Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2018/00368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчиг гудамж, ..... тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, ..... овогт Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О миний бие ..... аймгийн Биеийн тамир, спортын газар...2016 оны 11 дүгээр сараас бичиг хэрэг, дотоод ажил, няраваар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн.

дарга Г.Б нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2...-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, ...Намайг боловсрол, мэргэжлээрээ тэнцэхгүй гэсэн хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

Миний энэ ажлын байранд ямар ч дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд аль нэг дээд газраас уг ажлын байран дээр дээд боловсролтой байхыг шаардсан шаардлага тавьсан албан бичиг ирж байгаагүй. ...Мөн намайг хуурамч диплом ашиглаж байна гэж аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан. Би Зохиомж дээд сургуулийн дипломыг авсан цагаасаа эхлээд огт ашиглаж, хэрэглэж байгаагүй.

Батлхам дарга намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэмэгдэл хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Дарга 2018 оны 06-р сарын 28-ны өглөө намайг ажлын өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлж байгаагаа хэлээд, тэр өдрийнхөө 16:30 цагт тушаалаа надад хүлээлгэн өгснөөр би хүлээн авсан гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 тоот ажлаас чөлөөлсөн байгууллагын даргын тушаал нь үндэслэлгүй, үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг баримтлан тухайн мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийнхээ хувьд тэнцэхгүй гэсэн албан тушаалтны хуулийн заалтыг авсан байдаг. ...Хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.О-ийн хувьд ажлын байрандаа, ажил, албан тушаалд тэнцэхгүй байх үндэслэл харагдахгүй байна. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын хэсэгт зөвхөн дээд боловсролгүй гэх шалтгаанаар ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувь тэнцэхгүй байгаа гэж үзээд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Дээд боловсролгүй гэдэг утгаар Ц.О-ийг ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнээс харахад байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь тухайн удирлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээнийгээр нэмэгдлийг олгоно гэж заасан.  ...Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл нэхэмжлэгч нь ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг авахаар нэхэмжилсэн байгаа юм. Нэмэгдэл хөлс нь хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд 2005 оны 11 дүгээр сарын  22-ны өдөр тушаал гарсан байдаг. Энэ тушаал нь ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал байдаг юм. Хөдөлмөрийн гэрээнийхээ шаардлагыг гүйцэтгээгүй үндэслэл тогтоогдож байгаа учраас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан Ц.О-ийг ажлаас чөлөөлсөн тул 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаал хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Ц.О-ийг ажлаас чөлөөлөхийн өмнө 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Харин Ц.О-ийн бакалаврын дипломтой холбоотой асуудал цагдаагийн газарт шалгагдаж байсан тул ямар шийдвэр гарахыг харж байж ажлаас чөлөөлье гэж үзээд прокурорын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 5/05 дугаар тогтоолыг хүлээж авсаны дараа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.

Мөн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон байхад цаашид ажиллуулах боломжгүй болсон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ...А/487 дугаар захирамжаар ...бүтэц орон тоо, цалингийн зэрэглэл батлагдсан. ...-ийн хавсралтаар “Бичиг хэрэг-дотоод ажилтан- нярав” гэсэн орон тоотой ажиллахаар өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэн нэг орон тоо болж батлагдсан тул няравын ажил хавсран гүйцэтгэсэн гэж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар ерөнхий шаардлага нь ... хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан байдаг. Тэрээр дээд боловсролгүй тул энэ шаардлагыг хангаагүй тул ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн Бизнес дээд боловсролын диплом хуурамч гэдгийг мөрдөн байцаалт, прокурорын хяналтаар тогтоогоод төрийн албан тушаалд тавигдах Улсын дээд шүүхийн тайлбарласанчлан тусгайлан заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй, нэмэгдлийг олгох нь үндэслэлгүй гэв.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь ... аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах 5,791,184 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажилтан Ц.О нь “...намайг мэргэжил, боловсролоороо тэнцэхгүй гэж чөлөөлсөн, миний ажлын байранд дээд боловсрол шаардлага тавьж байгаагүй. ...няравын ажил хавсарч хийж байсан”-г үндэслэл болгож,

-ажил олгогч нь “...батлагдсан орон тоо, бүтцээр эдгээд ажил албан тушаалууд нэг орон тоонд батлагдсан тул нэмэгдэл өгөх боломжгүй, ажилтан нь боловсрол, мэргэжлийн хувьд тэнцэхгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн, шаардлага үндэслэлгүй” гэж маргана.

Ажилтан Ц.О нь .... аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 тоот тушаал /хх-5/-аар Бичиг хэрэг, дотоод ажил, няравын албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ /хх-8-11/, ажлын байрны тодорхойлолт /хх-40-43/, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал: ажилтан мэргэжил …-ийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мөн ...боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Тиймээс тушаал хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн 2018 оны 08-р сарын 02-ны №13 зөвлөмжид энэ тухай тодорхой заажээ. /хх-12-13/

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-ын “...Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-т Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэх тайлбар, хууль зүйн зүйлчлэл тушаалын үндэслэлд байхгүй бөгөөд энэ хууль ажилтанг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан баримт, ажлын байрны тодорхойлолт /2014, 2018/-оор бичиг хэрэг-дотоод ажил-нярав нь 1 ажлын байр байх бөгөөд тус тусдаа ажлын байр, түүнийг хавсарч буюу хослон ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. /хх-40-43/

Харин нэхэмжлэгч-ажилтан О шүүх хуралдаанд өгсөн “...газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 тоот тушаалыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан., ...шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо гаргасан“ гэх тайлбараар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О-ийн шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.О нь 2018 оны 08-р сарын 01-ны өдөр 41,598 төгрөг, 2018 оны 09-р сарын 11-ний өдөр 77,998 төгрөг, нийт 119,596 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийн дансанд төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар ...хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, хуулийн 116, 118, хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                         ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-ийн ... аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 119,596 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүйг танилцуулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН