Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00995

 

 

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00995

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00782 дугаар шийдвэртэй,

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

И ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Алдангид 4,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр И ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Э ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ, агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 2.1-д зааснаар 5,546 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон.

И ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер н.Баттулга, төсөвчин Э- нар Б ХХК-тай анх энэ гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Түүний дараагаар Б ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажилтай тухай бүрт нь танилцаж, акт үйлдэж явсан бөгөөд тус актуудад Э- гарын үсэг байдаг.

1.2.И ХХК нь урьдчилгаа болох 17,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 17,000,000 төгрөгийг мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр, гурав дахь төлбөр болох 17,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Үүнээс хойш манай компани нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаа 96 хувь гүйцэтгэж, талууд харилцан тохиролцож акт үйлдсэн. Гэтэл И ХХК нь манай компанийн 20 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 13,600,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба ямар нэгэн шалтгаан хэлэхгүйгээр манайхыг ажлын байрыг орхихыг шаардсан.

Манай компани өөрсдөө сайн дураараа ажлыг орхиж яваагүй тул 96 хувийн ажлыг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөр болох 13,600,000 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч талаас ажлыг 77 хувьд хүрсэн гэж баримтыг гаргаж өгсөн ба энд О-ийн гарын үсгийг түүний өмнөөс зурсан байгаа нь хууль бус байна. О- нь энэ ажлыг мэдэж байгаа тул хууль бус актад гарын үсэг зураагүй гэж бодож байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. И ХХК нь Б ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Э ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ, агуулахын барилгын ажил буюу гэрээнд заасан ажлуудыг Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд И ХХК 68,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Төлбөр төлөх графикийг тус гэрээний 2.4 дэх хэсэгт тусгайлан заасан ба сүүлийн буюу 4 дэх санхүүжилтийг ажил гүйцэтгэл 100 хувь хүрэхэд олгоно гэж тодорхой тусгасан. Гэрээт ажлын хүрээнд манай компанийн зүгээс санхүүжилтийг гэрээнд заасны дагуу цаг тухай бүр нь олгож байсан бөгөөд Б ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 05-нд ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь дундын санхүүжилт олгох хүсэлтийн дагуу компанийн захирал М.Анхзаяа ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүрсэн гэж тооцон гэрээний 17,000,000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь үндэслэлгүйгээр гэрээний сүүлийн санхүүжилтийг нэн даруй олгохыг шаардсан ба ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд санхүүжилтийг олгоно гэдэг хариуг өгөхөд уг компани барилгын талбай дээрх ажлаа зогсоож, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөө хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын талбайгаас тоног төхөөрөмжөө хураан авч, ажлаа хаяж явсан тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан.

Б ХХК нь анхнаасаа гэрээнд заасан хугацаанаас хоцорч ажлын гүйцэтгэлийг удаашруулан байсан ба ажлаа орхиж явсан тул Өлзийт хангайн бүрд ХХК-иар үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Манай компанийн зүгээс Б ХХК-тай ажлын үр дүнг дүгнэж гүйцэтгэлийн тайлан гэх баримтуудыг үйлдэж байгаагүй, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тус баримтуудад захиалагч тал гэх хэсэгт гарын үсэг зурсан Э- нь манай компанид ажилладаггүй, харин нэхэмжлэгч Б ХХК-д 2019 оны 07 дугаар сараас ажиллаж байгаа ба манай компанийг төлөөлж ажлын гүйцэтгэлийн актад гарын үсэг зурах эрхгүй этгээд юм. 3 тайлан байгаа нь бидэнд танилцуулагдаж байгаагүй, сүүлд хийгдсэн байна.

2.2.Нэхэмжлэгч талаас өдөр бүр ажлыг хүлээлцдэг байсан гэж тайлбарласан ба хэрвээ өдөр бүр ажлыг хүлээлцдэг байсан бол ажил гүйцэтгэсэн хувиар санхүүжилт олгохоор тохирох шаардлага байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлыг 96 хувь гүйцэтгэсэн бол мөн сарын 07-ны өдөр ажлыг хаяж явах хүртлээ 4 хувийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэл дүгнэсэн гэх актууд нь хүчин төгөлдөр бус байна.

2.3.Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ 75 хувь хүртэлх хэмжээнд хийж гүйцэтгэсэн, манай И ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд тохирсон хэмжээний хөлсийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлыг Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан уг хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрыг шалтгаангүйгээр орхин явж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус компанид мэдэгдэл хүргүүлж, талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээг цуцалсан.

Гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б ХХК-ийн ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрч, манай компанийн захирал М.Анхзаяа нь өөрийн биеэр ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрснийг баталгаажуулж, гэрээнд заасан 3 дахь санхүүжилт болох 17,000,000 төгрөгийг тус компанид олгосон. Б ХХК нь баяр наадмын амралт, ажилчдад цалин олгосонтой холбогдуулан нэг өдөр амарна гээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажиллаагүй, мөн сарын 07-ны өдөр манай компаниас үндэслэлгүйгээр, гэрээнд заасан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй мөртлөө гэрээний сүүлийн санхүүжилтийг шаардсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн огноогоор эцэслэж, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 70 хоногийн алданги, гэрээний нийт үнийн дүнгийн 7 хувиар тооцож, нийт 4,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Маргаан бүхий нөхцөл байдал 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс мөн сарын 07-ны хооронд үүссэн байдаг. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын гүйцэтгэл 52 хувьтай, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл 81 хувьтай, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрсэн буюу тухай бүрд гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж, тайлагнаж явж байсан. Иймд нэхэмжлэгч тал сайн дураараа ажлын талбарыг орхиж, үлдсэн хувийн ажлыг гүйцэтгэхгүй байх ямар ч үндэслэл, боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, 100 хувь хийж гүйцэтгэх ёстой ажлын 96 хувийг хийж гүйцэтгэсэн, үлдсэн бага хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх материалыг хүлээж байх хугацаанд И ХХК-ийн зүгээс дараагийн ажил гүйцэтгэгчийг дуудсан байсан. Яагаад гэвэл бид нараар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгөхгүй байх талаас ийм арга хэмжээ авсан гэж үзэж байна. И ХХК үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гуравдагч компанийг дуудсан байсан учраас маргаан бүхий нөхцөл байдал үүсч, аргагүй байдлаар ажлын талбайгаас гарсан. Гэтэл өнөөдөр хариуцагч талаас манай компанийг ажлын талбараа сайн дураараа орхиж явсан гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий нөхцөл байдал буюу бид нарын гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ нэгэнт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 96 хувьд хүрсэн байхад өөрсдийн зүгээс ийм нөхцөл байдал үүсгэж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах шаардлага гаргасан. Үүний дагуу гэрээний 7 хувиар алданги тооцож, нийт 4,760,000 төгрөгийг шаардаж байгааг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар И ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,360,000 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б ХХК-иас 1,010,752 төгрөгийг гаргуулж, И ХХК-д олгож, И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 226,000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 91,110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 36,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д, нэхэмжлэгч Б ХХК-иас 28,808 төгрөгийг гаргуулж, хариуцагч И ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй, шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

6.1. Хариуцагч талаас гаргаж өгсөн хэргийн 43 дахь талд авагдсан Э инженеринг ХХК-аас гаргасан ажлын гүйцэтгэлийн хуудсыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй тул шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг хангахгүй орхисон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамчаар бүрдүүлсэн баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Уг ажлын гүйцэтгэлийг үнэлэх хуудас нь хуурамч болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. Үүнд:

6.1.а. Уг акт 81 хувийн гүйцэтгэлтэй танилцаж акт үйлдсэнээс 14 хоногийн дараа үйлдэгдсэн. Ажлын гүйцэтгэлтэй танилцсан тухай актууд И ХХК-аас файлаар үйлдэгддэг. Гэтэл 77 хувийн гүйцэтгэлтэй актыг Э инженеринг ХХК нь маргаан үүссэний дараа гаргаж ирсэн ба уг актад ажил гүйцэтгэгч талаас ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн талаар тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, манай компани нь дээрх актын дагуу захиалагч талд ажлын гүйцэтгэлээ танилцуулаагүй болно. Уг актанд гарын үсэг зурсан төслийн ерөнхий инженер н.Одгэрэлийн гарын үсэг хуурамч байгаа болно. Тодруулбал, хэргийн 43 дахь талд авагдсан Э инженеринг ХХК-аас гаргасан ажлын гүйцэтгэлийн хуудсанд ерөнхий инженер О-ийн нэрний ард хэн зурсан нь тодорхойгүй. Төслийн ерөнхий инженер О-ийн ажил гүйцэтгэлийн гэрээнд зурсан гарын үсэг гэрээнд зурагдсан түүний гарын үсэгнээс өөр байна. Гэтэл шүүх уг баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

6.1.б. Ажилбарыг хүн хүч, ажлын ачааллаар хувьчлах ёстой гэтэл үүнийг м.кв-аар хувилсан зэрэг илт зөрүүтэй үнэлгээний хуудсыг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заасан ба үүнийг зөрчсөн.

6.2. Мөн нэхэмжлэгч талаас хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлүүлэх хүсэлт буюу И ХХК-аас Б ХХК-тай ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэдэг өдөр тутмын тайлан буюу Дэйли репорт, М ХХК-н зураг төслийн тэмдэглэл зэргийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай баримтуудыг үнэлээгүй тул уг хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т И ХХК-аас М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажил болон Б ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт гүйцэтгэх ажил болон ажлын хэмжээ хоорондоо таарч байгаагаас дүгнэхэд хариуцагч талаас гаргаж өгсөн Ажлын гүйцэтгэлийн хуудаст /хх 43/ дурдагдсан ажлын гүйцэтгэл 77 хувь гэсэн байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл хэргийн 43 дахь талд авагдсан уг актан дээрх гэрээт ажлын талбайн хэмжээ нь бидний байгуулсан анхны ажил гүйцэтгэх гэрээний хэмжээнээс 67.8 мкв-аар зөрүүтэй байна. Үүнийг анхны гэрээтэй таарч байгаа гэж тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.3. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан баримтуудыг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх байр суурьнаас үнэлж, дүгнэсэн нь хуульд заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бодитой талаас нь хангалттай дүгнэсэн.

7.1. Хэрэв нотлох баримтыг хуурамч гэж үзсэн бол энэ талаар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж шалгуулах, шалгалтын ажиллагааны хүрээнд хуурамч нотлох баримт болох нь тогтоогдвол хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгахтай холбоотой асуудал яригдах ёстой.

7.2. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 3 актад гарын үсэг зурсан Э- хариуцагчийг төлөөлсөн гэж байна. Энэ нь илтэд үндэслэлгүй. Тухайн 3 актын 3 дахь буюу нэхэмжлэлийн гол үндэслэл болсон акт нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. Гэтэл 2018 оны 07 дугаар сард Э- нь нэхэмжлэгч Б ХХК-д ажиллаж цалин бүтэн авсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогддог. Тэрээр 2018 оны 10 дугаар сараас тухайн компанийн 33 хувийн хувьцаа эзэмшдэг, одоо хүртэл үйл ажиллагаанд байнга оролцдог болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон.

7.3 Ерөнхий гүйцэтгэгч буюу И ХХК нь захиалагчийн өмнө үүргээ өөрөө хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, М ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ өөрөө хүлээлгэж өгөх ёстой. Туслан гүйцэтгэгч Б ХХК-ийг оролцуулах хуулийн шаардлага тавигдаагүй учраас тайлбар нь үндэслэлгүй.

7.4. Дайли репорт гэдэг нэртэй өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн актыг хариуцагч И ХХК болон М ХХК-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил үргэлжилсний дараа тодорхойгүй баримтыг шинээр санал болгосон. Хэрэв байгаа бол баримтыг гаргаж өгөх боломжтой гэх байдлаар шүүхэд тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэхүү баримтад Б ХХК өөрсдөө юу хийснийг бүртгэж өгдөг байсан гэж тайлбарладаг. Үүнтэй холбоотой баримтыг санал болгож, өөрсдөө гаргах боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлага хангагдахгүй гэж шүүх дүгнэсэн.

7.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй нөхцөл байдал бол 07 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэгч ажлыг 97 хувийн гүйцэтгэлтэй байсан гэх актыг баримтаар гаргаж өгдөг, 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан гэж тайлбарладаг. Гэтэл 35 хоногийн дотор 100 хувийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнийг хувьчилж үзвэл өдөрт 2,8 хувь хийхээр байгаа. Хэрэв акт бодитой байсан бол 6 хоногийн дотор 3, 4 хувийн ажлыг хийхээр гэрээгээр хүлээсэн ажил дуусах байсан. Гэтэл бодит биш. Хариуцагчтай эсрэг ашиг сонирхолтой, нэхэмжлэгчтэй нэгдмэл сонирхолтой, тухайн компанид ажиллаж байсан цалин хөлс авч байсан, одоо хувьцаа эзэмшиж байгаа этгээд нь тухайн баримтыг нөхөн бүрдүүлсэн баримтад гарын үсэг зурсан гэж үзэж байгаа талаар анхан шатны шүүхээс хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.6. Гомдолд шүүх хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийж, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг няцаасан байдалд дүгнэлт хийсэн гэжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар тухай бүрт нотлогдон тогтоогдож байгаа. Шүүх гаргасан шийдвэртэй холбоотой байдлаар дүгнэлт хийсэн байхад хэт нэг талыг баримталж дүгнэсэн, шударга бусаар шийдвэрлэсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангид 4,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. И ХХК болон Б ХХК-ууд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Б ХХК нь Э ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ, агуулахын барилгад настель дээрх шалны цутгалтын ажил /арматуртай/ 2.946 м.кв, газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/ 2451 м.кв, парпетны цутгалтын ажил 149 м.кв хэмжээтэй ажлуудыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний үнэд 68,000,000 төгрөгийг 4 хувааж тус бүр 17,000,000 төгрөгөөр төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээний урьдчилгаа 17,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

4. Ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ маргааны гол зүйл болжээ.

 

4.1 Б ХХК-аас хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 96 хувь гэж тодорхойлж гаргаж өгсөн гүйцэтгэлийн тайлан гэх бичмэл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан Э- нь ажил гүйцэтгэгч Б ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, Б ХХК-аас цалин авдаг байдал нь компанийн улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон. Хэдийгээр Б.Эрдэнэцэцэг нь гүйцэтгэлийн 3 тайланд 2019 оны 5-6 дугаар сард захиалагчийг төлөөлж гарын үсэг зурснаас хойш 4 сарын дараа ажил гүйцэтгэгч компанид ажиллаж, хувьцаа эзэмшдэг болсон боловч түүнийг захиалагчийг төлөөлж ажил хүлээж авахдаа үнэнч шударгаар ажилласан гэдэг нь эргэлзээтэй болно. Иймд уг 3 тайланг үндэслэн ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 96 хувь гэж дүгнэх үндэслэлгүй болжээ. /1хх 18-20, 144, 147-149 дэх тал/

 

5.2. И ХХК нь М ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн ажил гүйцэтгэгч байх бөгөөд уг гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг Б ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлэх болсон талаар маргаангүй. Иймд энэ 2 ажил гүйцэтгэх гэрээг анхан шатны шүүх харьцуулан хийх ажлын хэмжээ хоорондоо адилхан гэж дүгнэсэн нь зөв болжээ. /1хх 5-9, 208-215 дахь тал/

 

5.3. М ХХК болон И ХХК-ууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ажлын гүйцэтгэлийн хуудас гэх нэртэй баримт үйлдэж ерөнхий ажил гүйцэтгэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 77 хувь гэж тодорхойлсныг буруу гэж дүгнэхээргүй байна.

 

Б ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ба уг огнооны өмнө М ХХК болон И ХХК-ийн хооронд тооцсон ажлын гүйцэтгэлээр Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон нь зөв болжээ.

 

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний 75 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг авсан, 2 хувийн төлбөрийг аваагүй гэх үндэслэлээр хариуцагч И ХХК-иас 1,360,000 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлээс анхан шатны шүүх 1,010,752 төгрөгийн шаардлагыг хангаж, 3,749,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгах байсан үүргээ Б ХХК гүйцэтгээгүй, И ХХК нь үлдэгдэл ажлыг Өлзийт хангайн бүрд ХХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн байдлыг ажил гүйцэтгэх гэрээний 4.3 дахь хэсэгт тохиролцсон алдангийг тооцсон гэж тайлбарласан ба энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болох бөгөөд энэ тохиолдолд тэрээр энэ тухайгаа өөрөө нотлох үүрэгтэй. Иймд хэргийн 43 дахь талд байгаа нотлох баримтыг нэхэмжлэгч хуурамч гэдгийг нотлоогүй байна. Уг баримтад зурагдсан О-ийн гарын үсэг эргэлзээтэй бол гарын үсгийн үнэн зөвийг шалгуулах, эсхүл түүнийг гэрчээр асуулгах боломжтой байсан. Энэ талар нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж ажиллагаа хийлгүүлээгүй байна.

 

7.2. Нэхэмжлэгч тал барилгын ажил гүйцэтгэж буй тохиолдолд хийж гүйцэтгэх ажлын өдөр тутмын тайлан өөрт нь байх учиртай. Тэрээр уг тайланг өөрөө гаргаж өгөх ёстой бөгөөд өөрийнх нь хийж гүйцэтгэсэн үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг бусдын баримтаар нотлуулах нь ойлгомжгүй, тодорхойгүй болно.

 

7.3. Ажлын гүйцэтгэлийн хуудас /1хх 43 дахь тал/-д хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ 5,478.22 м.кв гэж тодорхойлсон байх ба гэрээнд хийвэл зохих ажлын хэмжээ 5.546 м.кв гэж тодорхойлсноос үзвэл хийгдээгүй буюу үлдэгдэл ажил 67.78 м.кв /5,546-5.478.22/ гэж тодорхойлохоор байна. Иймд энэ 2 баримтад тусгагдсан ажлын хэмжээ зөрүүтэй гэж дүгнэхээргүй юм.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА