингээд ашигт малтмал олдоогүй учир хөрөнгө оруулах гэж өгсөн мөнгөө зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлсэн. Үүний дараа 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нүүрсний экспортын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компани худалдан авч нүүрс гаргахаар тохиролцож итгэлцлийн гэрээ байгуулсны дагуу тусгай зөвшөөрөлтэй компани байсан боловч олдоогүй, олдсон ч маш их үнэтэй байсан учир өөрсдөө ийм компани байгуулж, Цагаан хаданд гаалийн хяналтын талбайтай болъё гээд 75:25 хувиар хувь эзэмших эрхтэйгээр “Өмнийн гялбаа”ХХК-ийг байгуулсан. Гэвч компанийн ажил урагштай яваагүй, үйл ажиллагаа явагдаж байхад үйл ажиллагаатай холбоотой их зардал гараад эхлэнгүүт хоёр тийшээ болох процесс эхэлсэн. Н.Ч нь “Өмнийн гялбаа”ХХК-ийг байгуулаад их бүтээн байгуулалт хийсэн учир зээлсэн мөнгийг төлж чадахгүй байсан. 2011 оны 10 дугаар сарын 10-нд Н.Чыг Бугатад дуудаад хамтран ажиллахаа болилоо, хөрөнгө оруулсан мөнгийг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлнэ гээд зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү байгуулсан гэрээ бол нэхэмжлэгчийн шаардаад байгаа гэрээ юм. Энэхүү гэрээг байгуулахдаа Н.Чыг Хөх хотод урьж, Бугатад зээл буцаан олгох тухай хэлэлцээрийг хийхдээ маш их дарамт шахалтын үндсэн дээр гарын үсэг зуруулсан. Монголд ирээд энэхүү зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээ хэлбэрт шилжихэд хүчинд автагдаад зурсан учир хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зээлийн гэрээний хэлбэр нь хөрөнгө оруулалтын хэлбэрээр орж ирсэн байдаг. Зээлийн гэрээний хэлбэрт шилжсэнээс хойш зээлээ төлж чадаагүй учир эрүүгийн цагдаагийн газраар шалгуулсан боловч иргэн хоорондын иргэний харилцаа гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргасан Мишээл-Од аудит ХХК-ийн дүгнэлтээр 9.3 сая юанийг эргүүлэн төлсөн нь тогтоогдсон. Манайх зээлийн гэрээг чөлөөтэй байгуулах ёстой бөгөөд эрсдэлд орохоороо ийм гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 21-нд  мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй учир Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар байгуулагдаагүй, үнэн санаанаасаа хийгээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.Аийн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Уг хэрэгт Т.А хариуцагч байх үндэслэлгүй юм. Юуны учир Т.Аринбилэгийг хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээнд Н.Ч, Цай Юн Чинь нар гарын үсэг зурсан байна. Харин 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н.Ч, Цай Юн Чинь нар хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээр байгуулсан. 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэг хийж 12 сая юанийг шилжүүлснийг Ариунболд гэж хүн авч Н.Чад өгсөн байдаг. Энэхүү Ариунболд гэж хүнийг А гэж үзээд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Н.Чын худалдаж авсан. “Улзын ундарга”ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын лиценз байсан учир компанийн нэр дээр хайгуулын ажил хийе, үр дүнг хамтран эзэмшье гэсэн урьдчилсан хэлэлцээр байгуулагдсан. Уг лицензтэй хайгуулын талбайд өрөмдлөг явуулсаны дагуу хайгуулын тайлан ирүүлээгүй ч гэсэн юм гараагүй гэсэн. Мөн талууд нүүрс экспортлох компанитай болъё гээд итгэлцлийн гэрээ байгуулсан. Ийм зөвшөөрөлтэй компани үнэтэй байсан учир хамтраад өөрсдөө компани байгуулъя гээд “Өмнийн гялбаа”ХХК-ийг байгуулсан. Уг ажлын хүрээнд маш олон ажил хийгдсэн. Гол хоёр хэлэлцээр амжилтгүй болсон учир Цай Юн Чинь нь өгсөн 12 сая юаниа буцаан авах хэлэлцээр хийж Н.Чтай зээл буцаан олгох гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Улзын ундарга ХХК нь Цай Юн Чинээс мөнгө зээлж байгаагүй. Энэ гэрээг байгуулахад Т.А гэж хүн байгаагүй. Харин Т.А Өмнийн гялбаа ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өөрөөр Т.А уг харилцаанд оролцож байгаагүй. Дараа нь Т.А Улзын ундарга ХХК-ийг эзэмшдэг болсон. 12 сая юань бол зөвхөн нэг удаа шилжсэн бөгөөд “Улзын ундарга”ХХК 12 сая юанийг авсан зүйл байхгүй. Эдгээр гэрээнүүд болон бусад нотлох баримтаар Т.А хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь нь хариуцагч Н.Ч, Т.А нараас зээлийн гэрээний үүрэгт 48.420.000 юань буюу 16.961.526.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.726.093.100 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 14.235.432.900 төгрөг болон хариуцагч Т.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь нь хариуцагч Н.Ч, Т.А нараас  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16.961.526.000 төгрөг шаардсан бол хариуцагч Н.Ч нь зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, харин хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, 12.000.000 юанийн зээлийн гэрээ байгуулсан нь дарамт шахалтын дор байгуулагдсан учир хүчин төгөлдөр бус бөгөөд энэхүү үүргээс 9.300.000 юанийг төлсөн, үлдсэн 2.700.000 юанийг төлөхөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр, хариуцагч Т.А нь Н.Ч, Цай Юн Чинь нарын хооронд байгуулагдсан ямарваа нэгэн хэлцэлд үүрэг хүлээж оролцоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж байна.

Хариуцагч нарын татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Цай Юн Чинь болон хариуцагч Н.Ч нар 2010 оны 06 дугаар сард Н.Чын худалдаж авсан “Улзын ундарга”ХХК-ийн эзэмшдэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Хамрын үзүүр гэх газар байрлах 12799Х лицензтэй,15 га газарт ашигт малтмалын хайгуулын ажил хийх, хайгуулын ажлын зардлыг Цай Юн Чинь гаргах, хайгуулын талбайд нөөц тогтоогдвол хамтран ажиллахаар тохиролцжээ.

            Үүний дагуу нэхэмжлэгч Цай Юн Чинь нь хариуцагч Н.Чад 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7.000.000 юань, 5.000.000 юань, нийт 12.000.000 юанийг шилжүүлснийг хариуцагч Н.Ч хүлээн авчээ.

            Дээрх тохиролцоо нь нэхэмжлэгч ашигт малтмал хайх эд хөрөнгөөрөө, хариуцагч ашигт малтмал хайх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагаагаараа хамтран ажиллахаар тохирсон гэж үзэх үндэслэл болж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан  гэж үзнэ.

            Гэвч талуудын хамтран ажиллахаар тохиролцсон “Улзын ундарга”ХХК-ийн эзэмшдэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Хамрын үзүүр гэх газар байрлах 12799Х лицензтэй,15 га газарт нүүрсний нөөц тогтоогдоогүй байх тул талууд нэхэмжлэгч Цай Юн Чинийн хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн 12.000.000 юанийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр 2010 оны 12 дугаар сард тохиролцсон байна.

            Иймд зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болжээ.

            Хариуцагч Н.Ч нь нэхэмжлэгч Цай Юн Чинээс хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлэн авсан 12.000.000 юанийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэхээр нэхэмжлэгчтэй тохиролцож, 2010 оны 11 дүгээр сард аман хэлбэрээр зээлийн гэрээг байгуулсны дагуу зээлийн хүүгийн төлбөрийг төлж иржээ.

            Талууд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан үндсэн зээл 12.000.000 юань, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүүний үлдэгдэл 3.300.000 юань, нийт 15.300.000 юанийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлвөл хүү тооцохгүйгээр, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хүүг сар бүрд үндсэн зээлийн 4 хувьтай тэнцэх хэмжээгээр үндсэн зээлийг төлж дуустал төлөхөөр зээлдүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд  “Сфеко-Монгол”ХХК-ийн 38 хувийн хувьцааг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

           Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.

         Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн боловч гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Учир нь талууд 2010 оны 11 дүгээр сард Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх хуулийн шаардлагыг хангаагүй зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж, хүү тооцсоны үлдэгдлийг үндсэн зээл болох 12.000.000 юань дээр 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хүүний үлдэгдэл гэх 3.300.000 юанийг нэмж, үндсэн зээлийг 15.300.000 юань байхаар зээлийн гэрээг байгуулсан нь хуульд нийцэхгүй байна.

            Өөрөөр хэлбэл үндсэн зээлээс тооцсон хүүгээс дахин хүү тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

            Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т зээлдэгч нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дээр дурдсан зээлийг хүүтэй нь зээлдүүлэгчид төлж барагдуулна гэж зааснаас үзэхэд зээлийг гэрээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байх боловч дээрх хугацаанд зээлийн хүүг ямар хэмжээгээр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

            Хэдийгээр зээлийн гэрээний 2.3-т “зээлдэгч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хүүг сар бүрд үндсэн зээлийн 4 хувьтай тэнцэх хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлийг төлж дуустал сар бүр 4 хувийн хүү төлнө” гэж заасан боловч дээрх заалтад заасан үгийн шууд утгаас үзэхэд талууд гэрээний хугацаа дууссан ч зээлийг төлж дуустал сар бүр 4 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.

            Энэ нь зөвхөн зээлийн гэрээний хугацаанд хүү төлөх зээлдэгчийн үүрэгт сөргөөр нөлөөлсөн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хэтэрсэн хугацаагаар нөгөө талдаа хүү төлөх нь хуульд нийцэхгүй байх тул хүчин төгөлдөр бус юм.

            Гэвч зохигчдын хооронд байгуулсан хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж байгаа зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үндэслэл болохгүй.

            Дээрх зээлийн гэрээг хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хийлгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ тухай Н.Чад холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдоогүй байх тул хариуцагчийн төлөөлөгч Т.Дэлгэрбаярын нэхэмжлэгчийн дарамт шахалтын үндсэн дээр дээрх зээлийн гэрээг байгуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Н.Ч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 12.000.000 юанийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хүүний үлдэгдэл 3.300.000 юань, хүү, хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Цай Юн Чинь нь хариуцагч Н.Чыг хайгуулын ажил хийхээр тохиролцож 12.000.000 юань авч залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх эрүүгийн хэрэгт хийсэн “Мишээл-Од аудит”ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын тайлангаар зээлийн гэрээний дагуу 15.300.000 юанийн төлбөрөөс 9.012.509 юанийг төлж, 6.287.491 төлбөрийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэснийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь дээрх тайланд зохигчдын нүүрс худалдан авч экспортлохоор  хамтран байгуулсан “Өмнийн гялбаа”ХХК-нд оруулсан 8.500.000 юанийн хөрөнгө оруулалтыг хамтатган тооцож, “Улзын ундарга”ХХК, “Өмнийн гялбаа”ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөр, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах хүртэл амаар тохиролцон төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг  зээлийн төлбөрт тус тус оруулан тооцсон байна.

Иймд “Мишээл-Од аудит”ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дээрх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд харин Н.Чын Цай Юн Чинд өгсөн мөнгөний тооцоо гэх аудитын тайлангийн 1 дүгээр хавсралт нь эрүүгийн хавтаст хэрэг, “Өмнийн гялбаа”ХХК, “Улзын ундарга”ХХК нарын санхүүгийн баримтууд, кассын тайлан баримтууд зэрэгт үндэслэн гарсанаас гадна хариуцагч талаас гаргаж өгсөн зээлийн төлбөр төлсөн баримтуудтай тохирч байгаа учир үнэн зөвд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Н.Чаас 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 200.000 юань, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 150.000 ам.доллар буюу 1.000.000 юань, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 юань, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 150.000 ам.доллар буюу 1.000.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100000 юань, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 юань, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 25.005.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 283.520 юань, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15.712 ам.доллар, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 65.520.000 төгрөг буюу 48000 ам.доллар, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 206.220.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 юань, 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 99.750.000 төгрөг буюу 500.000 юань, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10000 ам.доллар, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 100000 ам.доллар тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн хэмээн төлбөрийн баримт, кассын орлогын ордер, гадаад гуйвуулгын даалгаваруудыг гаргаж өгсөнөөс 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 200.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 100.000 юань, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 283.520 юань, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1.500.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 юань, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 206.220.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25.000.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 500.000 юань төлсөнийг тус тус 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй байна.

Харин 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 150.000 ам.доллар, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 150.000 ам.долларын төлбөр нь зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон хүүнд төлөгдсөн, үүнийг талууд зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцолгүйгээр зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй юм.

Мөн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримтаар Ц.Энхболдод Өмнийн гялбааХХК-ийн хувь нийлүүлэгчид өгөх төлбөр 10000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн кассын зарлагын ордер гэх баримтаар Ц.Энхболдод Өмнийн гялбааХХК-ийн хувь нийлүүлэгчид өгөх төлбөр 100000 ам.доллар, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын ордер гэх баримтаар Хишгээд Өмнийн гялбаа ХХК-ийн буцаалт 50000 ам.долларыг тус тус хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгч Цай Юн Чинд төлөх Н.Чын зээлийн төлбөртэй хамааралгүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

            Иймд зээлдэгч Н.Ч зээлийн төлбөрөөс 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 200.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100.000 юань, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 283.520 юань, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 юань, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 206.220.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 25.000.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 юань төлсөн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул үндсэн зээл болох 12.000.000 юаниас хасч тооцох нь зүйтэй ба төгрөгөөр гүйцэтгэсэн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 206.220.000 төгрөгийг нийтэд илэрхий үйл баримт буюу Mongolbank.mn цахим сайтад тавигдсан тухай өдрийн юанийн Монгол төгрөгтэй харьцах ханш болох 203.11 төгрөгөөр тооцож 1.015.311 юань, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25.000.000 төгрөгийг Монгол төгрөгтэй харьцах ханш болох 210.08 төгрөгөөр тооцож 119.002 юань, нийт 4.217.833 юанийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн тул үлдсэн 7.782.167 юанийг нэхэмжлэгч Цай Юн Чиньд төлөх  үүрэгтэй.

            Иймд хариуцагч Н.Чын нэхэмжлэгчид төлвөл зохих 7.782.167 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн юанийн Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцон хариуцагч Н.Чаас гаргуулж нэхэмжлэгч Цай Юн Чиньд олгох нь зүйтэй боловч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг нэхэмжлэхдээ юанийн ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бус 2017 оны 05 дугаар сарын 04-ний ханш 350.34 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн, энэ нийтэд илэрхий баримт буюу mongolbank.mn цахим сайтад тавигдсан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш 366.62 төгрөгөөс бага байх тул 7.782.167 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш 350.34 төгрөгөөр тооцон 2.726.093.100 төгрөгийг хариуцагч Н.Чаас гаргуулж нэхэмжлэгч Цай Юн Чиньд олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчид дээрх гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шаардлага гаргах эрх үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх боловч уг хугацааг хэтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсч шалгасантай холбоотой байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2.726.093.100 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Чаас гаргуулж шийдвэрлэсэн ба хариуцагч Т.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Цай Юн Чинийн Н.Чад холбогдуулж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

                                   

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Чаас 2.726.093.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Цай Юн Чиньд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.235.532.900 төгрөгийн болон хариуцагч Т.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг багасгаж, 10.000.000 төгрөгөөр тогтоосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цай Юн Чинийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 13.788.415 төгрөг гаргуулж, 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Цай Юн Чиньд олгож,  3.788.415 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР