Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/01729

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/01729

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 504.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ц.******* миний бие 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Х.*******тай харилцан тохирч 200.000 000 /хоёр зуун сая / төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болж 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар батлуулсан Зээлийн гэрээ-г бичгээр үйлдэж, тус өдрөө иргэн Х.*******гийн Хаан банкны 5024422769 тоот дансанд 200.000.000 сая төгрөг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Улмаар зээлдэгч Х.*******гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40,50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаартай, 000123246 дугаар гэрчилгээтэй 140,06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үндсэн зээлийн гэрээний барьцаанд авч 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гарахгүй байсаар өдийг хүрч байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 200.000.000 /хоёр зуун сая төгрөг/, хүү 204.000.000 төгрөг, алданги 100.000.000 сая төгрөг нийт 504.000.000 сая төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200.000.000 сая төгрөг, 17 сарын хүү 204.000.000 төгрөг, зээлийг эрүүлж төлөх хугацаа хэтэрсэн 1020 хоногт зээлийн гэрээний 3-т заасан төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон 1.020.000.000 төгрөг боловч иргэний хуулийн 232.4-д "... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу 100.000.000 төгрөг нийт 504.000.000 /таван зуун дөрвөн сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж хэрэв хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40,50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаартай, 000123246 дугаар гэрчилгээтэй 140,06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би мөнгө зээлсэн. Надад 200.000.000 төгрөг өгсөн. Би үндсэн мөнгөө өгөөд үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би 200.000.000 төгрөг авсан дээр маргахгүй. Би хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан. Түүнийг хүү алдангид тооцож хасаад үлдсэнийг төлөх боломжтой гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Х.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 504.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн хүү, алдангийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Х.*******тай 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 200.000.000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1 жил 5 сарын сарын хугацаатай, төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, уг зээлийн гэрээтэй холбоотойгоор 2014 оны 10 сарын 31-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж хариуцагчид 200.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Мөн хэрэгт авагдсан мөнгө шилжүүлгийн баримтууд, дансны хуулгаар гэрээний үүрэгт мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 тус тус зааснаар ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, ... гэрээгээр тохирсон хүү... төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх... үүрэгтэй байна.

 

Иймээс хариуцагч Х.******* үндсэн зээл 200.000.000 төгрөг, гэрээний хугацаанд хамаарах 17 сарын хүү 204.000.000 төгрөг, зээлийн эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн 1020 хоногт алданги 100.000.000 төгрөг, нийт 504.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Х.*******гаас 504.000.000 төгрөгийг гаргуулж Ц.*******д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Х.******* нь 504.000.000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202016691 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Ц.*******ын шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.748.150 /2,677,950+70200/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2.748.150 төгрөгийг гаргуулж Ц.*******д олгосугай.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/Ш32018/04907 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.




ДАРГАЛАГЧ                     Т.НАРАНЦОГТ