Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2022/00019

 

 

 

 

 

 

 

 

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Ц.Ө

Хариуцагч Д.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 (арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун наян) төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Т нь Уулын баяжуулах үйлдвэрийн Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын няраваар ажиллаж байхдаа эд хариуцагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн 2 машин түлшийг орлогод авахдаа өөрийн биеэр хүлээж аваагүйн гадна нефтийн агуулахад түлш орлогод авах, зарлага гаргах бүрт хэмжилт хийж, санхүүгийн бүртгэл хөтлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаагүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нефть агуулахын 1 дүгээр саванд хийсэн хэмжилтээр 5362 кг түлш дутагдуулж 14,423,780 төгрөгийн хохирол учруулсан байна. Түлш дутагдуулсан шалтгааныг хуулийн байгууллага шалгасны эцэст Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар прокурорын тогтоолоор 5362 кг түлшийг Д.Т нь өөртөө завшсан болох нь нотлогдоогүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөгийг Д.Т-ээс гаргуулахаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Иймд “Бор-Өндөр” УБҮ-т учирсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөгийн хохирлыг Д.Т-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр “Бор-Өндөр” УБҮ-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн материалын нягтлан бодогч Ц.Ө, Дотоод хяналтын мэргэжилтэн Ц.А нарыг томилсон болно” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, Ц.Өсөхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, нэмэгдсэн, хасагдсан зүйл байхгүй. 2019 оны 01 сарын 21-ний өдөр шалгалт хийхэд 5362 кг дизель түлш дутсан. Тэгээд шалгалт хийсэн. Д.Т няраваар ажиллаж байсан. Санхүүгийн бүх бичиг баримтыг бүрдүүлж түлшийг хүлээж авах үүрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтод заасан байгаа. Түлшийг хүлээж авах, түлшийг буцааж гаргах болгонд санхүүгийн баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Д.Т ажлын хариуцлага алдсан.

Д.Т-ийн дутагдуулсан түлш нь нэг өдөр л дутагдуулсан. 2016 оноос ямар нэгэн түлшний зөрүү гараагүй. Түлш хүлээж авсны маргааш нь дутагдал гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-нд хүлээж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-нд хэмжилт хийсэн. JPS түлшний машинд байдаг. JPS түлшний саванд байхгүй. Харуулын бүртгэлийн дэвтэр байсан. JPS ажиллаагүй гэдэг нь худлаа. Харин камер ажиллаагүй байсан гэдэг нь үнэн. Түлшийг орлогод аваагүй байх магадлалтай. Эд хариуцагчийн гэрээтэй учраас Д.Т хариуцах ёстой. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийсэн байсан. 5362 кг дизель түлш нь 6000 гаран литр түлш болдог. Иймд хариуцагч Д.Т-өөс 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү асуудал нь урьд нь цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдсан. Прокурорын байгууллагаас намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон. Гэхдээ прокурор хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр намайг “2 машины түлшийг өөрийн биеэр хүлээж аваагүй, агуулахын 1-р саванд орсон түлшинд тухай бүр нь хэмжилт хийгээгүйн улмаас дутагдал гарсан гэж дүгнэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн өдөр 2 машины түлшийг өөрийн биеэр хүлээн авсан. Маргааш өглөө нь хэмжилт хийхээс өмнө уурхайгаас ХАБ-ын хуралд заавал оролц гэсний дагуу би хуралд оролцсон. Манай байгууллагын камер бүрэн ажилладаг мөртлөө тэр өдрийн камер ажиллаагүй гэж байгаа нь эргэлзээтэй байгаа. Уг түлш дутагдсан явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Иймд би тус түлшний төлбөрийг төлөх үндэслэлгүй.

 Би түлшийг бүрэн хүлээж авсан. Хүлээж авах журмын дагуу уг түлшийг хүлээж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авсан. Яагаад дутагдсан гэдгийг мэдэхгүй. Тэр өдөр ганцхан Баргилт цехэд түлш хүлээж авсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг энэ асуудал болсноос хойш байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон өдрөө байгуулсан. “Монголросцветмет” нэгдлээс мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс маш олон удаа шалгалт хийсэн. Камер ажиллаж байгаа гэж хэлдэг л байсан. Камер ажиллаагүй байсан. Би өөрийн биеэр түлшийг хүлээж авдаг. Би өмнө нягтлан бодогчоор олон жил ажиллаж байсан. Няраваар түр ажиллаж байсан. Би ажлын хариуцлага алдаагүй. Түлшийг хүлээж аваад зарлагадаад гаргадаг. Түлш савнаасаа гоожсон эсэхийг шалгасан. Тогтоогоогүй. Нэг саванд 400 метр кув түлш ордог, савны 70 хувьд нь түлшийг хийдэг. Тухайн үед нь 80 хувийн дүүргэлттэй хийсэн. Энэ асуудлаас болоод байгууллагаас ямар нэгэн байдлаар арга хэмжээ аваагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт маргааш өглөө нь болсон. Түлшийг хүлээж аваад маргааш өглөө нь хэмжилт хийх ёстой байтал хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад 08 цагт ор гээд орсон. Ганболд 11 цагт хэмжилт хийсэн. 34000 литр түлш ирсэн. Би бүх лүк болгоныг шалгасан. 7-8 лүк байсан.

 Би няраваар ажиллаж байх хугацаандаа түлшийг хүлээн авах, түлшийг буцааж өгөхдөө санхүүгийн бүх бичиг баримтыг бүрдүүлдэг байсан. Ямар нэгэн санхүүгийн баримтгүй түлшийг гаргаагүй. Түлш яагаад дутагдсан гэдгийг би мэдэхгүй. Түлш ууршиж болно, түлшний савны хазайлт, шугам хоолой зэргээс шалтгаалж түлш дутагдаж болно. Би ямар нэгэн санхүүгийн бүрдүүлэх бичиг баримтгүйгээр түлш гаргаагүй. Би өөрөө уг түлшийг аваагүй. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гэрч М.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “Д.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түлш хүлээж аваад хэмжилт хийгээгүй. Хэмжилтийг маргааш өглөө нь хийсэн. Акт дээр гарын үсэг зураад түлшийг хүлээж авсан. Хэдэн лүктэй машин байсан гэдгийг санахгүй байна. Бүх лүкийг шалгадаг. Би машины хажууд хараад зогсохгүй. Д.Т хүлээж авдаг байсан. Түлш яагаад дутагдсан гэдгийг түлш буулгасан машинуудыг хардаж байгаа. Машины ёмкосны дотор нь давхар тасалгаа хийсэн байдаг гэж сүүлд нь хүнээс сонссон. Машинуудаас болж түлш дутагдсан байж магадгүй. Таблец алдаатай, сав хазайлттай байсан гэж би өмнө нь хэлж байсан. Түлш гоожсон орж ирсэн. Замдаа гоожсон гэсэн. Тодорхой хэмжээгээр дутагдах боломжтой. Гэхдээ ийм их хэмжээгээр дутагдах боломжгүй байх. Машинд л асуудал бий байх. Жижүүрийн дэвтэр байсан. Би тухайн үед засварчнаар ажиллаж байсан. Нярав шатахуун буулгах зөвшөөрөл өгвөл би нефтийн агуулах руу орж түлшийг буулгадаг. Түлш тээвэрлэж ирсэн машин агуулахын хашаа руу оруулж, буулгах төхөөрөмж рүү оруулж, шаланк холбоод хаалтыг нээж насосоор соруулж авсан. Түлшийг бүгдийг нь буулгаж дууссаны дараа нярав Д.Т шалгадаг. Түлш бүрэн дууссан байна гэхээр нь хаалтуудыг хааж, шаланкаа салгаад, насосоо салгасан. Нярав түлшний тооцоог гаргадаг. Түлш хүлээж авдаг саванд тоолуур байхгүй. Машинд түлш буулгахыг хэмжих төхөөрөмж байхгүй. Түлш буулгаад хэмждэг багажаар заавал хэмждэг. Түлшийг зарлага гаргахад жолооч, нярав, бид 3 байдаг. Түлшний машин ирэхэд хэмжинэ. Дуусаад машинаа дахиад хэмжиж шалгана. Түлш буулгах талбай насосны өрөөнөөс харагдахгүй. 40 тонны машины нээлхий болгон тус тусдаа хаалттай. 8 машинд 8 нээлхий байх ёстой. Нэг нээлхийг буулгаагүй гэдгийг хараагүй. Бүрэн хүлээж аваад актан дээр гарын үсэг зураад жолоочоо явуулсан” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Т-д холбогдуулж нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөг гаргуулах тухай         нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Т нь “...тухай өдөр түлшийг хүлээж авдаг журмын дагуу авсан. Ажлын хариуцлага алдсан зүйл байхгүй. Яагаад түлш дутсан гэдгийг мэдэхгүй. Би уг түлшийг өөртөө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2019 оны 03 сарын 12-ны өдөр байгуулсан. Тухайн түлш 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дутсан. Түлш дутсан гэх өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байсан. Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Т-ээс “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Материал техник хангамжийн хэлтсийн ШТМ-ын няраваар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан тул 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийг гаргуулна.

Мөн нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын тушаалаар хариуцагч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр няравын ажилд томилогдож, тухайн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, Д.Т-ийн ажлын байрны тодорхойлолтод агуулахад ирсэн шатах тослох материалуудыг журмын дагуу хүлээн авах, шатах тослох материалуудыг журмын дагуу цех, хэсгүүдэд түгээх үүргийг хүлээсэн, сав цэвэрлэгээний гүйцэтгэлийн акт, Монсуль ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орлогын баримт зэргийг үндэслэж  нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан тул 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөгийг гаргуулна” гэжээ. /хх-ийн 03-10, 22, 71, 79/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч Д.Т нь “...тухай өдөр түлшийг хүлээж авдаг журмын дагуу авсан. Ажлын хариуцлага алдсан зүйл байхгүй. Яагаад түлш дутсан гэдгийг мэдэхгүй. Би уг түлшийг өөртөө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Тухайн түлш 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дутсан. Түлш дутсан гэх өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгаагүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.М-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор /нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан/ хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан. /хх-ийн 202-205/

Уг 60 дугаартай тогтоолд Д.Т миний бие гомдол гаргаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн 194000045 дугаартай хэргийн оролцогч Д.Т-өөс гаргасан “...нефтийн агуулахын няраваар ажиллаж байхдаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж тухай бүрт нь хэмжилт хийгээгүйн улмаас ...5362 кг дизель түлшний дутагдал гарч үйлдвэрт 14,423,780 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна гэсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, тогтоолд дурдагдсан нотлох баримтуудаас  харагдахгүй байгаа тул үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байх тул тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх миний гомдлыг хүлээн авсан. /хх-ийн 239-240/

Мөн би нэхэмжлэгч байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тухайн түлш дутсан өдрөөс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нөхөж байгуулсан. /06-07/

Иймд нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

Хариуцагч Д.Т-г “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1174 дугаартай тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс материал техник хангамжийн хэлтсийн ШТМ-ын няравын ажилд томилсон байна. /хх-ийн 03/

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй хариуцагч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. /хх-ийн 04-05/

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж, уг гэрээг 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулсан. /хх-ийн 06-07/

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтыг Д.С, Б.Э нартай байгуулсан, Д.Т нь уг ажлын байрны тодорхойлолтоор эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх заалт байхгүй байна. /хх-ийн 08-09/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.М-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор /нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан/ гэх хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 202-205/

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Д-ын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн 194000045 дугаартай хэргийн оролцогч Д.Т-өөс гаргасан “...нефтийн агуулахын няраваар ажиллаж байхдаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж тухай бүрт нь хэмжилт хийгээгүйн улмаас ...5362 кг дизель түлшний дутагдал гарч үйлдвэрт 14,423,780 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна гэсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, тогтоолд дурдагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байгаа тул үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байх тул тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх Д.Т-ийн гаргасан гомдлыг хүлээн авсан байна. /хх-ийн 239-240/

Хариуцагч Д.Т нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн материал техник хангамжийн хэлтсийн ШТМ-ын няраваар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлш дутагдуулсан гэх үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Т-д холбогдуулж нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Т нь “...тухай өдөр түлшийг хүлээж авдаг журмын дагуу авсан. Ажлын хариуцлага алдсан зүйл байхгүй. Яагаад түлш дутсан гэдгийг мэдэхгүй. Би уг түлшийг өөртөө аваагүй. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, Д.Т-г нефтийн агуулахаас 5362 кг дизель түлш дутагдуулсан гэж тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Д.Т-тэй 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, Д.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцлагын талаар тусгаагүй, тухайн түлш дутсан гэх асуудлыг болсноос хойш 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг нөхөж байгуулсан, ажлын байрны тодорхойлолтод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй байна.

Тухайлбал эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхэд ажилтан Д.Т нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд биш, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг зохигчдын хооронд байгуулагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж, 131.1.2-т “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан” бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч Д.Т-тэй нэхэмжлэгч байгууллага нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий этгээдийг эд хариуцагч гэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Эд хариуцагчийн жагсаалт, эд хариуцагчаар сонгон авах журам, эд хариуцагчтай байгуулах гэрээний ерөнхий нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэж зохицуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар...гэж ангилна” гэж зааснаас үзэхэд “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хуулийн этгээдийн эрхтэй, эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, эсэх талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамааран түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлөхөөр хуульчилсан байна.

Тодруулбал албан тушаалын хувьд хуулийн этгээдийг төлөөлөх этгээд өөрийн албан тушаал, эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж, хавтаст хэрэгт гаргаж өгөх нь зүйтэй.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн гаргасан нэхэмжлэлд захирал Б.Магсаржав гарын үсэг зурсан бөгөөд хэргийн материалд захирал Б.Магсаржавын албан тушаал, эрх зүйн байдлыг тодорхойлсон баримт авагдаагүй ба түүнийг “Монголросцветмет” ТӨҮГазрын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.   

Хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Ж-ийн “нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тухайлан зааж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

  Иймд нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,069 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

      82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун наян/ төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,069 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ