Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2390

 

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01729 дугаар шийдвэртэй Ц.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 504 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140.06 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, М.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 жил 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр талууд харилцан тохирч, зээлийн гэрээг бичгээр үйлдэж нотариатаар батлуулсан. Мөн өдөр хариуцагчийн “Хаан банк” ХХК-ийн 5024422769 тоот дансанд 200 000 000 төгрөг шилжүүлж зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар зээлдэгч Х.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаартай, 000123246 дугаар гэрчилгээтэй 140.06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг уг гэрээний барьцаанд авч, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш үндсэн зээл 200 000 000 төгрөг, хүү 204 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг нийт 504 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Барьцааны гэрээний дагуу гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200 000 000 төгрөг, 17 сарын хүү 204 000 000 төгрөг, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтэрсэн 1020 хоногт зээлийн гэрээний 3-т заасны дагуу төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол 1 020 000 000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 100 000 000 төгрөг, нийт 504 000 000 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 200 000 000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлсэн мөнгийг өгнө. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 200 000 000 төгрөг авсан талаар маргахгүй. Хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан. Түүнийг хүү, алдангид тооцож хасаад үлдсэнийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Ц-гаас 504 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140.06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 150 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас 2 748 150 төгрөг гаргуулж Ц.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. Мөн хэрэгт авагдсан мөнгө шилжүүлгийн баримтууд, дансны хуулгаар гэрээний үүрэгт мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна” гэсэн үнэлэлт өгч, тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдол гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Х.Ц-гаас нийт 504 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл болж буй баримт бол гагцхүү 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ юм. Гэтэл уг гэрээг талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу зээлийн гэрээнд бичигдсэн огнооноос хойш 9 сарын дараа нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд мөн өдөр уг зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг байгуулсан. Дээрх зээл, барьцааны гэрээг талууд урьд байгуулж байгаагүй бөгөөд зээлийн гэрээний огноог ухрааж бичгээр үйлдсэн нь нотариатаар гэрчилсэн үйлдлийн огноо, гэрээний огнооны ялгаатай байдлаар тогтоогддог. Үүнийг хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй талаар илэрхийлэн маргасан ч шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болно.

 

Хүү, алданги бол зээлийн гэрээний үндсэн нөхцөл бөгөөд үндсэн зээл 200 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х.Ц-гийн дансанд шилжүүлэх үед талууд энэ талаар бичгээр харилцан тохиролцоогүй, хожим нөхөж гэрээ үйлдсэн тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ шүүхэд удаа дараа хэлж, бичгээр гаргасан тайлбартаа дурдсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гаргуулсан “Голомт банк” ХХК дахь Ц.Т-ын дансны хуулгад “Цэцэгмаа төлбөр” гэх гүйлгээгээр 42 000 000 төгрөг, бусад мөнгөн дүнг шилжүүлсэн нь Х.Ц-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Хаан банк” ХХК дахь дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон. Гэтэл шүүх хариуцагчийг гэрээний дагуу бага багаар мөнгө өгч байсан гэх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Мөнгө шилжүүлгийн баримтууд дансны хуулгаар гэрээний үүрэгт мөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч талын эрх ашгийг илт баримталсан дүгнэлт болсон.

 

Мөн эвлэрэн хэлэлцэх асуудлыг хариуцагчаас удаа дараа хүсэлт гаргасан байтал 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2018/06181 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эвлэрэн хэлэлцэх эрх нь ямар нэгэн хязгаарлалтгүй хэрэгжих боломжтой гэх үндэслэлээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах гэж заасан ажиллагааг шүүх явуулсан гэж үзэхгүй бөгөөд хэрэг үүсгэсэн шүүгчийн зайлшгүй явуулах ажиллагааг гүйцэд, зөв зохистой гүйцэтгээгүй.

 

Хариуцагч өөрийн татгалзлыг нотлох, нэхэмжлэлийг няцаах зорилгоор Ц.Нямбаярыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2018/06181 дугаар захирамжаар хангасан ч гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа огт явуулаагүй буюу шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас үйлдээгүй, ийм баримт хэрэгт авагдаагүйгээр хөдөлбөргүй тогтоогдоно. Гэрчийг хариуцагч өөрөө шүүхэд ирүүлэх үүрэгтэй мэтээр гэрч асуулгах хүсэлтээс татгалзахаас аргагүй байдалд хүргэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрх ноцтой зөрчигдсөн.

 

... Х.Ц-гийн авсан гэх 200 000 000 төгрөг нь өмнө Ц.Т-, Х.Болормаа нартай тохирч авсан өөр зээлийн мөнгийг дансаар шилжүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ мэт хэргийн бодит нөхцөл байдлын талаар гэрч Ц.Нямбаяр мэдүүлэх шаардлагатай атал уг ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Уг шийдвэрийн улмаас Х.Ц- түүний нөхөр, гурван хүүхэд бүгд орон гэргүй болж төлж баршгүй өр төлбөрт орохоор байгааг шүүх харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 504 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зээлийн төлбөрөөс эргэн төлөлт бага багаар хийсэн, үндсэн зээл 200 000 000 төгрөгийг зөвшөөрнө, хүү алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх1,2,124/

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 жил 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээгээр хариуцагч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшдэг “Хаан банк” ХХК дахь 5024422769 тоот дансанд Д.Ганболдын гэх 5062059376 тоот дансаар хүлээн авсан талаар маргаагүй. /хх 6, 10/

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлт хийсэн талаар тайлбарлаж, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Ганболдын “Хаан банк” ХХК-ийн 5062059376 тоот дансанд Х.Ц-гийн мөн банкны 5024422769 тоот данснаас 45 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, Ц.Т-ын “Голомт банк” ХХК-ийн 1201196546 тоот дансанд 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Цэцэгмаа” гэх утгаар 3 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Цэцэгмаа-с” гэх утгаар 6 500 000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдөр мөн утгаар 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Цэцэгмаа төлбөр” гэх утгаар 42 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Цэцэгмаа-с” гэх утгаар 500 000 төгрөг, 200 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь уг зээлийн гэрээний хугацаанд хамаарч байх боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. /хх37-40, 98, 115/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээрх эргэн төлөлтүүд нь маргаан бүхий энэ гэрээний төлбөрт тооцогдох талаар болон төлбөр шилжүүлсэнтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор иргэн Ц.Нямбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. /хх54/ Шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч тухайн гэрчийг дуудан ирүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2018/06181 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” Шүүгчийн захирамж, мөн дугаар захирамжийн биелэлтийг хангуулах 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2018/07559 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” Шүүгчийн захирамж тус тус биелэгдээгүйгээс хариуцагчийн хүсэлт хангагдаагүй байна. /хх 59-61,109/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагч энэ талаар удаа дараа хүсэлт гаргасныг анхаарч үзээгүй байна. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болох юм. 

 

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс гадна талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ганболд /нэхэмжлэгчийн нөхөр/ С.Жаргалсайхан /хариуцагчийн нөхөр/ нарын хооронд байгуулсан Автомашин худалдах, худалдан авах, мөн өдрийн огноотой Ганболдын Санчир /нэхэмжлэгчийн хүү/ хариуцагч Х.Ц-тай байгуулсан Автомашин худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Т-, Х.Ц- нар нь Д.Болормаатай байгуулсан зээлийн гэрээ  хэрэгт тус тус авагдсан байна. /хх102,89,90,83/

 

Талууд ийнхүү өөр бусад гэрээний төлөлт байгаа талаар тайлбарлаж байгаа боловч  хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга болон орлогын мэдүүлгээр төлсөн төлөлтүүд нь аль гэрээний үүрэгт хамаарч тооцогдох нь тодорхойгүй. Шүүх үүнийг тодруулах ажиллагааг хийгээгүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

 

Иймд хариуцагч талаас дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь талууд 2018 оны 6 дугаар сарын 20, мөн оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцээд хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан ажиллагаа хийгдсэн гэж үзнэ. /хх46,106,124/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анараас/ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА