Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00374

 

2021           04            13                                          001/ХТ2021/00374

................ ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн

холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152 дугаар магадлалтай,

 

................ ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй

................т холбогдох

 

Гэм хорын хохирол 13,438,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ................ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч ................, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................ ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шурагийн ................ нь ................ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 2007 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаад өөрийн хүсэлтээр уг ажлаас Холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/03 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. ................ нь ҮЭ-ийн Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Холбооны данснаас 26 876 400 төгрөгийг дарга Н.Батбаатарын шийдвэрээр гэдэг тайлбартайгаар нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж гарган хохирол учруулсан байна. Энэ асуудал Н.Батбаатар Үйлдвэрчний Холбооны даргын үүрэгт ажлаас 2017 оны 10 дугаар сарын 27-нд чөлөөлөгдсөн, ................ нягтлан бодогчийн ажлаас 2017 оны 11 дүгээр сарын 01-нд чөлөөлөгдсөний дараа илэрч мэдэгдсэн ба Үйлдвэрчний Холбооны зүгээс Холбооны дотоод Хяналтын байгууллага Хянан шалгах зөвлөлөөр шалгуулж 2018 оны 03 сарын 26-ны өдөр 02 тоот дүгнэлт гаргасан ба уг асуудлыг 2018 оны 03 сарын 20-ны өдөр Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 36 тоот тогтоол гаргаж 26 876 400 төгрөгийн хохирлын асуудлыг хууль хяналт, шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг Холбооны удирдлагад үүрэг болгосон байна. Үүнийг үндэслэн ҮЭ-ийн Холбооноос 2018.04.03-нд 80 тоот албан бичгээр Цагдаад хандан гомдол гаргаж хэрэг бүртгэлийн журмаар шалгуулсан байна. Асуудлыг шалгаад прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 5/92 тоот тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба энэ хэрэгт дээрх мөнгийг Б.Тэгшбаярт бэлнээр өгсөн гэдэг боловч тэр нь нотлогдож тогтоогдоогүй, Н.Батбаатар ҮЭ-ийн Холбооны Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр бэлэн мөнгө гаргасан буруутай нь тогтоогдсон боловч хөрөнгө үрэгдүүлэх хэрэг 2015 оны Эрүүгийн хуульд Гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхийг зааж шийдвэрлэсэн. Энэ асуудалд Үйлдвэрчний Холбооны дарга байсан Н.Батбаатар мөнгө олго гэсэн шийдвэр өгсөн буруутай гэх боловч нягтлан бодогч ................ нь тухайн үед мөрдөж байсан 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 19.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг зөрчин Санхүү-эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т заасан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх аваагүй, бэлэн мөнгөний тайлан гаргаагүй нь хөрөнгө үрэгдэх үндэслэл болсны дээр Сэхүүн чоно ХХК, Б.Тэгшбаярт олгосон гэх 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийг санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Сэхүүн чоно ХХК-тай байгуулсан гэрээ, 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ зарцуулсан тухай Үйлдвэрчний эвлэлийн Холбооны үйл ажиллагааны 2011-2017 оны тайланд болон гишүүдийн татварын зарцуулалтад огт тайлагнаагүй байна. Иймд ................ нь өөрийн хариуцаж байсан нягтлан бодогчийн ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж, шууд мөрдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс ................ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийн хохирол учирсанд буруутай байх тул уг хохирлын 50 хувь болох 13.438.200 төгрөг /арван гурван сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун/-ийг ................ээс гаргуулж манай холбоонд олгоно уу. Үлдэх 50 хувийг Н.Батбаатараас нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч ................ шүүхэд гаргасан тайлбартаа: ................ би ................ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний холбооноос надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тус холбооноос гэм хорын хохиролд нэхэмжилж буй Амралтын газар барих хөрөнгөний тал хэсгийг буюу 13.000.000 төгрөгийг ................ хариуцах агуулга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хөрөнгийг завшсан эсхүл үрэгдүүлсэн хэмжээнд намайг хууль яллаж, буруутгаж байгаагүй тул миний бие бусдын өмнө ямар ч гэм хор хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Харин ч би тус үйлдвэрчний эвлэлээс нэг удаагийн буцалтгүй тусламж шаардан гаргуулах эрхтэй бөгөөд ийнхүү тусламж шаардсан нэхэмжлэлийн маань хариу болгож, тухайн тусламжийг өгөхгүй, хугацаа авах башир арга сэдэж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлд дурьдсан амралтын газар барих төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлыг 2 удаа шалгаж, 2 удаа хэргийг хаах тухай тогтоол гарсан байдаг бөгөөд тухайн тогтоолын эхний буюу 2018 оны тогтоолд иргэн Б.Тэгшбаярыг холбогдуулан шалгаж, түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд 2 дахь тогтоолд буюу 2019 оны 4 дүгээр сард гаргасан тогтоолд иргэн Батбаатарыг буруутгасан боловч тухайн гэмт хэрэг нь шинэ эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон шалтгаанаар хаагдсан байна. Маргаан бүхий хөрөнгийг хариуцвал зохих этгээд нь Б.Тэгшбаяр эсхүл н.Батбаатар аль нь болохыг миний бие мэдэхгүй бөгөөд харин өөрийгөө энэхүү эд хөрөнгийн хохиролд ямар ч хамаагүйг мэдэж байна. Надад холбогдуулан нэхэмжилсэн асуудал нь 2012 оны асуудал байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч авч үзсэн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд ................ надад холбогдуулан ................ ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3., 135.4.-д заасныг баримтлан хариуцагч ................ээс хохирол 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ................ ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3., 135.4.-д заасныг баримтлан хариуцагч ................ээс хохирол 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ................ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..., гэснийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар хариуцагч ................ээс 13.438.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ................ ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгосугай... гэж, Шийдвэрийн 2 дахь заалтанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..., гэснийг ...Хариуцагч ................ээс улсын тэмдэгтийн хураамжинд 225.141 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ................ хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1................. би “................” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тухайн холбооны дотоод журамд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайн холбоонд цалингийн тодорхой хувиар хамтын сан үүсгэж 11 жил ажилласны хувьд, өөрт олгогдсон эдийн засгийн эрхийн дагуу гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан юм. Гэтэл тус холбооноос миний хууль, журмаар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй байх, улмаар нэг ч төгрөгийн тусламж өгөхгүй, миний эрхийг зөрчихөөр улайран зүтгэж, улмаар миний эсрэг, надад огт хамааралгүй мөнгө болох 13 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний дээр дурьдсан тусламж гаргуулах агуулгатай нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлж чадсан. Энэхүү маргаан бүхий, Н.Батбаатарын шийдвэрээр Б.Тэгшбаярт олгогдсон 26,876,400 төгрөгийг миний бие Б.Тэгшбаярт /Б.Тэгшбаяр нь одоо “................” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байгаа Б.Төгсбаярын төрсөн дүү/ олгогдсон гэдгийг мэдэх гэрчийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэрчээр оролцож тодорхой мэдүүлгийг өгч байсан ч хуулийн байгууллага тухайн асуудлыг нэг талд нь багтааж шийдвэрлээгүйгээс өнөөдөр энэхүү асуудал надтай холбоотой мэт болон үүссэн. Учир нь тус холбооны дарга Б.Төгсбаяр нь төрсөн дүү Б.Тэгшбаяраас авах ёстой мөнгийг авч чадахгүй байгаа шалтгаанаа ................ надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө шаардаж байгаа байдлыг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтад дүгнэлт өгөхдөө анзаарч харалгүй ................ надаас 13,438,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 2. Миний бие ................ дээрх асуудлаас шалтгаалан цагдаагийн байгууллагад байцаалт өгч удаа дараа дуудагдан, үнэхээр миний нягтлан бодогчоор ажиллаж байсан үедээ гаргасан мэргэжлийн алдаа, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл мөн эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүсэлт гарган дүгнэлт гаргуулж тухайн эрүүгийн хэрэгт шийдвэрлүүлсэн. Энэхүү 26,876,400 төгрөгийг олгосон асуудал нь ................ миний эрхэлж байсан нягтлан бодогчийн ажлын алдаа дутагдал, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой эсэхийг хуулийн байгууллага, шинжилгээний байгууллага шалгаж намайг буруугүй гэж үзэж яллагдагчаар татах үндэслэлгүй хэмээн тухайн хэрэгт гэрчээр оролцуулж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тогтоол энэ маргаан бүхий хэрэгт авагдсан байгаа. 3. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй зөвхөн нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн бөгөөд ................ надад холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нягтлан бодох бүртгэлийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтыг эсрэг байдлаар дахин дүгнэж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээсээ буцсан, татгалзсан үндэслэлгүй шийдвэр болжээ. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дээрх үйл баримт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд ................ миний өөрийн буруугаас гэм хор учруулаагүй гэдгийг нотолж холбогдох эх сурвалжийг зааж мэтгэлцсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд миний бие өөрөө оролцохоор байсан ч байнгын асаргаанд байдаг эхийгээ асарч тухайн хуралд оролцож чадаагүй шалтгааныг “шүүхэд ирж өөрийн гэм буруугүй гэдгийг нотлоогүй” агуулгаар шийдвэрт дүгнэсэн нь хэтэрхий хүнлэг бус болжээ. 4. Харин Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх үйл баримтад зөв дүгнэлт өгч, ................ надад холбогдуулан “................” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

................ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хариуцагч ................ээс  хохирол 13,438,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо ................ нь 2007.07 сараас 2017.11 сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журмыг зөрчиж 2012.06.12-ны өдөр 26,876,400 төгрөгийг бэлнээр гаргаж Сэхүүн чоно ХХК-ийн захирал Б.Тэгшбаярт өгсөн буруутай гэж үзэж хохирлын тал хувийг буюу 13,438,200 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, дарга Н.Батбаатарын аман шийдвэр, 2012.06.11-ний өдрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны амралт сувиллын баазыг барьж байгуулах тухай ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа мөнгийг олгосон гэсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж,  нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй тул хүчингүй болгоно.

Талуудын хоорондох маргаан хөдөлмөрийн харилцаанаас үүссэн  ба  давж заалдах шатны шүүх ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсвэл хууль бус үйлдэл гаргасан эрх зүйн 2 өөр асуудлыг зааглан дүгнэж чадаагүй байна.

 

Байгууллагын нягтлан бодогч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран гэм хорыг арилгах үүрэгтэй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийг зөрчсөн, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

 

Ажилтан гэмт хэрэг үйлдэж, байгууллагад хохирол учруулсан  нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол хохирлыг бүрэн хариуцах бөгөөд бусад тохиолдолд ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т заажээ.

Давж заалдах шатны шүүх хуулийн эдгээр хэм хэмжээг зөв тайлбарлаж чадаагүй, ................ийг гэм буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад  гэм хор учруулсан гэж үзсэн нь буруу болсноос гадна хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болсон байна.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй, эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.

 

Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3,135.4-т заасан байна.

Хэрэгт, хөдөлмөрийн гэрээ авагдаагүй буюу ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан нь тогтоогдоогүй тул ................т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, улмаар нэхэмжлэлийг бүрэн хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3,135.4 дэх хэсгийг зөрчинө.

 

Иймд ................т холбогдох  ................ ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 152 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,141 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД