Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 02106

 

“Б Б Ф” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01817 дугаар шийдвэртэй, “Б Б Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “И К” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас алдангид 4 760 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн “Эм Эм Эс” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ, агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч “И К” ХХК нь урьдчилгаа 17 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, хоёр дахь төлбөр 17 000 000 төгрөгийг мөн оны 5 дугаар сарын 31-ний өдөр, гурав дах төлбөр 17 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлсөн. Манай компани 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа 96 хувь гүйцэтгэж, талууд харилцан тохиролцож акт үйлдсэн. Гэтэл хариуцагч нь манай компанийн 20 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөр 13 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул гэрээний үүргийн дагуу уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Талууд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Эм Эм Си” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажил буюу настель дээрх шалны цутгалт /арматуртай/ - 2.946 м.кв, газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/ - 2451м.кв, парпетны цутгалт-149 м.кв гэсэн ажлуудыг” Би Би фалкон” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх, “И К” ХХК ажлын хөлсөнд нийт 68 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Төлбөр төлөх графикийг гэрээний 2.4-т тусгайлан зааж, сүүлийн 4 дэх санхүүжилтийг ажлын гүйцэтгэл 100 хувь хүрэхэд олгоно гэж тодорхойлсон. Гэрээт ажлын хүрээнд манай компани санхүүжилтийг гэрээнд заасны дагуу цаг тухайд нь олгож байсан. “Б Б Ф” ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь санхүүжилт олгох хүсэлтийн дагуу компанийн захирал М.Анхзаяа ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж гүйцэтгэл 75 хувьд хүрсэн гэж тооцон 17 000 000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр гэрээний сүүлийн санхүүжилтийг нэн даруй олгохыг шаардсан ба ажил гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд санхүүжилтийг олгох хариу өгөхөд барилгын талбай дээрх ажлаа зогсоож, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр тоног төхөөрөмжөө хураан авч, ажлаа хаяж явсан тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан. “Б Б Ф” ХХК нь анхнаасаа гэрээнд заасан хугацаанаас хоцорч ажил гүйцэтгэл удааширч байсан ба ажлаа орхиж явсан тул “Өлзийт хангайн бүрд” ХХК-иар үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Манай компанийн хувьд “Б Б Ф” ХХК-тай ажлын үр дүнг дүгнэж гүйцэтгэлийн тайлан үйлдэж байгаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад захиалагч тал гэх хэсэгт гарын үсэг зурсан Х.Эрдэнэцэцэг нь манай компанид ажилладаггүй, компанийг төлөөлж ажил гүйцэтгэлийн актад гарын үсэг зурах эрхгүй этгээд, 3 тайлан байгаа нь бидэнд танилцуулагдаагүй, сүүлд хийгдсэн баримт байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар 2019 оны 5 дугаар сарын 31, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэл дүгнэсэн гэх актууд хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгчийн хийгээгүй ажил шууд нүдээр хараад мэдэгдэх ажил. Барилгын 00 түвшний цутгалт хийгдээгүй, энэ нь шалны цутгалт үүнийг хүн хараад шууд мэдэх юм. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба үүргээ 75 хувь хүртэл хэмжээнд гүйцэтгэсэн тул бид тохирсон хэмжээний хөлсийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т зааснаар гэрээ дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн огноогоор эцэслэж, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацааны буюу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 70 хоногийн алданги, гэрээний нийт үнийн дүнгийн 7 хувиар тооцож, нийт 4 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь дундын санхүүжилт олгох хүсэлтийн дагуу хариуцагч компанийн захирал М.Анхзаяа ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж гүйцэтгэл 75 хувьд хүрсэнд тооцон 17 000 000 төгрөгийг мөн өдөр шилжүүлсэн гэж тайлбарлах боловч танилцаагүй. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 50 хувийн ажлын гүйцэтгэл, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 81 хувийн гүйцэтгэл нийт 51 000 000 төгрөг шилжүүлэн авсанд талууд маргаагүй. Хариуцагч өөр компаниар ажлаа хийж гүйцэтгүүлээд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл алданги тооцож, хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И К” ХХК-иас 1 360 000 төгрөгийг гаргуулж “Б Б Ф” ХХК-д олгох, нэхэмжлэлээс 12 240 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б Б Ф” ХХК-иас 1 020 000 төгрөгийг гаргуулж “И К” ХХК-д олгох “И К” ХХК-ийн 3 740 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 226 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 91 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч “И К” ХХК-иас 36 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Б Ф” ХХК-д, нэхэмжлэгч “Б Б Ф” ХХК-иас 29 030 төгрөгийг гаргуулж хариуцагч “И К” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт 77 хувь, 96 хувийн ажлын гүйцэтгэлийн 2 акт авагдсан. Шүүх 77 хувийн гүйцэтгэлийн ажлын актыг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл 81 хувь байсныг нотолж “И К” ХХК-ийн төлөөлөгчтэй акт үйлдэн, төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн, энэ нь санхүүжилт 2 төлбөр юм. Харин 96 хувийн гүйцэтгэл буюу сүүлийн санхүүжилтийг хариуцагч шилжүүлээгүй. Санхүүжилтын тухайд хэн аль нь уян хатан хандаж байсан ба шүүх санхүүжилт 2-ийн төлбөрийг аваагүйгээр ажлыг цааш үргэлжлүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэл 96 хувь байсан бол гүйцэтгэгч ажлыг дуусгаж, санхүүжилтээ бүрэн авах боломжтой байсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж “И К” ХХК-ийг төлөөлж Х.Эрдэнэцэцэг, “Б Б Ф” ХХК-ийг төлөөлж Б.Батбаяр нар ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрсэн гэж хүлээн зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэх гэсэн боловч хариуцагч компани манай ажилчдыг талбайдаа оруулаагүй. Учир нь үлдэгдэл 4 хувийн ажлыг өөр хүмүүсээр гүйцэтгүүлж манайд өгөх 96 хувийн ажлын хөлс төлөхөөс хамаагүй бага тусах байсан тул ийм хөшүүрэг хийж гэрээг цуцалсан. Энэ талаар шүүх хуралдааны явцад өөр хүмүүсээр ажил хийлгэх гэж байсан тэдгээр нь нэхэмжлэгчийн ажилчид байсныг хүлээн зөвшөөрдөг. 96 хувь байсан бол гүйцэтгэгч ажлыг дуусгаж, санхүүжилтээ бүрэн авах боломжтой байсан гэж дүгнэсэн нь хийсвэр сэтгэлгээнд үндэслэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

“И К” ХХК, “Эм Эм Си” ХХК-д ажлын гүйцэтгэлийг 77 хувь гэж дүгнэсэн актад А блокийн 4500, 8100, 11700 түвшний бетон цутгалт бага зэрэг дутуу, уг блокийн 00 түвшний шал цутгалт /12 хувь/ огт байхгүй тухай тэмдэгдсэн, 96 хувийн гүйцэтгэл гэж дүгнэсэн тайлангаас харахад ч А блокийн 00 түвшний шал цутгалт хийгдээгүй нь харагдаж байна гэж дүгнэсэн. Гэтэл “И К” ХХК, “Эм Эм Си” ХХК-д ажлын гүйцэтгэл 77 хувь гэж дүгнэсэн акт хуурамч, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудын байгуулсан гэрээнд огт хамааралгүй хуурамч актад үндэслэн шийдвэр гарсан. Тодруулбал, гэрээний 2.1-д настель дээрх шалны цутгалт /арматуртай/-2 946 м.кв, газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/-2 451 м.кв, парпетны цутгалт-149 м.кв гэж заасан. Шүүх үнэлээд байгаа актад тусгагдаагүй ажлууд байна. Харин хэргийн 14-16 дах талд авагдсан талуудын хооронд хийсэн ажлын акт нь гэрээнд заасан ажилтай таардаг. “И К” ХХК, “Эм Эм Си” ХХК-ийн хооронд үйлдсэн актад нийт ажлын хэмжээг 5 478.22 м.кв гэсэн бол гэрээний 2.1-д 5 546 м.кв гэж заасан. Тухайн актад гэрээний үнийн дүнг 100 000 000 төгрөг гэсэн байх бөгөөд талууд гэрээг 68 000 000 төгрөгийн үнээр байгуулсан. Уг актад ерөнхий инженер Ц.Одгэрэлийг төлөөлж өөр хүн гарын үсэг зурсан зэрэг дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг шүүх анхаарахгүйгээр үнэлж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Манай компанийн зүгээс ажлыг хүлээлгэж өгч акт үйлдсэн учир эхний ээлжинд 81 хувийн гүйцэтгэлийн хөлсийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан. Үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байсан ч огт төлөлт хийгээгүй. Шүүх “И К” ХХК, “Эм Эм Си” ХХК-ийн хооронд байгуулсан актыг гол үндэслэл болгосон ба хариуцагч хэрэгт авагдсан “И К” ХХК-ийг төлөөлж Х.Эрдэнэцэцэгтэй байгуулсан актыг алийн ч хүлээн зөвшөөрдөггүй атал акт үйлдсэний дараа төлбөр төлдөг байсан нь хэргийн 11-13 дах талд тусгагдсан. Хариуцагч тухай бүр ажлын гүйцэтгэл шалгаад мөнгө шилжүүлдэг байсан акт огт үйлдээгүй гэдэг тайлбар өгдөг, шүүх холбогдох баримт бичиггүй байхад уг тайлбарыг үнэлдэг. Хэргийн 13 дах талд ажлын гүйцэтгэл 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 52 хувьд хүрсэнг “И К” ХХК-ийг төлөөлж Х.Эрдэнэцэцэг гэгч хүлээн авч акт үйлдэж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “И К” ХХК санхүүжилт 1 төлбөр болох 17 000 000 төгрөг шилжүүлсэнд хэн аль нь маргаагүй. Гэтэл шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзахгүй хариуцагчийн тухай бүр шалгаад шилжүүлж байсан акт огт үйлдэж байгаагүй гэсэн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаанд хандаагүй гэж үзэж байна.

“И К” ХХК 4 хувийн ажлыг хийж гүйцэтгээгүй учир манайх гэрээг цуцалж байгаа гэх мэт хандаж 96 хувийн гүйцэтгэлийг 100 хувьд хүрээгүй гэх үндэслэлээр төлөхөөс татгалзсан. Бидний хийж гүйцэтгээгүй 4 хувийн ажлыг хасч 96 хувийн ажлын гүйцэтгэлийн хөлс шаардсан ч шүүх “Ийсү” ХХК, түүний үндсэн захиалагч “Эм Эм Си” ХХК-ийн хооронд байгуулсан актыг шийдвэрийн үндэслэл болгосон. Нэхэмжлэгч уг ажлыг гүйцэтгэхэд ажилчдын цалин хөлс, хоол унааны бүх зардлыг өөрийн зардлаар гаргаж, дараа нь ажлын хөлсөө хариуцагчаас тооцон авах байсан боловч хариуцагч ажил гүйцэтгэсний дараа төлбөр өгөхгүй байх, гэрээг цуцлах зэргээр хандсанд гомдолтой.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 4 760 000 төгрөг шаардсан, шүүх 1 020 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. “И К” ХХК 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 96 хувийн ажлын гүйцэтгэл хүлээн авсан хэрнээ ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй мэт алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүх “Ийсү” ХХК, “Б Б Ф” ХХК-ийн хооронд байгуулсан “Аварга тосон рашаан сувилал” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “И К” ХХК-ийг төлөөлж Х.Эрдэнэцэцэгийг ажил хүлээж авсныг буруутгахгүй гэж дүгнэсэн. Уг гэрээний үр дүнг “И К” ХХК-ийг төлөөлж Х.Эрдэнэцэцэг гарын үсэг зурж хүлээж авсан. Гэтэл шүүх Х.Эрдэнэцэцэгийн хүлээн авсан актыг үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба нэг шийдвэрээр нөгөө шийдвэрээ үгүйсгэж дүгнэлт хийсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй хардлага төрж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Б Б Ф” ХХК нь хариуцагч “И К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн 96 хувийн ажлын үр дүнгийн үлдэгдэл төлбөр 13 600 000 төгрөгийг шаардаж, хариуцагч 75 хувийн гүйцэтгэл бүхий ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн бөгөөд төлвөл зохих төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тул тухайн хугацааны алдангид нийт 4 760 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ /хх6-9/, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу захиалагч “И К” ХХК нь ажлын хөлсөд нийт 51 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно. Харин, тухайн гэрээний ажил гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч “Б Б Ф” ХХК нь гэрээнд заасан ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болсон байна. 

 

Нэхэмжлэгч тал 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт ажлын 96 хувийг гүйцэтгэсэн гээд уг тайлбараа нотлох зорилгоор “Гүйцэтгэлийн тайлан”, хариуцагч тал “Эм Эм Эс инженеринг” ХХК-тай үйлдсэн “Ажлын гүйцэтгэлийн хуудас” гэсэн баримтуудыг тус тус гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ нотолно гэжээ. /хх20, 43/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ, “Эм Эм Эс инженеринг” ХХК болон хариуцагч “И К” ХХК-ийн хооронд хийгдсэн дээрх баримтыг үнэлж дүгнэлт хийсэн. Уг баримтаас үзвэл, талуудын байгуулсан гэрээнд хамааралтай гэж үзхээргүй буюу гэрээний дугаар, үнийн дүн, гүйцэтгэх ажлын хэмжээ зөрүүтэй, хэргийн оролцогч бус этгээдэд хамааралтай гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал энэ нөхцөл байдлыг давж заалдах гомдлын үндэслэлээ болгосныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх талуудын маргаж буй зүйлийн талаар өөр өөр баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлээгүй атлаа түүнийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй байна.  

 

Анхан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх зохигч талуудаас маргааны зүйл болж буй ажлын гүйцэтгэл, түүний үнэлгээг хэрхэн нотолж байгаа, улмаар мэргэжлийн байгууллагын туслалцаа авах эсэхийг тодруулахад талууд энэ талаар хүсэлт гаргаагүй байна. Шүүх энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг хийх боломжтойг анхаарах байжээ.  

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэхгүй бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Химон констракшн” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 240 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба  магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Т.ТУЯА