Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг * тоотод оршин суух, *О овогт Ц.О/РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганжуур нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О миний бие Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт ... 2016 оны 11 дүгээр сараас бичиг хэрэг, дотоод ажил, няраваар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн. Дарга Г.Б нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2...-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, ...Намайг боловсрол, мэргэжлээрээ тэнцэхгүй гэсэн хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Миний энэ ажлын байранд ямар ч дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд аль нэг дээд газраас уг ажлын байран дээр дээд боловсролтой байхыг шаардсан шаардлага тавьсан албан бичиг ирж байгаагүй... Мөн намайг хуурамч диплом ашиглаж байна гэж аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан. Би Зохиомж дээд сургуулийн дипломыг авсан цагаасаа эхлээд огт ашиглаж, хэрэглэж байгаагүй. Батлхам дарга намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэмэгдэл хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Дарга 2018 оны 06-р сарын 28-ны өглөө намайг ажлын өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлж байгаагаа хэлээд, тэр өдрийнхөө 16:30 цагт тушаалаа надад хүлээлгэн өгснөөр би хүлээн авсан гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар 6 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 2 228 430 төгрөг гаргуулах, няравын ажил хавсран гүйцэтгэсний цалингийн нэмэгдэл болох 3,377,556 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа... Ц.О нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчийн тушаалыг гардаж авсан хэдий ч уг тушаалын 3 дахь заалтад ээлжийн амралтыг тооцож олгох, мөн ажлыг ажлын 2 өдөрт багтаан хүлээлцэх талаар заасан байдаг. Үүнээс харахад Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд бичигдсэн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийг 2-ыг тайлбарлахдаа ажлаас халагдсан өдөр гэдгийг ажил олгогчийн шийдвэр, тушаалд заахдаа тухайн ажилтны ажилласан  хоног оногдуул зохих ээлжийн амралтыг урьдчилан тооцож түүн дээр ажил хүлээлцсэн хугацааг нэмж сүүлчийн өдрийг тогтооно гэж заасан байдаг. Уг ээлжийн амралтын хоногийг тооцолгүйгээр 06 дугаар сарын 28-нд урьдчилаад гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил хүлээлцсэн сүүлчийн өдөр мөн ээлжийн амралт дууссан сүүлчийн өдөр нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан Ц.О ажлаас чөлөөлсөн тул 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаал хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Ц.О ажлаас чөлөөлөхийн өмнө 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Харин Ц.О бакалаврын дипломтой холбоотой асуудал цагдаагийн газарт шалгагдаж байсан тул ямар шийдвэр гарахыг харж байж ажлаас чөлөөлье гэж үзээд прокурорын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 5/05 дугаар тогтоолыг хүлээж авсаны дараа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.  Мөн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон байхад цаашид ажиллуулах боломжгүй болсон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ...А/487 дугаар захирамжаар ...бүтэц орон тоо, цалингийн зэрэглэл батлагдсан. ...-ийн хавсралтаар “Бичиг хэрэг-дотоод ажилтан- нярав” гэсэн орон тоотой ажиллахаар өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэн нэг орон тоо болж батлагдсан тул няравын ажил хавсран гүйцэтгэсэн гэж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардан авсан талаар хэлсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргана гээд заасан байдаг. Иймд Д.О гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ үгүйсгэгдэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ц.О нь Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 2 228 430 төгрөг гаргуулах, няравын ажил хавсран гүйцэтгэсний цалингийн нэмэгдэл 3,377,556 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Ц.О хуурамч диплом бүрдүүлж, байгууллагын хуурч мэхэлсэн, ажлын байрны тодорхойлолтод тавигдсан боловсрол, мэргэжлийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж маргажээ.

         Hэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн “...газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 тоот тушаалыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан., ...шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо гаргасан“ гэх тайлбар, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан дардас зэргээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ”Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гомдол гаргах хугацааг нэгэнт хэтрүүлсэн байх тул түүний гаргасан Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ц.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 596 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, хуулийн 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох, бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс нийт 7 626 252 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ц.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 
   
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ