Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00582

 

Х.. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Х.. ХХК

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги

албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Нармандах нарын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Х.. ХХК нь 2017-02-03-ны өдрийн зээлийн гэрээг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд маргаан үүсч 2018-05-30-ны өдрийн 142/ШШ2018/00563 тоот шүүгчийн захирамж гарч манай компани 159,885,310 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Ингээд тус шийдвэрийг сайн дураар биелүүлж байгаа бөгөөд байгууллагын өөрийн орлогоороо 2019-04-25-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулан 61,639,078 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн хугацаа хангалттай болсон гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн 50 мкв 4 өрөө орон сууц, 38мкв 3 өрөө орон сууц, үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019-05-07-ны өдрийн 03/628 дугаартай 2019-05-22-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон мэдэгдэл ирүүлсэн. Төлбөрийг гүйцэтгэж байхад албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль бус гэж үзэж байх тул дээрх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар зохион байгуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-30-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Х.. ХХК-с 160,399,098 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан Х.. ХХК-н өмчлөлийн 546 м.кв гурилын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2304 м.кв газар эзэмших эрх, 50 м.кв 4 өрөө орон сууц, 38 м.кв 3 өрөө орон сууц зэргийг 2018-08-20-ны өдрийн 18140771/02,03,04 тогтоолоор битүүмжилж 2018-09-10-ны өдрийн 18140771/05,06,07 дугаар тогтоолоор хураасан. ШШГТХ-н 55.3-т заасны дагуу талуудад болон өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Төлбөр төлөгч Х.. ХХК нь хөрөнгөө өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан тул ШШГТХ-н 62-т заасны дагуу төлбөр төлөгчид хөрөнгөө өөрөө худалдан борлуулах 2019-03-21-с 04-21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаа олгосон боловч уг хугацаандаа хөрөнгөө худалдан борлуулаагүй болно. ИХ-н 177.1, ШШГТХ-н 66-д заасны дагуу шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг тус газраас 2019-05-22-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019-05-03-ны өдрийн 05/09 дугаар тогтоол гарч тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон талууд, өмчлөгч нарт хүргүүлсэн. Төлбөр төлөгч Х.. ХХК нь шга-ны явцад нийт 100сая төгрөг барагдуулж 60,399,098 төгрөгийн үлдэгдэлтэй. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгосон тохиолдолд албадан дуудлага худалдаанаас чөлөөлөх үндэслэл болох юм. Иймд төлбөр төлөгч Х.. ХХК нь төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгоогүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 142/ШШ2019/00797 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.2-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ... тоот 4 өрөө, ....тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын ... албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2715 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Нармандах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-30-ны өдрийн 536 дугаар захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр ШГА явагдаж, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учир шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан. Уг албадан дуудлага худалдаа явагдах хүртэлх ажиллагаа ШШГТХ болон Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь ..159,885,310 төгрөгөөс компаний орлогоор тодорхой хэсгийг биелүүлж байгаа, одоо 61,639,078 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шүүхийн шийдвэрийг хангалттай биелүүлэх хугацаа болсон үндэслэлээр барьцаа хөрөнгөөр албадан дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь үндэслэлгүй ... гэж маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Х.. ХХК нь 161,749,098 төгрөгийн төлбөрөөс 97,969,592 төгрөгийг төлсөн байна. Иймээс төлбөр төлөгч Х.. ХХК-г үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө сайн дураар төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ИХШХШТХ-н 75.6-д захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж заасан нь уг захирамж нь шүүхийн шийдвэрийн адил заавал биелэгдэх шинжтэй гэдгийг бататгаж өгсөн.. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийг этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүргийг ИХШХШТХ-н 25.2.6-д үүрэг болгосон. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Хуульд шүүхийн шийдвэрийг тодорхой хугацааны дотор биелүүлж болох талаар зохицуулалт байхгүй бөгөөд харин шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Дээрх хуулийн заалтаас харахад төлбөр төлөгч Х.. ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэг захирамж гарсан өдөр буюу 2018-05-30-с эхэлж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэг ойлголт бол шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулж дууссан буюу үүргийг бүрэн гүйцэтгэсэн байхыг ойлгоно. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтан, хэн ч шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй байдлаар тодорхойлогдоно. Гэтэл шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрөөс тодорхой хэсгийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биш, албадан гүйцэтгэх ажиллагааны үед төлснийг шүүх ... төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байна ... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн хэмжээг өөрийн үзэмжээр багасгаж дутуу төлсөн төлбөрийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн байдлаар дүгнэж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах ИХ-н 175.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана, 175.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэх заалтыг үндэслэсэн бөгөөд уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-н 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн. ИХ-н 175.2 бол албадан дуудлага худалдаанаас өөр хэлбэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжийг шүүхээс тогтоож өгч болно гэж заасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг заавал албадан дуудлага худалдаа явуулахгүйгээр өөр хэлбэрээр /тухайлбал ИХ-н 181-д зааснаар бусдын удирдлагад шилжүүлэх гэх мэт/ явуулж болохыг шүүхээс тогтоож өгч болохыг заасан. Дээрх заалтаар шүүхэд албадан дуудлага худалдаанд борлуулагдах хөрөнгөөс хасах, багасгах, нэмэх эрхийг олгоогүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд байгаа хөрөнгөөс сонгож дуудлага худалдаанд оролцуулах эрх шийдвэр гүйцэтгэгчид мөн олгогдоогүй. Гэтэл шүүх өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж, албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгөөс зарим хөрөнгийг үндэслэлгүйгээр хасаж, ИХ-н 175.2-г буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.. ХХК 2019-05-10-ны өдөр Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Орхон аймгийн Баян-Өндөр сум ...тоот 50 мкв 4 өрөө орон сууц, мөн сумын ... тоот 38мкв 3 өрөө орон сууц, сумын Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ...тоот 4 өрөө, ... тоот 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлээс мөн сумын Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

1. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

а. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-05- 30-ны өдрийн 142/ШШ2018/00563 дугаар захирамжаар Х.. ХХК 159,885,310 төгрөгийг Капитрон банкинд төлөхийг зөвшөөрснийг баталсан байх бөгөөд уг мөнгийг сайн дураар эс төлвөл үүргийн гүйцэтгэлийг Орхон аймгийн Баян-Өндөр сум ... тоот 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум .. 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгаас хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.

Х.. ХХК төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч 2018-08- 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ...тоот 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум ... тоот 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгыг битүүмжилж, хураажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ..зарим төлбөр төлөгдсөн байхад бүх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байна... гэж маргажээ.

б. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, төлбөр төлөгчийн хураалгасан .. тоот 4 өрөө орон сууцыг 96,626,900 төгрөгөөр, .. тоот 3 өрөө орон сууцыг 82,759,300 төгрөгөөр, үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгыг 292,660,600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нь тогтоогдсоноос гадна Х.. ХХК нь шүүхийн шийдвэрт заасан нийт 160,399,098 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 97,969,592 төгрөгийг төлсөн нь нотлогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэх, мөн дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу явуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 66 дугаар зүйлийн 66.2-т нийцнэ.

Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.

Төлбөр авагч нь төлбөр төлөгчийн аль үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг хүссэн буюу сонгосон тухай баримт хэрэгт байхгүйгээс гадна Х.. ХХК-иас хураасан үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг төлбөр авагчид төлөхөөр үлдсэн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах боломжтой байна.

Иймд хариуцагч нь хураасан үл хөдлөх эд хөрөнгийг бүгдийг нь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.4-т нийцээгүй гэж үзнэ.

в. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ.

Х.. ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-05-30-ны өдрийн 142/ШШ2018/00563 дугаар захирамжид заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг бусад үл хөдлөх эд хөрөнгө буюу .. тоот 4 өрөө, .. тоот 3 өрөө орон сууцнаас хангуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг зөрчихгүй болно.

Шүүх нэхэмжлэлээс ...үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгыг дуудлага худалдаанд оруулах тухай хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох ... шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өгсөн төлбөр төлөгчийн саналыг харгалзсан нь /хх 42/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 93-98 дугаар зүйлийн агуулгад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

2. Анхан шатны шүүх шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон байх тул энэ үндэслэлээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ..63 дугаар зүйлийн 63.1.. гэснийг ...66 дугаар зүйлийн 66.2.. гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2019/04865 дугаар захирамжаар хариуцагчийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ           Б.УНДРАХ