Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2019/00152

 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний

эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч

*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Гэм хорын хохирол 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шурагийн Галиндэв нь Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 2007 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаад өөрийн хүсэлтээр уг ажлаас Холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/03 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. ******* нь ҮЭ-ийн Холбооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Холбооны данснаас 26 876 400 төгрөгийг дарга Н.Батбаатарын шийдвэрээр гэдэг тайлбартайгаар нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж гарган хохирол учруулсан байна. Энэ асуудал Н.Батбаатар Үйлдвэрчний Холбооны даргын үүрэгт ажлаас 2017 оны 10 дугаар сарын 27-нд чөлөөлөгдсөн, ******* нягтлан бодогчийн ажлаас 2017 оны 11 дүгээр сарын 01-нд чөлөөлөгдсөний дараа илэрч мэдэгдсэн ба Үйлдвэрчний Холбооны зүгээс Холбооны дотоод Хяналтын байгууллага Хянан шалгах зөвлөлөөр шалгуулж 2018 оны 03 сарын 26-ны өдөр 02 тоот дүгнэлт гаргасан ба уг асуудлыг 2018 оны 03 сарын 20-ны өдөр Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 36 тоот тогтоол гаргаж 26 876 400 төгрөгийн хохирлын асуудлыг хууль хяналт, шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг Холбооны удирдлагад үүрэг болгосон байна. Үүнийг үндэслэн ҮЭ-ийн Холбооноос 2018.04.03-нд 80 тоот албан бичгээр Цагдаад хандан гомдол гаргаж хэрэг бүртгэлимйн журмаар шалгуулсан байна. Асуудлыг шалгаад прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 5/92 тоот тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба энэ хэрэгт дээрх мөнгийг Б.Тэгшбаярт бэлнээр өгсөн гэдэг боловч тэр нь нотлогдож тогтоогдоогүй, Н.Батбаатар ҮЭ-ийн Холбооны Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр бэлэн мөнгө гаргасан буруутай нь тогтоогдсон боловч хөрөнгө үрэгдүүлэх хэрэг 2015 оны Эрүүгийн хуульд Гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхийг зааж шийдвэрлэсэн. Энэ асуудалд Үйлдвэрчний Холбооны дарга байсан Н.Батбаатар мөнгө олго гэсэн шийдвэр өгсөн буруутай гэх боловч нягтлан бодогч ******* нь тухайн үед мөрдөж байсан 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 19.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг зөрчин Санхүү-эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т заасан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх аваагүй, бэлэн мөнгөний тайлан гаргаагүй нь хөрөнгө үрэгдэх үндэслэл болсны дээр Сэхүүн чоно ХХК, Б.Тэгшбаярт олгосон гэх 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийг санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. Сэхүүн чоно ХХК-тай байгуулсан гэрээ, 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/ зарцуулсан тухай Үйлдвэрчний эвлэлийн Холбооны үйл ажиллагааны 2011-2017 оны тайланд болон гишүүдийн татварын зарцуулалтад огт тайлагнаагүй байна. Иймд ******* нь өөрийн хариуцаж байсан нягтлан бодогчийн ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж, шууд мөрдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд 26.876.400 төгрөг /хорин зургаан сая найман зуун далан зургаан мянга дөрвөн зуун/-ийн хохирол учирсанд буруутай байх тул уг хохирлын 50 хувь болох 13.438.200 төгрөг /арван гурван сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун/-ийг *******ээс гаргуулж манай холбоонд олгоно уу. Үлдэх 50 хувийг Н.Батбаатараас нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний холбооноос надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тус холбооноос гэм хорын хохиролд нэхэмжилж буй Амралтын газар барих хөрөнгөний тал хэсгийг буюу 13.000.000 төгрөгийг ******* хариуцах агуулга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хөрөнгийг завшсан эсхүл үрэгдүүлсэн хэмжээнд намайг хууль яллаж, буруутгаж байгаагүй тул миний бие бусдын өмнө ямар ч гэм хор хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Харин ч би тус үйлдвэрчний эвлэлээс нэг удаагийн буцалтгүй тусламж шаардан гаргуулах эрхтэй бөгөөд ийнхүү тусламж шаардсан нэхэмжлэлийн маань хариу болгож, тухайн тусламжийг өгөхгүй, хугацаа авах башир арга сэдэж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлд дурьдсан амралтын газар барих төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлыг 2 удаа шалгаж, 2 удаа хэргийг хаах тухай тогтоол гарсан байдаг бөгөөд тухайн тогтоолын эхний буюу 2018 оны тогтоолд иргэн Б.Тэгшбаярыг холбогдуулан шалгаж, түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд 2 дахь тогтоолд буюу 2019 оны 4 дүгээр сард гаргасан тогтоолд иргэн Батбаатарыг буруутгасан боловч тухайн гэмт хэрэг нь шинэ эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон шалтгаанаар хаагдсан байна. Маргаан бүхий хөрөнгийг хариуцвал зохих этгээд нь Б.Тэгшбаяр эсхүл н.Батбаатар аль нь болохыг миний бие мэдэхгүй бөгөөд харин өөрийгөө энэхүү эд хөрөнгийн хохиролд ямар ч хамаагүйг мэдэж байна. Надад холбогдуулан нэхэмжилсэн асуудал нь 2012 оны асуудал байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч авч үзсэн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд ******* надад холбогдуулан Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10ы өдрийн 142/ШШ2019/01042 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3., 135.4.-д заасныг баримтлан хариуцагч *******ээс хохирол 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нэхэмжлэлтэй Шурагийн Галиндэвт холбогдох хохиролд 13.438.200 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/01042 тоот шийдвэрийг 2019 оны 09 дүгээр сарын 19-нд хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Үйлдвэрчний Эвэлийн Холбооны нягтлан бодогчоор ажиллаж хоёрдугаар гарын үсэг зурж, тус хуулийн этгээдийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийн бүртгэл, орлого, зарлагыг бүртгэн, хяналт тавин ажиллах үүргийг хууль тогтоомжийн дагуу хүлээн ажиллаж байсан этгээдийн мөнгөн хөрөнгө үрэгдэхэд хүргэсэн эс үйлдэхүй хангалттай нотлогдсон байхад эдгээр нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн атлаа түүнийхээ үндэслэлийг дүгнээгүй, *******тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр ганцхан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс үндэслэлгүй, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээ дурдвал:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журам. зарчмыг баримтлаагүй. биелүүлээгүйгээс дур зоргын мэт дугнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтыг зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний үндсэн дээр явагдах, нэхэмжлэгч хариуцагч шаардлага татгалзлаа нотолж мэтгэлцэх, шүүх түүнийг үнэлэн хэргийг шийдвэрлэх талаарх ИХШХШТ хуулийн 6 дугаар зүйл, 38.1., 107,2., 107.3. дахь заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.

1.******* нь Эрдэнэт үйлдвэр-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны нягтлан бодогчоор 2001 оны 12 дугаар сарын 13-ны, 2015 оны 6 дугаар сарын 19-ний /2016.01.01- ээс мөрдсөн/ Нягтлан бодох бүртгэлийн 2 хуулийн үйлчлэлийн үед буюу 2007 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 01 хуртэл ажиллаж байжээ. Тэр ажил уургийн хувьд эдгээр хуулиар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй эсэхээс үл хамааран нягтлан бодогчид хуулиар хүлээлгэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах эрх, үүрэг бүхий субьект байсан байна.

2. Шүүх нэхэмжлэгч ҮЭ-ийн Холбоо нь *******тэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажилтантай байгууулсан Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж дүгнэн дан ганц Хөдөлмөрийн тухай хүулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.3. 135.4 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.Нэхэмжлэгч тодорхой субьект буюу иргэнээс гэм хорын хохирол нэхэмжилсэн байхад хариуцагч этгээдийн гэм буруу, учирсан хохирол. эдгээрийн хоорондын шалтгаант холбоонд огт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болно.

4.Хариуцагч тал 2012 онд зарлага гаргасан мөнгөнд 2019 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргадаг. Энэхүү 26.876.400 төгрөгийн хохирол нь Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайланд огт тусгаагүй нуун дарагдуулсан, Н.Батбаатар, ******* нар ажлаас чөлөөлөгдсний дараа илэрч мэдэгдсэн нь хэргийн 12, 14, 18, 60-61, 33, 46 дугаар талд авагдсан ҮЭ-ийн Холбооны Хянан шалгах зөвлөлийн 02 тоот дүгнэлт, Тэргүүлэгчдийн 36 дугаар тогтоол, 80 тоот албан бичиг,прокурорын тогтоолуулаар нотлогдоно. Энэ нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь заалтаар нэхэмжлэх шаардах эрх нээлттэй ба ийм ч учраас шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгож байна.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл, түүнийг нотолсон нотлох баримт, хариуцагчийн хууль тогтоомж зөрчиж гэм хор учруулсан гэм бурууг зөв тодорхойлон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 497.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 10-ны 01042 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж *******ээс 13.438.200 /Арван гурван сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд олгож нэхэмжлэлийг хангана уу? Давж заалдах шатны шүүх хуралд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх төсвийн урьдчилгаа 60% буюу 26.876.400 төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооны кассын зардлын ордер баримтаар бэлнээр гаргаж Сэхүүн чоно ХХК-ийн захирал Б.Тэгшбаярт өгсөн гэх үйлдэл нь нягтлан бодогчоор ажиллаж байсан *******ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс болж өмч хөрөнгө үрэгдэхэд хүргэсэн зөрчил гаргасан гэсэн үйл баримтад үндэслэн тодорхойлсон.

Хариуцагч ******* нь 2007 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба энэ ажиллах хугацаандаа буюу 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан Н.Батбаатарын аман шийдвэртэйгээр холбооны данснаас 26.876.400 төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооны кассын зардлын ордер баримтаар гаргасан, Сэхүүн чоно ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны амралт сувиллын баазыг барьж байгуулах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тус амралт сувиллын баазыг барьж байгуулаагүй, уг мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3.-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй тул түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг няцаасан баримтууд гаргаж өгөөгүй, өөрийн гэм буруугүй болохоо нотлоогүй байна.

Хариуцагч ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба байгууллагын нягтлан бодогч нь батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, аж ахуй нэгж байгууллага, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг тухайд нь үнэн зөв мэдээллээр хангах, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт холбогдох бусад материалыг шаардан гаргуулах, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас өмнө хянан баталгаажуулах зэрэг хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлах, устгаж, үрэгдүүлэх, анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх зэрэг хууль тогтоомжоор нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй болно.

Байгууллагын нягтлан бодогч нь энэхүү хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран гэм хорыг арилгах үүрэгтэй болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн холбооны амралт сувиллын бааз байгуулахаар Сэхүүн чоно ХХК-тай байгуулсан захиалагч, гүйцэтгэгчийн хэлцлийн дагуу урьдчилгаа 60% буюу 26.876.400 төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт нөхөх зааварт заасан бэлэн мөнгөний орлого зарлагын баримт үйлдээгүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх аваагүй, бэлэн мөнгөний тайлан гаргаагүй, Сэхүүн чоно ХХК-ийн захирал н.Тэгшбаярт бэлнээр өгсөн гэх 26.876.400 төгрөгийг санхүүгийн тайландаа тусгаагүй, тайлагнаагүй зэргээр Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдөн ажиллаагүйгээс байгууллагад 26.876.400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж 50% болох 13.438.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ/2019/01042 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.3., 135.4.-д заасныг баримтлан хариуцагч *******ээс хохирол 13.438.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..., гэснийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар хариуцагч *******ээс 13.438.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..., гэснийг ...Хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 225.141 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.141 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ