Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/00853

 

 

 

     2022            03             16                                            184/ШШ2022/00853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам, 18132-хд-49 хаягт байрлах, “Оргил зуурмаг” ХХК /регистрийн дугаар:5374499/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 39 байр, 110 тоот хаягт оршин суух Тайжууд овогт Атарсайханы Энхбаяр /РД:ФА88061376/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 4 хороо, арцат 4б гудамж, 7 тоот хаягт оршин суух, Тайж овогт Юрагийн Шагдарсүрэн /РД: ШГ78102273/

“Оргил зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Энхбаярт холбогдох 2018 оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.Энхбаярт амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Энхбаяр болохыг тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.Энхбаярын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Энхбаярын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнгийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Наранболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагч А.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Оргил зуурмаг” ХХК нь хариуцагч А.Энхбаярт холбогдуулан 2018 оны 12 сарын 25-ны өдөр А.Энхбаярт шагнал олгохоор амласан амлалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.           

“Оргил зуурмаг” ХХК нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр А.Энхбаяр болон компаний нэр бүхий ажилчдыг идэвхижүүлэх зорилгоор хойшид ч тус компанид үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллах болзолтойгоор орон сууц бэлэглэхээр амлан шагнал олгосон. Ажилчдыг шагнах тухай захирлын тушаалтай хамт баталсан журамд тухайн шагнал авсан этгээд нь шагнал гардан авсан өдрөөс хойш 8 жил тасралтгүй “Оргил зуурмаг” ХХК-д ажиллах болзолтой байсан ба энэхүү болзлыг А.Энхбаяр болон бусад бүх ажилчид мэдэж байсан. Гэтэл А.Энхбаяр нь шагнал олгосноос хойш 1 жил хагасын хооронд ажлын идэвхи санаачлага нь буурч манай компанитай ижил төрлийн бизнес эрхэлдэг компани байгуулж ажлаас гарсан. Үүгээр тогтохгүй компанийн ажилчдыг өөртөө урвуулж, “Оргил зуурмаг” ХХК-д ажиллаж байх хугацаандаа цуглуулсан мэдээллийг ашиглан манай компанийн харилцагчдад бетон зуурмаг нийлүүлж байгаагаас  манай компани бизнесийн болон хүний нөөцийн алдагдалд орж хохирсон бөгөөд компаний удирдлага А.Энхбаярыг шагнахаар амласан амлалтаа биелүүлэх боломжгүйгээ түүнд удаа дараа мэдэгдэж, байр чөлөөлөхийг хүссэн. А.Энхбаярын чөлөөлөхгүй байгаа орон сууцыг 2017 онд “эхнэр, хүүхдийн хамт Эрдэнэт хотоос ирээд аав, ээжтэйгээ цуг амьдрахад хэрүүл тасрахгүй, асуудал үүсээд хэцүү байна, ажлаа сэтгэл амар хиймээр байна, тусдаа гармаар байна” гэх А.Энхбаярын хүсэлтээр компанийн зүгээс ямар нэгэн төлбөр, түрээс төлөхгүйгээр түр амьдрахыг нь зөвшөөрч төлбөрийг нь төлж дуусаагүй байсан бартерийн байранд оруулснаас гадна тухайн орон сууцыг шагналд өгнө гэж амлаагүй, шагнал амласан “Батламж”-д орон сууцны хаяг, хэмжээг заагаагүй болно. Өөрөөр хэлбэл тус орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдруулж эхэлсэн нь 2017 он, шагнал амласан нь 2018 он юм. 2018 оны намар А.Энхбаяр нь “Бусад компани байнга ажиллах хүмүүстээ хөнгөлөлттөй нөхцлөөр байр өгдөг юм байна, тэтгэвэрт гартлаа зүтгэнэ” гэж ярьсан боловч ажилдаа ямар ч идэвхигүй болсон тул энэхүү байдлыг нь өөрчлөн идэвхижүүлэх зорилгоор 1 болон түүнээс дээш жил ажилласан нэр бүхий 6 ажилтанд хойшид удаан хугацаагаар тэтгэвэрт гартлаа сайн ажиллана гэсэн амлалтыг нь авч орон сууц олгохоор шагнал амласан боловч А.Энхбаяр нь амлалтаа биелүүлээгүй тул тухайн орон сууцыг Ю.Шагдарсүрэнд худалдсан.

“Оргил Зуурмаг” ХХК нь амлалтаа биелүүлээгүйгээс А.Энхбаярт байр чөлөөлж өгөхийг удаа дараа сануулсаар байхад бусдын эд хөрөнгийн өмчлөгч болно гэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа амлалт бүхий батламжийг үндэслэл болгож байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.4-т “Зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно” гэсний дагуу 2018 оны 12 сарын 20-ны өдрийн захирлын тушаалын хавсралт болох “Батламж”-ын журмын 1-т зааснаар ажилтан шагнал авснаас хойш 8 жил тасралтгүй ажиллана гэсэн болзол биелэгдэхгүй нь А.Энхбаярын хувьд тодорхой болсон тул түүнд орон сууц амласан амлалтыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Оргил зуурмаг” ХХК нь маргаан бүхий орон сууцыг миний эзэмшил, өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, 2018 оны 12 сарын 25-ны өдөр нийт ажилчид, хамт олны өмнө батламж гардуулсан. Өөрөөр хэлбэл миний 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж, борлуулалтын менежерээс борлуулалтын албаны дарга, ерөнхий менежер болтлоо дэвшин ажилласныг маань үнэлэн надад олгосон шагнал юм. Батламжийн агуулгад тууштай эрхэлсэн ажилдаа ур чадвартай, үр бүтээлтэй ажиллаж байгааг тань өндрөөр үнэлэн...” гэж тодорхойлсноос бус үүнээс хойш тасралтгүй 8 жил ажиллавал уг байрыг шилжүүлнэ гэсэн утга байхгүй.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэгт цаашид тасралтгүй 8 жил ажиллавал байр өгнө гэсэн заалт байхгүй бөгөөд намайг амлалтаа зөрчсөн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Тухайн үед батламжийг нийт хамт олны өмнө компанийн шинэ жилийн арга хэмжээн дээр гардуулан өгөхдөө ч 8 жил тасралтгүй ажиллах гэсэн болзол байгаагүйг бүгд гэрчилнэ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан “Улаанбаатар групп” ХХК-д 2020 оны 05 сарын 21-ний өдөр илгээсэн 105/2020 дугаар албан бичгийн утгаас үзэхэд анхнаасаа талууд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагчид уг орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан нь харагдана. Нэхэмжлэгч Х.Наранболдод маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулахаар бие даан хэлцэл хийх эрх олгогдоогүй болох нь “Оргил зуурмаг” ХКК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.Баттуяагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь 2021 оны 03 сарын 11-ний өдөр маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж бага үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байрлах 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Энхбаяр болохыг тогтоож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.Энхбаярын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэн шаардлагадаа: Би 2020 оны 09 сард “Оргил зуурмаг” ХХК-ийн захирал Х.Наранболдтой уулзан цемент зээлээр авах хүсэлтийг нь зөвшөөрч, цементийн үнэд орон сууц оролцуулан авахаар тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 39 байр, 110 тоот хаягт байрлах орон сууцыг очиж үзээд худалдан авахаар болсон. Ингэхдээ тус байрны ордер гараагүй, мөн барилга барьсан Улаанбаатар групп ХХК-д 36 000 000 төгрөгийн өртэй байгаа, энэ өрөө надаас авсан цементээрээ зуурмаг хийж барагдуулаад гэрчилгээ гарсны дараа миний нэр лүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байранд “Оргил зуурмаг” ХХК-д ажиллаж байсан А.Энхбаяр амьдарч байсан, түүнийг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. “А.Энхбаяр ажлаасаа гарсан болохоор байрыг тань чөлөөлөхөөр танайх ороорой” гэж “Оргил зуурмаг” ХХК-ийн зүгээс надад хэлсэн. Би тус байрны үнэд 60 000 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн. Ингээд 2021 оны 03 сард “Оргил зуурмаг” ХХК нь орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, 2021 оны 03 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад Голомт банкны 3 хувийн зээлийн барьцаанд “Тэлмэн цэцэг” ХХК-ийн нэр дээр тавьж банкнаас 2021 оны 04 сард зээл авсан. “Оргил зуурмаг” ХХК нь “тус байранд амьдарч байгаа А.Энхбаяраас байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан, түр хүлээж байгаарай” гэсний дагуу би хүлээж байсан боловч А.Энхбаяр өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна. А.Энхбаяр нь миний байранд хөлс, мөнгө төлөхгүйгээр олон жил амьдарсан боловч миний байр гэж нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул тус байрны өмчлөгчөөр тогтоож, А.Энхбаярыг миний байрнаас албадан чөлөөлөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Оргил зуурмаг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, Харилцагчийн тооцооны баримт, 3404УНИ миксер машины үнэ төлсөн тооцооны баримт, “Энхбаяр помпны тооцоо” гэх баримт, 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийн нэхэмжлэх, цахилгааны  төлбөрийн нэхэмжлэх, СӨХ-ны нэхэмжлэх, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч  байгууллага “Оргил зуурмаг” ХХК, хариуцагч байгууллага “Саруул сайхан 1” ХХК 2016 он, 2016-2017 он, 2020 он гэх санхүүгийн баримт, 2017 оны №UB-2017-005/02 дугаар Орон сууцны захиалгын гэрээ, 2016 оны 09 сарын 22-ны өдрийн №SS-2016-B дугаар Орон сууцны захиалгын гэрээ, “Оргил зуурмаг” ХХК-ийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам гаргах тухай” 63 дугаар тушаал, 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 21 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, огноо тодорхойгүй Хөдөлмөрийн гэрээнүүд, “Оргил зуурмаг” ХХК-ийн дансны хуулга, Хөдөлмөрийн дотоод журам, Байгууллагын дотоод журам, А.Энхбаяраас авах авлагын жагсаалт гэх 17 хуудас тооцооны болон бэлэн мөнгөний зарлагын баримт, А.Энхбаярын барьж байсан утасны дугаарын төлбөр төлсөн баримт / 1 хавтаст хэргийн 3-9, 72-74, 82-103, 132-179, 2 хавтаст хэргийн 1-40 тал/

Хариуцагч нь 2018 оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”, орон сууцны байршлын гэрэл зураг, 2019 оны 12 сарын 22-ны өдрийн “Өргөмжлөл”, Барилга нийгэмлэгийн 2018 оны албан бичиг, 2018 оны 07 сарын 10-ны өдрийн “Тэргүүний залуу” тэмдгийн үнэмлэх, 2017 оны 09 сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн алдар” тэмдгийн үнэмлэх, 2018 оны “Хүндэт менежер” одонгийн үнэмлэх, Б.Энхмөнх, Ц.Отгонбат, Г.Нямсүрэн, Ч.Мөнхнасан нарын бичгээр гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “Оргил зуурмаг” ХХК-ийн захирлын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” №025/2018 тушаал, 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /1 хавтаст хэргийн 22-31, 33, 47-52, 56-59, 105-106 тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь “Тэлмэн цэцэг” ХХК-ийн нэхэмжлэх, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн хуудас /1 хавтаст хэргийн 238-242 тал/

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 сарыг 27-ны өдрийн 2/5177 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн “Оргил зуурмаг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Ю.Шагдарсүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банк ХХК-ийн “Барьцаа хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгүүлэх” тухай албан бичиг, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн “Тэлмэн цэцэг” ХХК болон Д.Цэрэндэжмид нарын хооронд байгуулсан ЗГ3665110374 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110374-1 дугаар Ипотекийн гэрээ, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110374-2 дугаар Ипотекийн гэрээ, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110374-3 дугаар Ипотекийн гэрээ, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн Тэлмэн цэцэг ХХК болон Д.Цэрэндэжид нарын хооронд байгуулсан ЗГ3665110375 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110375-1 дугаар, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110375-2 дугаар Ипотекийн гэрээ, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн ЗБ3665110375-3 дугаар Ипотекийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа тус тус бүрдүүлсэн. /1 хавтаст хэргийн 185-230, 2 хавтаст хэргийн 120-122 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

“Оргил зуурмаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Энхбаярт холбогдох 2018 оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.Энхбаярт амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Энхбаяр болохыг тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийг А.Энхбаярын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах сөрөг нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Энхбаярын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Оргил зуурмаг” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

“Оргил зуурмаг” ХХК нь нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч А.Энхбаярт тус компанид 8 жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд орон сууцаар шагнахаар амласан боловч тэрээр 8 жил ажиллаагүй тул шагнал амалсан амлалтыг хүчингүй болгуулна гэж,

Хариуцагч А.Энхбаяр нь татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: “Оргил зуурмаг” ХХК нь орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо хамт олны өмнө илэрхийлж, хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлэн орон сууцаар шагнаж, батламж гардуулсан тул сууцыг өмчлөлдөө үлдээх эрхтэй гэж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэн нь шаардлагаа дэмжиж: “Оргил зуурмаг” ХХК-нд цемент нийлүүлж, төлбөрт нь орон сууц тооцон худалдаж авсан орон сууцны өмчлөгч тул, бусдын хууль бус эзэмшлээс  орон сууцаа чөлөөлүүлэх үндэстэй гэж тус тус тайлбарлана.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“Оргил зуурмаг” ХХК нь Х.Наранболд, Д.Баттуяа гэх 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны 60 хувийг Х.Наранболд, 40 хувийг Д.Баттуяа эзэмшдэг, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан /захирал/ Х.Наранболд болох нь тогтоогдсон. /1 хавтаст хэргийн 3-8, 2 хавтаст хэргийн 121 тал/

Хариуцагч А.Энхбаяр нь “Оргил зуурмаг” ХХК-д 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сар хүртэл ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1 хавтаст хэргийн 57-59, 139-150 тал/

“Оргил зуурмаг” ХХК-ийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”-аар А.Энхбаярыг 2 өрөө орон сууцаар шагнасан. /1 хавтаст хэргийн 24 тал/

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байршилтай, 49.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201060251 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 02 сарын 04-ний өдөр “Оргил зуурмаг” ХХК-ийн өмчлөлд, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 2021 оны 03 сарын 16-ны өдөр Ю.Шагдарсүрэнгийн өмчлөлд бүртгэгдсэн. /1 хавтаст хэргийн 185-192/

Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байршилтай, 49.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Голомт банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. /1 хавтаст хэргийн 205-208/

Иргэний хуулийн 420 дугаар зүйлээр шагнал олгохоор нийтэд амлах тухай зохицуулсан ба 420.1-д тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээхээр заажээ. Шагнал олгох тухай амлалт нь дараах тохиолдолд хэрэгжих үндэстэй. Тухайлбал тодорхой үүрэг гүйцэтгэсний хөлсөнд шагнал амладаг ба хариуцагч А.Энхбаяр үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажиллаж байсан нь зохигчдын тайлбар, “Батламж”, “Оргил зуурмаг” ХХК-ийн 2019 оны 12 сарын 22-ны өдрийн “Өргөмжлөл”-өөр нотлогдсон, талууд энэ тухай маргаагүй. Мөн шагнал амласныг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулсан компанийн шинэ жилийн арга хэмжээ дээр хариуцагчид батламж гардуулснаар шагналыг нийтэд мэдээлсэн. Шагнал авах эрх нь зарчмын хувьд үйлдлийг бүрэн гүйцэтгэсэн буюу үр дүн нь илэрхий байхыг ойлгодог. Тодруулбал хариуцагч А.Энхбаяр 2013 оноос эхлэн “Оргил зуурмаг” ХХК-д үр бүтээлтэй ажиллаж, компанийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь зохих хувь нэмэр оруулсныг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна шагнал олгохоор амлаагүй харин шагналыг бодит байдлаар олгосон нь  “Батламж”-аар тогтоогдож байх тул тодорхой үр дүн бий болгосон этгээдэд /А.Энхбаяр/ шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд /Оргил зуурмаг ХХК/ шагнал олгох үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар А.Энхбаяр нь Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байршилтай, 49.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар тал дахь “Оргил зуурмаг” ХХК-ийн Захирлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 63 дугаар тушаалаар баталсан “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам”-аар орон сууц шагнахаар амласан амлалтаа хүчингүй болгуулахаар шаардсан. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.4-д зарласан хугацаанд болзлыг хангах нь эргэлзээтэй болсон тохиолдолд амлалтыг хүчингүйд тооцох тухай шагнал олгохоор нийтэд зарлахдаа зааж болно гэжээ. “Шагналд тодорхойлж, батламж гардуулах, батламжийн журам” нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлээр зохицуулсан болзол тавьж хийсэн хэлцлийн шинжийг агуулсан бөгөөд хариуцагч А.Энхбаяр нь журамд заасан 8 жил тогтвор суурьшилтай ажиллаагүй тохиолдолд түүнд амласан орон сууцаа буцаан авах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдана. Гэвч 2018 оны 12 сарын 25-ны өдрийн “Батламж”-ийн агуулгаар болзол тавьж хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчийн орон сууцаар шагнасан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч өмнө нь хүлээн авч тодорхой үйлдэл хийсэн буюу орон сууцанд амьдарч байгаа нь хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч /худалдагч/ “Оргил зуурмаг” ХХК нь гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнд /худалдан авагч/ 2021 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байршилтай, 49.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201060251 дугаартай,  2 өрөө орон сууцыг худалдсан бөгөөд гэрээ байгуулах үед   тухайн орон сууцыг хариуцагч А.Энхбаяр эзэмшиж байсан тухай гэрээний талууд мэдэж байсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгөд тооцно. Энгийнээр хэлбэл гуравдагч этгээд А.Энхбаярын эзэмшиж байгаа орон сууцыг худалдахдаа түүнд мэдэгдэлгүйгээр Ю.Шагдарсүрэнгийн өмчлөлд шилжүүлсэн нь гуравдагч этгээд  А.Энхбаярын хувьд гомдлын шаардлага гаргах эрх үүсэх буюу худалдсан орон сууц эрхийн доголдолтой гэж үзнэ.

Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар зааснаас үзэхэд худалдагч  /нэхэмжлэгч/ нь эрхийн доголдолтой орон сууцыг бусдад худалдахдаа эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ. Хэргийн 235 дугаар тал дахь Ю.Шагдарсүрэнгийн “... Энхбаяр ажлаасаа гарчихсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой гэж “Оргил зуурмаг” ХХК-ийн зүгээс надад хэлсэн ...” гэх тайлбараар  худалдагч /нэхэмжлэгч/ нь А.Энхбаярыг орон сууцнаас гарахгүй гэдгийг мэдсээр байж  доголдлыг зориуд нуун дарагдуулж худалдан авагч Ю.Шагдарсүрэнгийн хариуцлагыг хязгаарласан тул худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ. Тодруулбал “Оргил зуурмаг” ХХК нь орон сууцны эрхийн доголдлыг нуугаагүй боловч “Энхбаяр ажлаас гарсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой” гэж биелэгдэх боломжгүй баталгаа гаргасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар “Оргил зуурмаг” ХХК, Ю.Шагдарсүрэн нарын 2021 оны 03 сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол /18082/, 39 байр, 110 тоот хаягт байршилтай, 49.9 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201060251 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар “Оргил зуурмаг” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А.Энхбаярын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

“Оргил зуурмаг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөг, А.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Оргил зуурмаг” ХХК-аас 257 950 төгрөг гаргуулан А.Энхбаярт олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар “Оргил зуурмаг” ХХК-ийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.Энхбаярт амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнгийн Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Энхбаярын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, 39 байр, 110 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Энхбаярыг /РД:ФА88061376/ бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Шагдарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөг, хариуцагч А.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, “Оргил зуурмаг” ХХК-аас 257 950 төгрөг гаргуулан А.Энхбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЭНХТӨР