Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2018/00356/И |
Дугаар | 142/ШШ2019/00564 |
Огноо | 2019-05-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2019/00564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг ******* байрлах А.Э ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* оршин суух, МГВХЭ ХХК-ийн захирал М.Л /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Гэм хорын хохирол 14 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, хариуцагчийн төлөөлөгч М.Л, иргэдийн төлөөлөгч Ш.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Акума Эрин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 06 дугаар сард МГВХЭ ХХК-тай тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг худалдан хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч тал төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул манай компани шүүхийн журмаар гэрээний төлбөр гаргуулахаар тус шүүхэд хандсан хэдий ч хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.10-ний өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 00315 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1-д МГВХЭ ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч Акума Эрин ХХК-д буцаан олгохоор заасан. Акума Эрин ХХК нь Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 315 тоот тогтоолын дагуу МГВХЭ ХХК-ийн захирал М.Лд холбогдуулан 401-00023а travel motor маркийн эксаваторын сэлбэгийг гаргуулахаар тус шүүхийн 548 тоот шийдвэр гүйцэтгэлийн хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сард тус шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Магвансүрэнгийн хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар МГВХЭ ХХК-ийн захирал М.Лгийн эзэмшилд байгаа 401-00023а travel motor маркийн эксаваторын сэлбэгийг очиж үзэхэд сэлбэгийн ихэнхи хэсэг нь дутуу, бүрэн хэмжээгээр ашиглах ямар ч боломжгүй байсан тул бид тухайн сэлбэгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах боломжгүй хэмээн үзэж шийдвэр гүйцэтгэлийн хуудсаа буцаан авсан. Нэгэнт МГВХЭ ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид худалдан авсан тоног төхөөрөмжөө биет байдлын доголдолгүй эргүүлэн өгөөгүй, түүний эзэмшилд байгаа тоног төхөөрөмж нь ашиглагдах боломжгүй болтлоо тоногдсон байх тул Иргэний хуулийн 9.4.4-д заасныг удирдлага болгон тоног төхөөрөмжийн хохиролд 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч МГВХЭ ХХК-ийн захирал М.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч "Акума эрин" ХХК 2016 онд манай ХХК-аас моторын үнэ гэж 14.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанчлан "нэхэмжлэлд дурдсан үйл баримт,зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн...шийдвэр....байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. 3. 401-00023А мотор нь шингэнээр ажилладаг бөгөөд ийм мотор буюу хөдөлгүүрт алдагдах сэлбэг гэж байдаггүй бөгөөд том цул төмөр бөгөөд шингэн 2 нүхтэй,дээрээ хэдэн боолтны нүхүүдтэй байдаг.тоногдох 14.0 сая төгрөгийн өртөг бүхий эд анги байхгүй юм. 4.Өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад маргаан бүхий моторт үзлэг хийлгэхийг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй юм гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э ХХК нь МГХВЭ ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол гэж 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
МГВХЭ ХХК-ийн захирал М.Л нь 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр А.Э ХХК-с 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг худалдан авчээ.
Ингээд худалдан авагч болох МГВХЭ ХХК-ийн захирал М.Л нь төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул шүүхийн журмаар гэрээний төлбөрийг гаргуулахаар А.Э ХХК шүүхэд хандсан, МГВХЭ ХХК-ийн захирал М.Л нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00315 тоот тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00315 дугаартай тогтоолоор ...МГВХЭ ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч Акума Эрин ХХК-д буцаан олгохоор заасан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу моторыг Акума Эрин ХХК буцааж авахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байх ба, 401-00023А travel motor нь ашиглах боломжгүй болсон гэж гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч буцаан авчээ. /хх68-74/ Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг техникийн иж бүрдлийн хувьд бүрэн бүтэн эсэх, гадны ямар нэгэн үйлчлэлээр доголдол, эвдрэл, гэмтэл үүссэн эсэх, зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд: ...1. Шинжилгээнд ирүүлсэн Dooson Travel 401-00023А маркийн хөдөлгүүр нь гадна харагдах байдлын иж бүрдлийг өөрчилсөн байна, 2. Хөдөлгүүрийн бэхэлгээний боолтны нүхнүүд сунасан, боолт уг хэсгээрээ хугарсан, хажуу хацар хэсэг дотогш хонхойж зурагдсан, хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож ширээлт хийсэн /гагнасан/ зэрэг гэмтлүүдтэй байна, 3. Хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож гагнасан, бэхэлгээний боолтны нүх сунасан, ирмэг сэтэрсэн, нэмэлт өөрчлөлт хийсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэжээ.
Уг 401-00023А маркийн хөдөлгүүр нь БНСУ-с 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, 3 320 ам.долларын үнэтэй, татварт 995 480 төгрөг, хураамж 7 000 төгрөг төлсөн баримтууд хэргийн 7-15 дугаар хуудаст авагдсан байна.
МГВХЭ ХХК-ийн захирал М.Л нь 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг 2015 оны 6 дугаар сард хүлээж авсан, өөрийн DOOSON SOLAR 255 Lc-v маркийн экскаваторт тавих гэсэн боловч таараагүй, уг сэлбэг нь М.Лгийн эзэмшилд байсан нөхцөл байдлууд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд М.Лгийн падаан дээр хүлээж авсан гэдэг дээр гарын үсэг зураагүй гэсэн тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.Э ХХК шаардах эрхтэй.
МГВХЭ ХХК-ийн захирал М.Л нь шүүхийн шийдвэрээр буцаан олгохоор шийдвэрлэсэн /М.Лгийн өөрийн эзэмшилд байсан/ 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн сэлбэгийг анх авахад тийм байсан, өөрийн буруугаас ашиглах боломжгүй болгоогүй гэдгээ нотлоогүй, уг сэлбэг нь БНСУ-с орж ирсэн хил гаалийн бичигтэй байх ба түүний марк, дугаар зөрүүгүй байна.
Иймд А.Э ХХК-д учирсан хохиролыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ. Шүүх хохирлыг тооцохдоо: 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийн үнэ 3 320 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1 877,91 төгрөгөөр тооцож, үүн дээр татвар хураамж нийт 1 002 480 төгрөгийг нэмж нийт 7 236 946 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 5 836 946 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч МГВХЭ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 130 741 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан МГВХЭ ХХК-аас 7 236 946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 836 946 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч МГВХЭ ХХК-аас 130 741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ