Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01323

 

 ,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 255 дугаар магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 504,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч П.Цэцгээ, Ч.Анар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,, нар харилцан тохиролцож, 2014.01.05-ны өдөр 200,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 жил 5 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр болсон. 2014.01.05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар батлуулсан.  ,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээний үүргээ биелүүлж, 2014.01.05-ны өдөр нөхөр Д.Ганболдтой хамтран эзэмшдэг Хаан банкны 5062059376 тоот данснаас “Хаан банк” ХХК дахь  ,,,,,,,,,,,,,,,,,гийн 5024422769 тоот данс руу 200,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээл олгосны дараа  ,,,,,,,,,,,,,,,,,тай харилцан тохиролцож, 2014.10.31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн  ,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь нэг өдөр байгуулагдаагүй ч гэсэн талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа, хожим нь харилцан тохиролцож, барьцааны гэрээ байгуулсан.  ,,,,,,,,,,,,,,,,, нь 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон 200,000,000 төгрөгөөс ямар нэгэн байдлаар эргэн төлөлт хийгээгүй учир олгосон зээлээ буцаан авах, 1 жил 5 сарын хугацааны зээлийн хүү, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги тус тус шаардаж байна.  ,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу зээлийг эргүүлэн төлж барагдуулаагүй учир үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 204,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож” зээлдүүлэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан. Алдангийн хэмжээг тооцоолохдоо зээлдэгчийн хугацаа хэтрүүлсэн хоног нь зээлийг эргүүлж төлөх эцсийн хугацаа болох 2015.06.05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2018.04.09-ний өдрийг хүртэл бөгөөд Иргэний хуулийн хугацаа тоолох зарчмын дагуу тоолоход 2 жил 308 хоног буюу 1038 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр, үндсэн зээл 200,000,000 төгрөгийн 50 хувь болох 100,000,000 төгрөг байхаар тооцож нэхэмжилж байна. Иймд хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гаас нийт 504,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн шүүхэд гаргасан тайлбарт: Би 200,000,000 төгрөг авсан дээр маргахгүй. Үндсэн мөнгөө өгөөд үлдсэн мөнгө, хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан. Түүнийг хүү, алдангид тооцож хасаад үлдсэнийг төлөх боломжтой гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримтууд 2014.01.05-ны өдрийн огноотой боловч, 2014.10.31-ний өдөр нөхөж үйлдэгдсэн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах арга барьцааны гэрээ нь дүр үзүүлэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлүүд байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан шинжийг хангасан, хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна.  ,,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,,,д дамжуулан өгөх мөнгийг бодит зээл болгох гэж хичээж байгаа увайгүй үйлдэл нь баримтаар няцаагдана. Зээлийн гэрээ нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь нөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн үеэл дүү, маш ойрын харилцаатай үеэл эгч дүүс юм. Тэд үеэл эгч дүүсийн хувьд хоорондоо олон өглөг авлагатай байдаг. 2013.12.03-ны өдрийн зээлийн гэрээгээр  ,,,,,,,,,,,,,,,,,д  ,,,,,,,,,,,,,,,,,гаас  ,,,,,,,,,,,,,,,,,аар дамжуулан өгөх ёстой байсан мөнгийг  ,,,,,,,,,,,,,,,,, аваад дамжуулж өгөөгүй, 200,000,000 төгрөгийн гүйлгээг зээлийн гэрээ мэт болгосон байдаг. Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль тогтоомж, нотариатын үйлдэл эрхлэх заавар зөрчсөн. Садан төрлийн хүмүүсийн хоорондын хэлцэл хийгдсэн,  ,,,,,,,,,,,,,,,,,ын хүсэлтээр түүнд туслах зорилгоор 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийж, нөгөө тал болох этгээдийн хувийн шинж, үеэл дүүгийн харилцаандаа, үеэл дүү  ,,,,,,,,,,,,,,,,,ын хувьд  ,,,,,,,,,,,,,,,,,д  ,,,,,,,,,,,,,,,,,гаас 250,000,000 төгрөг дамжуулан өгөх үүрэгтэй байсныг үндэслэн, зээлийн гэрээг төөрөгдөж хийсэн нь харагдана. 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээний 1-д зааснаар 200,000,000 төгрөгийг 2014.01.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэл хугацаагаар сар тутмын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохоос гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөлжлөгийн чанартай, бодит бус хүү тогтоосон болохыг харуулж байна. 102,72 хувийн хүү төлүүлэхээр гэрээний нэг талд үүрэг ногдуулж байгаа нь тухайн зах зээлд тогтсон нийтлэг хэм хэмжээг зөрчсөн. Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг шилжүүлсэн гэдэг нь дансаар тогтоогдох боломжгүй. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн 2014.10.31-ний өдөр болон 2014.01.05-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээний заалтыг үндэслэн 6 хувийн хүү, алданги нэхэмжилж байгаа нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, үндэслэлгүй шаардлага гаргасан.  ,,,,,,,,,,,,,,,,, нь 168,400,000 төгрөгийг  ,,,,,,,,,,,,,,,,, болон түүний хамаарал бүхий хүний данс руу шилжүүлсэн нь дансны гүйлгээгээр тогтоогддог.  ,,,,,,,,,,,,,,,,,ын дэвтэрт бичигдсэн бичилтээс харахад  ,,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,,,д 151,750,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. 2014.10.31-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн орон сууц нь  ,,,,,,,,,,,,,,,,,гийн (нэг хүний) өмч биш, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг үеэл дүүгийн хувьд  ,,,,,,,,,,,,,,,,, мэддэг байсан, тэдний зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээ хийсэн болохыг мэдэж байсан.  ,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд үйлдсэн 2014.10.31-ний өдрийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу бодитоор ямар нэгэн мөнгөн төлбөр зээлдэж аваагүй, үеэл дүү  ,,,,,,,,,,,,,,,,,ын гуйлт, ятгалгаар хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гаас 284,814,000 /хоёр зуун наян дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс 219,186,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан  ,,,,,,,,,,,,,,,,, нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,748,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,582,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 255 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,253,880 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1,652,220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болох 219,186,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн “хариу үүргийн хэмжээ”-г тодорхойлохдоо Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3, 208 дугаар зүйлийн 208.5 дахь заалтуудыг хэрэглээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,тай 2014.01.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 2014.01.05-2015.06.05-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож,  ,,,,,,,,,,,,,,,,,гийн Хаан банкны 5024422769 тоот дансруу шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний 1-д зааснаас үзэхэд хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,, нь заасан хугацаа буюу 2014.01.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 6%-ийн хүү төлөх үүрэгтэй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө үндсэн зээл 200,000,000 төгрөг, 2014.01.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 204,000,000 /200,000,000*6%*17сар=204,000,000/ төгрөг, нийт 404,000,000 төгрөгийн “хариу үүрэг”-ийг зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө гүйцэтгэхээр байна. Энэ нь зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн уг зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн нийт хэмжээ юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “Иймд шүүх эдгээр төлөлтийг 2014.01.05-ны өдрийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэж үзэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4 дэх зохицуулалтыг хэрэглэж, хариуцагчаас зээлийн төлбөрт гэрээний хугацаанд 2014.01.07-ны өдрөөс 2015.02.18-ны өдөр хүртэл төлсөн 98,000,000 төгрөгийг үндсэн зээл болох 200,000,000 төгрөгөөс хасч тооцоход зээлийн үлдэгдэл 101,600,000 төгрөг, зээлийн хүүг тооцохдоо зээл ашигласан хугацаагаар тооцож, зээлийн хүү 132,414,000 төгрөг, нийт 234,014,000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй, 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээнд алданги төлөх талаар талууд бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алданги 50,800,000 төгрөг байхаар тооцов.” гэж тус тус дүгнэсэн нь буруу байна. Учир нь, энэхүү зээлийн гэрээний 2-т “Зээлдэгч зээлдүүлэгчид гэрээнд заасан бол зээлсэн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд зээлсэн мөнгийг гэрээнд заасан 2015.06.05-ны өдөр төлж дуусгасан байна. Зээлийг бүхлээр нь хэсэгчлэн төлсөн үйлдэл нь хоёр талын гарын үсгээр баталгаажна.” гэж зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн төлсөн гэх 98,400,000 төгрөгийг уг зээлийн гэрээг хэсэгчлэн төлсөн гэж хоёр тал гарын үсгээр баталгаажуулсан баримт байхгүй. Учир нь, зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,,, зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 98,400,000 төгрөгийг уг зээлийн эргэн төлөлтөд тооцох талаар ярилцаж тохиролцсон ямар нэгэн тохиролцоо байхгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар “Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан төлнө.” гэснээс үзэхэд 98,400,000 төгрөгийг уг зээлийн гэрээний үүрэгт тооцох талаар талууд урьдчилан тохиролцсон зүйл байхгүй буюу зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,аас зөвшөөрөл аваагүй болно. Мөн хуулийн энэхүү заалтын утга санаа нь зээлийг хугацаанаас нь өмнө төлөх тохиолдолд талууд урьдчилан тохиролцсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн байхаас гадна зээлийг хүүгийн хамт төлөх буюу төлөх болоогүй хугацааны хүүг ч мөн хамтад нь урьдчилан төлөх утгатай байна. Иймд зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээнд заасан 2014.01.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг, үндсэн зээлийн хамт төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.5-д зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,аас зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Тухайн үед уг 98,400,000 төгрөгийг төлөхдөө энэхүү зээлийн гэрээний үүрэгт төлж байгаа гэдгээ нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдэх ёстой байсан. Шүүхэд маргаан үүссэний дараа төлсөн бүх мөнгөө энэ зээлд төлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Уг мөнгийг энэхүү зээлийн гэрээний эргэн төлөлтөд тооцох боломжгүй юм. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийг хүүгийн хамт төлөөгүй байх тул зээлдүүлэгч  ,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй. Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл, хүүгийн нийт үнийн дүн болон 404,000,000 төгрөгөөс тооцогдох үндэстэй боловч нэхэмжлэгч үндсэн зээл болох 200,000,000 төгрөгөөс алданги тооцож, 100,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж чадалгүй үндсэн зээлийн хасагдах ёсгүй төлбөрийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн дүнг бууруулсны улмаас түүнээс бодогдох хүү, алдангийг мөн нэхэмжлэлд дурдсанаас багасгасан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 219,186,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Ч.Анар нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 255 дугаар магадлалаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн дүгнэсэн үндэслэлдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ганболд,  ,,,,,,,,,,,,,,,,, нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019.07.09-ний өдрийн 5774 тоот захирамжаар хангаж, шүүхээс гэрч нарыг дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн байх бөгөөд гэрч Д.Ганболд,  ,,,,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагчийн дурдсан хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ. Иймд гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.” гэж дүгнэсэн нь:

   1. Хоёрдугаар хавтасны 37-р талд авагдсан “Гэрч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн хаягийг тодруулсны дагуу асуулгах” хүсэлт, тухайн хүсэлтэд заасан хаяг, үндэслэл зэрэг баримтыг үнэлэхгүй орхигдуулсан дүгнэлт болжээ. Хариуцагч талаас гэрч  ,,,,,,,,,,,,,,,,,г анх дуудан ирүүлэхээр заасан хаягт оршин суудаггүй болохыг Засаг даргын тодорхойлолтоор олж мэдсэний дараагаар одоогийн оршин суугаа хаягийг олж тодруулсны үндсэн дээр дээрх хүсэлтийг өгсөн байтал, өмнө хаяг дээрээ байгаагүй гэх үндэслэлээр гэрч асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3, 38.6-д заасантай нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрч Болормааг гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэл гаргасан цагаас хүссэн. Хаяг тодорхой болсон учир уг хүсэлтийг шүүх өмнө хангаж шийдвэрлэж байсан учир гэрчээр асуулгахад татгалзах зүйл байхгүй” гэж дэмжиж байсан нь уг хэргийн зохигчид хэн аль нь тухайн гэрчийн өгөх мэдүүлэг ач холбогдолтой, хэрэгт хамааралтайг илэрхийлж байсныг нотолдог. Давж заалдах шатны шүүх мөн үндэслэлдээ: “...дээрх мөнгө нь  ,,,,,,,,,,,,,,,,,гаас авсан зээлийг дамжуулан шилжүүлсэн гэх боловч энэхүү тайлбараа хариуцагч нь эргэлзээгүйгээр нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй гэж дүгнэсэн нь:

3. Хариуцагч нотлох үүргээ биелүүлэх зорилгоор тухайн гэрч  ,,,,,,,,,,,,,,,,,г дуудан ирүүлж асуулгах хүсэлтийг удаа дараа гаргаж шүүхэд хаягийг тодруулж өгсөөр байтал уг гэрчийг асуулгах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нөхцөл байдлыг зөвөөр дүгнээгүй, хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй мэтээр үнэлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн нотлох баримтыг гагцхүү шүүхийн журмаар, шүүхийн ажиллагаагаар хариуцагч гарган өгөх, цуглуулах боломжтой бөгөөд эдгээрийн нэг болох гэрчийн мэдүүлгийг авахуулаагүйг “буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн атлаа, хариуцагчийг тухайн асуудлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй хэмээн буруутгасан нь учир дутагдалтай байна.

4. 2018.09.11-ний өдөр явагдсан өмнөх удаагийн анхан шатны шүүх хуралдааны үеэр   ,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд мэдүүлэхдээ: “Болормаа... гээд гурван хүнээс ,,,,,,,,,,,,, мөнгө зээлсэн байсан. Тэд нарт өгөх мөнгөө  ,,,,,,,,,,,,,,,,,ын дансанд хийсэн.  ,,,,,,,,,,,,,,,,, дансаараа мөнгө аваад тус гурван хүнд өгсөн...  ,,,,,,,,,,,,,,,,,ын дансаар дамжуулсан” гэж хариуцагчийн үндэслэл, тайлбартай адил агуулгаар тайлбарлаж байсан үйл баримтыг шүүх тодруулах шаардлагагүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Гэрчээр  ,,,,,,,,,,,,,,,,,тай холбогдох шүүхийн журмаар гаргуулан авч чадаагүй гүйлгээний хуулгын тухайд, хариуцагч талаас шүүхэд татгалзлаа нотлох зорилгоор удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүхийн гаргахаас татгалзсан тэрхүү баримтыг уг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн энэхүү 2082 дугаар шийдвэр гарсны дараагаар  ,,,,,,,,,,,,,,,,,гаас өөрөөс нь хувийн гуйлтаар гаргуулж авахад хариуцагч талаас шүүхэд үнэн зөв тайлбар өгсөөр ирсэн нь нотлогдсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх бололцоогоор хэн аль нь хангуулахыг хүссэнийг хангаагүй асуудал, 68,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлт гэж үзэх боломжгүй хэмээн “хэлцэл” гэх маргаантай, нэмж тодруулах шаардлагатай баримтыг үндэслэн буруу дүгнэсэн асуудал, хавтас хэрэгт зохигч талууд 17 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийн зээлийн хүүг 5% байхаар  тогтоосон баримт зэрэг хэрэгт хамааралтай үндсэн нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан нь:

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасныг зөрчсөн болохыг тогтоогоогүй. Тодруулбал, хариуцагч талын тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттогтох, Ч.Анар нар хэдий хариуцагч талын аливаа эдлэх эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн авсан боловч эвлэрлийн асуудлыг “Талууд эвлэрэх саналыг нэхэмжлэгч талаас хэлж байна. Энэ талаар анх удаа сонсож байна. Энэ асуудлыг ,,,,,,,,,,,,,,,, түүний гэр бүлийн хүнд ярина. Тооцоог хэлж, ярьж уулзах шаардлага байгаа” гэдгээ илэрхийлж зохигч аль аль нь ийм бололцоогоор хангахыг хүссэн боловч шүүх хангаагүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг баримтлаагүй шийдвэрлэсэн гэж хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэхгүй орхигдуулсан бодит байдлын талаар,  ,,,,,,,,,,,,,,,,, өөрийн үеэл эгч ,,,,,,,,,,,,,,,, д гуйлт тавьж, өөрийн нөхөр ,,,,,,,,,,,,,,,, нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тул бидэнд бусдаас авлагатай гэх баримтууд хэрэгтэй байгаа. Иймд  ,,,,,,,,,,,,,,,,,гаас танд зээлдүүлсэн 250,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгийг зээл хэлбэрээр дамжуулж шилжүүлэх гуйлт тавьсныг зөвшөөрч, ойр дотны харилцаатай үеэлүүд хоорондоо үйлдсэн (102% хүүтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг мэдсээр байж дүр үзүүлэн барьцаалсан) гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх ,,,,,,,,,,,,,,,,аас  ,,,,,,,,,,,,,,,,,д бэлнээр шилжүүлж өгч байсан 151 гаруй сая төгрөгийг бүхэлд нь орхигдуулж, энэ талаар мэдэж байсан гэрчийн мэдүүлгийг тодорхойгүй үндэслэлээр үнэлэхгүй орхигдуулж, хэрэгт хамааралтай баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүйн зэрэгцээ гомдолтой байгаа юм. Үеэл дүү  ,,,,,,,,,,,,,,,,,ын гуйлт, ятгалгад автан үеэл эгч  ,,,,,,,,,,,,,,,,, нэг өдөр нэг нотариатчаар (өөр нотариатч гэрчлэхээс татгалзаж байсныг) он, сарыг ухраан нөхөж бичүүлэх замаар дараалан гэрчлүүлсэн нь 2014.10.31-ний өдөр гэрчлэгдсэн бодит бус гэрээнүүд: №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4009 дүгээрт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн, 2014.09.09-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээ”: 23 сая төгрөгийг 2014.09.09-ний өдрөөс 2015.06.09-ний өдрийг хүртэл сар тутмын 8%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай “хийсвэр” зээл, №336 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4010 дугаарт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн, 2014.10.15-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”: 31 сая 450 мянган төгрөгийг 2014.10.15-ны өдрөөс 2015.06.15-ны өдрийг хүртэл сар тутмын 6%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай “хийсвэр” зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4011 дүгээрт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн 2014.09.08-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”: 31 сая төгрөгийг 2014.09.08-ны өдрөөс 2015.06.08-ны өдрийг хүртэл сар тутмын 8%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай “хийсвэр” зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4012 дугаарт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн 2013.04.12-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”: 176 сая 875 мянган төгрөгийг 2013.04.12-ны өдрөөс 2015.04.12-ны өдрийг хүртэл сар тутмын 5%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай “хийсвэр” зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4013 дугаарт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн, 2014.01.05-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”: 200 сая төгрөгийг 2014.04.05-ны өдрөөс 2015.06.25-ны өдрийг хүртэл сар тутмын 6%-ийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай “хийсвэр” зээл (Иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,гаас авах ёстой байсан зээлийг дахин шилжүүлэг хийж данс дамжуулах замаар төөрөгдөл үүсгэсэн), №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 4014 дүгээрт бүртгэж, 2014.10.31-ний өдөр гэрчилсэн 2013.06.01-ний өдрийн огноотой “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ”: 83 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар сунгасан “хийсвэр” зээл, №335 тамганы дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрээний үнэн зөвийн 594 дугаарт бүртгэж, 2018.06.15-ны өдөр гэрчилсэн 2018.06.15-ны өдрийн огноотой “Тооцоо нийлсэн хэлцэл”, дээрх гэрээний үнэн зөвийн 4009-4014 дугаарт бүртгэгдсэн “хийсвэр” гэрээнүүдийг тооцоо нийлсэн гэх хэлцэл болон эдгээр зээлийн гэрээнүүдийн дагуу ,,,,,,,,,,,,,,,, бодитоор ямар нэгэн мөнгөн төлбөр зээлдэж, хүлээн аваагүй бүгд зохиомлоор байгуулагдаж гэрчлэгдсэнээс гадна, нэхэмжлэгч талаас энэ талаар огт маргаж байгаагүй нь онцлог юм. Гэтэл энэ талаар өгч буй шүүхийн үнэлэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс олж үзэх боломжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө  үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 504,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, зохигчийн хооронд байгуулагдсан 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээ, 2014.10.31-ний өдрийн барьцааны гэрээ, 200,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэлээ болгожээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэл, мөн хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна, учир нь  ,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,, нар нь маш ойрын харилцаатай үеэл эгч дүүс, тэд  ,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүнтэй 2013.12.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 250,000,000 төгрөг авахаар тохиролцсон, тухайн гэрээгээр  ,,,,,,,,,,,,,,,,,гаас авах ёстой мөнгийг  ,,,,,,,,,,,,,,,,, аваад 200,000,000 төгрөгийн гүйлгээг зээлийн гэрээ мэт болгосон...” гэх зэргээр тайлбарлаж, татгалзлаа нотлох зорилгоор холбогдох баримтыг шүүхэд өгч, мөн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нийт 284,814,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ийнхүү хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлийг бүрэн тодруулж, дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасны улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх зөвхөн талуудын хооронд байгуулагдсан 2014.01.05-ны өдрийн зээлийн гэрээ, түүнд холбогдох баримтыг үнэлж, хариуцагчийн татгалзлалын үндэслэл болж буй (хэрэгт авагдсан)  ,,,,,,,,,,,,,,,,, болон  ,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2013.12.03-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотойгоор, тухайн зээлийн гэрээ бодит байдал дээр хэрэгжсэн эсэх, зээлийг хэн, ямар хэлбэрээр авсан, уг гэрээний дагуу авсан мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөлгүйгээр өөрөө зээлүүлж буй мэтээр “дүр үзүүлж”, “төөрөгдүүлж” хийсэн эсэх зэргийг хэргийн оролцогчдоос тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор  ,,,,,,,,,,,,,,,,,г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангасан боловч  ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагчийн дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон, үүний дараа хариуцагчаас   ,,,,,,,,,,,,,,,,,гийн одоогийн оршин суугаа хаягийг олж тодруулсны үндсэн дээр дээрх хүсэлтийг дахин гаргахад “өмнө нь шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, үүнийг давж заалдах шатны шүүх “буруутгахгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрх, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээр дурдсанаар хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/02082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 255 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,253,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,652,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД