Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2017/00665/и |
Дугаар | 101/ШШ2022/00603 |
Огноо | 2022-02-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00603
2021 02 11 101/ШШ2022/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н-т холбогдох,
Борлуулагчаар ажиллаж байсан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого 91,402,700 төгрөгийг завшсан, улмаар хэргийг шалгах явцад шинжээчийн төлбөрт “*******” ХХК-д төлсөн 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,000,000 төгрөг төлсөн тул нийт 95,302,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Н.Н , хариуцагчийн өмгөөлөгч Л.С , шинжээч С.О , гэрч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н.Н нь “Н” ХХК-д 2012 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2013 оноос эхлэн 2014 оны 05 сарын 28 хүртэл хугацаанд Наранбаатар нь компанийн эд хөрөнгө борлуулалтын орлого болох 91,402,700 төгрөгийг хувьдаа завшиж компанид онц их хэмжээний хохирол учруулсан ба хохирлыг төлөх хугацаа боломж олгосоор байтал зугтаж алга болсон тул компанийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан. Наранбаатарын компанийн 91,402,700 төгрөгийг хувьдаа завшиж онц их хохирол учруулсан үйлдэлд 2014 оны 09 сард Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэргийг нь хянаж шүүхэд шилжүүлэх шатанд явж байхад, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой”-г тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу, “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна...” гэснээр өршөөлд хамрагдан эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Наранбаатар нь компанид учруулсан хохирол 91,402,700 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул 91,402,700 төгрөг болон тэмдэгтийн хураамжийн мөнгийг гаргуулж өгнө үү.
“Н” ХХК-ний Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан, Н.Н т холбогдох нэхэмжлэлийн хэмжээг аудитын “*******” ХХК-д төлсөн 1,500,000 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчид гэрээний дагуу төлсөн 2,000,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч А.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохиролд 95 302 700 гаргуулна. Учир нь хариуцагч нь 2007 оноос борлуулагчаар ажиллаж байсан. 2014 хүртэл ажилласан. 2012.1-2014.5.31 хугацаанд хамаарна. 2011 онд 8 саяын өрөнд орсон. Тэгээд ажлаа хийгээд төлөх болоод Н-д 2012 оноос ажиллаж эхэлсэн. Энэ үедээ гэмтээд эргээд ажилдаа орсон. Улмаар 2014 оны 5 сард өр төлбөрөө барагдуулах талаар шаардахад төлөөгүй. Асуухад заримыг нь би хамаатандаа өгсөн, заримыг нь өөр газар хөрөнгө оруулсан, машин авсан гэж хэлсэн. Гэтэл авлагатай гэсэн хүмүүс нь би өглөгтэй биш харин танай хүнээс авлагатай гэсэн. Ээжид нь хэлэхэд хүлээж бай гээд сүүлдээ цагдаад өгсөн. Ажилд орохдоо байраа барьцаанд тавьсан боловч уг байр нь хариуцагчийн өмч биш байсан. Энэнээс үзэхэд анхнаасаа залилах зорилготой байсан байна. Улмаар цагдаад өгөөд авлагатай гэх ААН-д нь өрөө бүгдийг барагдуулсан байсан. Цагдаа дээр аудитын дүгнэлт гарсныг зөвшөөрч байснаа гэнэт зөвшөөрөхөө больсон. Дахин дүгнэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. Эрүүгийн хэрэг нь гэм буруугаа зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болсон. Бид гомдол гаргаж сэргээлгээд дахин ажиллагаа хийлгэж 92 саяыг зөвшөөрөөд өршөөлийн хуульд хамрагдсан юм. Гэтэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан. Гол асуудал нь түлэгдээд тэр үед нь өөр хүн ажиллах үед Д.Наранбаатар гэж хүн ажиллаж байсан ба түүний баримтууд цуг байсныг яриад байдаг. Бид энэ хүнд хамааралгүй тооцоог нэхээгүй. Зарим тохиолдолд мансуурсан ирдэг байсан ба тэр үед зарим цөөн тохиолдолд гарын үсэггүй баримт байдаг.
Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч компани болон нэхэмжлэгчтэй импортоор оруулж ирдэг Ному ХХК-д олон жил ажиллаж амьжиргаагаа залгуулдаг байсан. Жижиглэнгийн борлуулагчаар 2012 оны 01 дүгээр сараас эхэлж ажилласан. Энэ талаарх баримт болох хөдөлмөрийн гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Жижиглэнгийн борлуулагч компанид борлуулалт хийхдээ үнийн дүн бүхий барааг бусдад зээлээр өгөх эрхийг компани нээж өгсөн. Н.Н ыг олон жил ажиллаж байгаа гэдэг утгаар нь компани итгэл хүлээлгэсэн. Барьцаагаа 50 хувиар барьцаалсан боловч бодитойгоор улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны гэрээг хүчин төгөлдөр үйлдээгүй. Хариуцагч нь 2012 оноос борлуулалт хийж эхэлсэн. 2013 онд өвдсөн гэдэг боловч хэзээ өвдсөн нь тодорхойгүй байдаг. хариуцагчийн 2012 оны жилийн эцсийн үлдэгдэл 60.615.580 төгрөг гэж гарсан. Хариуцагч талын хэлж байгаа Голден дэйж аудитын газрын дүгнэлтийн 3 дугаар хавсралтад байдаггүй юм аа гэж тайлбарлаад байгаа боловч 2013 оны жилийн эцсийн үлдэгдэл тооцоо дээр энэ дүн байгаа. Жил болгон санхүүгийн тайлан аудитаар баталгаажиж байдаг. Тухайн үед яагаад тооцоо нийлээгүй бэ гэж хуралдааны явцад асуулаа. Тухайн үед борлуулагчдаа итгэж байсан учраас харилцагчтай тооцоо нийлдэг байсан. 2012 онд 60 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 2013 онд 70 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 оны 05 дугаар сараас эхэлж авлага нь 100 гаруй сая төгрөг хүрсэн байдаг. Манай талаас хариуцагчийг авлагатай байсан учраас ажлыг нь зогсоосон нь *******ын дүгнэлтийн хавсралт хэсэгт байгаа. 2016 оноос бэлэн бараа борлуулахгүй орлогыг нь хүлээн авч тооцоо нийлж байсан. Манайх харилцагч нараас 91.402.700 төгрөгийн авлагатай гэж итгэж явсан. 2014 оны 07 дугаар сараас хойш борлуулалтын орлого нэмэгдэхгүй байсан. 2014 оны 07 дугаар сард 20 сая төгрөгийн орлого орж ирсэн. Энийг бүртгэж 100 сая төгрөгөөс нь компани хассан. Тэгээд компани юу болов гээд асуухад 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч бичиг хийж өгч байсан энэ талаарх нотлох баримт хэргийн материалд хавсаргасан байгаа. Үүнийг компани Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулсан. Шалгуулж байх хугацаанд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүссэн. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй мөнгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй вакум цонхны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн, компани мөнгийг хувиасаа зээлж байгаа юм шиг бусдад зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Би өмгөөллийн дүгнэлтдээ 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан өршөөлийн хуультай хамаарахгүйгээр түүнээс өмнөх үйл баримтыг шүүх онцгойлон анхаарч үзээсэй хүсэж энэ он саруудыг тодруулан хэлж байна. Эрүүгийн хэрэг дээр магадгүй ял завших эрүүгийн хэргээс чөлөөлөгдөх арга хэрэглэж буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг юм байж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагч тэгш эрхтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар зохигч хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй. Зохигчдын тайлбар нь нотлох баримтад хамаарна. 2018.3.27-ны хурлын тайлбар нотлох баримт болдог. Өршөөлийн хуульд хамрагдахын тулд эрүүгээр шалгаж байхад зөвшөөрсөн гэж байна. Хэрэгт байгаа мэдээлэл аудит, шонхор аудит, Голден пэйж зэрэг үнэлгээг харьцуулж шийдвэр гаргаасай. Давах Шонхрын дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн боловч ямар ч баримт урьдчилж хөдөлшгүй гэж дүгнэгдэхгүй. Буруу тэмдэг дарсан нь уг баримтыг шууд үгүйсгэхгүй юм. Голден пэйжийн дүгнэлт нь шүүгчийн асуултад хариулах биш нэхэмжлэгчийн санхүүгийн сахилга батад л шалгалт хийгээд байна. Гэтэл байгаа баримтад үндэслээд хөндлөнгийн байдлаар дүгнэлт гаргасан бай ёстой. Шинжээч бол шаардлагатай баримтуудыг талуудаас авах журмаар тайланг файлаар шинжээчид нярвын баримтын хамт өгсөн. Гэтэл энэ баримтуудыг үнэлж дүгнэлтэд тусгаагүй. Мөн шинжээч нь үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт гаргах ёстой. Мөнгөн дүн нь хоорондоо зөрдөг. Иймд хэрэгт байгаа бусад баримтаар нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү. Барааны үнэ болон эрүүгийн хэрэгт гарсан зардлуудаа Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэл үзүүлснийхээ төлөө хохироод байна. Хэрэг нь маш их удааширч улам их хохирол учирч байна. Хэрэв шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг барих ёстой гээд дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл хуулийн 111-р дахин шинжээч томилох эрхтэй гэв.
Хариуцагч Н.Н , түүний өмгөөлөгч Л.С нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-аас Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Н надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Наранбаатар би 2008 оноос 2014 оны 05 сарын хооронд “Н” ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаанд 91,402,700 төгрөгийн өр төлөлтийн дутагдал гаргасан гэж надаас нэхэмжилдэг. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгаад надад холбогдох хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Надаас нэхэмжилж буй хохирлын хэмжээ хэт өндөр байгаа учир дахин нягталж төлбөрийг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие төлбөрийн чадваргүй эхнэр 2-10 насны 4 хүүхдийн хамт амьдарч эрхэлсэн ажилгүй, орох оронгүй одоогоор хадмындаа амьдарч байгаа. Өрхийн орлого байхгүй, 4 жилийн өмнө биеийн ихэнх хэсгээр галд түлэгдсэнээс биеийн эрүүл мэнд муу болсон зэрэг эрүүл мэнд, эд хөрөнгийн байдлыг минь харгалзан үзэж нөхөн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Надад тооцооны баримт танилцуулдаггүй байсан. Дараа нь өмгөөлөгч аваад баримтуудтай танилцахад гарын үсэггүй, зөрүүтэй баримтууд байсан юм. Мансуурсан гэдэг дээр зөвшөөрөхгүй. Манай найз л өөр хүнтэй тийм юм болсон.
Энэ хэрэг шүүхэд 3 жил болж байна. Учир нь хариуцагч нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ гэдэг. Өршөөлийн хууль гарсан. Хэн ч шоронд орохыг хүсэхгүй. Улмаар хохирлын хэмжээний талаар маргах эрхтэй. Хэрэгт олон дүгнэлт байгаа. Эдгээрээс үзэхэд яг тэдийг төлөх ёстой гэдэг нь тогтоогддоггүй. Гэвч Голден пэйж шударга ажилласан гэж үзэж байна. Энд бүхий л баримтыг үзсэн. Санхүүгийн баримтаар нотлоогүй бол тааж төлж болохгүй. Эрүүгийн хэрэгт хэргээ хүлээж болно. Гэхдээ энд хохирлын дүнг тогтоох ёстой. Шонхорын дүгнэлтийг хүчингүй гэсэн бөгөөд давах эргэлзээтэй гэсэн. Төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн баримт хэрэгт харагдахгүй байна. Харилцагч нарынхаа баримтыг хэрэгт өгдөггүй. Нягтлан бодох бүртгэлийн журам зөрчигдсөн байна. Хохирлын хэмжээ тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Прокурор дээр байхдаа хохирлын дүн тодорхойгүй байна гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт байгаа баримтаас шүүж үзэхэд 32 саяын зөрүүтэй байдаг. 2 өөр Наранбаатар байдаг. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. 2012 оны 7-10 сард өвчтэй байсан. Баримтууд нь гарын үсэгтэй үсэггүй гээд тодорхойгүй хоорондоо холилдсон байгаа юм. Дүгнэлтээр гарын үсэггүй, тохирохгүй гэх мэтээр маш олон баримт байна. Тамхи борлуулдаг бол тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл өөр компанийн баримтыг гаргаж байна. Мөн 599 баримтын гарын үсэг биш гэдгийг яаж тооцох вэ. Яагаад энэ талаар ярихгүй байна. Анхнаасаа санхүүгийн баримтаа цэгцлээд цагдаад өгөх, шүүхэд өгөх байсан. Хуурамч баримтаар хариуцагчид холбогдуулж байна. Бидний тооцоогоор 32 саяын зөрүүг юу гэж тооцох нь тодорхойгүй байна. Голден пэйжийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь баримтаа бүрэн гаргаж зөв дүгнүүлэхийг хүсэхгүй байна. Өөр хүний баримтыг давхар тооцогдсон гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн санхүүгийн байдал ямар байсан нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлийг нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал нь шүүхэд “Н” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/29 дугаар шийдвэр /хэргийн 1 дүгээр хавтас 3 дугаар тал/, захирлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/21 дугаар тушаал /хэргийн 1 дүгээр хавтас 4 дүгээр тал/, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар тал/, тооцооны дансны үлдэгдэл /хэргийн 1 дүгээр хавтас 8 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 дүгээр тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр тал/, Н.Н гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар тал/, Н.Н ын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 13-15 дугаар тал/, Н.Н ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 16-17 дугаар тал/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8/243 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар тал/, 09/10 дугаар барьцааны гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 19 дүгээр тал/, Н.Н ыг 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 20-22 дугаар тал/, Н.Н ыг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 23-24 дүгээр тал/, Нямдоржийн Наранбаатар, 2011.10.31 гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар тал/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 6/3190 дүгээр албан тоотын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар тал/, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Н.Н ын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар тал/, Н.Н ыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 8/515 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр тал/, 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дүгээр тал/, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 52 дугаар тал/, Д.Нэргүйн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар тал/, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 54, 57 дугаар тал/, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 55 дугаар тал/, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар тал/, Хаан банкны 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 83 дугаар тал/, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр тал/, Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал/, “*******” ХХК-ний дүгнэлтийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 86-96 дугаар тал/, “Н” ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 78 дугаар тал/, Аж ахуйн үйл ажиллагааны 2019/071 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 35 дугаар тал/, Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх 2018/А/272/2-02 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 36 дугаар тал/, Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах тухай 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ /хэргийн 3 дугаар хавтас 37-39 дүгээр тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/139 дүгээр хариу мэдэгдэх хуудас /хэргийн 3 дугаар хавтас 40 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 095 дугаар дүгнэлтийн хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 41-42 дугаар тал/, 2013-2014 оны тооцооны хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 43 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 54-56 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлын хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 57-58 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/84 дүгээр хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 59 дүгээр тал/, Н.Н ыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 60 дугаар тал/, Хан-уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 дүгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 61-62 дугаар тал/, нотлох баримт 1 дүгээр хавтас 250 хуудас, нотлох баримт 2 дугаар хавтас 250 хуудас, нотлох баримт 3 дугаар хавтас 250 хуудас, нотлох баримт 4 дүгээр хавтас 132 хуудас, хар хавтастай нотлох баримт 158 хуудас баримтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч тал нь шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0032703 дугаар гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас 42 дугаар тал/, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26/20 дугаар тодорхойлолтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 97 дугаар тал/, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18/29 дугаар албан тоот /хэргийн 1 дүгээр хавтас 218 дугаар тал/, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/18 дугаар тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 13-14 дүгээр тал/, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06/130 дугаар албан тоот /хэргийн 2 дугаар хавтас 80 дугаар тал/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07/126 дугаар албан тоот /хэргийн 2 дугаар хавтас 81 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 15 дугаар тал/, 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 3 дугаар хавтас 16-18 дугаар тал/, Н.Н ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 3 дугаар хавтас 63-71 дүгээр тал/, тооцооны товчоо /хэргийн 3 дугаар хавтас 75-94 дүгээр тал/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ний дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 149-180 дугаар тал/, Н.Н ыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 209 дүгээр тал/, Н.Н ын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 210 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3448 дугаар дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 46-56 дугаар тал/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/698 дугаар албан тоот /хэргийн 2 дугаар хавтас 119 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 095 дугаар дүгнэлтийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 120-121 дүгээр тал/, шинжээчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 122-125 дугаар тал/, Ж.С-ийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 126-127 дугаар тал/, Ж.С-ийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор 3 дахь удаа байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 128-129 дүгээр тал/, Ц.Гг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлийн хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 130-131 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2356 дугаар дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 158-241 дүгээр тал/, “Голден пэйж аудит” ХХК-ний дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохиролд нийт 95,302,700 төгрөг гаргуулах тухай “Н” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Н.Н ыг борлуулагчаар ажиллаж байсан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого 91,402,700 төгрөгийг завшсан, улмаар хэргийг шалгах явцад шинжээчийн төлбөрт “*******” ХХК-д төлсөн 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,000,000 төгрөг төлсөн тул нийт 95,302,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Н.Н нь эрүүгийн журмаар шалгагдаж байхад Өршөөлийн тухай хуульд хамрагдах зорилгоор, мөн эрүүгийн болон иргэний хэрэгт байгаа баримтыг өмнө нь үзээгүй, надад үзүүлдэггүй байсны улмаас хохирол төлөхийг зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцахад өөр хүний авсан барааны үнэ давхардсан, шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Улмаар талууд хэн аль нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаарх саналыг бичгээр гаргасан тул хуралдааныг үргэлжлүүлэв.
Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч “Н” ХХК-д 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс борлуулагчаар ажиллаж эхэлсэн болох нь мөн өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч нь бараа, бүтээгдэхүүн буюу тамхийг агуулахаас баримтаар олгодог, хариуцагч нь жижиглэнгээр худалдан авагчдад тарааж, улмаар төлбөрийг борлуулалтын дараа тооцоо хийх замаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Хариуцагчийг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь агуулахаас олгосон тамхинаас төлбөр төлөгдөөгүй үлдэх 91,402,700 төгрөгийг хариуцагч нь хувьдаа завшсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч нь ийнхүү борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа үндсэн болон нэмэгдэл цалин хөлс авч байсан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь байгууллагын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хариуцагчийг цагдаагийн байгууллагад шалгуулж, улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хэргийн 3 дугаар хавтас 54-56 дугаар тал/
Уг тогтоолд энэ хэргийн нэхэмжлэгч тал гомдол гаргаснаар шалгавал зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, хохирлын үнийн дүн тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг сэргээн шалгасан болох нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/84 дүгээр албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар хавтас 57-59 дүгээр тал/
Үүний дараа Н.Н нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 91,402,700 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар мэдүүлэг өгснөөр Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 28, 209, 9 дүгээр тал/
Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч Н.Н нь 91,402,700 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ зөвшөөрсөн байх боловч хохирлын хэмжээг бодитоор буюу эргэлзээгүй нотлох баримтыг үндэслэн тогтоосон баримтгүй байжээ.
Тодруулбал, прокурорын тогтоол нь иргэний хэргийн хувьд бичмэл нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагчийн гэм буруу болон хохирлын хэмжээг шууд нотлохгүй юм.
Мөн хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 27 болон 11-ны өдрүүдэд мөнгөн дүн зөрүүтэйгээр тодорхой хэмжээний хохирол учруулсан бөгөөд төлж барагдуулах талаар гараар баримт үйлдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар тал/ Уг баримтыг бичсэн эсэх талаар хариуцагч маргаагүй.
Түүнчлэн хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан талаар зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 221-224, 222 дугаар тал/
Гэвч хариуцагч нь гараар бичигдсэн баримтыг үйлдэх, шүүх хуралдаанд тайлбар гаргах болон эрүүгийн журмаар шалгагдаж байхад надад ямар нэг баримт үзүүлээгүй, хожим энэ хэрэгт байгаа баримттай танилцахад учруулсан гэх хохирлын хэмжээ нь тогтоогдоогүй гэж маргасан.
Иймд нэхэмжлэгч нь иргэний хэрэгт гэм хор учруулснаас үүссэн гэх хохирол шаардаж байх тул хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргах эрхтэй.
Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар энэ хэргийн хувьд хариуцагч нь бусдын буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгийг завших замаар гэм хор учруулсан бол учруулсан хохирлын хэмжээ нь баримтаар тодорхой тогтоогдох шаардлагатай бөгөөд гэм хор учруулсан үлдэлд хариуцагч шууд хамааралтай байх ёстой.
Нэхэмжлэгч нь хүсэлт гаргаснаар “*******” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хариуцагчийн учруулсан гэх хохирлын талаар дүгнэлт гаргасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 86-96 дугаар тал/
Энэхүү дүгнэлтийг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүхээс хууль сануулаагүй, хэргийн оролцогч нэг талын хүсэлтээр хийгдсэн байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй.
Улмаар тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00363 дугаар тогтоолоор “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 131-133 дугаар тал/
Шинжээч “Шонхор үнэлгээ аудит” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 149-173 дугаар тал/
Гэвч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/18 дугаар тогтоолоор “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр дүгнэлтийг бүтэц, агуулгын хувьд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Үнэлгээний олон улсын стандарт 103 тайлагнал стандартын 30 дугаар зүйлд заасан үнэлгээний тайлан биш болохыг тогтоосон байна. /хэргийн 2 дугаар хавтас 13-14 дүгээр тал/
Иймд “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ний дүгнэлт нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.
Үүний дараа нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 08640 дүгээр захирамжаар “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон. /хэргийн 3 дугаар хавтас 184-187 дугаар тал/
Улмаар шинжээч “Голден пэйж аудит” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр б/102 дугаар албан тоотоор 144 хуудас бүхий дүгнэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн. /хэргийн 3 дугаар хавтас 211-222 дугаар тал, дүгнэлт 1 хавтас 144 хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилох тухай хүсэлт гаргаагүй.
Дүгнэлтэд дурдсанаар 2012 онд агуулгахаас гарсан зарлагын баримтаар нийт 871,071,300 төгрөгийн тамхи борлуулахаар авч, мөнгөн орлогын журналын дүнгээр нийт 879,260,860 төгрөгийн орлого төлөгдсөн. Тооцоог борлуулагчтай нийлж тулгаж тооцоог хянаж албажуулаагүй. 2013 онд агуулгахаас гарсан зарлагын баримтаар нийт 1,104,672,840 төгрөгийн тамхи борлуулахаар авч, мөнгөн орлогын журналын дүнгээр нийт 1,179,100,210 төгрөгийн орлого төлөгдсөн. Жилийн эцсийн тайлан гаргахдаа борлуулагч Наранбаатартай тооцоо нийлж, тооцоо бодсон тооцооны үр дүнг тулгасан тооцооны акт баримт үйлдээгүй. 2014 онд агуулгахаас гарсан зарлагын баримтаар нийт 509,281,000 төгрөгийн тамхи борлуулахаар авч, мөнгөн орлогын журналын дүнгээр нийт 511,776,180 төгрөгийн орлого төлөгдсөн.
“Н” ХХК нь санхүүгийн зүгээс борлуулагч Н.Н ын тамхины үлдэгдлийг 2014 оны 6 сарын байдлаар тооллого хийж, тооцоог нийлж, тооцоог бодож үр дүнг тулган баталгаажуулсан акт үйлдээгүй, албажуулсан баримт ирүүлээгүй тул үлдэгдэлтэй байсан гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэжээ. /шинжээчийн дүгнэлт 4-7 дугаар тал/
Дээрх дүгнэлт болон нэхэмжлэгч талын гаргасан баримт, тооцоог бусдын тооцоотой давхардуулаагүй, дан ганц хариуцагч Н.Н ын тооцоо гэх тайлбарыг харьцуулан үзвэл энэхүү тооцоогоор хариуцагч Н.Н нь 2012-2014 онуудад хүлээн авсан тамхины мөнгөн дүнгээс илүү төлбөр төлсөн гэж үзэхээр байна.
Үүний учир нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 4 хавтас санхүүгийн баримтын хуулбар болон хар хавтастай санхүүгийн баримтуудыг судалж үзлээ.
Эдгээр баримтуудад байх тамхи хүлээлгэн өгсөн зарлагын баримтад хүлээн авагчийн нэр байх боловч эцгийн нэрийн эхний үсэг байхгүй. Улмаар гэрч нь хариуцагч Н.Н нь борлуулагчийн 11 гэсэн кодтой байсан гэж тайлбарласан. Иймд “Борлуулагч 11-Наранбаатар” гэсэн баримтуудаас үзэхэд хүлээн авсан этгээдийн гарын үсэг нь энгийн нүдээр харахад илтэд өөр өөр гарын үсэг байна. Мөн хариуцагч Н.Н ыг эрүүл мэндийн улмаас чөлөөтэй байсан гэх 2012 оны 07-10 дугаар сарын хугацаанд орлож ажилласан Д.Наранбаатар хүлээн авсан байж болох “Д” үсгээр эхэлсэн гарын үсэг зурагдсан баримтууд олон байна. /хар хавтастай баримт 2, 4, 6, 15/
Түүнчлэн борлуулалтын орлогыг нэхэмжлэгч тал хүлээн авахдаа борлуулагч буюу мөнгө тушаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулдаггүй байсан нь дээрх 4 хавтас болон хар хавтаст байгаа баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь борлуулалтын орлогыг бэлэн мөнгөөр хүлээн авахдаа кассын орлогын ордер бичдэггүй, харин мөнгөн орлогын журнал гэсэн баримтаар хүлээн авч зөвхөн ерөнхий болон тооцооны нягтлан бодогч гарын үсэг зурсан байна.
Үүнээс гадна тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07408 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10/3515 дугаар албан тоотоор 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2356 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 2 дугаар хавтас 145-148, 158-241 дүгээр тал/
Энэхүү дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан санхүүгийн анхан шатны баримтаас зарлагын буюу хариуцагчийн хүлээн авсан тамхины дүн нийт 7,300,000 төгрөг, орлогын буюу буцаан төлсөн төлбөрийн дүн нийт 93,059,285 төгрөгийн баримт дээр зурагдсан гарын үсэг хариуцагч Н.Н ын гарын үсэгтэй тохирсон бөгөөд бусад баримтад зурагдсан гарын үсэг нь тохироогүй бөгөөд зарим баримт гарын үсэг зурагдаагүй гэсэн байна.
Түүнчлэн зохигчид хариуцагчийг 2012 оны 07 дугаар сарын дунд үеэс 10 дугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд газ тэсэрсний улмаас түлэгдэж, эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүрэг гүйцэтгээгүй талаар маргаагүй ба энэхүү үйл баримт нь хэргийн 3 дугаар хавтас 62-71 дүгээр талд байх Н.Н ын амбулаториор эмчлүүлэгсдийн картаар нотлогдсон.
Гэвч дээрх 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2356 дугаар дүгнэлтээс үзэхэд хариуцагч эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүрэг гүйцэтгээгүй хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд үйлдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь анхан шатны баримтыг хууль, холбогдох журамд заасны дагуу бүрдүүлдэггүй байжээ.
Энэхүү байдал нь нягтлан бодох бүртгэл хөтлөх талаар заасан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-г зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг 91,402,700 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн завшиж, хувьдаа ашигласан гэх тайлбараа нотолж чадаагүй.
Шүүх удаа дараа шинжээч томилж, улмаар нэхэмжлэгчээс гаргасан бүхий л баримтыг шинжлэн судалсан боловч “Н” ХХК нь нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу явуулдаггүй, анхан шатны баримтыг тогтмол зөв бүрдүүлдэггүй байсны улмаас учруулсан гэх хохирол нь нотлогдохгүй байна.
Бусад шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д үйлчилгээний хөлс гэсэн утгаар 1,500,000 төгрөг төлсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 000507 дугаар төлбөрийн даалгавраар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал/
Гэвч энэхүү төлбөр нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө асуудлыг эрүүгийн журмаар шалгуулах зорилгоор нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой байх тул хариуцагчаас шаардах үндэслэлгүй.
Мөн асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүхийн шинжилгээний үндэсний төвд төлсөн 400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 83 дугаар тал/
Харин хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад 2,000,000 төгрөгийн үнэ бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх боловч уг төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдоогүй. /хэргийн 2 дугаар хавтас 84 дүгээр тал/
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар шүүх дахин шинжээч томилох боломжтой талаар тайлбарласан боловч “Голден пэйж аудит” ХХК-ний дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус гэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан шийдвэрлэх үйлчилгээний үзүүлсний төлбөрт зохигчоос төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улмаар урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, хэрэв нэхэмжлэл хангагдвал хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчээс урсын тэмдэгтийн хураамжид анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд төлсөн нийт 692,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлөх шүүхийн зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх журамтай. Улмаар шинжээч “Голден пэйж аудит” ХХК-ний ажлын хөлс болох 6,820,000 төгрөгөөс тус шүүхийн Тамгын газар 2,500,000 төгрөгийг төлсөн. /хэргийн 3 дугаар хавтас 234 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгчээс 6,820,000 төгрөг гаргуулж, 2,500,000 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 4,320,000 төгрөгийг шинжээчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ