Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2019/00121

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эдэнэболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд маргаан үүсч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00563 тоот шүүгчийн захирамж гарч манай компани 159 885 310 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Ингээд тус шийдвэрийг сайн дураар биелүүлж байгаа бөгөөд байгууллагын өөрийн орлогоороо 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулан 61.639.078 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн хугацаа хангалттай болсон гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн дагуу Орхон аймгийн Баян өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян өндөр сум Говил багт байрлах Ү-2101003574 тоот үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/628 дугаартай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон мэдэгдэл ирүүлсэн. Төлбөрийг гүйцэтгэж байхад албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц, Орхон аймгийн Баян өндөр сум 5-18-99 тоот Ү-2101002376 тоот бүртгэлтэй 38мкв 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян өндөр сум Говил багт байрлах Ү-2101003574 тоот үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулахаар зохион байгуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 160399098/Нэг зуун жаран сая гурван зуун ерэн есөн мянга ерэн найман/ төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан ******* ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003574 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Дэнж-23 тоотод байрлах 546 м.кв гурилын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 130101116 нэгж талбарын дугаар бүхий 2304 м.кв газар эзэмших эрх, Уртбулаг баг 5-24-63 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2101004429 дугаарт бүртгэлтэй 50 м.кв 4 өрөө орон сууц, Уртбулаг баг 5-18-99 тоотод байрлах 38 м.кв 3 өрөө орон сууц зэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18140771/02,03,04 тогтоолоор битүүмжилж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18140771/05,06,07 дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад болон өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК нь хөрөнгөө өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчид хөрөнгөө өөрөө худалдан борлуулах 2019 оны 03 дугаар сарын 21- нээс 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаа олгосон боловч уг хугацаандаа хөрөнгөө худалдан борлуулаагүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг тус газраас 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/09 дугаар тогтоол гарч тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон талууд, өмчлөгч нарт хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нийт 100.000.000 төгрөг барагдуулж 60.399.098 төгрөгийн үлдэгдэлтэй. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгосон тохиолдолд албадан дуудлага худалдаанаас чөлөөлөх үндэслэл болох юм. Иймд төлбөр төлөгч ******* ХХК нь төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болгоогүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.2-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-63 тоот 4 өрөө, 5-18-99 тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын /Ү-2101003574/ албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2715 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-иас 160.399.098 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу тус газраас 2019 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101003574 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Уртбулаг багт 5-24-63 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2101004429 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, 5-18-99 тоотод байрлах 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчаар тус газрыг татсан. Төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл өгөх, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, талууд болон өмчлөгч нараас үнийн санал авах, шинжээч томилон үнэлгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулах, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр гаргаж талуудад танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж буюу 5-18- 99 тоот, 5-23-63 тоот зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт.... Төлбөр төлөгч ******* ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын хамт хамт нийт 161,749,098 төгрөгийн төлбөрөөс 60,5 хувь буюу 97,969,592 төгрөг төлсөн байх тул үүргээ гүйцэтгээгүй, сайн дураар төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй гэж үзлээ гэж Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэдийгээр төлбөр төлөгч ******* ХХК нь төлбөрийн тодорхой хэсгийг буюу төлсөн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус газарт даалгасан, төлбөр авагч Капитрон банкны гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд, анхан шатны шүүх өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4-д заасан үндэслэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан үл хөдлөх эд хөрөнгө үүргээс чөлөөлөгдөх боломжтой. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Б.Бүрэнтогтох үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар ...шүүхийн шийдвэрт барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ба төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд албадан дуудлага худалдаанаас чөлөөлөх үндэслэл болох юм гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-63 тоот 4 өрөө, 5-18-99 тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай 546 мкв барилгын /Ү-2101003574/ албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК төлбөр авагч Капитрон банкинд зээл 159.885.310 мянган төгрөгийн төлөх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №531 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж улмаар 10 сарын хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрөөс 97.969.592 төгрөг төлж барагдуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболдын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ