Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00993

 

 

 

 

 

 

 

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/00853 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э т холбогдох,

2018 оны 12 сарын 25-ны өдөр шагнал олгохоор А.Э т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг А.Э ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Э ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ю.Ш гийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагч А.Э , түүний өмгөөлөгч Г.Т , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: О ХХК нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр нэр бүхий ажилчдыг идэвхижүүлэх зорилгоор цаашид тус компанид үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай, 8 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллах болзолтойгоор орон сууц бэлэглэх шагнал олгосон. Гэтэл шагнал олгосноос хойш 1 жил хагасын хооронд А.Э ын ажлын идэвхи, санаачилга буурч компанитай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр компани байгуулан ажлаасаа гарсан. Үүгээр ч тогтохгүй хамт ажиллаж байсан ажилчдыг өөртөө урвуулан авч О ХХК-д ажиллаж байх хугацаандаа цуглуулсан мэдээллийг ашиглан компанийн харилцагчдад бетон зуурмаг нийлүүлснээс болж нэхэмжлэгч компани бизнесийн болон хүний нөөцийн алдагдалд орж хохирсон. Дээрх шалтгаанаар компанийн удирдлагын зүгээс А.Э т шагнахаар амласан амлалтаа гүйцэлдүүлэхгүй болсон бөгөөд энэ тухайгаа удаа дараа мэдэгдэж, байр чөлөөлж өгөхийг хүссэн. Анх 2017 онд А.Э ын эхнэр хүүхэд хамт амьдрахаар Эрдэнэт хотоос ирээд аав ээжтэйгээ амьдрахад хэцүү байна гэж нэг бус удаа ярьж, учирлаж байсан тул тус компанийн зүгээс ямар нэгэн төлбөр, түрээс төлөхгүйгээр түр амьдрахыг нь зөвшөөрч, төлбөрийг нь төлж дуусаагүй байсан бартерийн байранд оруулсан. Тус байрыг шагналд өгнө гэж амлаагүйгээс гадна шагнал амласан Батламж-д орон сууцны хаяг, хэмжээг заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, тус орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдруулж эхэлсэн нь 2017 он, шагнал амласан нь 2018 он юм. Компанийн зүгээс нэг болон түүнээс дээш жил ажилласан нэр бүхий 6 ажилтанд цаашид удаан хугацаагаар тэтгэвэрт гартлаа сайн ажиллана гэсэн амлалтыг нь авч, орон сууц олгохоор шагнал амласан. Энэхүү амлалтандаа А.Э нь хүрээгүйн дээр компанийн нэр хүнд болон эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учруулсан тул компанийн удирдлагын зүгээс амлалтаа биелүүлэхээс татгалзаж 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ю.Ш д шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.Э т амласан амлалтыг хүчингүйд тооцож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшилд, улмаар өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, 2018 оны 12 сарын 25-ны өдөр нийт ажилчид, хамт олны өмнө батламж гардуулсан. Хариуцагч нь миний 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш хоёргүй сэтгэлээр зүтгэн борлуулалтын менежерээс борлуулалтын албаны дарга, ерөнхий менежер болтлоо хичээн ажилласныг маань үнэлж надад олгосон шагнал юм. Батламжийн агуулгад ...тууштай эрхэлсэн ажилдаа ур чадвартай, үр бүтээлтэй ажиллаж байгааг тань өндрөөр үнэлэн... гэж тодорхойлсон болохоос биш үүнээс хойш тасралтгүй 8 жил ажиллавал уг байрыг шилжүүлэн өгнө гэсэн утга байхгүй. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журамд цаашид тасралтгүй 8 жил ажиллавал байр өгнө гэсэн зүйл заалт байхгүй. Миний хувьд хэзээ ч өгж байгаагүй амлалтаа биелүүлээгүй гэж гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр О ХХК-ийн нийт ажилчдын өмнө ямар нэгэн болзол хугацаа зааж Батламж гардуулаагүй атлаа олны өмнө зарласан мэтээр хуулийг буруу тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан У ХХК-д 2020 оны 05 сарын 21-ний өдөр илгээсэн 000/0000 дугаартай албан бичгийн утгаас үзэхэд анхнаасаа талууд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагчид уг орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь харагдана. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулахаар бие даан хэлцэл хийх эрх олгогдоогүй болох нь О ХХК-ийн 40%-ийн хувьцаа эзэмшигч Д.Б гийн шүүхэд өгсөн 2012 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд олгосон гэх гэрчийн мэдүүлгээс харагдана. Учир нь нэхэмжлэгчид гагцхүү аль 2012 онд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулах үед л нэг удаа бүртгэлтэй холбоотой асуудлаар эрх олгогдсон болохоос биш их хэмжээний хэлцлийг бие даан хийх эрх хэзээ ч олгогдоогүй байна. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь 2021 оны 03 сарын 11-ний өдөр маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж бага үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг А.Э ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: 2020 оны 05 сарын 21-ний өдөр У ХХК-д илгээсэн албан бичигт 32,107,400 төгрөгийн өглөгийг О ХХК-д А.Э өгнө гэж тохиролцсон агуулга харагдаж байна. А.Э т тус орон сууцыг үнэгүй өгнө гэсэн тохиролцоо байгаагүй нь тус баримтаар тогтоогдоно. Мөн хувьцаа эзэмшигч Д.Б гийн зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл хийсэн тул гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд байна. Хэрэв тийм бол А.Э т байр өгөөд байгаа нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Адилхан л их хэмжээний хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох учиртай. Гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлээгүй хийсэн. Яагаад гэвэл худалдах, худалдан авах гэрээ бодитойгоор бий болоод байна. Нэг тал нь цемент нийлүүлж, нөгөө тал нь байраа өгч байгаа нь бартер буюу худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.   Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын агуулга: Ю.Ш нь 2020 оны 09 сард О ХХК-ийн захирал Х.Н той уулзаж цемент зээлээр авах хүсэлтийг нь зөвшөөрч, цементийн үнэд орон сууц авахаар тохиролцож, 000 тоот байрыг очиж үзээд худалдан авахаар болсон. Ингэхдээ тус байрны ордер гараагүй, мөн барилга угсарсан компанид 36,000,000 төгрөгийн өртэй байгаа, энэ өрөө надаас авсан цементээрээ зуурмаг хийж барагдуулаад гэрчилгээ гарсны дараа миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байранд О ХХК-д ажиллаж байгаад гарсан А.Э гэх залуу амьдарч байсан. Би А.Э ыг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. А.Э ажлаасаа гарчихсан болохоор манай байрыг чөлөөлж өгнө, тэгээд танайх ороорой гэж О ХХК-ийн зүгээс надад хэлсэн. Би тус байрны үнэ болох 60,000,000 төгрөгт О ХХК-д эхнэр Д.Цэрэндэжидийн нэр дээр байдаг Т ХХК-аас цемент нийлүүлсэн ба А.Э гэх залууг өөрсдөө байрнаас хурдан гаргаж өг, би зүгээр байраа авмаар байна гэдэг шаардлагыг О ХХК-д тавьсан. Ингээд 2021 оны 03 сарын 16-ны өдөр миний нэр дээр орон сууцны гэрчилгээ гарсан. О ХХК-аас авах өмнөх авлага дээр байрны үнийн зөрүүг цементээр өгч дуусгасан тул тус байр миний өмчлөлийн байр мөн. Яагаад нэг ч төгрөг төлөөгүй А.Э нь миний байрыг авах гээд байгааг би ойлгохгүй байна. Иймд 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Э ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргаж байна.

 

6.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар О ХХК-ийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн шагнал олгохоор А.Э т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш гийн 000 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Э ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2021 оны 03 сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 000 тоот хаягт байрлах, 49.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Э ыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Ш гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,000 төгрөг, хариуцагч А.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, О ХХК-аас 257,950 төгрөг гаргуулан А.Э т олгосон.

 

7.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.а. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь компанийн зүгээс А.Э т шагнал олгохдоо ямар нэгэн уралдаант шалгаруулалт зарлаагүй бөгөөд шагналыг олгохдоо олгосон өдрөөс хойш 8 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажиллаарай гэсэн болзолтойгоор амлалт өгсөн ба шүүхийн дурдсан шиг үр бүтээлтэй ажилласных нь төлөө шагнаагүй болно. Энэ талаар шагнал олгох журам, захирлын тушаал, гэрч С.Т нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн энэ үүргийн хэлцэл нь дангаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А.Э т шилжүүлэх үндэслэл болохгүй.

7.б. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд үүрэг хүлээсэн амлалт буюу хэлцлээс гадна тухайн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлдэл хийгдсэнээр өмчлөх эрх шилжих хуультай. Дээрх хуульд заасанчлан О ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж дараа нь Ю.Ш д шилжүүлэн өгч байгаа нь А.Э т орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг А.Э ын өмч гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

7.в. Хэрэгт хариуцагч А.Э ын гаргаж өгсөн У ХХК-д төлбөрийн үлдэгдэл төлбөр барагдуулах тухай албан бичигт 32,107,400 төгрөгийг А.Э төлж барагдуулна гэж тодорхой заасан ба А.Э т тус байрыг үнэгүй өгөөгүй, мөн А.Э нь үүнийг мэдэж У ХХК-д тус баримтыг өгч төлбөр барагдуулахаар хэлэлцэж байгаа талаар үйл баримт тодорхой харуулж байхад шүүх тус баримтыг үнэлэн авч үзээгүй. Хэрэв амлалт ёсоор А.Э т зүгээр л байр өгөх байсан бол үлдэгдэл төлбөрийг А.Э биш манай компани хариуцан төлнө гэж бичих ёстой байсан. Гэвч А.Э ын оронд хуучин байсан өглөг дээр өр барагдуулах зуурмагийн цементийг өгсөн Ю.Ш д тус байрыг шилжүүлж байгаа үйл баримт харагдана.

7.г. Нэхэмжлэгч компани А.Э ын ар гэрийн хүнд асуудлыг шийдэж Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг А.Э т 2017 онд олгосон ба өнөөдрийг хүртэл А.Э нэг ч төгрөг төлөлгүйгээр амьдарч байгааг шүүх үнэлэн авч үзээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө Ю.Ш д шилжсэнээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2, 237 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт заасан эрх, үүрэг Ю.Ш д шилжсэн ба энэхүү шилжиж байгаа үйл явц нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэсэн заалтыг хангаж байгаа юм. Мөн манай компани А.Э т байр амлаж байгаа үйл явц нь яг тухайн А.Э т үнэгүй ашиглуулж байсан байр мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй ба орон сууцаар шагнах тухай амлалт өгөх үед маргаан бүхий байр нь У ХХК-ийн өмч байсан, бусдын өмчлөлийн тухайн байрыг А.Э т өгөх боломжгүй юм.

7.д. А.Э тай хамт шагнагдсан бусад хүмүүс бүгд ажлаасаа гарсан ба А.Э аас бусад нь болзлын дагуу 8 жил ажиллаж чадаагүй тул орон сууцыг компанид буцаан өгсөн үйл баримтыг шүүх үнэлэн авч үзэлгүй агуулгын болон хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: О ХХК-д сургууль төгсөөд цаг наргүй 8 жилийн хугацаанд ажилласан. 2013 онд тус компанийн захирал 2 өрөө орон сууц бэлэглэсэн. Орон сууцыг өөрийн хөдөлмөрийн үр дүнд олж авсан. Хэрэгт 2018 оны 12 сарын 25-ны өдрийн Х.Н захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй батламж гэх баримт авагдсан. Батламжийн агуулга нь үр бүтээлтэй сайн ажилласныг үнэлж гэж тусгасан болохоос ирээдүйд үр бүтээлтэй сайн ажиллаарай гэж байхгүй. Анх орон сууц өгөхдөө болзол нөхцөл байгаагүй. Орон сууцанд 2017 оноос эхлэн А.Э гэр бүлийн хамт амьдарсан ба амьдарч байгааг нь бүгд мэдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үнэлэх ёстой нотлох баримтуудыг үнэлсэн зөв шийдвэр болсон учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч А.Э т холбогдуулан 2018 оны 12 сарын 25-ны өдөр шагнал олгохоор А.Э т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тус компанид хойшид 8 жил үр бүтээлтэй ажиллах гэсэн болзолтойгоор орон сууцны Батламж гардуулсан боловч А.Э нь удалгүй ажлаас гарсан тул амлалт хүчингүй, А.Э ын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан маргаан бүхий орон сууцанд 2017 оноос хойш үнэ төлбөргүйгээр амьдруулсан, Батламж өгөх үед маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй учир уг орон сууцыг өгөхөөр амлах боломжгүй, орон сууцыг гуравдагч этгээд Ю.Ш д бетон зуурмагаар худалдсан... гэх агуулгаар тайлбарлажээ.

Дээрх шаардлагыг хариуцагч А.Э бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг А.Э ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан ба үндэслэлээ ...тус компанид 2013 оноос хойш үр бүтээлтэй ажилласныхаа төлөө орон сууцаар шагнуулсан, орон сууцаар шагнуулах үед цаашид 8 жил ажиллах болзол байгаагүй, энэ нь Батламж-ийн агуулгаас харагдана, гуравдагч этгээд Ю.Ш маргаан бүхий орон сууцыг А.Э эзэмшиж, ашиглаж байгаа гэдгийг мэдсээр байж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн... гэх агуулгаар тайлбарлажээ.

 

3. Гуравдагч этгээд Ю.Ш нь хариуцагч А.Э т холбогдуулан 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Э ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ ...маргаан бүхий орон сууцыг О ХХК-аас 60,000,000 төгрөгөөр худалдан авч, үнэд нь бетон зуурмаг нийлүүлсэн, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

4.   Шүүхээс О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

Хэргийн 24 дүгээр талд О ХХК-ийн захирал Х.Н ын гарын үсэг бүхий 2018 оны 12 сарын 25-ны өдөр гэх огноотой Батламж гэх баримт авагджээ. Уг баримтад Эрхэм хүндэт А.Э танаа О ХХК-д тууштай эрхэлсэн ажилдаа ур чадвартай, үр бүтээлтэй ажиллаж байгааг тань өндрөөр үнэлэн 2 өрөө байр-аар шагнаж байна хэмээн дурдсан байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах үүргийн харилцаанд хамааруулсан нь буруу. Учир нь хэргийн баримтаар нэхэмжлэгч О ХХК нь шагнал олгохоор амлаж нийтэд зарласан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд уг Батламж нь тодорхой нэг этгээдэд нэр заан шагнал амласан агуулгатай байна.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч О ХХК-аас ажилтан А.Э т цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулал амласан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч О ХХК нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2 өрөө орон сууцаар шагнахаар амласан амлалтаа хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.   Шүүхээс хариуцагч А.Э ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг эд хөрөнгөд хамаарч байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт хавсаргагдсан бичгийн нотлох баримтаар О ХХК, Ю.Ш нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ /1хх 187-189/-ний дагуу өмчлөх эрх шилжсэн буюу Ю.Ш гийн нэр дээр 000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 192/ 2021 оны 03 сарын 16-ны өдөр гарсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзэх тул гуравдагч этгээд Ю.Ш гийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч А.Э ыг тогтоох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч А.Э ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

 

6.   Шүүхээс гуравдагч этгээд Ю.Ш гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Гуравдагч этгээд Ю.Ш нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй болохынхоо хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч А.Э ын эзэмшлээс шаардах эрхтэй боловч уг шаардлага хангагдах урьдчилсан нөхцөл нь хариуцагч А.Э ын эзэмшил хууль бус байх явдал юм.

Гэтэл хариуцагч А.Э нь ажил олгогч О ХХК-аас түүнд олгосон Батламж-ийн дагуу маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан учир хариуцагч А.Э ын эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагч А.Э ыг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд хариуцагч А.Э нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч О ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шагнал урамшууллаа олгохыг шаардах, уг шаардлагыг хангагдах хүртэл маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилдээ саатуулан барих эрхтэй.

Түүнчлэн, маргаан бүхий орон сууцыг хариуцагч А.Э ын эзэмшил, ашиглалтад байгаа гэдгийг гуравдагч этгээд Ю.Ш нь мэдсээр байж нэхэмжлэгч О ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь түүний шүүхэд гаргасан ...Тухайн үед тус байранд О ХХК-д ажиллаж байгаад гарсан А.Э гэх залуу амьдарч байсан. Би А.Э ыг ажил хэргийн шугамаар таньдаг байсан... гэсэн тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

7.   Гуравдагч этгээд Ю.Ш нь Худалдах, худалдах авах гэрээ-ний дагуу орон сууц бодитоор эзэмшил, ашиглалтад нь шилжихгүй байгаатай холбоотой шаардлагаа буруутай этгээдэд холбогдуулан гаргахад энэхүү магадлал саад болохгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/00853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Э т холбогдох, 2018 оны 12 сарын 25-ны өдөр шагнал олгохоор А.Э т амласан амлалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч О ХХК-д холбогдох, 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг А.Э ын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Э т холбогдох, 000 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, А.Э ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ю.Ш гийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 257,950 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 458,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР