Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2022/00187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: З.Мхолбогдох

гэм хорын хохирол 6,835,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 31ий өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан З.М нь худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч Ц.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас халсан. Улмаар Ц.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00023 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдлоор хэлэлцэж 06 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, улмаар нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6,835,325 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны дансанд 2,249,072 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төрийн банкны дансанд 4,586,253 төгрөг, нийт 6,835,325 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 6,835,325 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас хүсэлт ирүүлсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-д олгосон нөхөн олговрыг З.М-с гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид зааснаар З.М нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Ц.Ц-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан З.М-с 6,835,325 /зургаан сая найман зуун гучин таван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.П нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийг дэлгэрэнгүй уншсан учир нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Албан тушаалтан З.М-н иргэн Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хууль бус болохыг Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор тогтоосон. Энэ хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг орон нутгийн өмчийн газрын төсвөөс олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймээс албан тушаалтан З.М-н албан үүрээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас 6,835,325 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэн уг гэм хорыг арилгахын тулд З.М-с дээрх мөнгийг гаргуулж улсын орлого болгох нэхэмжлэлээ дэмжиж байна. Прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх дээр нэлээдгүй маргаан үүсдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 зүйлд заасан эрх үүргийн хүрээнд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн заалт байгаа. Мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан байгаа. Дээрх хуулийн зүйл заалтыг харахаар зохигчоор оролцож болох юм байна. Нэхэмжлэл бичиж болох юм байна гэдэг эрх нээлттэй гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа өмнөх прокурор нэхэмжлэл гаргасан байх. Тухайн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцож байгаа учир процессын зөрчил байхгүй гэж харж байна. Ц.Ц гэдэг хүнийг ажлаас халсан үйлдэл нь албан тушаалтан З.М-г хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон уг шийдвэрээр З.М-н үйлдэл нь хууль бус гэж үзээд ажилд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шийдвэр гарсан. Хуль бус гэдгийг нотолсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг яагаад хууль бус гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учирсан байна гэж байгаа. Төр, нийтийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учир дээрх мөнгийг гаргуулж төрийн санд шилжүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагатай холбоотой яригдаж байна. З.М-н гаргасан шийдвэр үйл ажиллагаа хууль бус байсан талаар ярьж байгаа болохоос биш З.М нь тухайн байгууллагын ямар эд хөрөнгийг хариуцдаг байсан талаар харилцааг шийдвэрлээгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхээс үл хамаараад З.М-с дээрх мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шаардлагуудад З.М-н шийдвэр үйл ажиллагаа хамаарахгүй юм. Иймээс нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэж бичигдсэн байсан. Орон нутгийн өмчийн газраас гарсан учраас тухайн төрийн байгууллагад шилжүүлье гэсэн саналтай байна. Төрийн албан хаагч Ц.Ц-г үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэр гаргасан З.М-с 6,835,325 төгрөгийг гаргуулж орон нутгийн өмчийн газрыг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.М нь 2017 онд Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэттгэгчээр ажиллаж байхдаа нягтлан бодогч Ц.Ц-г ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотой З.М-с Ц.Ц-н ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 6.835.325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл ирсэн гэж ойлгож байна. Прокурорын зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэл гаргасан байна. З.М нь 497-р зүйлд зааснаар хууль бус гэм буруутай үйлдлээр хохирол учруулаагүй учир хохирлыг хариуцан арилгах хуулийн үндэслэлгүй болно. Мөн З.М нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан учир төрд учирсан хохирлыг бүрэн хариуцан арилгах үндэслэлгүй байна. Түүнчлэн 498-р зүйлд Ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд тухайн гэм хорыг арилгасан байгууллага буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол ажиллаж байгаа байгууллага буюу төр хариуцан арилгахаар хуульчилсан. 497 дугаар зүйл нь хууль бус гэм буруутай холбоотой асуудлыг тогтоосон үед яригдахаар байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар З.М нь ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийсэн, гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүрэн хариуцлагын гэрээ гэж яригддаг. Ц.Ц-н хувьд бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байдаг. Иймээс хохирлыг бүрэн хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчигдөөд байгаа юм биш үү гэдэг дээр тайлбар хэлье гэж бодож байна. Орон нутгийн өмчийн алба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар оролцох ёстой. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн нь тухайн орон нутгийн өмчийн албаны дарга байдаг. Өөр хүн ямар тохиолдолд төлөөлөх вэ гэхээр итгэмжлэлээр төлөөлөхөөр байгаа. Прокурор төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Ингэж оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцохоор байгаа. Прокурор шууд нэхэмжлэл гаргаад явах эрхийг тухайн зүйл заалтад заагаагүй байдаг. Хуульд заасныг зөрчиж нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зөрчсөн асуудал байгаа. Орон нутгийн өмчийн албанаас итгэмжлэл нэртэй хүсэлтийг прокурорын газар хүргүүлдэг. Гэтэл тухайн хүсэлтэд нэхэмжлэл гаргах болоод бусад эрхийг шилжүүлээгүй байгаа. Нэхэмжлэл гаргах эрхээ шилжүүлсэн бол зөв болох байсан. Өмчийн алба нь иргэний нэхэмжлэгч гэдгээр эрх үүрэг нь танилцуулагдаад явсан нөхцөл байдал байна. 35.2 дугаар зүйлд зааснаар прокурор итгэмжлэлээр ороод ирэх боломжтой байсан. Нэхэмжлэл гаргах эрх нь шилжүүлэгдээгүй байхад хүсэлтээр орж ирсэн. Хэрэв хүсэлтээр орж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс оролцохоор байсан. Нэхэмжлэл гаргах эрхтэй субъект нь прокурорын газар биш байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхийг зөрчиж байна. Иймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоол нь З.М-г хууль бус гэдгийг тогтоогоогүй. Иргэний хэргийн шүүх гэм буруутай холбоотой шийдвэр гаргахгүй. Хууль зүйн үндэслэлийн асуудал яригдахаас биш хууль бус гэдэг шийдвэр гараагүй. Гэм буруутай буюу гэм буруугүй асуудал яригдаагүй. Иймээс нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэл гаргахдаа хүсэлтийн дагуу оролцоно. Өмчийн алба хохирсон байх нэхэмжлэлийг төрийн санд төвлөрүүлж өгнө үү гэж байна. Уг нь орон нутгийн өмчийн газрын төсөвт төвлөрөхөөр байгаа. Нэхэмжлэл шууд гаргах эрхтэй субъект нь прокурор биш байна. З.М-н тухайд хууль бус гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй, гэм буруутай талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын газрын нэхэмжлэлтэй З.М-д холбогдох 6,835,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Орон нутгийн өмчийн газрын дарга З.М-с 6,835,325 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна гэв.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамж, уг захирамжийн нэг, хоёрдугаар хавсралт,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/10, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дугаар тушаалууд,

-2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №5, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №13 төлбөрийн хүсэлтүүд,

-Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаар тогтоол,

-Орон нутгийн өмчийн газрын 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар, 2017 оны 10, 11 дүгээр сарын ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл,

-Орон нутгийн өмчийн газрын 07-09 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгт,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/116 дугаар албан бичиг.

 

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШТ2020/00001 дугаар тогтоол.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч З.М-с 872,764 төгрөгийг гаргуулж Говь-Алтай амгийн Орон нутгийн өмчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь З.М-д холбогдуулан гэм хорын хохирол 6,835,325 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь шаардлагын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-д олгосон нөхөн олговрыг З.М-с гаргуулах нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэл шууд гаргах эрхтэй субъект нь прокурор биш, мөн З.Мгийн тухайд хууль бус, гэм буруутай гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч З.М нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч Ц.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13/ШШ2018/00023 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Ц.Ц-г Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6,835,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-д ажилгүй байсан хугацааны олговорт 6,835,325 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №5 дугаартай 4,586,253 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №13 дугаартай 2,249,072 төгрөгийн төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч З.М нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар шүүхийн шийдвэрээр  Ц.Ц-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй, харин гэм буруу болон тухайн нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

      Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газар нь 2022 оны 01 сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн итгэмжлэл олгох тухай албан бичигт “...төрд учруулсан хохирлыг барагдуулах гэм буруутай этгээдийг тогтоолгох ажиллагаанд прокурорыг оролцуулж өгнө үү” гэсэн байгаа нь агуулгын хувьд өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргуулах хүсэл зоригийг илэрхийлсэн буюу шүүхэд иргэний маргаан үүсгэх хүсэл зориг гэж үзэхээр байна.

      Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг эхлэх, өөрчлөх, дуусгавар болгох нь зохигчийн хүсэл зоригийн /диспозитив/ зарчмаар тодорхойлогддог ба хэрэв өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад түүнийхээ дагуу прокурорт хүсэлт гаргаагүй, харин прокурорт итгэмжлэл хэлбэрээр шууд хүсэлт гаргасан байна.

      Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн зохицуулалт нь “хууль бус” зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа, өөрөөр хэлбэл хуулиар хориглосон буюу хийх ёсгүй хууль бус өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, субъектив санаа зорилгоор гэм хор учруулсантай холбоотой тул нэхэмжлэлээр шаардсан хохирол төлүүлэх шаардлагын эрх зүйн хэм хэмжээ болохгүй.

Төрийн албаны тухай /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2002 оны/ хуульд төрийн албаны ангилал, төрийн албан тушаал, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 3, 5 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг “төрийн жинхэнэ албан хаагч” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна гэж зааснаар хариуцагч З.М нь төрийн захиргааны албан  хаагч байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга З.М нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь З.М-г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаж ойлгох нь зүйтэй гэж үзлээ.

Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Ц.Ц, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан З.М ч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.

Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч З.М нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ба тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч З.М-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2017 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасан. 

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын цалингийн тооцооны хүснэгтэд бичигдсэн хариуцагч З.М-н 2017 оны 09, 10, 11 дүгээр саруудын цалингаас 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 875,265+866,264+876,764 = 2,618,293: 3 сар = 872,764 төгрөг байна.

Иймд хариуцагч З.М-с 872,764 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ц нь “...Орон нутгийн өмчийн газрын дарга З.М-с 6,835,325 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх дээрх үндэслэлүүдээр З.М-с 6,835,325 төгрөгийг гаргуулах нь зөв гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.Г- нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, прокурор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 872,764 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 25,496 төгрөгийг хариуцагч З.М-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.М-с 872,764 /найман зуун далан хоёр мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай амгийн Орон нутгийн өмчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 /таван сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 872,764 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 25,496 төгрөгийг хариуцагч З.М-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ