Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00927

 

 Өгөөж-Алтайн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215/МА2022/00014 дүгээр магадлалтай,

Өгөөж-Алтайн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Өгөөж-Алтайн буян ХХК-иас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гоц халдварт өвчний улмаас устгасан 23 гахайн нөхөн төлбөрт 49,590,000 төгрөгийг гаргуулан Өгөөж-Алтайн буян ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,810,000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 405,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өгөөж-Алтайн буян ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215/МА2022/00014 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь 2021 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.07.29-ний өдрийн 14 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Миний бие нь 2012 оноос гахайн аж ахуй эрхлэн хувийн аж ахуй ажиллуулан хөдөлмөрлөж аж ахуй болтол нь өргөтгөж ирсэн бөгөөд миний амьдралын эх үүсвэр юм. Манайх аж ахуй нь өөрийн байртай, шар маллагаатай, ажилчинтай, мэргэжлийн байгууллага, эмчтэй гэрээтэй ажилладаг, борлуулалтаа аймгийн төвийн болон Ховд аймгийн ресторануудад борлуулдаг. Бусад гахайн аж ахуйнууд гахайгаа хогийн цэгээр явуулж малладаг бол манайх тийм биш юм. Ингээд 2019 онд манай аймагт гахайн мялзан өвчин гарсны улмаас манай компанийн 36 гахайг устгасан. Устгал явагдсантай холбоотой холбогдох төрийн алба хаагчид болон хувийн хэвшлийн малын эмч нар гэрчилж мэдүүлэг өгсөн. Манай компани нь вакцин тарилгадаа цаг хугацаандаа бүрэн хамрагддаг, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тухайлбал малын эмч, мал эмнэлэг болон холбогдох газруудтай гурвалсан гэрээтэй ажилладаг байсан бөгөөд бүхий л нотлох баримтаа гаргаж өгсөн. Миний хувьд хувийн аж ахуйгаа өргөтгөн хуулийн этгээд болтол өргөжүүлэн ажиллуулж гахайчин ажиллуулж байсан бөгөөд манай компанийн гол үйл ажиллагаа миний амьдралын эх үүсвэр болох бүх гахай маань бүгд устгалд орсноор амьдрал минь хүнд байдалд ороод байна. Манай гахайг өвчилсөн, өвчлөөгүй бүгдийг нь устгалд оруулсан.

Ингээд миний бие нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татаж дахин нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өмнөх шийдвэртээ хариуцагч нь биш байна гэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Ингээд магадлалд дурдсан Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж өгөхөөр гахайн тоо толгой тогтоогдохгүй гэж хэрэгт авагдсан устгалыг хийсэн төрийн албан хаагч, малын эмч нарын мэдүүлэг, тодорхойлолт зэрэг баримтуудыг үнэлэхгүйгээр, нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс мал амьтан маллагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс мал амьтны өвчин гарсан бол нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчилсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн болон миний буруутайгаас мал амьтны халдварт өвчин гарсан гэж тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд миний зүгээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгалт, вакцинд хамруулж байсан болохоо нотолсон байхад нотлох баримтгүйгээр миний буруугаас гахайн халдвар гарсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34-р зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэж иргэн намайг маш ноцтойгоор хохироож байна гэж үзэж байна.

Иргэн миний хувьд гахайн аж ахуй нь миний амьдралын эх үүсвэр байсан бөгөөд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.12, мөн 33-р зүйлийн 33.1.2.4 дэх хэсэгт зааснаар Гоц халдварт өвчний улмаас зайлгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор хуульчилсан байх тул миний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан гомдлыг хэлэлцээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.07.01-ний өдрийн 001/ШХТ2022/00757 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Өгөөж-Алтайн буян ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Тус компани 2012 оноос гахайн аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн. ...Дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан өвчнөөр гахайнууд өвчилж, мал эмнэлгийн онц байдал зарлаж, бүх гахайг өвчтэй, эрүүлгүй устгалд оруулснаас манай компани нь гол үйл ажиллагаагаа зогсоож, хүнд байдалд орсон. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгоно гэж заасан тул устгалд орсон 36 гахайн нөхөн төлбөр 60,400,000 төгрөгийг аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна... гэж тайлбарласан бол,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...нэхэмжлэгч нь жилийн эцсийн тооллого болон түүвэр тооллогод хамрагдсан гол бичиг баримтгүй, иргэн Д.Баттулга малаа үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, халдварт өвчний тарилга, туулгалтыг хийлгээгүй болох нь баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 49,590,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8. Хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, улмаар хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Тухайлбал, нэхэмжлэгч нь мал амьтны гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан гахайн нөхөн төлбөр шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч буюу малчин, амьтан маллагч, мал амьтан өмчлөгч нь хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс мал амьтны өвчин гарсан гэж үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлтийг тус тус хийсэн байх ба хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг эцэслэн тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

9. Хэрэгт цугларсан баримтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2019.11.05-ны өдөр гахай үхэж, дээж авч Улсын мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд Гахайн африкийн мялзан өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн, Гахайн африк мялзан өвчин нь мал, амьтны гоц халдварт өвчин болох нь тогтоогджээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд ...гоц халдварт өвчний анхны оношийг баталгаажсан мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Улсын онцгой комисст хүргүүлж, нийтэд мэдээлэх, ...хорио, цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ...халдваргүйжүүлэлт хийх, ...зайлшгүй шаардлагаар устгасан мал, амьтны биологийн хаягдал, хүүр, сэг зэмийг устгах цэг тогтоох, ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр, ...энэ нөхөн төлбөрийг олгоход баримтлах жишиг үнийг статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоохоор, мөн малчин, амьтан маллагч, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй... гэж заажээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.

11. Нэхэмжлэгч нь гахайн мялзан өвчин гарсанд буруугүй, тэдний аж ахуй байран маллагаатай, гахайчинтай, ажилчинтай, мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг гэж, хариуцагч нь малчин малаа үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, халдварт өвчний тарилга, туулгалтыг хийлгээгүй болох нь баримтаар нотлогдсон тул нөхөн олговор авах эрхгүй гэж тус тус мэтгэлцсэн боловч өөрсдийн тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримтаа тодорхой заагаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй, шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй байна.

12. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд мал, амьтан өмчлөгчийн гүйцэтгэх үүрэг, оролцоог зохицуулсан байх бөгөөд хуулийн 33.4-т малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол энэ хуулийн 33.1.2.4-т заасан нөхөн төлбөрийг олгохгүй гэж тус тус зохицуулж,

мөн Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 9.1, 9.2, 9.3-т Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх, мал амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах санхүүжилтийн тооцоог өвчний онош батлагдсан даруйд орон нутгийн онцгой комисс урьдчилсан байдлаар гаргаж, Улсын онцгой комисст уламжлан шийдвэрлүүлнэ, хорио цээр хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж, Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ, зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ гэж тус тус зохицуулжээ.

13. Хэрэгт авагдсан Гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайланд Сумын Засаг даргын А/156 тоот Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамж гарсан гэх боловч тухайн захирамж хэрэгт авагдаагүй тул орон нутгийн захиргааны байгууллага гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хорио цээр хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааг журмын дагуу явуулсан эсэх, зориудаар устгасан малын үнийн судалгаа журамд заасны дагуу хийгдсэн эсэх, түүнчлэн малчин хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага шалган тогтоосон эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтгүй байхад хоёр шатны шүүх үйл баримтын талаар тодруулаагүй, хэрэгт цугларсан баримтыг өөр өөрөөр үнэлж, зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангана, харин шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хэсгийг хангах боломжгүй байна.

14. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн заалтыг тус тус зөрчжээ.

Өгөөж-Алтайн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт Өгөөж-Алтайн буян ХХК-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох нэхэмжлэлтэй хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалтай өөр хэргийг эх хувиар нь хавсаргаж ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй, ...шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж,

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хүн, хуулийн этгээд архивын баримтыг ашиглахдаа архивын баримтаас лавлагаа авах, архивын баримтын хуулбар авах, уншлагын танхимд үзэж судлах зэргээр ашиглана гэж тус тус зохицуулсан байтал архивын хадгаламжийн нэгж болох хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалтай иргэний хэргийг эх хувиар нь хэрэгт хавсаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Зүй нь хэргийн оролцогчийн хүсэлтээр тухайн хэргээс шаардлагатай баримтыг хуулбарлаж, эрх бүхий этгээдээр гэрчлүүлэн хэрэгт хавсаргавал зохих байжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00163 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 215/МА2022/00014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулгын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулгаас 2022.06.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД