Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00971

 

 

 

 

 

 

 

 2022          10           21                                          001/ХТ2022/00971

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэр,

            Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00018 дугаар магадлалтай,                                                                                                                          

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

... д холбогдох

Гэм хорын хохирол 6,835,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү /цахимаар/ хариуцагч ...  /танхимаар/, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч ... д холбогдуулан гэм хорын хохирол 6,835,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч... гаас 872,764 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 872,764 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 25,496 төгрөгийг хариуцагч ... гаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00018 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 18 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.18-ны өдрийн 001/ХТ2018/01001 дугаартай тогтоолоор Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга ... гийн худалдан авах ажил хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч ... г 2017.10.12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон байхад Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэрийг үгүйсгэх байдлаар дахин үнэлэлт дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хууль 2016.07.01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилснаар буруутай этгээд маргасан тохиолдолд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх боломжтой болсон. Хариуцагч ...  нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагч ... г ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр ажлаа хийж гүйцэтгээгүй алба хаагч ... д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг Орон нутгийн өмчийн газрын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хуулийн шаардлага, үндэслэл бий болж байна. Хариуцагч төрийн захиргааны албан хаагч ... гийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн ... гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. ... гийн ... г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус буюу гэм буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 4 дүгээр зүйл “Төрийн албаны зарчим”, 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ. Төрийн захиргааны алба хаагч ...  нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нэгнээр хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй ба түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн ... гийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байна. Шүүхээс дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны онцлог ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдлаас шалтгаалан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан байна. Мөн зүйлийн 135.3-т бүрэн хариуцлагын гэрээг албан тушаалын жагсаалтын дагуу байгуулах, хуулийн 133 дугаар зүйлд бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар зохицуулсан байх ба хуулийн эдгээр заалт нь төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай хамааралтай бөгөөд төрд учирсан хохирлыг гаргуулах гэрээний бус үүрэгтэй хамааралгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу ... д олгосон ажилгүй байсан хугацааны цалин 6,835,325 төгрөгийг ... гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгасны хариуд гэм буруутай албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа гэж дүгнэсэн болно. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.2 дахь заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 18 дугаар магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч ... д холбогдуулан ... гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг байгууллагаас төлсний улмаас учирсан гэм хорын хохирол 6,835,325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...  эс зөвшөөрч, маргажээ.

6. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... гаас 872,764 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,962,561 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ. 

7. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний  хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.   өдрийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь ... д холбогдуулан гэм хорын хохирол 6,835,325 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч  “...нэхэмжлэл шууд гаргах эрхтэй субъект нь прокурор биш, мөн ... гийн тухайд хууль бус, гэм буруутай гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”... гэж маргажээ.

10. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ...  нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017.10.12-ны өдөр тус газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч ... г ажлаас чөлөөлсөн, ... г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,835,325 төгрөгийг түүний ажиллаж байсан байгууллагаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн 2018.06.18-ны өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгджээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх “......  нь ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоосон, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тухайн байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь ... г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. ...  нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, талуудын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэнэ гэж дүгнэн, хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд энэхүү хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж зааснаар байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 872,764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

12. “...хариуцагч ...  нь ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоосон, шүүхийн шийдвэр биелэгдсэн, хариуцагч  ... гаас 6,835,325 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д нийцнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь  Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байх хугацаандаа ажилтан ... г ажлаас халахдаа буруу шийдвэр гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул хариуцагч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд асуудлыг эрх зүйн үндэслэлтэй шийдвэрлэх ёстой бөгөөд хууль дээдлэх нь төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчим юм. 

13. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч, “...өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргах ёсгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

Хэргийн 55 дахь талд авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020.03.02-ны өдрийн 133/ШТ2020/00001  Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны төлөөлөгч нь  “...нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна. Зарим холбогдох материалыг тодруулах шаардлагатай, мөн хууль эрх зүйн хувьд судалж үзэх шаардлагатай тул татан авах хүсэлтийг гаргаж байна” гэснийг шийдвэрлэхдээ дахин хандах зорилготойгоор нэхэмжлэлээ татан авсан гэж тайлбарласан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй  юм.

Учир нь,  дээрх  анхан  шатны шүүхийн тогтоол нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022.02.22-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай” 09 дугаар тогтоол гарахаас өмнө гарсан байна.

Харин энэ тогтоол гарснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах”
гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай адил
утгаар, нэхэмжлэгч субьектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дагавар нь мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ” гэж тайлбарласнаар ойлгож, хэрэглэнэ.

14. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020.03.02-ны өдрийн 133/ШТ2020/00001 дугаар тогоол гарсны дараа Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2021.01.26-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газарт “...санхүүгийн тайланд хийсэн аудитаар...6,835,325 төгрөгийн авлага үүсгэсэн тул төрд учруулсан хохирлыг барагдуулах ажиллагаанд прокурорыг оролцуулах” хүсэлт гаргаснаар  прокурор  шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй  байна.

15. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00018 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2022/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ... гаас 6,835,325 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “25,496” гэснийг “124,315” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.                             

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ                           

                              Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД