Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/00782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: И ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 4,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХКК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр И ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн оффис засвар үйлчилгээ агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д 5546 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон.

И ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер н.Б , төсөвчин Х.Э нар Б ХХК-тай анх энэ гэрээг байгуулсан. Энэхүү гэрээтэй холбоотой ажлын гүйцэтгэлийн тайланг хүлээн авч, түүний санхүүжилтийг шилжүүлэх үүрэг Х.Эгэдэг хүнд олгогдсон гэж ойлгож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж, түүний дараагаар Б ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажилтай тухай бүрт нь танилцаж акт үйлдэж явсан бөгөөд тус актуудад Х.Эгэдэг хүний гарын үсэг байдаг.

1.2.И ХХК нь урьдчилгаа болох 17,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, хоёр дахь төлбөр болох 17,000,000 төгрөгийг мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр, гурав дах төлбөр болох 17,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Үүнээс хойш манай компани нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэлээ 96 хувь гүйцэтгэж, талууд харилцан тохиролцож акт үйлдсэн. Гэтэл И ХХК нь манай компанийн 20 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 13,600,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй ба ямар нэгэн шалтгаан хэлэхгүйгээр манайхыг ажлын байрыг орхихыг шаардсан. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т

ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тотоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Манай компани өөрсдөө сайн дураар ажлыг орхиж яваагүй тул 96 хувийн ажлыг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөр болох 13,600,000 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч талаас ажлыг 77 хувьд хүрсэн гэж хэргийн 43 дугаар талд авагдсан баримтыг гаргаж өгсөн ба энд Ц.Оийн гарын үсгийг түүний өмнөөс зурсан байгаа нь хууль бус байна. Ц.О нь энэ ажлыг мэдэж байгаа тул хууль бус актад гарын үсэг зураагүй гэж бодож байна гэв

 

2.Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2.1. И ХХК нь Б ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Э ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажил настель дээрх шалны цутгалтын ажил /арматуртай/ - 2.946 м.кв, газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/ - 2451 м.кв, парпетны цутгалтын ажил-149 м.кв гэсэн ажлуудыг Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд И ХХК 68,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Төлбөр төлөх графикийг тус гэрээний 2.4 дэх хэсэгт тусгайлан заасан ба сүүлийн буюу 4 дэх санхүүжилтийг ажил гүйцэтгэл 100 хувь хүрэхэд олгоно гэж тодорхой тусгасан. Гэрээт ажлын хүрээнд манай компанийн зүгээс санхүүжилтийг гэрээнд заасны дагуу цаг тухай бүр нь олгож байсан бөгөөд Б ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 05-нд ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь дундын санхүүжилт олгох хүсэлтийн дагуу компанийн захирал М.А ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүрсэн гэж тооцон гэрээний 17,000,000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь үндэслэлгүйгээр гэрээний сүүлийн санхүүжилтийг нэн даруй олгохыг шаардсан ба ажил гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд санхүүжилтийг олгоно гэдэг хариуг өгөхөд Б ХХК нь барилгын талбай дээрх ажлаа зогсоож, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөө хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын талбайгаас тоног төхөөрөмжөө хураан авч, ажлаа хаяж явсан тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан. Б ХХК нь анхнаасаа гэрээнд заасан хугацаанаас хоцорч ажил гүйцэтгэл удааширч байсан ба ажлаа орхиж явсан тул Ө ХХК-иар үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Манай компанийн зүгээс Б ХХК-тай ажлын үр дүнг дүгнэж гүйцэтгэлийн тайлан гэх баримтуудыг үйлдэж байгаагүй ба нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тус баримтуудад захиалагч тал гэх хэсэгт гарын үсэг зурсан Х.Эгэгч нь манай компанид ажилладаггүй, харин нэхэмжлэгч Б ХХК-д 2019 оны 07 дугаар сараас ажиллаж байгаа ба манай компанийг төлөөлж ажил гүйцэтгэлийн актад гарын үсэг зурах эрхгүй этгээд юм. 3 тайлан байгаа нь бидэнд танилцуулагдаж байгаагүй, сүүлд хийгдсэн байна.

2.2.Нэхэмжлэгч талаас өдөр бүр ажлыг хүлээлцдэг байсан гэж тайлбарласан ба хэрвээ өдөр бүр ажлыг хүлээлцдэг байсан бол ажил гүйцэтгэсэн хувиар санхүүжилт олгохоор тохирох шаардлага байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлыг 96 хувь гүйцэтгэсэн бол 07 дугаар сарын 07-ны өдөр ажлыг хаяж явах хүртлээ 4 хувийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэл дүгнэсэн гэх актууд нь хүчин төгөлдөр бус байна.

2.3.Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ 75 хувь хүртэлх хэмжээнд хийж гүйцэтгэсэн, манай И ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд тохирсон хэмжээний хөлсийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 4,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Б ХХК нь заасан ажлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан боловч тус компани нь гэрээнд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрыг шалтгаангүйгээр орхин явж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус компанид мэдэгдэл хүргүүлж, талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б ХХК-ийн ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрч, компанийн захирал М.А нь өөрийн биеэр ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрснийг баталгаажуулж, гэрээнд заасан 3 дахь санхүүжилт болох 17,000,000 төгрөгийг тус компанид олгосон. Б ХХК нь баяр наадмын амралт, ажилчдад цалин олгосонтой холбогдуулан нэг өдөр амарна гээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажиллаагүй амарсан ба 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай компаниас үндэслэлгүйгээр, гэрээнд заасан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй мөртлөө гэрээний сүүлийн санхүүжилтийг шаардсан. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн огноогоор эцэслэж, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 70 хоногийн алданги, гэрээний нийт үнийн дүнгийн 7 хувиар тооцож, нийт 4,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий нөхцөл байдал 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 07-ны хооронд үүссэн байдаг. 2019 оны 05 сарын 30-ны өдөр ажлын гүйцэтгэл 52 хувьтай, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл 81 хувьтай, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрсэн буюу тухай бүрд гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж, тайлагнаж явж байсан. Үүнээс харах юм бол нэхэмжлэгч талаас сайн дураараа ажлын талбарыг орхиж, үлдсэн хувийн ажлыг гүйцэтгэхгүй байх ямар ч үндэслэл, боломж байхгүй. Өөрөөр хэлбэл 100 хувь хийж гүйцэтгэх ёстой ажлын 96 хувийг хийж гүйцэтгэсэн,  үлдсэн бага хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх материалыг хүлээж байх хугацаанд И ХХК-ийн зүгээс дараагийн ажил гүйцэтгэгчийг дуудсан байсан. Яагаад гэвэл бид нараар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгөхгүй байх талаас тийм арга хэмжээ авсан гэж үзэж байна. И ХХК үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гуравдагч компанийг дуудсан байсан учраас маргаан бүхий нөхцөл байдал үүсч, аргагүй байдлаар ажлын талбайгаас хөөгдөх шахам гарсан. Гэтэл өнөөдөр хариуцагч талаас манай компанийг ажлын талбараа сайн дураараа орхиж явсан гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий нөхцөл байдал буюу бид нарын гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ нэгэнт 2019 оны 07 сарын 01-ний өдөр 96 хувьд хүрсэн байхад өөрсдийн зүгээс ийм нөхцөл байдал үүсгэж, 2019 оны 08 сарын 15-ны өдөр гэрээ цуцлах шаардлага гаргасан. Үүний дагуу гэрээний 7 хувиар алданги тооцож, нийт 4,760,000 төгрөгийг шаардаж байгааг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1.2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх 5-9/

5.2.Голомт банк ХХК дансны хуулга /хх 11-14/

5.3.Гүйцэтгэлийн тайлан /хх 18-20/

 

6.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1.Эм ХХК Ажлын гүйцэтгэлийн хуудас /хх 43/

6.2.И ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай албан бичиг /хх 44/

6.3.М ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээт ажлыг дуусгавар болгож, актаар хүлээлцэх тухай албан бичиг /хх 45/

6.4.И ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга /хх 204-207/

7.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

7.1.Б ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл /хх 143-148/

7.2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 161-162/

7.3.М-с ХХК, И ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх 208-215/

7.4.И ХХК, Ө ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх 216-218/

 

 Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч И ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,360,000 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, 12,240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,010,752 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, Б ХХК-иас гаргуулж, И ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,248 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээт ажлыг 96 хувь гүйцэтгэсэн тул хариуцагчаас 13,600,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан ажлыг 96 хувь гүйцэтгэсэн, ажлын зураг алдаатай гарсан гэх үндэслээр хариуцагч компани ажлыг хэд хэдэн удаа зогсоосноос гүйцэтгэгч компани гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хүлээлгэж өгч чадаагүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

3.Хариуцагч И ХХК нь ажлыг 100 хувь гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтийг олгох байтал 75 хувь гүйцэтгээд ажлаа хаяж явсан тул үлдэгдэл ажлыг Ө ХХК-иар гүйцэтгүүлсэн. Ажлын гүйцэтгэлийг манай компанийн захирал биечлэн хүлээж авдаг байсан, ажлын гүйцэтгэл гэх баримтад гарын үсэг зурсан Х.Энь манай компанитай ашиг сонирхлын зөрчилтэй, ажлыг хүлээн авах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар алданги нэхэмжлэх эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. М  ХХК, И ХХК-ийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Барилгын шал, давхар дундын төмөр бетон цутгах ажил буюу настель дээрх шалны цутгалтын ажил /арматуртай/-2.946 м.кв, газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/-2451 м.кв, парпетны цутгалтын ажил-149 м.кв гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба энэхүү ажлыг И ХХК нь Б ХХК-иар гүйцэтгүүлэхээр тус компанитай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх 208-215, 5-9/

Зохигчийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-т зааснаар гэрээний үнийн дүн 68,000,000 төгрөг байх ба гэрээний үнийн дүнгийн 25 хувь буюу 17,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар, 25 хувь буюу 17,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрэхэд, 25 хувь буюу 17,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрэхэд, сүүлийн санхүүжилт 25 хувь буюу 17,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд олгохоор тохиролцжээ.

Мөн гэрээт ажлын хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл 36 хоног байхаар, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаандаа хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх5-9/

Дээрх гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээний урьдчилгаа 17,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөгийг тус тус гэрээний төлбөрт төлсөн талаар талууд маргахгүй байх ба энэ нь Дансны хуулгаар нотлогдож байна. /хх 12-14/

4.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажилын үр дүн байна. Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь Ажлын гүйцэтгэлийн тайлан гэх хэргийн 18-20 дугаар хуудаст авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд талуудын хооронд ажлыг хэдэн хувь гүйцэтгэсэн болох нь маргааны гол зүйл болжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан дээрх баримт нь дараах хэд хэдэн үндэслэлээр эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн И ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрэхэд дундын санхүүжилт 2 буюу гэрээний 25 хувь 17,000,000 төгрөгийг Б ХХК-д өгөхөөр байжээ. Гэтэл Гүйцэтгэлийн тайланд /хх 19/ дурдсанаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэлийн хувь 81 хувьд хүрсэн байхад 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөг олгосон /хх14/ байгаагаас дүгнэхэд хариуцагч талын ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн учраас 17,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл И ХХК-иас М  ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний ажил болон Б ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нийт гүйцэтгэх ажил болон ажлын хэмжээ хоорондоо таарч байгаагаас дүгнэхэд хариуцагч талаас гаргаж өгсөн Ажлын гүйцэтгэлийн хуудаст /хх 43/ дурдагдсан ажлын гүйцэтгэлийн хувь 77 хувь гэсэн байгаа нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Түүнчлэн М  ХХК болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3.-т зааснаар ажлын нийт гүйцэтгэл 75 хувьд хүрвэл гэрээний үнийн дүнгийн 25 хувийг олгохоор тохирч, үүний дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ажлын гүйцэтгэлийн хуудсыг үйлдэж /хх 43/, мөн өдөр М  ХХК-иас 25,000,000 төгрөгийг И ХХК-д олгосон, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дээрх Ажлын гүйцэтгэлийн хуудсыг үндэслэн ажил 75 хувьд хүрсэн гэж И ХХК-иас 17,000,000 төгрөгийг Б ХХК-д олгосон /хх 14/ байгаагаас дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Б ХХК-ийн гүйцэтгээгүй үлдээсэн ажлыг Ө ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан ба И ХХК болон Ө ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-т гэрээт ажлыг А блок 4500 түвшний бетон цутгалтын үлдэгдэл ажил, А блок 8100 түвшний бетон цутгалтын үлдэгдэл ажил, А блок 11700 түвшний бетон цутгалтын үлдэгдэл ажил, А блок 00 түвшний шал цутгалт, парпет цутгалтын үлдэгдэл ажил зэргийг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. Энэ нь хэргийн 43 дугаар хуудаст авагдсан Ажлын гүйцэтгэлийн хуудасны 4-7, 10 дугаар мөрд бичигдсэн хийгдээгүй үлдсэн ажил болох нийт хийгдээгүй үлдсэн 23 хувийн ажилтай таарч байна.

Иймд нэхэмжлэгчийн гэрээт ажлыг 96 хувь гүйцэтгэсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан өөр бусад баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Гүйцэтгэлийн тайлан гэх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

Дээрхээс дүгнэж, Б ХХК нь гэрээт ажлыг 77 хувь гүйцэтгэсэн ба 75 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг авч, 2 хувийн төлбөрийг аваагүй байх тул хариуцагч И ХХК-иас 1,360,000 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.Сөрөг нэхэмжлэлээс 1,010,752 төгрөгийн шаардлагыг хангаж, 3,749,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

5.1.Зохигчийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгах байжээ. Гэтэл ажил хугацаандаа дуусаагүй байх ба 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Б ХХК нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй талаар зохигч тайлбарласан бөгөөд И ХХК нь үлдэгдэл ажлыг Ө ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 216-218/

Хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн тул албан бичиг хүргүүлэх хүртэл алданги нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дундын санхүүжилт 17,000,000 төгрөг шилжсэнээс хойш талбай дээр ажил хийгдээгүй болон гэрээ цуцалсан талаар нэхэмжлэгч маргахгүй байна.

5.2.Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаандаа хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг захиалагч талд төлнө гэж анзын талаар харилцан тохиролцсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талууд алдангийн хувь хэмжээний талаар гэрээгээр тохирсон байх ба харин гэрээний үнийн дүнгээс тооцож, алданги төлнө гэсэн нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Иймд хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алдангийг тооцож, Б ХХК-иас гаргуулж, И ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

5.3.И ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн гэх үндэслэлээр гэрээт ажлын дундын санхүүжилт 17,000,000 төгрөгийг Б ХХК-д олгосон байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар гэрээт ажлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгах үүрэгтэй байснаас үзэхэд энэ хугацаанд үлдэгдэл 50 хувийн ажлыг Б ХХК нь гүйцэтгэх үүрэгтэй байсан гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний 2.4.-т заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрснээр дундын санхүүжилт-3 буюу 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байх бөгөөд дундын санхүүжилт-1 буюу 17,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосноос хойш 35 хоног өнгөрсөн байна. Үүнээс үзэхэд 35 хоногийн хугацаанд 25 хувийн ажил гүйцэтгэсэн /75 хувь-50 хувь=25 хувь/ бөгөөд 1 хоногт 0,71 хувийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иймд 1 хоногт гүйцэтгэсэн 0.71 хувийн ажлыг сүүлийн санхүүжилт олгосноос хойш буюу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ дуусах хугацаа болох 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын хэдэн хувийг гүйцэтгэх байсныг тооцоход 3.55 хувь /0.71 хувь х 5 хоног = 3.55 хувь/ байна. Үүнээс үзэхэд Б ХХК нь гэрээний хугацаанд нийт 53.55 хувийн ажлыг /2019.05.31-нд гүйцэтгэсэн 50 хувь + 2019.06.05-ны өдөр гүйцэтгэх байсан 3.55 хувь = 53.55 хувь/ хийж гүйцэтгэжээ.

Ингээд гүйцэтгээгүй үлдэгдэл ажил 46.45 хувь /100 хувь 53.55 хувь 46.45 хувь/ болж байна. Гэрээний 50 хувийн ажлыг гүйцэтгэхэд 34,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээгээр тохирсноос тооцоход 1 хувийн ажил 680,000 төгрөг /34,000,000 : 50 хувь = 680,000/ болох бөгөөд 46.45 хувийн ажил х 680,000 төгрөг = 31,586,000 төгрөг, үүнээс 0,1 хувийн алданги нь 31,586 төгрөг болно.

Хариуцагч И ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны тоот албан бичгээр /хх 44/ гэрээ цуцлах тухай албан бичиг хүргүүлж, Б ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэж тайлбарлаж, 2019 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны алданги нэхэмжилсэн. Гэвч Б ХХК-ийг ажлаа орхиж явснаас хойш Ө ХХК-тай гэрээ байгуулж, үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлсэн байгаагаас үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ цуцлах нь хариуцагчийн хувьд тодорхой болсон байна.

Иймд Б ХХК-ийг гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 32 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангийг тооцоход 1,010,752 төгрөгийг /0,1 хувийн алданги буюу 31,586 х 32 хоног/ Б ХХК-иас алдангид гаргуулах үндэслэлтэй байна.

5.4.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 226,000 төгрөг, хариуцагчаас 91,110 төгрөгийг тус тус төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 36,710 төгрөгийг И ХХК-иас гаргуулж, Б ХХК-д, сөрөг нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 28,808 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж, хариуцагч И ХХК-д тус тус олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар И ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,360,000 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б ХХК-иас 1,010,752 төгрөгийг гаргуулж, И ХХК-д олгож, И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 226,000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 91,110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 36,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д, нэхэмжлэгч Б ХХК-иас 28,808 төгрөгийг гаргуулж, хариуцагч И ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ