Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/01042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-т холбогдох хохирол 13 438 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 2007 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаад өөрийн хүсэлтээр уг ажлаас Холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/03 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. нь ҮЭ-ийн Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Холбооны данснаас 26 876 400 төгрөгийг дарга Н.ын шийдвэрээр гэдэг тайлбартайгаар нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж гарган хохирол учруулсан байна. Энэ асуудал Н. Үйлдвэрчний Холбооны даргын үүрэгт ажлаас 2017 оны 10 дугаар сарын 27-нд чөлөөлөгдсөн, нягтлан бодогчийн ажлаас 2017 оны 11 дүгээр сарын 01-нд чөлөөлөгдсөний дараа илэрч мэдэгдсэн ба Үйлдвэрчний Холбооны зүгээс Холбооны дотоод Хяналтын байгууллага Хянан шалгах зөвлөлөөр шалгуулж 2018 оны 03 сарын 26-ны өдөр 02 тоот дүгнэлт гаргасан ба уг асуудлыг 2018 оны 03 сарын 20-ны өдөр Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 36 тоот тогтоол гаргаж 26 876 400 төгрөгийн хохирлын асуудлыг хууль хяналт, шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг Холбооны удирдлагад үүрэг болгосон байна. Үүнийг үндэслэн ҮЭ-ийн Холбооноос 2018.04.03-нд 80 тоот албан бичгээр Цагдаад хандан гомдол гаргаж хэрэг бүртгэлимйн журмаар шалгуулсан байна. Асуудлыг шалгаад прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 5/92 тоот тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба энэ хэрэгт дээрх мөнгийг бэлнээр өгсөн гэдэг боловч тэр нь нотлогдож тогтоогдоогүй, Н. ҮЭ-ийн Холбооны Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр бэлэн мөнгө гаргасан буруутай нь тогтоогдсон боловч хөрөнгө үрэгдүүлэх хэрэг 2015 оны Эрүүгийн хуульд Гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхийг зааж шийдвэрлэсэн. Энэ асуудалд Үйлдвэрчний Холбооны дарга байсан Н. мөнгө олго гэсэн шийдвэр өгсөн буруутай гэх боловч нягтлан бодогч нь тухайн үед мөрдөж байсан 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 19.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг зөрчин Санхүү-эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т заасан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт. мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх аваагүй, бэлэн мөнгөний тайлан гаргаагүй нь хөрөнгө үрэгдэх үндэслэл болсны дээр Сэхүүн чоно ХХК, олгосон гэх 26 876 400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийг санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Сэхүүн чоно ХХК-тай байгуулсан гэрээ, 26 876 400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ зарцуулсан тухай Үйлдвэрчний эвлэлийн Холбооны үйл ажиллагааны 2011-2017 оны тайланд болон гишүүдийн татварын зарцуулалтад огт тайлагнаагүй байна. Иймд нь өөрийн хариуцаж байсан нягтлан бодогчийн ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж, шууд мөрдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 26 876 400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийн хохирол учирсанд буруутай байх тул уг хохирлын 50 хувь болох 13 438 200 төгрөг /арван гурван сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун/-ийг ээс гаргуулж манай холбоонд олгоно уу. Үлдэх 50 хувийг Н.аас нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... би -ийн Үйлдвэрчний холбооноос надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тус холбооноос гэм хорын хохиролд нэхэмжилж буй Амралтын газар барих хөрөнгөний тал хэсгийг буюу 13 000 000 төгрөгийг хариуцах агуулга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хөрөнгийг завшсан эсхүл үрэгдүүлсэн хэмжээнд намайг хууль яллаж, буруутгаж байгаагүй тул миний бие бусдын өмнө ямар ч гэм хор хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Харин ч би тус үйлдвэрчний эвлэлээс нэг удаагийн буцалтгүй тусламж шаардан гаргуулах эрхтэй бөгөөд ийнхүү тусламж шаардсан нэхэмжлэлийн маань хариу болгож, тухайн тусламжийг өгөхгүй, хугацаа авах башир арга сэдэж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлд дурьдсан амралтын газар барих төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлыг 2 удаа шалгаж, 2 удаа хэргийг хаах тухай тогтоол гарсан байдаг бөгөөд тухайн тогтоолын эхний буюу 2018 оны тогтоолд иргэн холбогдуулан шалгаж, түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд 2 дахь тогтоолд буюу 2019 оны 4 дүгээр сард гаргасан тогтоолд иргэн ыг буруутгасан боловч тухайн гэмт хэрэг нь шинэ эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон шалтгаанаар хаагдсан байна. Маргаан бүхий хөрөнгийг хариуцвал зохих этгээд нь Б.Тэгшбаяр эсхүл аль нь болохыг миний бие мэдэхгүй бөгөөд харин өөрийгөө энэхүү эд хөрөнгийн хохиролд ямар ч хамаагүйг мэдэж байна. Надад холбогдуулан нэхэмжилсэн асуудал нь 2012 оны асуудал байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч авч үзсэн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд надад холбогдуулан Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо т холбогдуулан хохирол 13 438 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцэж байгаа.

нь 2007 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь өөрийн хариуцаж байсан нягтлан бодогчийн ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж, шууд мөрдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 26 876 400 төгрөгийн хохирол учирсанд буруутай байх тул уг хохирлын 50 хувь болох 13 438 200 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба уг маргааныг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй байхаар мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д заасан байна.

Харин контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3.-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4.-т заасан байна.

Иймд ажил олгогч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь ажилтан тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй тул түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэсгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд нягтлангаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, ямар цалин хөлстэй ажиллаж байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, хэзээ ямар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийг 2007 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, сард 2 сая гаруй төгрөгийн цалин, хөлс авч ажиллаж байсан, түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ тухайд маргаагүй.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажиллаж байсан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3., 135.4.-д заасныг баримтлан хариуцагч ээс хохирол 13 438 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА