Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00614

 

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2447 дугаар магадлалтай

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Ч.Хт холбогдох

2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 842 590 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 848 590 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Х 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 21 сарын СӨХ-ны засвар үйлчилгээний зардалд 842 590 төгрөгийг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа материал бүрдүүлэхэд нотариатаар баримт баталгаажуулсан зардалд 6 000 төгрөг, нийт 848 590 төгрөгийг хариуцагч Ч.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” СӨХ нь үйл ажиллагаа явуулдаггүй хууль бусаар байгуулагдсан. Оршин суугчдын тав тухыг хангасан ажил огт хийдэггүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох талбар болж байгаа юм. Уг СӨХ-ны оршин суугчдад үйл ажиллагаа явуулснаас хойш нэг ч удаа хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар тайлан гаргаж, танилцуулж байгаагүй. Иймд СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Хаас 848 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-нд  олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2447 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2447 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн төлбөрийг төлөх ёстой. Гэтэл хэрэгт орон сууцны өмчлөгчтэй холбоотой бичгийн нотлох баримт байхгүй байхад өмчлөгч хэн болохыг шүүх таамгаар тодорхойлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Магадлалд “...хариуцагч Ч.Х 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөр 842 590 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны төлбөрийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна” гэжээ.

Гэтэл “Т” СӨХ-ийн шүүхэд гаргасан Төрийн банкны төлбөрийн баримт нь Номин-Эрдэнээс нэхэмжилсэн байтал Ч.Хаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн магадлалд “...тухайн орон сууцанд оршин сууж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон...” гэжээ.

Иргэний хуульд зааснаар эзэмшигч, ашиглагчтай холбоотой харилцаа бус зөвхөн өмчлөгчтэй холбоотой харилцаа тул өмчлөгчийг заавал нотолж, тогтоох шаардлагатай байтал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 93 тоот айлын улсын тэмдэгтийн хураамжийн баримт хавсаргасан байхад 35 тоотын тэмдэгтийн хураамж гэж шүүх нотлох баримтыг өөрчилж ойлгох боломжгүй юм.

“Т” СӨХ нь дүрмийн 4h-a-д зааснаар холбооны жилийн орлого зарлагын төсөв, их ба урсгал зардлын ажлын төлөвлөгөө зохиох үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах, жилд 2-оос доошгүй хугацаанд удирдах зөвлөлд тайлагнах үүрэгтэй.

Гэтэл үйл ажиллагааны тайлан байхгүй, ня-бо Нармандах хүлээлгэн өгөөгүй учир гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбараар үүргээс чөлөөлөгдөж, эрхээ эдлэх үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн “Т” СӨХ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэх оршин суугчдын гарын үсэг /хх-40-43 дахь талд/ нь хуулбар үнэн байх бөгөөд хуульд заасан эх хувиараа, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувь байх шаардлага хангаагүй байна.

Иймд нэхэмжлэгч тал нотлох үүргээ биелүүлээгүй, өмчлөгч хэн болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.​

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь Ч.Хт холбогдуулан 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 842 590 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 848 590 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус холбоо нь оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалсан, эрүүл аюулгүй байлгах нэг ч ажил хийдэггүй, орон сууцанд 2016 оны 11 дүгээр сард орсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Т” СӨХ нь Хан Уул дүүргийн 29 дүгээр байрны нийт оршин суугчдын хуралдаанаар 2014 оны 11 дүгээр сард байгуулагдсан, Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг тогтоосон, хариуцагч Ч.Х нь тус 29 дүгээр байрны 35 тоотын оршин суугч,  2016 оны 11 дүгээр сард тус орон сууцын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй талаар маргаагүй байна.

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч сууц өмчлөгчөөс зардлаа шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх заалтад нийцжээ.      

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд эрх бүхий этгээдэд гаргаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3. дахь заалтад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т зааснаар сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон өмнө уг сууцтай холбоотой холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах тул хэдийгээр хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сараас тус орон сууцанд орсон гэх боловч түүгээр 2016 оны 04 дүгээр сараас хойшхи дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг хариуцуулсан нь буруу биш болно.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтад үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Ч.Х нь “Т” СӨХ-нд хамаарах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо үйлдвэр, туул гол гудамж, 29 дүгээр байрны 35 тоотын өмчлөгч мөн эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй бөгөөд хэргийн 14 дүгээр хуудасны ард хуулбарлагдсан хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбарт бичигдсэн хаягийн бүртгэлээр тухайн хаягт оршин суудаг нь нотлогдож байх тул тус орон сууцны өмчлөгч тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн, няцаасан үндэслэл, тайлбараа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирсон байх ба улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн сууцны дугаарыг ташаа бичсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2447 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 916 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД