Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2472

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02985 дугаар шийдвэртэй, Н.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ё-ад холбогдох машины үнэ 34 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч А.Ё-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А.Ё-аас 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож, өөрийн нөхөр Ц.Нармандахын Хаан банкны 5029569955 данснаас 5 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр А.Ё-ийн Хаан банкны 5034415603 дансанд 21 000 000 төгрөг шилжүүлж, өөрийн өмчлөлийн 60-02 УБВ улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцон өмчлөлд нь шилжүүлсэн. А.Ё- тухайн өдрөө Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримтын өмчлөлийг миний нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн.

Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлийг бусдын өмчлөлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжилсэн байсан гээд хураан авсан. Машиныг худалдаж авахдаа би маш их өр зээл тавьсан учир өнгөрсөн хугацаанд надад өрийн дарамт их байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг амаар байгуулсан. Хариуцагч нь эрхийн доголдолтой, гуравдагч этгээд шаардлага гаргах боломжтой автомашиныг худалдсан учраас хураагдсан. Иймд А.Ё-аас автомашины үнэ болох 34 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би Батсүх Жанчив гэсэн фейсбүүк хаягаас “энэ Нордыг чиргүүлийн хамт зарна” гээд зургийг тавьсан зарын дагуу уг 86310999 дугаарын утсаар холбогдож, Норд Бенз маркийн ачааны автомашин худалдан авсан. Тухайн үед 19-28 УБЛ улсын дугаартай автомашин Хөвсгөл Ирээдүйн зам ХХК-ийн эзэмшилд байсан ба уг компани Автотээврийн Үндэсний төвд худалдах талаар албан бичиг хийж өгч Баатарын Бат гэдэг хүнтэй очиж бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийлгэн зохих журмын дагуу авсан. Уг машиныг Таван толгой компанид нүүрс тээвэрлэлтийн ажилд явуулах зорилготой авсан боловч тухайн компани ажиллуулах асуудал бүтэхээ больсон гэдгээ хэлсэн. Би машин худалдаж авах гээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн учраас машиныг яаралтай зарах шаардлагатай болж фейсбүк дээр тавьсан. 2018 оны 3 дугаар сарын 28 ны өдөр Н.А-, Ц.Нармандах гэх хүмүүст бэлэн мөнгө, суудлын автомашин оролцуулан нийт 34 000 000 төгрөгөөр худалдаж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлэн өгсөн.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс намайг дуудаж таны зарсан Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилсэн байсныг яагаад худалдсан гэж байсан. Би зохих журмын дагуу худалдаж авсан ба “Хөвсгөл Ирээдүйн зам” ХХК-ийн эзэмшлээс шилжилт хөдөлгөөн хийгдэх үед ямар нэгэн хаалт битүүмжлэл байгаагүй. Цагдаагийн хэлтэс дээр Н.А-, Ц.Нармандах нар надтай уулзсан ба машиныг шийдвэр гүйцэтгэх газар хурааж авсан гээд холбогдох баримтуудыг хуулбарлан авсныг нь би тэднээс авсан. Уг баримтуудаас харахад Норд Бенз маркийн 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг Чулуунбаатарын Гантөгс гэгч хууль бусаар худалдан борлуулсан нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06-р сарын 15 ны өдрийн 1\17444 дугаарын албан бичигт дурдсанаас тодорхой байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба дээрх албан бичгээр Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Ч.Гантөгсөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хандсан байсан. Ч.Гантөгс гэгч нь дээрх тээврийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулснаас анхны эзэн Х.Бат-Эрдэнэ, иргэн Н.А- нар хохирсон байх үндэслэлтэй, эдгээр хүмүүсийг би хохироогоогүй, хууль журмын дагуу худалдан борлуулсан тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ё-ад холбогдох машины үнэ 34 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж маргаж, үүнийг шүүх дүгнэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн, эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэснийг хэргийн үйл баримттай нийцээгүй, утга агуулгын алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Н.А-, А.Ё- нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шаардлага гаргах үндэслэлгүй ч уг автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжлэх болсон шалтгаан нь Х.Бат-Эрдэнийн хууль ёсны өмчлөх эрхийг хамгаалах зорилгоор буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05930 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх харилцаанаас үүсэлтэй.

Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шаардлага гаргах гэсэн агуулгаар бус харин маргааны зүйл болсон автомашины өмчлөлийн талаар гуравдагч этгээд буюу Х.Бат-Эрдэнэ шаардлага гаргах эрхтэй эд хөрөнгө гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл эрхийн доголдолтой эд хөрөнгийг А.Ё- шилжүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. Иргэний хуулийн 13, 20 дугаар зүйлд заасан агуулгыг дүгнэвэл иргэний эрх зүйн харилцаанд иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, автомашин худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа нь талуудын хооронд үүсч гэрээ болон хуульд заасан эрх, үүрэг эдлэж оролцсон.

Шүүхийн шийдвэрт дүгнэсэн А.Ё- нь хууль ёсны өмчлөгчийн эрхийг шударгаар олж авсан, автомашины өмчлөгч болсон гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Харин эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авч улмаар Н.А-д худалдсан нь тухайн эд хөрөнгийн талаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхийн үндэслэл болж байна. Уг харилцаа талуудын хооронд үүссэн бөгөөд хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар автомашины үнэ буюу хохирол шаардах эрхгүй гэж тайлбарлажээ. Эдгээр хуулийн зохицуулалтууд нь гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирол шаардах эрхийн үндэслэл болдог. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар тайлбарладаг. Ямар нэгэн олох ёстой байсан орлого, учирсан хохирол буюу үүнээс үүссэн алдагдлыг шаардаагүй. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж байгаа гэдгээ мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нь гэрээний харилцаанаас үүссэн хохирол төлөх үндэслэлгүй байна гэж үзэж энэ талаар нэхэмжлээгүй. Харин гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй буюу худалдагчийн үүргээ зөрчсөн үндэслэлээр автомашины үнийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Эд хөрөнгийн доголдлыг мэдээгүй нь үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Иргэний хуульд зааснаар гуравдагч этгээд шаардлага гаргах эрх бүхий эд хөрөнгө нь эд хөрөнгийн доголтой эд хөрөнгө болох учиртай. Иймд хариуцагч буюу худалдагч эд хөрөнгийн доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой, мэдээгүй эсэхээс үл хамааран доголдолтой эд хөрөнгө шилжүүлснээс үүсэх үүргийг хэрэгжүүлэх, Н.А- буюу худалдан авагч хуульд заасан шаардлага гаргах эрхтэй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч А.Ё-ад холбогдуулан эрхийн доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан гэх үндэслэлээр үнийн 34 000 000 төгрөгийг  гаргуулах нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 22-23/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйн улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж, тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Учир нэхэмжлэгч нь хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжиж, ашиглах боломжгүй, шүүхээс өөр этгээдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн эд хөрөнгийг хариуцагчаас худалдан авсантай холбогдуулан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254 .1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийг 34 000 000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 01-14 УБД улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, нэхэмжлэгч нь нийт 26 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, Тоёота Витз маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож түүний өмчлөлднь шилжүүлсэн байна. /хх5,7,27/

 

Гэтэл нэхэмжлэгч төлбөрт тооцсон дээрх эд хөрөнгийг бус, харин тухайн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр дүйцүүлсэн үнийг төгрөгөөр шилжүүлсэн төлбөрт нэгтгэж, улмаар амаар байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцлах агуулгаар буюу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэв нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах үндэслэлээр шаардлага гаргасан гэж үзвэл мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх учиртай. Ийнхүү гэрээнээс татгалзаж буй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дах хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн олсон ашгийг харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх үр дагавар үүснэ.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар тодруулж, талуудыг тухайн  үндэслэлээр мэтгэлцүүлэх ажиллагааг хийж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй атлаа уг шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, үүний улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх болон үүрэг зөрчснөөс үүсэх хариуцлага буюу үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлого, гарсан зардлыг хохиролд тооцохоор зохицуулсан заалтыг шийдвэрийн үндэслэл болгожээ.  

 

Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн тохиолдолд зөвтгөн залруулах боломжтой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжээгүй тохиолдолд маргааны талаарх эрх зүйн дүгнэлтийг залруулах боломжгүй юм.

 

Түүнчлэн, эд хөрөнгө хураагдаж, битүүмжлэгдсэн гэх нөхцөл байдалтай холбогдуулан тухайн зүйлийг эрхийн доголдолтой гэж үзэх гол үндэслэл байгаа эсэх талаар дүгнэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /захирамж/-ийн дагуу ажиллагаа явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг талуудаас тодруулах нь зүйтэй байжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх болон өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА