| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2020/02208/И |
| Дугаар | 001/ХТ2026/00096 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2026/00096
Ш.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2026/00137 дугаар магадлалтай
Ш.О-ын нэхэмжлэлтэй,
“Д” ХХК-д холбогдох
Гэм хорын хохирол 55,158,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 55,158,127 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 14,763,925 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,769 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2026/00137 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.16-ны өдрийн 210/МА2026/00137 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д заасныг баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ш.О нь “Д” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг “Х”-ийн барилгын бохир ус хадгалах сав цоорсны улмаас өөрийн өмчлөлийн газар дээрээ барьж байсан барилгын суурь луу тухайн бохир ус нэвчиж, үүний улмаас зоорины давхрын шал хагарч гэмтсэн, овойж хөлдөн ашиглах боломжгүй болсон учраас гэм хорын хохиролд 29,527,850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэх, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн эсэх дээр зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул ИХШХШтХ-ийн 172.2.1-т заасан үндэслэлээр гомдлоо гаргаж байна.
Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэл: Магадлалд “нэхэмжлэгчийн барилгын суурь руу нэвчсэн ус хариуцагчийн барилгаас гарсан бохир ус уу, эсхүл хөрсний ус уу гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн барилгын шалыг солих болсон шаардлага нь бохирын ус нэвчсэнээс эрүүл мэндийн хувьд ашиглах боломжгүй юм уу, эсхүл бохир ус нэвчсэний улмаас хэрэглэх боломжгүй юм уу гэдэг нь тогтоогдоогүй байна гэх дүгнэлтийг тус тус хийсэн. Нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хариуцагчийн гэм буруутай эсэх нь бүрэн тогтоогдсон гэж үзэж байгаа болно. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2019.10.18-ны өдрийн 02-15/411 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораторийн сорилтын тайлан: “шинжлүүлсэн дээж нь “Бохир ус” бөгөөд “...нэг удаагийн шинжилгээгээр шинжилсэн үзүүлэлтүүд нь Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Хаягдал ус Ерөнхий шаардлага МNS4943:2015 стандартаас их байгаа...” гэх дүгнэлт. Энэхүү дүгнэлтээр барилгын суурь руу нэвчсэн ус нь хөрсний ус биш гэдгийг хангалттай нотолж байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч З.О-ийн 2019.10.29-ний өдрийн 02-07-378/788 тоот “Д” ХХК-д хүргүүлсэн албан шаардлага. Тус албан шаардлагаар “2019.08.30-ны өдөр хяналт шалгалт хийгээд “Хийн барилгын бохир усны цооногоос бохир ус алдаж байгааг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй байгаа тухай” нөхцөл байдлыг тогтоож, цооногийг засварлан, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах ажлыг 2019.11.01-ний өдрийн дотор гүйцэтгэж, 2019.11.05-ны өдрийн дотор мэдэгдэхийг даалгасан. “Д” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2019.12.03-ны өдрийн 19/51 “Хийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг Ш.О-ын нөхөр өөрийн биеэр ирж битүүлсэн... ” гэх албан бичиг. Үүгээр Хийн барилгын бохир хадгалах цооног нь цоорхой байсныг нь хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Хийн бохирын цооногийн цоорхойг бөглөснөөс хойших нэвчиж гарах бохир ус багассан, цоорхойг бөглөснөөс хойш хариуцагч тал нь 7 хоногт 3-4 удаа бохир соруулах ажил хийдэг болсон тухай нэхэмжлэгчийн тайлбар. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бохирын усаа 7 хоногт 3 удаа соруулдаг” гэх тайлбар болон түүнийгээ нотолсон баримт нь зөвхөн цооногийг бөглөснөөс хойших хугацаанд буюу 2019.06.04-ний өдрөөс эхлэн 2 хоногийн зайтай соруулж эхэлсэн баримт байдаг. Үүгээр нэхэмжлэгчийн “цооногийг бөглөхөөс өмнө бохир ус нь манай хашаа руу урсдаг байсан” гэх тайлбарыг давхар нотолж байгаа болно. Үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Ч.М-ыг гэрчээр асуусан тэмдэглэл, С.Б-ийг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг дээр дурдсан нотлох баримтуудаар хариуцагчийн Хийн барилгын цооног нь цоорч, бохир ус нь нэхэмжлэгчийн барилгын суурь руу ус нэвчсэн болохыг, мөн ийнхүү ус нэвчсэнээс Ш.О-д 29,527,850 төгрөгийн хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдож байгаа болно. Харин давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийн барилгын суурийн шалыг солих болсон шаардлага нь бохирын ус нэвчсэнээс эрүүл мэндийн хувьд ашиглах боломжгүй юм уу, эсхүл бохир ус нэвчсэний улмаас хэрэглэх боломжгүй юм уу гэдэг нь тусгайлан тогтоох шаардлагатай үйл баримт гэж үзэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй юм. Мөн Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ судалгааны дүн баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү нотлох баримт нь нотолгооны шинжийг агуулаагүй, уг ажиллагааны ноцтой зөрчил биш юм.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах гомдлын шаардлагын хувьд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нь “барилгыг барихдаа зохих зөвшөөрөл аваагүй, хөрсийг шинжлүүлээгүй” болох нь хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон тул гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар багасгах үндэслэлтэй гэж дүгнэв” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн барьж байсан тухайн барилга нь 21x9 харьцаатай, 2 давхар, нийт 378 м.кв талбайтай /зоорины давхрын талбайг нийт талбайд оруулан тооцдоггүй/, амины сууц зориулалттай барилга билээ. Барилга хот байгуулалтын сайдын 2018.12.31-ний өдрийн 218 дугаар тушаалаар баталсан "Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалтыг хүчин чадлаар тогтоох дүрэм”-ийн дагуу нэхэмжлэгчийн барилга нь “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”-д багтана. Гэтэл хариуцагчийн гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэсэн атлаа барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагагүй, нэхэмжлэгчийн хууль тогтоомжийн хүрээнд хүлээгээгүй үүргийг түүнд хүлээлгэж “нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэм хор учрахад нөлөөлсөн” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.16-ны өдрийн 210/МА2026/00137 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Ш.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.31-ний өдрийн 001/ШХТ2026/00371 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 29,527,850 төгрөг гаргуулах шаардлагаа тайлбарлахдаа “... 2011.10.04-ний өдөр ... тоот 646.15 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан ба 2017 онд 2 давхар барилгын ажлыг эхлүүлсэн. 2019.03.05-ны өдөр барилгын хойно байрлах "Д" ХХК нь "Х"-ийн бохир усны ёмкостийг цоолж бохир нь манай барилга болон газар руу орж их хэмжээний хохирол учруулаад байна. 2019.05.23-нд ёмкостийн 2 нүхийг хариуцагчийн захирал, миний нөхөр болон Ч.М нар нийлж нөхсөнөөр хашаа руу орох бохир ус илт багассан. Мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 6 сард газрын хөрсөө шинжлүүлэхээр хүсэлт өгсөн ба байцаагчийн дүгнэлтэд стандарттай харьцуулахад их бохирдолтой байна гэсэн. 2019 оны 10 сард дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гараашны доорх хөрснөөс гарч буй усанд шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн ба үзүүлэлтүүд нь ... стандартаас их байна гэсэн хариу гарсан. Мөн 2019.08.08-ны өдөр "Х"-ийн барилгын бохир усны цооногийг улсын байцаагч 2019.08.30-ны өдөр талуудыг байлцуулан хяналт шалгалт хийсэн ба “Д" ХХК-ийн захирал М.Б-д ...2019.11.01-ний өдрийн дотор "Х"-ийн барилгын бохир усны цооногийг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах ажлыг гүйцэтгэж, мөн сарын 05-ны дотор хариу өгөхийг албан шаардлагаар хүргүүлсэн. Албан шаардлагын хариунд "Х"-ийн бохир усны цооногоос бохир ус алдаж болзошгүй гэх алдаа дутагдал гарсан бөгөөд 2019.05.23-нд "Х"-ийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг иргэн Ш.О-ын нөхөр өөрийн биеэр битүүлсэн болно гэсэн.
“Д" ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8. "өөрийн эзэмшилд байгаа төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 "зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчиж бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна. Иймд бохир ус нэвчин орсноос болж барилгын шалыг сольсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс болох 4,400,000 төгрөг, ажлын байр, гараашны зоорины давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг болох 25,127,850 төгрөг, нийт 29,527,850 төгрөгийг гаргуулна. Өмнө гаргасан 55,158,127 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгасан” гэжээ.
Хариуцагч “Д” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргахдаа “...”Х”-ийн барилгаа 2000 онд барьж, 2016 онд өргөтгөсөн бөгөөд үүнээс хойших хугацаанд ямар нэг байдлаар хөрш зэргэлдээ айлууд руу ус орж байгаа гэх гомдол байгаагүй. Ш.О нь 2017 онд манай барилгаас 2 айлын хашааны цаана байрлах хашааг худалдан авч 3 давхар барилга барьж эхэлсэн. 2019 оны 2 сард өөрийн хашаа, барилгын доороос ус тунаж эхэлснийг манайхаас гарсан гэж хэл ам гаргаж эхэлсэн бөгөөд манайхтай яг зэрэгцээ хашааны айлууд ийм асуудал гаргаагүй атал 2 хашааны цаадах Ш.О асуудал эхлүүлсэн. Ш.О танайхаас бохир ус алдаад байна гэж хэл ам гаргаад байхаар нь эв эеийг бодож бохир ус агуулах савныхаа нэгийг нь бүрэн булж ажиллуулахаа больсон, сав нь ямар нэг цоорхойгүй тус бохир ус тэдний барилга руу урсаагүй болох нь тодорхой болсон юм. Үүнийг шалгахаар Ш.О-ын хамт түүний хашаан дотор ус гарч байгаа газрыг трактороор ухаж үзэхэд газрын гүний 4 метр орчмоос гүний усны судал урсаж байсныг манай тал баримтжуулж авсан. Манай барилгын бохирын усны сав нь газрын гүний 2-3 метрт булагдсан тул 2-3 метрийн төвшинд ус газрын хөрсөнд нэлэнхүйдээ тархсан байх ёстой байсан, харин газрын хөрсөнд дотор судал үүсгэж урсгах боломжгүй гэдэг нь энгийн ойлгомжтой баримт. Манай компанийн барилгын бохирын савнаас одоогоор ус алдагдсан зүйл огт байхгүй, ёмкость бүрэн битүүмжлэлтэй байгааг нотолно. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс бүхэлдээ бохирдолтой, үүний дотор нэхэмжлэгчийн барилга байршиж байгаа 7 буудал орчмын хөрс зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой болохыг Монголын хөрс судлалын холбооны судалгаа нотолно. “Х”-ийн бохирын цооногоос бохир ус Ш.О-ын барилга руу орсон гэх баримт байхгүй, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлага нь манай бохир ус Ш.О-ын барилга руу орсныг тогтоосон баримт биш. Ш.О нь уг 3 давхар, нэг давхартаа 360 м талбай, нийтдээ 1080 м барилгыг аж ахуйн зориулалтаар бариулахдаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хөрсний шинжилгээ хийлгээгүй, өөрөө барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төслөө батлуулаагүй хууль зөрчиж бариулсан, уг барилга нь Сэлбэ голоос 51 метрийн зайд оршиж байгаа, энэ нь угаасаа бохирдолтой, гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр барилга бариулчхаад ийнхүү бусдаас хууль бусаар мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Түүнчлэн 2019 он бороо хур ихтэй жил байсан бөгөөд үүний улмаас хөрсний ус ихээр тунаж барилгын суурь руу нэвчиж байгааг мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш ярьсаар ирсэн. Нэхэмжлэгчийн шаардаж буй ажлын зардал үндэслэлгүй их хэмжээтэй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Ш.О нь барилгын суурьт их хэмжээний ус нэвчсэний улмаас барилгын суурийн бетонон шалыг хуулж, суваг гаргасан гэх ба энэ үйл баримт нь хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдож, зохигч маргаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэгт заасан гэм хор учирсны улмаас хохирол, зардал учирсан гэжээ. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021.10.26-ны өдрийн 492 дугаар хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар ...нэхэмжлэгчийн барьж буй үл хөдлөх эд хөрөнгөд ус нэвтэрсний улмаас учирсан хохирлыг засварлах зардлыг 25,126,850 төгрөг гэж тодорхойлсон нь хэрэгт авагджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүхээс хүсэлтийг удаа дараа хангаж шийдвэрлэсэн боловч томилогдсон шинжээч нараас албан бичгийг ирүүлж, шинжээчээр ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байна. Хариуцагч нь ...манай барилгын бохирын усны савыг 2000 онд байршуулсан, газрын гүний 2-3 метрт булагдсан ...манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаад 15 тонны машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг бөгөөд хоногт дунджаар 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг... гэсэн. Талууд 2019.05.23-ны өдөр хамтран хариуцагчийн бохирын цооног 2 хэсэгт цоорхой байсныг битүүлж, бөглөсөн талаар хэн аль нь маргаагүй. Дээрх цоорхойг битүүлснээс хойш их хэмжээний ус гарахаа больсон тухай нэхэмжлэгчийн тайлбарыг няцаах баримт цуглаагүй тул өмнө нь хөрснөөс их хэмжээний ус гарч, нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрсөнд нэвчиж байсан үйл баримтыг хариуцагчийн бохирын ус хөрсөөр дамжин нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурьт нэвтрэн орсонтой шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Д” ХХК-д хүргүүлсэн “Дутагдал арилгуулах тухай” 2019.10.29-ний өдрийн №02-07-378/788 албан шаардлага болон хэргийн бусад баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ...хариуцагчийн гэм буруутай гэх үйлдэл бүхэлдээ үгүйсгэгдээгүй тул хариуцагчаас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч нь барилгыг барихдаа зохих зөвшөөрөл аваагүй, хөрсийг шинжлүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон тул гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар багасгах үндэслэлтэй” гэж дүгнээд, хариуцагчаас 14,763,925 төгрөг гаргуулж, үлдэх 14,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа “... анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан баримт, талуудын тайлбар, бичгийн нотлох баримтыг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид гэм буруугийн талаар маргаж, маргаан бүхий асуудлыг тодруулахаар шинжээчээр мэргэжлийн байгууллагуудыг удаа дараа томилсон боловч шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн. Анхан шатны шүүх хариуцагчийн хариуцан ажиллуулдаг Хийн бохирын цооногт байрлуулсан сав /ёмкость/ 2 газар цоорсныг талууд хамтдаа бөглөж битүүлсэн, дээрх цоорхойг битүүлснээс хойш ус гарахаа больсон, өмнө нь хөрснөөс их хэмжээний ус гарч, нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрсөнд нэвчсэн баримтыг хариуцагчийн бохирын ус хөрсөөр дамжин барилгын суурьт нэвтрэн орсонтой шалтгаант холбоотой гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүй. Хариуцагчийн татгалзалд хамаарах ... 7 буудал орчмын хөрс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан хөрсний зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой талаар судалгааны дүн гарсан гэх тайлбар, судалгааны дүн бүхий баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй тул хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзнэ” гэсэн үндэслэл заажээ.
10.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Хариуцагч нь анхан шатны шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, эрх зөрчигдсөн гэдэг үндэслэлээр бус, харин хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гэсэн агуулгатай гомдол гаргасан. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргасан байна.
12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гурван үндэслэл заасан буюу анхан шатны шүүхийг хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэсэн агуулгаар буруутгажээ. /Тогтоолын 9/
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй.
Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2026/00137 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 305,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД