Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00018

 

 

Говь-Алтай аймгийн ОНӨГ-ыг төлөөлөн

Говь-Алтай аймгийн П газрын гаргасан

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ОНӨГ-ыг төлөөлөн Говь-Алтай аймгийн П Г-ын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, 20- ... тоотод оршин суух А овгийн З.М /РД: ДЮ........../ холбогдох,

гэм хорын хохирол 6.835.325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газар нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан З.М нь худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч Ц.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас халсан.

Улмаар Ц.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00023 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж 06 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, улмаар нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6.835.325 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны дансанд 2.249.072 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны дансанд 4.586.253 төгрөг, нийт 6.835.325 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 6.835.325 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас хүсэлт ирүүлсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-д олгосон нөхөн олговрыг З.М-аас гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид зааснаар З.М нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Ц.Ц-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан З.М-аас 6.835.325 /зургаан сая найман зуун гучин таван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.П нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийг дэлгэрэнгүй уншсан учир нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Албан тушаалтан З.М-ийн иргэн Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хууль бус болохыг Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор тогтоосон. Энэ хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг орон нутгийн өмчийн газрын төсвөөс олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймээс албан тушаалтан З.М-ийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас 6.835.325 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэн уг гэм хорыг арилгахын тулд З.М-аас дээрх мөнгийг гаргуулж улсын орлого болгох нэхэмжлэлээ дэмжиж байна. Прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх дээр нэлээдгүй маргаан үүсдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 зүйлд заасан эрх үүргийн хүрээнд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн заалт байгаа. Мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан байгаа. Дээрх хуулийн зүйл заалтыг харахаар зохигчоор оролцож болох юм байна. Нэхэмжлэл бичиж болох юм байна гэдэг эрх нээлттэй гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа өмнөх прокурор нэхэмжлэл гаргасан байх. Тухайн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцож байгаа учир процессын зөрчил байхгүй гэж харж байна. Ц.Ц гэдэг хүнийг ажлаас халсан үйлдэл нь албан тушаалтан З.М-г хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон уг шийдвэрээр З.М-ийн үйлдэл нь хууль бус гэж үзээд ажилд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шийдвэр гарсан. Хууль бус гэдгийг нотолсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг яагаад хууль бус гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учирсан байна гэж байгаа. Төр, нийтийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учир дээрх мөнгийг гаргуулж төрийн санд шилжүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагатай холбоотой яригдаж байна. З.М-ийн гаргасан шийдвэр үйл ажиллагаа хууль бус байсан талаар ярьж байгаа болохоос биш З.М нь тухайн байгууллагын ямар эд хөрөнгийг хариуцдаг байсан талаар харилцааг шийдвэрлээгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхээс үл хамаараад З.М-аас дээрх мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шаардлагуудад З.М-ийн шийдвэр үйл ажиллагаа хамаарахгүй юм. Иймээс нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэж бичигдсэн байсан. Орон нутгийн өмчийн газраас гарсан учраас тухайн төрийн байгууллагад шилжүүлье гэсэн саналтай байна. Төрийн албан хаагч Ц.Ц-г үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэр гаргасан З.М-аас 6.835.325 төгрөгийг гаргуулж ОНӨГ хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.М нь 2017 онд Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нягтлан бодогч Ц.Ц-г ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотой З.М-аас Ц.Ц-ийн ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 6.835.325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл ирсэн гэж ойлгож байна. Прокурорын зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэл гаргасан байна. З.М нь 497 дугаар зүйлд зааснаар хууль бус гэм буруутай үйлдлээр хохирол учруулаагүй учир хохирлыг хариуцан арилгах хуулийн үндэслэлгүй болно. Мөн З.М нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан учир төрд учирсан хохирлыг бүрэн хариуцан арилгах үндэслэлгүй байна. Түүнчлэн 498 дугаар зүйлд ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд тухайн гэм хорыг арилгасан байгууллага буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол ажиллаж байгаа байгууллага буюу төр хариуцан арилгахаар хуульчилсан. 497 дугаар зүйл нь хууль бус гэм буруутай холбоотой асуудлыг тогтоосон үед яригдахаар байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар З.М нь ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийсэн, гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүрэн хариуцлагын гэрээ гэж яригддаг. Ц.Ц-ийн хувьд бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байдаг. Иймээс хохирлыг бүрэн хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчигдөөд байгаа юм биш үү гэдэг дээр тайлбар хэлье гэж бодож байна. Орон нутгийн өмчийн алба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар оролцох ёстой. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн нь тухайн орон нутгийн өмчийн албаны дарга байдаг. Өөр хүн ямар тохиолдолд төлөөлөх вэ? гэхээр итгэмжлэлээр төлөөлөхөөр байгаа. Прокурор төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Ингэж оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцохоор байгаа. Прокурор шууд нэхэмжлэл гаргаад явах эрхийг тухайн зүйл заалтад заагаагүй байдаг. Хуульд заасныг зөрчиж нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зөрчсөн асуудал байгаа. Орон нутгийн өмчийн албанаас итгэмжлэл нэртэй хүсэлтийг прокурорын газар хүргүүлдэг. Гэтэл тухайн хүсэлтэд нэхэмжлэл гаргах болоод бусад эрхийг шилжүүлээгүй байгаа. Нэхэмжлэл гаргах эрхээ шилжүүлсэн бол зөв болох байсан. Өмчийн алба нь иргэний нэхэмжлэгч гэдгээр эрх үүрэг нь танилцуулагдаад явсан нөхцөл байдал байна. 35.2 дугаар зүйлд зааснаар прокурор итгэмжлэлээр ороод ирэх боломжтой байсан. Нэхэмжлэл гаргах эрх нь шилжүүлэгдээгүй байхад хүсэлтээр орж ирсэн. Хэрэв хүсэлтээр орж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс оролцохоор байсан. Нэхэмжлэл гаргах эрхтэй субъект нь прокурорын газар биш байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхийг зөрчиж байна. Иймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоол нь З.М-г хууль бус гэдгийг тогтоогоогүй. Иргэний хэргийн шүүх гэм буруутай холбоотой шийдвэр гаргахгүй. Хууль зүйн үндэслэлийн асуудал яригдахаас биш хууль бус гэдэг шийдвэр гараагүй. Гэм буруутай буюу гэм буруугүй асуудал яригдаагүй. Иймээс нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэл гаргахдаа хүсэлтийн дагуу оролцоно. Өмчийн алба хохирсон байх нэхэмжлэлийг төрийн санд төвлөрүүлж өгнө үү гэж байна. Уг нь орон нутгийн өмчийн газрын төсөвт төвлөрөхөөр байгаа. Нэхэмжлэл шууд гаргах эрхтэй субъект нь прокурор биш байна. З.М-ийн тухайд хууль бус гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй, гэм буруутай талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А овгийн З.М-аас 872.764 /найман зуун далан хоёр мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн ОНӨГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.962.561 /таван сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 872.764 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 25.496 төгрөгийг хариуцагч З.М-аас гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн П Г-ын ерөнхий прокурорын орлогч Д.П би, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаартай шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А овогт З.М-аас 872.764 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн ОНӨГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.962.561 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Гомдлын агуулга, үндэслэл: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан З.М нь худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч Ц.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас халсан.

 

Улмаар Ц.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00023 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдлоор хэлэлцэж 06 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, улмаар нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаартай тогтоолоор ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6.835.325 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэл хүргүүлж Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны дансанд 2.249.072 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны дансанд 4.586.253 төгрөг, нийт 6.835.325 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5- д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ц-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин 6.835.325 төгрөгийг З.М-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд З.М нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан. Энэхүү тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоосон, харин тэрээр хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх нөхцөл шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаатай. Ажилд эгүүлэн тогтоогдсон Ц.Ц, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан З.М ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнээд тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн түүний нэг сарын дундаж цалин хөлс буюу 872,764 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилснаар буруутай этгээд маргасан тохиолдолд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх боломжтой болсон.

 

Хариуцагч З.М нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагч Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр ажлаа хийж гүйцэтгээгүй алба хаагч Ц.Ц ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Орон нутгийн өмчийн газрын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хуулийн шаардлага, үндэслэл бий болж байна.

 

Хариуцагч төрийн захиргааны албан хаагч З.М-ийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ц.Ц-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх З.М-ийн алба хаагч Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус буюу гэм буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 4 дүгээр зүйл “Төрийн албаны зарчим”, 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

 

Төрийн захиргааны алба хаагч З.М нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нэгнээр хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй ба түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Ц.Ц-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн түүний гаргасан шийдвэрийг хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон болно. Иймд З.М-ийн үйлдэл нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

 

Үндэслэл: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны онцлог ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдлаас шалтгаалан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан байна.

 

Мөн зүйлийн 135.3-т бүрэн хариуцлагын гэрээг албан тушаалын жагсаалтын дагуу байгуулах, хуулийн 133 дугаар зүйлд бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар зохицуулсан байх ба хуулийн эдгээр заалт нь төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай хамааралтай бөгөөд төрд учирсан хохирлыг гаргуулах гэрээний бус үүрэгтэй хамааралгүй юм.

 

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

 

Тиймээс дээрх маргааны харилцаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж прокуророос үзэж байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч З.М-аас гэм хорын хохирол 6.835.325 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаар талуудын гаргасан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ОНӨГ төлөөлөн Говь-Алтай аймгийн П газар нь хариуцагч З.М-д холбогдуулан Ц.Ц-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг байгууллагаас төлсний улмаас учирсан гэм хорын хохирол 6.835.325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.М эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч З.М нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч Ц.Ц-г ажлаас чөлөөлжээ.

 

Ц.Ц-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,835,325 төгрөгийг түүний ажиллаж байсан байгууллагаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгджээ.

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг, худалдан авах ажиллагааны албатай нийлүүлж ОНӨГ байгуулж, бүтэц, орон тоог баталж, нэгдсэн хоёр алба нэг нягтлан бодогчтой болж, өмнөх Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч, худалдан авах ажиллагааны нягтлан бодогч нараас сонгон шалгаруулж Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн байдаг.

 

З.М нь ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоосон боловч тухайн үйлдлийг хууль бус, санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл буюу хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл түүний гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсны улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тухайн байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь З.М-г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч З.М нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал  гаргаж байсан байна.

 

Харин З.М нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар З.М нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсныг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул З.М-г эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.

Ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд энэхүү хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

 

 З.М-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан болох нь тогтоогдоогүй тул З.М-д тухайн үед авч байсан нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирол төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс З.М-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 872,764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь байгууллагад учирсан хохирол барагдуулах ажиллагаанд оролцуулахаар прокурорт итгэмжлэл олгосон байх бөгөөд прокурорыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

            ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                                        Т.Ж