Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 23-р байр,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд маргаан үүсч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00563 тоот шүүгчийн захирамж гарч манай компани 159 885 310 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Ингээд тус шийдвэрийг сайн дураар биелүүлж байгаа бөгөөд байгууллагын өөрийн орлогоороо 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулан 61 639 078 төгрөгний зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн хугацаа хангалттай болсон гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн дагуу Орхон аймгийн Баян өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц , Орхон аймгийн Баян өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц , Орхон аймаг Баян өндөр сум Говил багт байрлах Ү-2101003574 тоот үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/628 дугаартай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон мэдэгдэл ирүүлсэн. Төлбөрийг гүйцэтгэж байхад албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян өндөр сум Говил багт байрлах Ү-2101003574 тоот үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулахаар зохион байгуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр *******-иас 160399098/Нэг зуун жаран сая гурван зуун ерэн есөн мянга ерэн найман/ төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан *******-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003574 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Дэнж-23 тоотод байрлах 546 м.кв гурилын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 130101116 нэгж талбарын дугаар бүхий 2304 м.кв газар эзэмших эрх, Уртбулаг баг 5-24-63 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2101004429 дугаарт бүртгэлтэй 50 м.кв 4 өрөө орон сууц, Уртбулаг баг 5-18-99 тоотод байрлах 38 м.кв 3 өрөө орон сууц зэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18140771/02,03,04 тогтоолоор битүүмжилж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18140771/05,06,07 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул Итгэлт- Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд эд хөрөнгүүдийг нийт 472,046,800 төгрөгөөр үнэлсэн байна. /Үнэлгээний тайланг нотлох баримтаар хүргүүлсэн бөгөөд тайланд тодорхой байгаа/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад болон өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Төлбөр төлөгч ******* нь хөрөнгөө өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчид хөрөнгөө өөрөө худалдан борлуулах 2019 оны 03 дугаар сарын 21- нээс 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаа олгосон боловч уг хугацаандаа хөрөнгөө худалдан борлуулаагүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг тус газраас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/09 дугаар тогтоол гарч тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон талууд, өмчлөгч нарт хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нийт 100,000,000 төгрөг барагдуулж 60,399,098 төгрөгийн үлдэгдэлтэйШүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгосон тохиолдолд албадан дуудлага худалдаанаас чөлөөлөх үндэслэл болох юм. Иймд төлбөр төлөгч ******* нь төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгоогүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* Орхон аймгийн т холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай Ү-2101003574 тоот 546 мкв барилгын албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шүүгчийн захирамжаар ******* нэхэмжлэлтэй *******-нд иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 159 885 310 төгрөгийг төлөхийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлнө гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төлбөр авагч ******* хүсэлтээр 531 дүгээр гүйцэтгэх хуудсыг Орхон аймаг дахь ШШГГ-д хүргүүлснээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай Ү-2101003574 тоот 546 мкв барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дээрхи эд хөрөнгүүдийг хураах тухай тогтоол гаргасан, төлбөр төлөгч, авагч талуудаас худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул үнэлгээчин томилсон, үнэлгээчин ******* Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-24-63 тоот 4 өрөө орон сууцыг 96 626 900 төгрөгөөр, Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-18-99 тоот 3 өрөө орон сууцыг 82 759 300 төгрөгөөр, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Ү-2101003574 тоот үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгыг 292 660 600 төгрөгөөр, нийт хөрөнгийг 472 046 800 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан, ******* өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 1 сарын хугацаа өгсөн, төлбөр авагчийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж талуудад мэдэгдсэн зэрэг үйл баримт болсон нь 531 дугаартай гүйцэтгэх хуудас, 18140771 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө бүтүүмжлэх, хураах тухай тогтоолууд, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний тайлан танилцуулсан мэдэгдэл,******* хүсэлт, дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-24-63 тоот 4 өрөө, 5-18-99 тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай Ү-2101003574 тоот 546 мкв барилгын албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Үндэслэл нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1- Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана, 175.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэж тус тус заасан.

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шүүгчийн захирамжид Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын хамт нийт 161 749 098 төгрөгийн төлбөрөөс 60,5 хувь буюу 97 969 592 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар,******* дансны хуулга, О 01/856 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа.

Тиймээс төлбөр төлөгч *******-ийг үүргээ гүйцэтгээгүй, сайн дураар төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Гэхдээ ******* нь төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул тус компанийн өөрийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай Ү-2101003574 тоот 546 мкв барилгын албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хүчинтэй хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...төлбөр төлөгч албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол энэ талаархи гомдлоо 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой байсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан зохицуулалт нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах болохыг зохицуулсан зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.2-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-63 тоот 4 өрөө, 5-18-99 тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын /Ү-2101003574/ албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2715 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА