Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2021/00863

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... гудамж, ...дугаар байр,...тоотод оршин суух Б овогтой М ын Ө /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 19 дүгээр хороо, ...дүгээр байр,...тоотод оршин байх Р ХХК /РД: .../холбогдох,

 

Аялал жуулчлалын гэрээний үүрэгт 57,250,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж , хариуцагчийн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж гийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Р ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 7 хоногийн хугацаатай 41 хүний аяллын зардалд /1 хүний 1,390,00 төгрөг/ нийт 56,990,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулсан. Дээрх аялал жуулчлалын гэрээний дагуу М.Ө аяллын зардалд Р ХХК-ийн Хаан банкин дахь ...тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 19,000,000 төгрөгийг, мөн өдөр 8,990,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 190,000 төгрөгийг, нийт 57,180,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч дэлхий даяар гарч буй уушгины хатгалгаа буюу коронавирусын тархалт улам бүр нэмэгдэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон улсын хэмжээнд онц байдал зарлан, өвчлөл гарсан бүс нутагт зорчуулахгүй тухай зөвлөмж гарсан. Улс орнуудын хил хаагдсантай холбогдуулан М.Ө нэр бүхий 41 хүний хамт аялах аялал жуулчлалын дээрх гэрээг цуцлахаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Р ХХК-ний мэргэжилтний ..., ...дугаартай утаснуудад холбогдон гэрээ цуцлах шаардлага үүсэж байгаа байдлаа удаа дараа мэдэгдэж, аяллын зардалд төлсөн мөнгөө буцааж авахаар хүсэлт гаргаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Оросын холбооны улсын аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын компаниудыг нислэгээ цуцалж, аялал захиалсан хүмүүсийн мөнгийг саадгүй буцааж өгөх үүрэг өгсөн мэдээг сонссон М.Ө нь өөрсдийн хувийн шалтгааны улмаас уг аяллыг цуцлаагүй бөгөөд дэлхий дахинд тулгарсан давагдашгүй хүчин зүйл буюу халдварт өвчний улмаас гэрээ цуцлагдаж буй учир бидний захиалсан аяллыг цуцалж мөнгийг буцаан өгнө үү гэсэн хүсэлтийг Р ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр албан бичгээр өгсөн.

 

Хариуцагч Р ХХК-наас 57,180,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот захирамжаар Р ХХК-н хаягтаа оршин байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р ХХК болон захирал П.А , гүйцэтгэх захирал Ш.Э нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн ... тоот шийдвэрээр Р ХХК-г эрэн сурвалжлах шийдвэр гарсны дагуу эрэн сурвалжлагдаж ...дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот албан бичгийн дагуу Р ХХК болон захирал П.А , гүйцэтгэх захирал Ш.Э нар нь ...дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 26 тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч М.Ө Р ХХК-ын хооронд байгуулсан аялал жуулчлалын гэрээний 2.1-д энэхүү гэрээний үндсэн зорилго нь Р ХХК нь М.Ө ын захиалгаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд 7 шөнө 8 өдрийн Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд аялах чөлөөт аяллыг зохион байгуулах, талуудын хоорондын харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход оршино, мөн 3.2.1-д чөлөөт аялал Эрхүү-Хайнань-Эрхүү 2 талын онгоцны тийз, зочид буудал, өглөөний цай, олон улсын аяллын иж бүрэн даатгал /амь насны даатгал/, онгоцны буудлаас тосож авах, үдэж өгөх үйлчилгээ орно гэжээ. Хариуцагч Р ХХК-ны зүгээс Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлийн хоёр талын онгоцны тийз, зочид буудлын захиалсан захилга, амь насны даатгал хийсэн нотлох баримт хэрэгт байхгүй байгаа нь гэрээний үүргээ биелээгүй гэж харагдаж байна. Гэрээний 3.2.2-т Хайнаньдаа өдөр, оройн хоол, үзвэрийн аяллаа өөрсдөө худалдаж авна. Дуртай үедээ дуртай юмаа өөрийн сонголтоор үзнэ гэж заасан, мөн 5.2-т энэхүү гэрээний аялалд нэг оролцогч 1,390,000 төгрөг, аялалд нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй 57,180,000 төгрөг гэжээ. Сүүлд нотлох баримтаар ирсэн дансны хуулганы 3, 4, 5, 6, 7, 9-д авагдсан баримтны орлого хэсэгт 57,180,000 төгрөгийг Р ХХК-нд шилжиж орсон нь харагддаг. Дансны хуулганы 7-д 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 57,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 373 дугаар зүйлийн 373.1-д дараах үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно, 373.1.2-т жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн гэж зааснаар энэ гэрээ дуусгавар болох ёстой. Мөн хуулийн 373.2-д энэ хуулийн 373.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол аялал зохион байгуулагч нь хэлэлцэн тохиролцсон хөлсөө авна, 373.4-д гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол аялал жуулчлал зохион байгуулагч, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж зааснаар хариуцагч Р ХХК болон М.Ө нар гэрээг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-д Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө аялал жуулчлал зохион байгуулагчид урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй гэж заасны дагуу 41 хүний аяллын төлбөр 57,180,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр дугаар 31-ний өдрийн 31 дүгээр тоот тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хаасан. Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тогтоолоор Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 39 дүгээр тогтоол гарахаас өмнө энэ тогтоолын 1, 2 дахь зүйлд зааснаас бусад тохиолдолд авто зам, төмөр зам, агаарын хөлгөөр зорчихоор урьдчилан тасалбар захиалсан иргэдийн тасалбарын мөнгийг эргүүлэн олгож, зорчих ажиллагааг түр хаасан тогтоол гарч байсан. Иймд хариуцагч Р ХХК-иас аялал жуулчлалын гэрээний дагуу төлсөн 57,180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 57,250,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Р ХХК-н Оросын холбооны улсын компанитай гэрээ хийж хамтран үйл ажиллагаа явуулдаг. М.Ө ын захиалсан 2020 оны 41 хүний аялал цар тахлын улмаас цуцлагдсан. Манай компанийн хувьд цар тахлын улмаас нийт 178 хүний аялал цуцлагдсан болохоор аяллыг тодорхой хугацаагаар хойшлуулах эсвэл төлбөрийг буцааж өгвөл Оросын хуулийн этгээд буюу компани рүү нөхцөл байдлыг шилжүүлэх арга байсан. М.Ө тай энэ асуудлаар ярилцахад би өөрөө Оросын компаниас мөнгөө олж авья, надад бичиг хийгээд өгөөрэй гэсэн, манай компанийн зүгээс бичиг хийж өгсөн ба баримт нь хэрэгт байгаа. Оросын Холбооны улсын татварын хуулиар ямар нэгэн хуулийн этгээдийн данс руу мөнгө оруулбал тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг суутгаад авдаг. /Орчуулгатай хуулийг хавсаргаад өгсөн/. М.Ө өөрөө энэ талаар хөөцөлдөх гэж явсан. 2020 оны 04 дүгээр сарын дундуур над руу залгаад би хөөцөлдөж чадахгүй юм байна, чи надад мөнгө гаргаж өг гэсэн, тухайн үед рубль 44.50 төгрөг байсан бол одоо 37.50 төгрөг болсон, зөвхөн ханшийн зөрүүнээс 8,000,000 төгрөгийн алдагдалд орох болчихоод байгаа. Оросын банкаар дамжуулж мөнгө авахад 2 хувийн шимтгэл төлөх зэрэг маш их зардал гардаг. Манай компанийг харж үзээч гэж нэхэмжлэгчээс хүсмээр байна, бид компаниа дампууруулмааргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 85 хувийг бэлэн мөнгөөр төлж барагдуулаад үлдсэн 15 хувийг дараагийн аялал жуулчлалаас хасаад явах саналыг тавьсан боловч М.Ө бид ойлголцож чадаагүй. Бид Оросын компаниас аялал жуулчлалын төлбөрт шилжүүлсэн 120,0000,000 төгрөгөө буцаан авах ёстой боловч авч чадаагүй байна. Хамтрагч байгууллагынхаа нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд зээл хөөцөлдөж байгаа. Ямар ч байсан харилцагч нарынгаа хохиролгүй болгох талаар хөөцөлдөөд явж байгаа. М.Ө тай муудалдаж байсан зүйл байхгүй цаашдаа сайн хамтран ажиллах бодолтой байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүх мөнгө данснаас гарсан гэж байна. Яагаад гэвэл 57,000,000 төгрөгийг гаргаж доллар худалдаж аваад 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би Оросын холбооны улс руу явсан. Тэдэнд очоод захиалга болгоныхоо төлбөрийг Оросын аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Тус тусын баримтууд нь хэрэгт байгаа. Монголоос шууд Орос компаниудын данс руу шилжүүлж бид чадахгүй. Захилгын хуудас нь одоо надад байна. Манай зүгээс М.Ө ын мөнгийг төлбөрийн чадвартай болсон даруйдаа өгнө гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний дагуу төлсөн 57,180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 57,250,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Р ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 85 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2 долоо хоногийн дотор төлж, нэхэмжлэгчийн дараагийн аялалын төлбөрөөс энэ нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хасахад бэлэн байна. Бидний хооронд байгуулагдсан аялал жуулчлалын гэрээ нь цар тахлын улмаас цуцлагдсан. Нэхэмжлэгчийн төлсөн 57,180,000 төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаж доллар худалдан авч Оросын холбооны улс руу явж, Оросын компаниудад жуулчлалтай холбоотой зардлуудыг төлсөн. Оросын компаниудаас 120,000,000 төгрөг авах ёстой. Үүнийгээ аваад нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг бүрэн төлнө гэжээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Аялал жуулчлалын гэрээгээр нэхэмжлэгч М.Ө ын захиалгаар нэр бүхий 41 иргэнийг Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд 7 шөнө 8 өдрийн чөлөөт аялалыг хариуцагч зохион байгуулах, аялалд оролцох 1 хүний зардал 1,390,000 төгрөг ба нийт 56,990,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх, тухайн зардалд 2 талын онгоцны тийз, зочид буудал, өглөөний цай, олон улсын иж бүрэн даатгал /амь насны даатгал/, онгоцны буудлаас тосч авах, үдэж өгөх үйлчилгээний зардал багтахаар зохигчид харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, зохигчид 41 иргэнийг гэрээнд заасны дагуу Эрхүү-Хайнань-Эрхүү чиглэлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд 7 шөнө 8 өдөр аялуулахаар тохирсон боловч цар тахлын улмаас Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, мөн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол улсын хилийн боомтуудыг хааж, зорчих хөдөлгөөний хязгаарласны улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан аялал жуулчлалын гэрээгээ цуцалсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч М.Ө ын 2020 оны 01 дүгээр сарын 28, мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлтүүдээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч М.Ө нь гэрээний үүрэгт хариуцагч Р ХХК-ийн Хаан банкинд эзэмшдэг ...тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.Ч ийн Хаан банкин дахь ...тоот дансаар дамжуулан 19,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Н.Ч ийн Хаан банкин дахь ...тоот дансаар дамжуулан 19,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Н.Ч ийн Хаан банкин дахь ...тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.С ийн Хаан банкин дахь ...тоот дансаар дамжуулан 8,990,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.Ч ийн Хаан банкин дахь ...тоот дансаар дамжуулан 190,000 төгрөгийг, нийт 57,180,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эын ... гэрээний дагуу 57,180,000 төгрөгийг М.Ө аас хүлээж аваад бэлнээр данснаасаа гаргаад доллар худалдаж авсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэх үзэх үндэслэл гэж үзнэ гэж зааснаар Улсын Онцгой комисс, Засгийн газрын тогтоолоор Монгол улсын хилээр зорчих хөдөлгөөнийг цар тахлын улмаас хаасан явдал нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй явдал нь үндэслэлтэй тул хариуцагч гэрээгээр шилжүүлэн авсан 57,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Р ХХК болон гүйцэтгэх захирал Ч.Э, захирал П.А нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд аялал жуулчлалын гэрээний дагуу нэхэмжлэгч М.Ө аас хариуцагч Р ХХК-д төлсөн 57,180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 57,250,200 төгрөгийг хариуцагч Р ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Ө т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 227 дугаар зүйлийн 227.3, 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас 57,250,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ө т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 448,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 448,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР