Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01568

 

 

 

 

 

 

 

 

 

О- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01996 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч А.Э-т холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш-гийн шаардлагатай, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 дүгээр байр, 110 тоот хаягт байрлалтай орон сууц нь О- ХХК-ийн хууль ёсны өмч бөгөөд 2019 оноос хойш тус компанид харьяалагдах ажилчдад зориулахаар төлөвлөсөн орон сууц юм. Манай компанийн менежерээр ажиллаж байсан А.Э-ыг О- ХХК-д ажиллаж байх хугацаандаа тус орон сууцанд амьдрахыг зөвшөөрч оруулсан. Гэтэл хариуцагч А.Э- нь орон сууцанд оруулснаас хойш ажлын идэвхи санаачилга нь суларсаар 2020 оны 5 сард ажлаас гарсан. Нэгэнт хариуцагч нь О- ХХК-иас гарч манай байгууллагад ажиллахаа больсон тул байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд О- ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орсон. Энэ хугацаанд өөрийн мэдлэг чадвараа дайчилж, үнэнч шударгаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлж ажиллаж ирсэн. Миний хийсэн ажлыг үнэлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О- ХХК-иас 2 өрөө байраар шагнаж, батламжийг гардуулж өгсөн. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллага хамт олныг гомдоож хохироосон зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 39 дүгээр байрны 110 тоот байранд 2017 оноос одоог хүртэл амьдарч байна. О- ХХК-д ажилласан 8 жил миний ажлын бүтээмжийн оргил үе байсан. Миний хийсэн бүтээсэн ажилд энэ байр багадах юм. Нэхэмжлэгч нь 2019 оноос хойш ах дүүсээ ажиллуулж хуучин ажилчдаа халж, сольж, цалин бүтэн тавихаа больсон тул би ажлаас гарсан. Анхны гал голомтоо бадраасан гэр орноо өгөх боломжгүй байна. Энэ байрнаас гараад орох орон байхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 39 дүгээр байр, 110 тоотод 2017 оны 2 дугаар сараас одоог хүртэл амьдарч байна. О- ХХК-д ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл ур чадвартай ажилласныг үнэлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагааны явцад 2 өрөө байрны эрхийн батламж гардуулж, байраар шагнасан. 2019 оноос хойш удаа дараа уг байрыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн боловч О- ХХК-ийн захирал Х.Наранболд нь танайх олон жил амьдарч байгаа хамт олны дунд гардуулж өгсөн тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй батламж байхад яараад яах вэ гэж хууран мэхэлж, залилсаар байгаад өөр хүний нэр дээр шилжүүлж өгсөн байна. Иймд хөдөлмөрийн үр шим, ур чадвар, үр бүтээлээрээ шагнагдсан маргааны бүхий орон сууцыг А.Э- миний нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хойшид компанидаа тогтмол ажиллах ажилтанд компанийн байранд үнэ төлбөргүй амьдруулахаар болж, цаашид 8 жил ажиллавал байрыг нэр дээр нь шилжүүлэн өгнө гэсэн болзолтойгоор батламж гардуулсан. Гэтэл А.Э- нь ажлаас гарч болзол биелэгдэхгүй болсон байхад байрыг эргүүлж өгөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Компани болон А.Э- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд орон сууц болон урамшуулал өгөх тухай тусгагдаагүй. А.Э- нь ажиллаж байхдаа өөрөө хариуцаж хийсэн олон гэрээнүүдийн өр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, харилцагчдын мэдээлэл нь олдохгүй, мөн зөөврийн компьютер авна гэж 2 удаа компаниас мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш- шаардлагадаа: Би 2020 оны 9 дүгээр сард О- ХХК-ийн захирал Х.Наранболдтой уулзаж цемент зээлээр авах хүсэлтийг нь зөвшөөрч, цементийн үнэд орон сууц оролцуулан авахаар тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 39 дүгээр байр, 110 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар болсон. Ингэхдээ тус байрны ордер гараагүй, мөн барилга угсарсан компанид 36 000 000 төгрөгийн өртэй байгаа, энэ өрнөөс надаас авсан цементээрээ зуурмаг хийж барагдуулаад гэрчилгээ гарсны дараа миний нэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байранд О- ХХК-д ажиллаж байсан А.Э- гэх залуу амьдарч байсан. Би А.Э-ыг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. А.Э- ажлаасаа гарчихсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой гэж О- ХХК-ийн зүгээс надад хэлсэн. Би тус байрны үнэд 60 000 000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Ингээд 2021 оны 3 дугаар сард О- ХХК нь орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би тус байрыг өөрийн нэр рүү шилжүүлж аваад бизнесээ өргөжүүлэхээр жижиг дунд бизнесийг дэмжих 3 хувийн зээлийн барьцаанд Тэлмэн цэцэг ХХК-ийн нэр дээр тавьж, Голомт банкнаас 2021 оны 4 дүгээр сард зээл авсан. О- ХХК нь тус байранд амьдарч байгаа А.Э- гэх залуугаас танай байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байгаа түр хүлээж байгаарай гэсний дагуу би хүлээж байсан боловч А.Э- гэх залуу өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна. А.Э- нь хүний байранд хөлс мөнгө төлөхгүйгээр олон жил амьдарч, өмчлөгчөөр тогтоолгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд намайг тус байрны өмчлөгчөөр тогтоож, А.Э-ыг миний байрнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 106 дугаар зүйлийн 106.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 дүгээр байрны 110 тоот хаягт байрлах 49,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөн, эзэмшлийг Ю.Ш-д шилжүүлэхийг хариуцагч А.Э-т даалгаж, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх О- ХХК-ийн нэхэмжлэл болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай А.Э-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг гуравдагч этгээдээс төлсөн 458 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас 70 200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ю.Ш-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд батламж гардахаас 1 жилийн өмнө буюу 2017 оны 11 сараас эхлэн амьдарч эхэлсэн ба нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшилд улмаар өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийт ажилчид, хамт олны өмнө батламж гардуулсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг хариуцагчийнх болохыг баталсан батламж нь ямар нэгэн амлалт биш мөн ирээдүйд болох үйл явдлыг баталгаажуулсан баталгаа биш харин ч өмнө тохирсон хэлцэл, үйл баримтыг баталгаажуулсан болох нь батламжийн агуулгаас тодорхой харагдана. Гэтэл шүүх хууль буруу тайлбарлан шинээр шагнал урамшуулал олгож байгаа мэтээр дүгнэж, хэт нэг талын эрх ашгийг баримтлан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Анх маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч өөрөө байгаагүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ О- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр компанийн өмчийг бусдад шилжүүлсэн нэхэмжлэгчийн үйлдэл нь илт хууль бус шинжтэй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ нэгээс нөгөөд шилжсэн үйл баримтыг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл, нэг компанийн хоёр хувьцаа эзэмшигчийн нэг нь нөгөөгөө илтэд хууран мэхэлж, гуравдагч этгээдтэй хэлцэл хийн компанийн өмчийг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан байгааг шүүх харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О- ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш- нар нь хариуцагч А.Э-т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Маргааны зүйл болж буй Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, 39 дүгээр байр, 110 тоот хаягт байршилтай, 49,9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр О- ХХК, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ю.Ш- нар тус тус бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 186, 192-р тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан бөгөөд эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай.

 

Хэргийн 24 дүгээр талд нэхэмжлэгч О- ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч А.Э-ыг эрхэлсэн ажилдаа ур чадвартай, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, хоёр өрөө байраар шагнасан талаарх батламж гэх баримт авагдсан бөгөөд маргаан бүхий хоёр өрөө орон сууцанд хариуцагч А.Э- нь 2017 оноос хойш амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээх эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э-ыг эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу уг орон сууцыг ашигласан гэж дүгнэжээ. Хариуцагч А.Э- нь ямар үндэслэлээр орон сууцыг эзэмшиж байгааг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, гуравдагч этгээд Ю.Ш-гийн өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажсан хэдий ч тухайн орон сууцыг хариуцагч А.Э- бодитоор эзэмшиж байх бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлага гаргасан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нь улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх нь зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/01996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ