Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2018/00036

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

        Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2018/00368 дугаар шийдвэртэй, 

       Нэхэмжлэгч:  О /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Дорноговь аймгийн ***т холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, Ш.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.О 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн *** 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэгчээр, 2002 оноос үйлчлэгч, няраваар, 2004 оноос бичиг хэрэг, няраваар, 2016 оны 11 дүгээр сараас бичиг хэрэг, дотоод ажил, няраваар ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн. Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г.Батлхам нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлж  байгаа нь үндэслэлгүй байна. Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэсэн хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Би 2017 оны ажлаа дүгнүүлээд нэг сарын цалингийн 92 хувиар тооцож урамшуулал авч байсан. Манай байгууллагын ажлын байрны хувьд миний ажиллаж байсан бичиг хэрэг нь орон тоотой, аж ахуйн нярав нь орон тооны бус байдаг учир 2004 оноос эхлэн уг ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Миний энэ ажлын байранд ямар ч  дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд аль нэг дээд газраас уг ажлын байран дээр дээд боловсролтой байхыг шаардсан шаардлага тавьсан албан бичиг ирж байгаагүй. Би 2004 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд сууж архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил эзэмшсэнээр тухайн ажлын байранд ажиллаж ирсэн. Мөн 2011 онд архив, албан хэрэг хөтлөлтийн ахлах зэргийн мэргэшлийн зэргийн үнэмлэх олгогдож байсан. Манай байгууллагын дарга солигдож Г.Батлхам дарга болсон цагаасаа эхлээд хуучин ажилчдыг дарамталж, олон ч хүнийг ажлаас нь халсан. Дарга Г.Батлхам нь намайг хар гэж доромжилдог, ажлаас хална гэж бусдад ярьсан байсан. Мөн намайг хуурамч диплом ашиглаж байна гэж аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан. Би Зохиомж дээд сургуулийн дипломыг авсан цагаасаа эхлээд л огт ашиглаж, хэрэглэж байгаагүй. 2010 онд хуучин манай байгууллагын дарга Н.Баяр гэдэг хүн авч өгсөн, өгснөөс нь хойш огт хэрэглээгүй байсан. 2017 оны 01 сараас эхлэн би ажлын байрны дарамтанд ажиллаж ирлээ. 1 сараас эхлэн миний цалин дээр олгогддог байсан няравын нэмэгдлийг хассан. ТҮ-5-5 буюу 504000 төгрөгөөр цалинжиж, няравын нэмэгдлийг ТҮ-4-5-ын 40 хувиар тооцогдож цалин хөлс авдаг байсан. Байгууллагын дарга хүн байж дандаа хүнийг доромжилдог. Ажил хийхэд маш хэцүү, дарамттай байдаг байсан. Надаас хэвлэмэл хуудас авч гадны хүнээр албан бичиг бичүүлдэг, түүнийгээ явсан бичигт бүртгүүлдэггүй, ажил албан тушаалаа ашиглаж дураараа аашилдаг, ёс зүйгүй гэх мэт үйлдлийг их гаргадаг байсан. Г.Батлхам дарга намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж  байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1665507 төгрөгийн цалин хөлс гаргуулан авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.О 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оноос 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тус газарт бичиг хэрэг, няравын ажлыг хамт хийж ирсэн. Миний цалин хөлс бичиг хэргийн ажил үүрэг гүйцэтгэсний үндсэн хөлс 1 сарынх нь Т-5-5 шатлалаар 504699 төгрөг, цалингийн нэмэгдэл буюу бичиг хэргийн ахлах зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувиар буюу 50470 төгрөг, давхар няравын ажил үүрэг хавсран гүйцэтгэдэг цалингийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувиар буюу 187642 төгрөг тооцогдож нийтдээ миний 1 сарын цалин 504699+5047+187642=742811 төгрөг олгогдож зохих суутгалууд хийгдээд миний гарт 601249 төгрөг олгогддог байсан. 2016 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Биеийн тамир, Спортын газрын дарга өөрчлөгдөж, 2017 оны 1 сард байгууллагын бүтэц, орон тоо батлахдаа миний хавсран гүйцэтгэдэг няравын нэмэгдэл болох 40 хувийг хассан. Дарга няравын ажил гүйцэтгэдэг цалингийн нэмэгдлийн 40 хувийг хассан шалтгаанаа тайлбарлахдаа төсөв хүрэлцэхгүй байна, дараа нь энэ нэмэгдлийг чинь нөхөж олгож өгнө гэж байсан боловч өгөлгүй байж байгаад намайг ажлаас халсан. Мөн би энэ талаар Батлхам даргад өргөдөл өгч байсан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй. 2017 оны жилийн эцэст бусад ажилчдын нэмэгдлүүд нөхөгдөөд олгогдсон хирнээ зөвхөн манай байгууллагын бусад ажилчин сантехникч, бид хоёрын нэмэгдэл олгогдоогүй. Иймд би 2017 оны 01 сараас эхлэн няравын ажлыг хавсран гүйцэтгэсэн цалингийн нэмэгдлийг өгөөгүй сараас эхлэн 2018 оны 7 сар хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах хүсэлтэй байна. Тооцоолбол: 187.642х18 /сар/=3377556 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Надад няравын ажил хавсран гүйцэтгэсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох тушаал 2005 онд гарч байсан. Ажлын байрны тодорхойлолтонд ч бичиг хэрэг, няраваар ажилладаг нь бичигдсэн.  Би анх гаргасан нэхэмжлэлдээ мөн энэхүү няравын 40 хувийн цалингийн нэмэгдээ оруулаагүй тооцоолсон байсан учир  уг нэмэгдлийг 2018 оны 07 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарталх хугацаагаар тооцож 187.642 төгрөг*3 сар=562926 төгрөг болж байгаа ба анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1665504+562926=2228430 төгрөг болж байгаа. Энэ нь миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс юм. Нийтдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2228430+няравын нэмэгдлийг өгнө гэж хэлээд олгоогүй зогсоосон 2017.01 сараас 2018.07 сар хүртэлх хугацааны цалингийн эмэгдэл 3377556 болж байгаа ба нийтдээ 5605986 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

        Хариуцагч Биеийн тамир, спортын газрын дарга Г.Батлхам шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ 2005 оноос няравын ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгогдож байгаад 2017 оны 01 сараас зогсоосон тул 2018 оны 07 сар хүртэл хугацааны ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг анхны нэхэмжлэлд оруулаагүй учраас шаардлагаа нэмэгдүүлж 5605986 төгрөг гаргуулах гэж тайлбарлажээ. Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо, цалингийн зэрэглэл батлагдсан ба энэ захирамжийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Энэхүү захирамжийн хавсралтаар “бичиг хэрэг-дотоод ажилтан-нярав” гэсэн орон тоотой ажиллахаар өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэн нэг орон тоо болж батлагдсан тул няравын нэмэгдэл олгохгүй, хасуулсан болно. Иймээс Оюунцэцэгийн няравын ажил хавсран гүйцэтгэсэн гэж 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэл хугацааны нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хүсэлтийн тухайд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж 2018 оны 4, 5, 6 дугаар саруудын цалин хөлсөөр тодорхойлогдох тул Биеийн тамир, спортын газрын 2016 оны 12 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй, 2017 оны цалингийн цэс мөн оны жилийн  эцсийн санхүүгийн тайланг хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй болно. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар батлагдсан тус газрын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэл одоо хэвээр мөрдөгдөж байгаа учраас 2017, 2018 оны бүтэц орон тоо баталсан тушаалуудыг мөн 2017 оны жилийн эцэст зөвхөн 3 дасгалжуулагчийн спортын зэргийн нэмэгдлийг хуульд зааснаар нөхөж олгосон, харин өмнө дурьдсан тус захирамжаар иргэн бичиг хэрэг, дотоод ажилтан, нярав болж батлагдсан орон тоо 2017 онд хэвээр мөрдөгдөж байсан нэмэгдэл олгосон тушаал гараагүй тул өгөх болможгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд дурьдсанаар няравын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин хүссэн өргөдлийг авах хүсэлт гаргасан гэж ойлгогдож байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэж нэг орон тоо болгон захирамж гарсан байсан тул ийм өргөдөл гаргах үндэслэлгүй, байгууллагын даргад хандан өргөдөл гаргаагүй, танилцагдаагүй болно гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын тогтоолоор 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсөд өөрчлөлт орсон тул өөрчлөлт орсон хэлбэрээр цалин хөлсөө нэмэгдүүлж нэхэмжилж байна гэв.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 119 596 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүйг танилцуулж,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргааны талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар нь Ц.От ажлаас халагдах тушаалыг ажлаас халагдсан өдөрт нь өгөөгүй урьдчилаад өгөөд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Ц.Оийг ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацаанд ажлаас халагдах тушаалыг урьдчилан гаргаж өгсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжтой нийцээгүй, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ажлаас халсныгаа ажлаас чөлөөлсөн гэж тушаал гаргасан байдаг.  Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд ажил олгогчийн буруугаас болсон бол ажилтныг ажлаа хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрөөр тооцно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргахаар заасан. Оийг 2018.07.02-ны өдрөөр чөлөөлөхөөр тушаалд заасан, нэхэмжлэгч нь 2018.08.01-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан тул хуулийн хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Мөн няравын цалин хөлс авч байсныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Бичиг хэргийн ажилтан няравын үүргийг хавсран гүйцэтгэж байхад уг нэмэгдлийг олгохгүй гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Няравын нэмэгдлийг олгож байсан талаар өмнөх даргын тушаал гарсан байдаг. Энэ тушаалыг хүчингүй болгосон зүйл байхгүй, хэвээр байгаа. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулъя гэсэн саналтай гомдлоо гаргасан боловч өнөөдрийн нөхцөл байдлын хувьд гомдол гаргах хугацаан дээр хариуцагч талаас маргаан гарах юм бол энэ талаарх баримтыг гаргаж өгөх шаардлагатай тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсч байна гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна. Оийг 2018.06.28-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар 2018.07.02-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаа хүлээлгэж өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан учраас уг тушаал дээрээ 2018.07.02-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс харахад Оийн ажлаас халагдсан өдөр нь 2018.07.02-ны өдөр болж байгаа нь ажил олгогчийн шийдвэр мөн өдрөөс эхлэн хугацааг тоолоход гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

        Нэхэмжлэгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2018.07.02-ны өдрөөр тооцож гомдлоо гаргасан байгаа. Намайг 2018.07.24-ний өдөр ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Ээлжийн амралтыг тооцож өгөөгүй. Ээлжийн амралттай холбоотой тушаалаа гаргуулъя гэж даргад хэлэхэд дарга надад тушаалд тусгаад өгчихсөн гэж хэлсэн гэв.

        Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр эүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж олон салаа утгагүйгээр, туйлын тодорхой, ойлгомжтойгоор томьёолсон. Нэхэмжлэгч Ц.О анхан шатны шүүх хуралдаанд дарга 2018.06.28-ны өглөө намайг ажлын өрөөндөө дуудаж, ажлаас челөөлж байгаагаа хэлээд, тэр өдрийнхөө 16.30 цагт тушаалаа надад хүлээлгэн өгснөөр би хүлээн авсан гэсэн тайлбар гаргасан. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд зааснаар хугацааг тоолоход маргаанд гомдол гаргах хугацаа 2018.07.27-ны өдөр дууссан. Харин 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу тушаалыг хүлээн авсан өдрөөс 34 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан тул  шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Салбарын хууль буюу Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төрийн албан тушаалд тавих өрөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байсан учраас төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн боловсрол, мэргэжилтэй үүнийг гэрчлэх дээд боловсролын дипломтой байж уг ажлын байранд ажиллах шалгуур болзлыг хангана. Нэхэмжлэгч банкны эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж худалдан авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, прокурорын тогтоолоор дипломыг устгаж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шийдвэрлэгдсэн байхад салбарын ямар нэг комиссоор дүгнэлт гаргуулах, Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг эөрчөөд ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй ажилтныг ажиллуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг үндэслэж, төрийн үйлчилгээний албан тушаалын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан учраас тушаал үндэслэл бүхий юм. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар бичиг хэрэг, нярав дотоод ажил гэсэн нэршил бүхий нэг орон тоо гэдэг нь тогтоогдоод байхад ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Дорноговь аймгийн ***т холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоох, ажлаас буруу халсан үеийн олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин 1665507 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл /гомдол/ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 2228430 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 7 сар хүртэлх няравын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 3377556 төгрөг, нийтдээ 5605986 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Г.Батлхам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хуурамч диплом ашигласан, ажлын байрны тодорхойлолтод тавигдах боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй тул ажлаас халсан, бичиг хэрэг-няравын орон тоо нэг болж батлагдсан тул нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, ...ажлын байрны тодорхойлолтыг буруу боловсруулсан нь ... няравын 40 хувийн нэмэгдэл цалин хөлсийг олгохгүй байх шалтгаан биш, ... тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Энэ нь нэхэмжлэгч Ц.Оээс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч В.Амартүвшинг татгалзан гаргах тухай хүсэлтийг бичгээр болон амаар гаргасныг шүүгч Ерөнхий шүүгчид хандан гаргаагүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь шүүгчийг татгалзан гаргах тухай хуульд заасан журмыг зөрчиж,  энэ талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

            Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар зохигч хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, шүүх хуралдааны явцад аль ч үед гаргах эрхтэй бөгөөд түүний шүүх хуралдааны үед гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгчид хандан гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасан нь энэ тухай хүсэлтийг зөвхөн Ерөнхий шүүгчид хандан гаргана гэж ойлгох нь буруу бөгөөд гагцхүү энэ тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гэж үзнэ.

            Гэтэл шүүгч өөрт нь хаяглан гаргасан гэж үзэж хүсэлтийг хэлэлцэхгүй орхих гэсэн агуулга бүхий хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх хуулиудад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл боллоо.

            Зүй нь шүүгч  нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг буюу өөрийг нь татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид уламжлан танилцуулж, Ерөнхий шүүгч хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсний дараа шүүгчийг татгалзах хуульд заасан татгалзах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, хэргийг шийдвэрлэх боломжтой болох юм.

            Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2018/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ