| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 188/2020/0548/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1306 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2020/ДШМ/1306
2020 10 08 2020/ДШМ/1306
Ш.М-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Яндаг,
шүүгдэгч Ш.М-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/814 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808047160508 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ш-ийн М-, Өвөрхангай аймагт 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух, /РД:000000000/,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сар 8 хоногийн хорих ялаар тогтоосон,
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлсэн,
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 1 жил 6 сар 24 хоног хорих ялаар тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн.
Ш.М- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-137 тоотод оршин суух Ж.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sony” загварын 49 инчийн зурагт, 35 кг хонины мах, шоколадны крем, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг нь авч, 2,862,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.М-ыг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 2,862,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Б-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан болон үүнээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед, одоо ч сүүлийн шийтгэх тогтоол гарсан эрүүгийн 1808047160508 дугаартай хэргийг мэдүүлж байсан. Хяналтын прокурор М.Сүхчулуун томилогдсоноос хойш тухайн хэргийг хамт шалгуулах хууль эрх зүйн орчныг хааж боогдуулсан нь одоогоор эрх зүйн байдалд минь сөрөг үр дагавар үүсгэж байна. Хэргийн талаар ямар нэг маргах зүйлгүй.
Энэ хэрэгт цагдан хоригдохын өмнө эхнэр Н.Д- нь бусдад зодуулж амь насаа алдаж, миний хүүхдүүд болох М.А, М.А, М.Э нар “Өнөр бүл” Улсын асрамжийн газарт амьдарч байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сард булчирхайн сүрьеэгээр өвдөж тусгаарлагдан эмчлүүлсэн. Иймд гурван хүүхдийн ирээдүй, миний эрүүл мэндийн болон эрх зүйн байдлыг дордуулалгүй хэргийг нэгтгэн нэг удаа шийдвэрлэж, ялыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Ш.М- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 0-000 тоотод оршин суух Ж.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sony” загварын 49 инчийн зурагт, 35 кг хонины мах, шоколадны крем, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг нь авч, 2,862,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Б-гийн “... байшингийн зүүн талын хүүхдийн унтлагын өрөөний вакум цонхыг хөшиж онгойлгоод зурагт аваад хаалгаар гарах гээд онгойлгож чадаагүй учир өрөөний цонхыг хагалсан шинжтэй байсан ...” /хх 31/,
гэрч Б.Д-гийн “... 13 цагийн үед утсаар дуудлага ирж гэрт хулгайч орсон тухай мэдсэн. Байшингийн зүүн талын цонх хагарсан байсан ...” /хх 32-33/,
гэрч С.Нямдаваагийн “... гэртээ орох гэтэл цоож нь онгойхгүй, зүүн талын цонх хагарсан, хулгайч орсон байдалтай байсан ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /хх 50-51/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-19/, шүүгдэгч Ш.М-ын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 63-66/ зэргээр нотлогдсон байна.
Шүүгдэгч Ш.М- нь хохирогчийн хувийн сууцны цонхыг хагалж ороод зурагт, мах, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг авсан байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг бүрэн хангажээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Ш.М-ын гэм буруу, өмнө нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн байна.
Тэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлэхийн өмнө хохирогч Ж.Б-гийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, уг тогтоол гарсны дараа илэрсэн учир шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлан ял шийтгэжээ.
Шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны хойно илэрсэн нөхцөлд дээрх байдлаар ялыг нэмж нийт эдлэх ялыг тогтоохоор Эрүүгийн хуульд заасан байх тул давж заалдах гомдлын дагуу хэргийг нэгтгүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ДШМ/329 дугаартай магадлалд /хх 80-87/ эх Д-гээр овоглосон А /РД: 0000000/, Анужин /РД: 000000000/, Энэрэл /РД: 000000000/ нарын асрамжийн асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/407 дугаар захирамжаар шийдвэрлэсэн талаар дурьдсанаас үзвэл шүүгдэгч Ш.М-ыг өрх толгойлсон ганц бие эцэг гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хэргийг нэгтгэх, ял, дэглэмийг хөнгөрүүлэх”-ийг хүссэн шүүгдэгч Ш.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/814 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН