Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1300

 

 

 

 

 

 

    2020           10             6                                        2020/ДШМ/1300                                                    

 

 

                                                       Б.Э, П.С, М.С

                                 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

хохирогч З.Н ,

шүүгдэгч М.С /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч З.Н  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э, П.С, М.Снарт холбогдох эрүүгийн 1805 03749 0841 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Э, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа аялал жуулчлалын хөтчийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эмэг эх, ах, 2 хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. П.С, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Хуст хайрхан” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

3. М.С, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Интерплант” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Б.Э нь М.С тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан З.Н гаас 40.000.000 төгрөгийг зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

П.С нь М.С тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан иргэн З.Н гаас 35.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

М.С  нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кинотеатрын орчим иргэн Ч.Э аас Чех улсын визэнд орох гэж байна, банкны баталгаа хэрэгтэй байна гэж 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан,

М.С  нь Б.Э тай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан З.Н гаас зээлэх нэрийдлээр 40.000.000 төгрөгийг залилсан,

М.С  нь П.С той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Н гаас зээлэх нэрийдлээр 35.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, П.С , Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ганцаараа болон бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.С ид 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , П.С нарт оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э , П.С нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног байхаар тооцож 30 хоногийн хорих ялаар дүйцүүлж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 30 хоног байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С д оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Э, П.С, М.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогч З.Н  нь олох байсан ашиг, эд хөрөнгөөс хүртэх байсан үр шимийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, Б.Э , П.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч М.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч М.С  нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулснаас гадна түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох охин С.Э 12 настай, охин С.Х 10 настай, охин 1 настай С.А, эхнэр Б тодорхой эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотод өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг дээрх байдлыг харгалзан шүүхийн тогтоолд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж залуу гэр бүлийг элэг бүтэн хамт амьдрах боломжоор хангаж өгнө үү. Шүүгдэгч М.С нь “И” ХХК-г үүсгэн байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулан 10 жил болж хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн хуулийн заалтыг хангаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч М.С т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулахаар өмгөөлөгчийн гомдол гаргасан. ...” гэжээ.

Шүүгдэгч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “И” ХХК-г үүсгэн байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулан 10 жил болж байна. Энэ хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж, бизнесийн эрсдэлд орж түүнийгээ даван туулахын тулд хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад итгэмтгий зангаасаа олон алдаа гаргаснаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад сайтар ойлгож, олон талаас нь бодож тунгааж мэдлээ. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, хойшид хууль зөрчсөн, хүний итгэлийг алдах ямар нэгэн үйл хөдлөл хийх ёсгүй гэдгээ сайтар ухаарч дахин дахин гэмшиж байна. Эцэг хүнийхээ хувьд 3 охидынхоо өмнө гэмшээд барашгүй ийм цаг үеийг өнгөрүүлж байна. Одоогоор эхнэрийнхээ итгэлийг алдсанаас болж эхнэр маань намайг мөрдөн байцаалтын явцад орхиж явсан. Энэ бүхний эцэст 3 бага насны охид минь харж хандах хүнгүй, бүтэн өнчин мэт болж, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, зүс таних айлд хоолтой, хоолгүй амьдарч байна. Ясли, сургуульд хамрагдаж чадахгүйд хүрч, аавын хайраар, ээжийн элбэрэл халамжаар дутаж байна. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлуудыг бүрэн нөхөн төлж барагдуулсныг анхаарч авч үзнэ үү. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж, торгох ял болгож 3 охидоо харж халамжлах, элэг бүтэн байх боломжоор хангаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч З.Н  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З.Н  нь энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас надад учирсан нийт хохирол 127.470.000 төгрөгийг холбогдогч Б.Э , М.С , П.С нараас гаргуулахаар нэхэмжилж өөрт байсан холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор холбогдогч Б.Э , М.С , П.С нараас хохирол төлбөрт үндсэн зээл 75.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч надад олгосноор миний олох байсан орлого, үр шимийг бодит хохиролд тооцохгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнээс гадна холбогдогч Б.Э , М.С , П.С нарыг гэмт хэргийн хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял, шийтгэл оноохдоо хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн. Надад учирсан хохирлоос 52.470.000 төгрөг төлөгдөөгүй байхад шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт хэсэгт шүүгдэгч Б.Э ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж, шүүгдэгч П.С ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж, шүүгдэгч М.С ыг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн байх тул... гэж хэрэгтнүүдийн нөхцөл байдлыг илтэд мушгин тэдэнд ашигтай байдлаар дүгнэн ял оноосон. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь Б.Э , М.С  нар нь бүлэглэн эхнэр, нөхөр мэтээр зохион байгуулалттайгаар намайг залилан 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн М.С , П.С хоёр нь бүлэглэн зохион байгуулалттайгаар надаас 35.000.000 төгрөг залилан авч З.Н  надад нийт 75.000.000 төгрөгийн хохирол, хүү алдангийн буюу олох байсан ашиг 52.470.000 төгрөг, нийт 127.470.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр хуульчилсныг зөрчин ял оноосон байна. М.С д хорих ял оноохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ганцаараа болон бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн ял оноосон. Өөрөөр хэлбэл М.С , Б.Э , П.С нарт ял оноохдоо бусадтай бүлэглэсэн гэж үзсэн хэрнээ шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт хэсэгт М.С , Б.Э , П.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн М.С д хорих ял оноохдоо дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч эдгээр хүмүүс нь бүлэглэн зохион байгуулалтын шинжид орж М.С , Б.Э нар нь эхнэр, нөхөр мэтээр жүжиглэн надад 127.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Б.Э , П.С нарт оногдуулсан торгох ял болон М.С д оногдуулсан хорих ялын хугацаа зэргийг хөнгөдсөн гэж үзэж байна. Иймээс дээрх шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж Б.Э , П.С нарт оноосон торгох ял, М.С д оноосон хорих ялыг дахин шалгаж эдгээр хүмүүсийн үйлдэлд нь тохирох шийтгэлийг оноож, хохирогч З.Н  надад төлөгдөөгүй хохирол болох 52.470.000 төгрөгийг нөхөн төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.С ын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. М.С ын эхнэр Болортуяа нь М.С д Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанаас хойш 3 хүүхдээ М.С д үлдээгээд явсан. Одоогоор бага насны 3 хүүхэд нь М.С ын ээж Отгоны асрамжид байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан М.С д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. 

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ хэргийг 2019 онд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч бичиг баримт үйлдсэн гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ингээд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Энэ шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. М.С ын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж хохирогчид хохирол учруулсан. Иймээс ял шийтгэл нь тохирч байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч З.Н д учирсан бодит хохирлыг М.С  бүрэн төлж барагдуулсан. Хүү, алдангитай холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүхээс дурдсан тул иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Э нь М.С тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан З.Н гаас 40.000.000 төгрөгийг зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

П.С нь М.С тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан иргэн З.Н гаас 35.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

М.С  нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кинотеатрын орчим иргэн Ч.Э аас Чех улсын визэнд орох гэж байна, банкны баталгаа хэрэгтэй байна гэж 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан,

М.С  нь Б.Э тай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан З.Н гаас зээлэх нэрийдлээр 40.000.000 төгрөгийг залилсан,

М.С  нь П.С той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Н гаас зээлэх нэрийдлээр 35.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Н гийн “...Би гэрт нь очиж үзэхэд Э нь энэ хаяг дээрээ нөхөр Сын хамт байсан. Би байрыг нь үзчихээд 40.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой гэж хэлсэн юм. Э надад байрны гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авч ирж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах нотариат дээр Этай зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. 8 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийснийхээ дараа Э бид хоёр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очоод миний нэр дээр барьцаалбарт бүртгүүлэхээр материалаа өгсөн. Э надад ТҮЦ машинаас авч ирсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа байсан тул би тухайн үед Эт хандаж дахин үл хөдлөхийн лавлагаагаа гаргуулан өг гэж хэлэхэд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолтыг гаргаж авч надад өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр барьцаалбарт бүртгүүлэх материалаа өгчихөөд явчихсан. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э надад улсын бүртгэлийн газраас барьцаалбарт бүртгүүлсэн материал болох барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг авч ирж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Хаан банкны модны 2 дахь салбараас өөрийн Хаан банкны 5031342374 гэсэн данснаас Э-н 5042404453 гэсэн данс руу 39.600.000 төгрөг шилжүүлсэн.

...2017 оны 7 дугаар сарын дунд үеэр Шуурхай зар сонин дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл гаргана гэсэн зар тавьсан. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу ярьж байна гээд Со миний 99273337 гэсэн дугаар луу өөрийн 97112244 гэсэн дугаараас залгаад Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны хорооллын 17 дугаар байрны 1004 тоот 72 м.кв 3 өрөө байр байна, барьцаалан зээл авах гэсэн юм гэж хэлсэн. Манай нөхөр Цогоо нь Сотой хамт байран дээр нь очиж үзсэн юм. Со байрандаа ганцаараа амьдарч байсан. Би тухайн үед 35.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлсэн. Со зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Старс төвийн 3 давхарт нотариат дээр Со-той барьцааны гэрээ, зээлийн гэрээ тус тус хийсэн. Гэрээ хийсний дараа би барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа зэргийг Со-д өгч явуулсан. Со тухайн бичиг баримтыг авч яваад 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөхөд бүртгүүлчихлээ гэж хэлээд намайг ШУТИС-ийн 4 дүгээр байранд байхад авч ирж өгсөн. Барьцаалбарт миний нэрийг оруулаад бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 5031342374 гэсэн данснаас Соийн 5749416263 гэсэн данс руу 34.650.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх-61-62, 66-67/,

хохирогч Ч.Э-н “...Тухайн үед Чехийн элчинд визэнд орох гэсэн юм, 1 хоногийн хугацаатай 37.000.000 төгрөг байршуулаад өгөөч, танд шагнал өгнө гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хугацаатай юм чинь зээлье гэж бодоод эхнэр О-н данснаас Сын Хаан банкны данс руу 37.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн үед Сын иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг аваад үлдсэн. Учир нь маргааш өглөө нь миний картнаас 37.000.000 төгрөгөө шилжүүлээд авчих гэсэн. Маргааш өглөө нь 6 цагийн орчим Сын данснаас мөнгөө авах гэхэд С нь 2 дахь картаараа миний мөнгийг татаад авсан байсныг мэдээд С руу залгаад чи яагаад мөнгө авсан юм гэж хэлсэн чинь ах аа, 7 хоногийн дараа хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд утсаа таслаад алга болсон. Ингээд 10 хоногийн дараа Сыг гэрийнх нь гаднаас сахиж байгаад уулзсан чинь 300.000.000 төгрөгийн зээл удахгүй бүтэх гээд байна, 1-2 хоног хүлээж байгаач, юм хөөцөлдөхөд бичиг баримт хэрэгтэй байна, миний карт, бичиг баримтыг эргүүлж өгөөч гэхээр нь эргүүлээд өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш С-н утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дахиад гэрт нь очсон чинь гэрээсээ нүүгээд явсан байсан. ...” /2хх-8-9/,

гэрч А.Э-н “...2017 оны 8 дугаар сарын үед миний түрээсэлж байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 1004 тоот 3 өрөө байрыг С нь хүнд үзүүлье гэж хэлээд түлхүүрийг нь надаас авсан. Тэр хооронд би гадаа машинд хүлээж суусан. ...” гэх мэдүүлгүүд /1хх-83-84/,

- 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн З.Н , П.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1хх-27-28, 29-30/,

- 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Н гаас 34.650.000 төгрөгийг Со-д шилжүүлссэн” /1хх-23/,

- 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Н , Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягт байршилтай, 83.68 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1хх-27-28, 20-21/,

- 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Н гаас 39.600.000 төгрөгийг Б.Э т шилжүүлсэн” /1хх-13/,

- Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” /1хх-41/,

- Хуурамч 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн лавлагаа /1хх-42/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газар Э-д хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэсийн албан тоот “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” /1хх-43/,

- Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000581604, Ү-220601367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон 53 дугаар байрны 39 тоот хаягт байрлах 83.68 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /1хх-44/,

- Хуурамч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх-45/,

- Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн №ЗГ-RCC2016032121-1 орон сууцны зээлийн гэрээ 8 дугаар хувь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ 5 болон 8 дугаар хувь /1хх-47-48, 49-50/,

- 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “REMAX стар” М.Зоригт нарын хооронд байгуулсан энгийн зуучлалын гэрээ /1хх-51-54/,

- 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /1хх-56/,

- 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Зуучлалын гэрээ /1хх-55/,

- 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /1хх-58-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “000291077” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 4169274 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “000291077” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийг буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “4163274” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” гэх 4954 дүгнэлт /1хх-91-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”, “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийн буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” гэх 4953 дүгнэлт /1хх-98-101/,

- Шүүгдэгч М.С ын Хаан банкин дахь 00000005003319223 тоот дансны хуулга “2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5176047088 тоот данснаас 20.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн” /2хх-55-58/,

- 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг /2хх-165-169/,

- Шүүгдэгч М.С ын Хаан банкны 5029997890 тоот дансны хуулга /2хх-170/,

- Б.Өнөболдын Хаан банкны 5018155154 тоот дансны хуулга /2хх-171/,

- Гэрч Х.Түвшрэх, Ц.Баярхүү, З.Нарантунгалаг нарын мэдүүлэг /2хх-199, 200, 105/,

- Мөрдөгчийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2хх-202-210, 106/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э , П.С нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь, М.С ыг дээрх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай, мөн М.С ыг эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э , П.С нарын “үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авъя, тодорхой хугацааны дараа хүүтэй нь төлнө” гэж хуурамч бичиг баримт ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.С ын залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 даь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичиг болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э , П.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар, М.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн М.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э , П.С нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.С д оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоног хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Анхан шатны шүүхээс М.С д оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” зохицуулалт нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.С  болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн хохирогч З.Н гийн хувьд “зээл олгосон өдрөөс хойш хүү, алданги тооцон олох ёстой байсан орлогыг нэмж нэхэмжилнэ, мөн М.С д оногдуулсан хорих ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.С д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрхтэй боловч хорих ялыг хүндрүүлэх хуульд заасан эрх хэмжээ байхгүй юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” гэж хуульчилсан байх бөгөөд Б.Э ийн хувьд М.С тай бүлэглэн хохирогч З.Н гаас 40.000.000 төгрөгийг, шүүгдэгч П.С ийн хувьд М.С тай бүлэглэн хохирогч З.Н гаас 35.000.000 төгрөгийг, шүүгдэгч М.С  нь ганцаараа хохирогч Ч.Э аас 37.000.000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч З.Н , Ч.Э  нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд, дансны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шууд учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзнэ.

Иймд хохирогч З.Н гийн “хүү, алданги тооцон олох ёстой байсан орлогыг нэмж нэхэмжилнэ. ...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч З.Н  нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР