Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2018/00038

 

УБТЗ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

          Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэртэй, 

        Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42-т байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Ж-ын М /РД:........../,

         Хариуцагч: Б-ын Э /РД: ............../ нарт холбогдох,

         Журам зөрчиж сургалтын төлбөрт олгосон 11300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.Бэ, хариуцагч Ж.М, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч УБТЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.М, Б.Э нар нь УБТЗ-ын даргын 2012.04.18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж 2013-2017 онуудад Б.Б, Э.Х нарын сургалтын төлбөрт 11300000 төгрөг төлсөн нь 2017 оны 11 дүгээр сард хийгдсэн Дотоод аудит хяналтын албаны шалгалтаар илэрч, дотоод аудит хяналтын албаны аудиторын СТ-01/03/113 тоот акт тавигдсан байна. Дээр дурдсан журамд төмөр замын ажилтны төрсөн нэг хүүхдэд нь их дээд сургууль, коллежид суралцах хугацаанд нэг удаа төгсөх ангид нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ. Гэтэл эдгээр хүүхдүүдэд суралцах бүх хугацаанд нь төлбөрийг нь төлсөн бөгөөд эцэг эх нь УБТЗ-д ажилладаггүй байна. Шалгалтын дараа удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Гын удирдан хийлгэсэн шуурхай хурлаас “эрх мэдлээ хэтрүүлэн журам зөрчиж, мөнгө зарцуулсан тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсээр төлүүлэх” шийдвэр гарсан ба Ж.М тухайн үед Замын 4 дүгээр ангийн даргаар, Б.Э хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа Б.Б, Э.Х нарын сургалтын төлбөрийг төлөх шийдвэр гаргаж бичиг баримтыг бүрдүүлж байжээ. Иймд, журам зөрчин байгууллагад 11300000 төгрөгийн хохирол учруулсан Ж.М, Б.Э нараас энэ мөнгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012.09.22-2016.11.01-ний өдөр хүртэл УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн даргаар ажилласан. Говийн бүсэд тогтвор суурьшилтай ажиллах инженер, техникч нар цөөн байдгаас тус байгууллагад мэргэжилтэй боловсон хүчин хомсдолтой байдаг. Бид мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүд авч байсан. Тухайлбал Тээврийн дээд сургуульд эчнээ хөтөлбөр хичээллүүлж өөрийн ажилтнуудаас сурган, дунд боловсролтой замын техникч нар бэлдэх саналыг анх гаргаж байсан нь үр дүнтэй хэрэгжиж одоогоор 10 замын техникч нар төгссөн, суралцаж байгаа 10 ажилтан байна. Мөн жил бүр Тээврийн дээд сургуулийн төгсөгчидтэй Замын 4 дүгээр анги тусгай уулзалт хийж, байгууллагынхаа онцлог давуу талуудыг сурталчлан, инженерээр төгсөж байгаа залуусыг татах оролдлого хийж байна. Уг ажлын үр дүнд залуу инженерүүд манайд ажилд ордог боловч богино хугацаанд өөр орон нутаг руу шилждэг. Энэ хүндрэлтэй байдлыг УБТЗ ХНН анхааралдаа авч, шийдвэрлэх гарц гаргалгааг хайсаар ирсэн. Миний бие тухайн үеийн хүний нөөцийн албаны дарга Огторгуй, хүний нөөцийн асуудал хариуцсан замын орлогч дарга Мижиддорж нартай зөвлөлдөж, сурлага сайтай, төмөр замын чиглэлээр ажиллах чин эрмэлзэлтэй орон нутгийн хүүхдүүдийг Тээврийн дээд сургуульд байгууллагын зардлаар сургаж, төгссөний дараа байгууллагадаа тогтвортой ажиллуулах шийдэлд хүрсэн. Үүний дараа орон нутгийн FM радиод зар өгч мөн ажилтнуудынхаа хүүхдүүдээс тухайн жил дунд сургууль төгсөж байгаа, инженерээр суралцах хүсэлтэй сурагчдыг судалж үзсэн. 3 ажилтны хүүхэд байснаас нэг нь ИЗИС, нөгөө нь Тээврийн дээд сургуулийн ашиглалтын ангид сурна гээд манай байгууллагатай гэрээ байгуулахаас татгалзсан. Ингээд Б.Быг сонгосон. Тэрээр аймаг, орон нутгийн олон удаагийн олимпиадад оролцож байр эзэлсэн, сурлага сайтай хүүхэд байсан. 2013.03.13-ны өдрийн 58/112 тоот албан бичгээр хүний нөөцийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Мижиддоржид хүсэлт явуулсан. Хүний нөөцийн алба 2 хүүхэд сургах зөвшөөрлийг өгсөн. Үүний үндсэн дээр Э.Хыг нэмж сонгон 2013.08.16-ны өдөр 58/286 дахин албан бичгийг хүргүүлсэн. Ингээд Тээврийн дээд сургуультай уулзахад математик, физикээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 500 ба түүнээс дээш оноо авсан хүүхдийг сургах боломжтой гэсэн. Энэ болзлыг Б.Б, Э.Х нар хангаж байсан тул гурван талт гэрээ байгуулж суралцуулсан. Энэ хүүхдүүд 5 жил сахилга баттай суралцаж төгсөөд одоо гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Замын 4 дүгээр ангийн 5, 11 дүгээр хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа. Гэрээний талууд үүргээ биелүүлж, гэрээний үр дүн УБТЗ ХНН-д үр ашгаа өгсөөр байтал байгууллагад ямар хохирол учраад надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2-рт энэ хүүхдүүдийг сургах үүргийг тухайн үеийн удирдлагууд надад өгсөн. Би тэдний үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө ийнхүү өрөнд унаж байгаагаа хүлээн зөвшөөрөх боломжгүй билээ. Дархан-Уул аймагт зохиогдсон хүний нөөцийн ажилтнуудын сургалт зөвлөгөөн дээр хүний нөөцийн албаны дарга Огторгуй Замын 4 дүгээр анги өөрийн орон нутгаас сурагчдыг сонгон байгууллагын зардлаар суралцуулж, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин бэлтгэж байгааг сайшаан тэмдэглээд бусад салбарын дарга нар жишээ авууштай туршлага болж байгааг дурдсан байдаг. Нэгэн үе шилдэг туршлага гэж нэрлэгдэж байсан санал санаачилга, улс төрийн сонгуулийн үр дүнгээр дарга, удирдлагууд солигдмогц алдаа дутагдал болон хувирч байна. УБТЗ ХНН-ийн дотоод аудитаас жил бүр санхүүгийн бүх бичиг баримтад үзлэг шалгалт хийдэг уламжлалтай. 2013, 2014, 2015, 2016 онуудад Замын 4 дүгээр ангид хийгдсэн аудитын шалгалтуудаар оюутан сургаж байгаа асуудал хянагдаад явж байсан. Гэтэл 2017 онд буюу анх гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн 4 жилийн дараах аудитын үзлэг үүнийг зөрчил гэж үзэж байгаа нь хөндлөнгийн үзлэг тэс өөр зүйлд чиглэсэн байна гэж үзэх хардлага төрүүлж байна. УБТЗ-ын даргын 2012.04.18-ны өдрийн А78 дугаар тушаалаар батлагдсан их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам нь төмөр замын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтны хүүхэд их, дээд сургууль, коллеж төгсөн жилд Тээврийн дээд сургуулийн төлбөрийн 50 хувиар тооцож нэг удаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог. Б.Б, Э.Х нартай байгуулсан гэрээнд энэ журмыг хэрэглэж, зөрчил гэж үзэж байгаа нь үүссэн эрх зүйн харилцаа түүнд холбогдуулж хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг буруу сонгож хэт муйхарласан явдал гэж үзэж байна. Учир нь маргаж буй харилцаа нь Замын 4 дүгээр анги буюу захиалагч, Тээврийн дээд сургууль буюу гүйцэтгэгч, суралцагч нар болох Э.Х, Б.Б нарын хооронд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгцээн дээр үндэслэж бий болсон гэрээний харилцаа байдаг. Энэ харилцаанд иргэний хуульд заасан үндсэн дээр, холбогдох албадын дарга нарын зөвшөөрөл, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж энэ гэрээг байгуулсан. Тус гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, суралцаж төгссөн ажилтнууд нь тус байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Харин 2012.04.18-ны өдрийн А78 дугаар тушаалаар батлагдсан дээрх журам энэ гэрээнд хамаарч үйлчлэх боломжгүй гэдгийг дурдаж байна. Өмнө дурдсанчлан энэ асуудлыг зөрчил гэж үзэх болсон шалтгаан нь намайг ямар нэг зүйлд холбогдуулж буруутгах гэсэн, өө хайсан үйлдэл болно. Эцэс сүүлд нь тухайн үедээ зөв санал санаачилга гэж нэрлэгдэж байсан энэ сургалтын гэрээг холбогдолгүй дүрэм журамд хамаатуулан мушгиж, алдаа болгон энэхүү нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тээврийн дээд сургууль, Замын 4 дүгээр анги, суралцагч Э.Х, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээгээр нэг талаас захиалагч замын 4 дүгээр анги сургалтын төлбөрийг төлөх, Тээврийн дээд сургууль инженерийн мэдлэг, боловсрол олгох Э.Х, Б.Б нар сахилга, дэг журамтай суралцах, төгсөөд 5 жилийн хугацаанд Замын 4 дүгээр ангид тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Энэ гэрээний эрх зүйн харилцаанд Монгол Улсын Иргэний хууль үйлчлэх байтал хуулиас давуулж, байгууллагын дотоодод мөрдөгдөх, ажилтнуудад хамааралтай дүрэм, журмыг Монгол Улсын хуулиас өмнө тавьж, зөрчил болгохоор оролдож байгаа нь бүдүүлэг алдаа болжээ. Монгол Улсын Иргэний хуульд зохицуулсан гэрээний эрх зүйн зохицуулалтаас үзвэл суралцагч нартай байгуулсан тус тусын гэрээгээр үүрэг хүлээсэн талууд гэрээний харилцааг дуусгавар болгох, гэрээг хүчингүйд тооцох эрх зүйн үр дагаварт хүргэх зөрчил дутагдал гаргаагүй, гэрээний үүргээ зөрчөөгүй байдаг нь уг гэрээ одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг харуулах тус сургалтын төлбөр болох мөнгийг нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэх эхний үндэслэл болно. Э.Х, Б.Б нарыг байгууллагын зардлаар сургасан асуудал одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 онд болсон. Миний бие Б.Э нь 2012.11.22-ны өдрөөс УБТЗ ХНН-ийн Замын 4 дүгээр ангид хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Миний бие ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. 2012 оны төгсгөл, 2013 оны эхээр ангийн дарга Ж.М Дорноговь аймгийн уугуул, төмөр замын мэргэжлээр тууштай ажиллах хүсэлтэй дунд сургууль төгсөж байгаа, сурлага сайтай хүүхдийг байгууллагын нэр дээр сургах саналыг хүний нөөцийн албанд тавьж, зөвшөөрөл авсан. Ажилтнуудын хүүхдүүдээс сонговол сайн байна, гол нь сурлагын дүн сайн байх хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу ажилтнуудаас судалж үзэхэд үйлчлэгч Д.Бадамцэцэгийн охин Б.Энхцэцэг, бичээч-бичиг хэрэг Б.Одонтуяагийн хүү Б.Хатансайхан, сэв хайгч Б.Одонбаатарын хүүхэд нар төгсөх ангийн сурагчид байсан боловч Б.Энхцэцэг нягтлан бодогчийн мэргэжлээр, Б.Хатансайхан төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцах хүсэлтэй тул замын чиглэлээр суралцах хүүхэд олдоогүй. Дарга Ж.Мад энэ талаар танилцуулахад орон нутгийн FM радиод зар өг, сургуулиудын багш нараар дамжуулж судал. Гол нь энэ нутгийн уугуул хүүхэд байх ёстой, төгсөж ирээд тогтвор суурьшилтай ажиллах, сурлагын үзүүлэлт сайтай сурагч байх ёстой, ар гэрийн амьдралыг нь давхар харгалзаж үзэхэд гэмгүй гэж хэлсэн. Ингээд судлах явцдаа Зүүнбаян багийн 10 жилийн сурагч Б.Бтай холбогдож, олимпиадад оролцож байсан гэрчилгээ дипломуудыг нь авч даргад танилцуулсан. Албан бичиг төлөвлөөд хүний нөөцийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ч.Мижиддоржид явуул гэсэн. Албан бичгийг би төлөвлөж даргаар хянуулан, Б.Бы бичиг баримтын хуулбартай явуулсан. Ангийн дарга Ж.М Улаанбаатар хотод ажиллаж ирээд хүний нөөцийн албанаас Б.Быг сургахыг зөвшөөрсөн. Дээрээс нь ахиад нэг хүүхэд олоод 2 хүүхэд сургаж ав гэсэн чиглэл өгсөн. Харин Тээврийн дээд сургуульд элсэхэд элсэлтийн ерөнхий шалгалтанд математик, физикийн хичээлээр шалгалт өгсөн байх ёстой гэсэн. Энэ шалгуурт нийцсэн сурагч Э.Хыг сонгож, суралцуулах хүсэлтийг дахиж явуулсан. Ингээд Тээврийн дээд сургууль, Замын 4 дүгээр анги, суралцагч нарын хооронд 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус байгууллагад ажиллаж байгаа билээ. Одоо эдгээр ажилтнууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 5 жилийн хугацаанд Замын 4 дүгээр ангийн хэрэгцээт газарт томилогдон ажиллах үүргээ биелүүлж байгаа болно. Гэтэл гэрээ анх байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа Б.Б, Э.Х нарыг суралцуулсан нь хууль бус гэж аудитын шалгалтаар дүгнэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хийгддэг дотоод аудитаар энэ гэрээ 4 жил шалгагдсан. Гэтэл  5 дахь жилийн шалгалт буюу 2017 оны дотоод аудитын үзлэгээр зөрчил болж илэрсэн нь аудитын үзлэг өөр зорилготой байж гэх хардлагыг төрүүлж байна. Миний бие ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8-д заасан үүргээ биелүүлж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсний төлөө мөнгөн төлбөрт унаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэл нь намайг ажлаас халах гэсэн оролдлогын үргэлжлэл гэж үзэж байна. Эцсийн дүндээ Э.Х, Б.Б нартай байгуулсан гэрээний үр дүн замын 4 дүгээр анги тогтвортой ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж үр өгөөжөө өгч байгаа байтал сургалтын төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм. Миний УБТЗ ХНН-д хохирол учруулсан зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжилсэн сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.Маас 5 650 000 төгрөгийг, Б.Эгаас 5 650 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хугацаа тоолоход саад болохгүйг дурдаж,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ, Т.О нар нь давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрээ гаргасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт /5-р нүүрт/: ... хариуцагч Ж.М нь сургалтын гэрээг байгуулахдаа албан тушаалтнуудтай зөвшилцөж тэднээс зөвшөөрөл авч байсан гэж тайлбарласан түүний тайлбар болон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Баримтыг нотариатаар гэрчлүүлсэн нь ИХШХШ тухай хуулийн 37, 40, 42 дугаар зүйлүүдэд заасан шаардлагад нийцсэн байна гэсэн байна...хэдийгээр нотлох баримтууд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байгаа ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход хангалтгүй юм. Учир нь тухайн Замын 4-р ангийн даргад, дээрхи албан тушаалтнуудад хоёр ч удаа албан бичгээр хандсан боловч зөвшөөрсөн хариу ирүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй дээрх нотлох  баримтуудыг өнөөдөр ямар нөхцөл байдалд цуглуулсан нь ойлгомжгүй, өөрсдөө бичсэн гэх нотариатчаар батлуулсан бичгийг үндэслэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

         Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт ...хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийг Замын 4-р ангийг төлөөлж 2013.07.06-ны өдрийн О.Хтай хийсэн сургалтын гэрээ, хавтаст хэрэгт авагдсан 2013.07.06-ны өдрийн Б.Бтай хийсэн сургалтын гэрээг Тээврийн дээд сургуультай байгуулж төлбөрийг шилжүүлсэн байна гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн шүүх хурал дээр нотлох баримтууд заан тайлбарласныг анхааралдаа авалгүй шийдвэрээ гаргасан байна. Нэхэмжлэгч, сургалтын гэрээ байгуулсныг үгүйсгээгүй, хуульд харшилсан гэж үзээгүй, хүчин төгөлдөр бусад ч тооцуулъя гэж хүсээгүй. Мөн Замын 4-р анги нь УБТЗ-ын ХНН-ийн салбар нэгж болохын хувьд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй, үйл ажиллагааг хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна гэж заасны дагуу гэрээ /сургалтын болон бусад гэрээ/ байгуулахдаа зөвхөн УБТЗ-ын ХНН-ийн даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулах ёстой. Мөн бусад үйл ажиллагаа нь хууль тогтоомж болон УБТЗ-ын ХНН-ийн мөрддөг дүрэм журмын дагуу явагдана гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал Замын 4-р ангийн даргад олгосон итгэмжлэл “Гэрээ байгуулах журам”, “Сургалтын төлбөрийн дэмжлэг олгох журам” гэх мэтчилэн хэд хэдэн дүрэм журмыг үндэслэн тайлбарласан. Гэтэл хуульд харшлаагүй хэлцэл байгуулсан, төлбөрийг санхүүгийн хүн шилжүүлсэн тул хариуцагч нарын үйлдлээс УБТЗ-ын ХНН-т хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

       Гурав: Шүүх нэхэмжлэгч 11300000 төгрөгийг хариуцагч нараас хуулийн дагуу болон гэрээний дагуу шаардах эрхгүй байна гэжээ. Шүүх хариуцагч нар УБТЗ-ын ХНН-д ажиллаж байхдаа тухайн байгууллагад мөрддөг дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй, дүрэм журмаас бусад зохицуулагдаагүй асуудал дээр Замын дарга удирдлагаас олгосон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд зөвхөн хариуцагч нар гэм хор учруулаагүй тул хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул 380 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012-2016 оны 12 сар хүртэл Замын 4 дүгээр ангийн даргын албан тушаалыг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Замын 4 дүгээр ангийн хүний нөөцийн бодлого, тогтвор суурьшилтай ажиллах талаар маш хэцүү байсан. Энэ асуудлаар дээд удирдлагууддаа хэлж, эчнээгээр анги нээгээч, ажиллая гэсэн чадвартай хүүхдүүд маш их байна гэдгийг хэлж байсан. УБТЗ-ын хүний нөөцийн албаны дарга Д.Огторгуй гэдэг хүн чиний саналыг сонссон, чи нэг хүүхэд олчих гэж хэлж байсан. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатараас ирсэн хүүхдүүд тогтвор суурьшил муутай байгаа гэдгийг мэднэ. Тийм учраас Дорноговь аймгаасаа нэг хүүхэд олоод ир. Гэхдээ шалгуур нь математик нь 600, физик нь 500 оноогоос дээш оноо авсан хүүхдүүдийг сургая гэсэн. 6 сард элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа эхлээд ажилчдынхаа хүүхдүүдээс, дараа нь орон нутгаас 1 хүүхэд гарч ирсэн. Олон хүүхэд гарч ирээгүй, нэг л хүүхэд гарч ирсэн. Удалгүй удирдлагаас нэг биш 2 хүүхдийг сурга гэсэн. Нэг хүүхэд нь Зүүнбаян багийн Монгол хэлний багшийн хүүхэд, нөгөө нь сургуулийн үйлчлэгчийн хүүхэд, хагас өнчин хүүхэд байсан. УБТЗ өнөөдөр намайг буруутай гэж үзэж байна. Энэ 2 хүүхдийн сурсан жил нь 2013 он байгаа. УБТЗ-д дотоод аудитын алба гэж байдаг. Байгууллагын санхүүгийн бүх үйл ажиллагааг шалгадаг. Жилдээ нэг удаа байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг 100% шалгадаг. Намайг халагдаж байхад манай байгууллага дээр аудитын шалгалт орсон. Энэ 3 удаагийн аудитын шалгалтаар намайг гэрээг зөрчилтэй байгуулсан талаар хэн ч хэлээгүй. Тийм учраас гэрээний дагуу явагдаж байна гэсэн үг. Ерөнхий нягтлан бодогчийг хаацайлаад байх шиг байна. 2 хүн гарын үсэг зурдгийг та бүхэн мэдэж байгаа. 1 дүгээр гарын үсгийг би, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч зурдаг. Нягтлан бодогчийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн дарга нь буруу үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол түүнийг таслан зогсоох ёстой. Болохгүй бол удирдлагуудад хэлж болно. М гэдэг хүн чинь буруу үйл ажиллагаа явуулах гээд байна гэж хэлж болох байсан. УБТЗ-ын хүний нөөцийн дарга нь надад зөвшөөрсөн. Гомдол гаргаад байгаа Бэ чинь миний удирдлаган дор, хүний нөөцийн менежер байсан. Миний хийж байсан үйл ажиллагааг маш сайн мэдэж байсан. Яагаад тэр үедээ буруу байна шүү гэдгийг хэлээгүй мөртлөө халагдаад явангуут ийм асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Намайг зөвшөөрөл аваагүй мэтээр яриад байх шиг байна. 5 саяас дээш мөнгөний асуудлыг дээд удирдлагуудаасаа асууж зөвшөөрөл авах шаардлагатай. Аж ахуйн нэгжтэй байгуулах 5 сая төгрөг доторх асуудлыг би өөрөө шийддэг. Энэ 2 хүүхдийн жилийн сургалтын төлбөр нь 2700000 төгрөг байсан. Оргодол гэдэг хүний төлсөн мөнгийг яагаад намайг төл гээд байгаа юм бэ. Та нар өөрсдөө будлиантай юм хийсэн байна лээ. 2016.12.31-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр байсан. Энэ өдөр 2 хүүхдийн сургалтын төлбөрийг Тээврийн дээд сургууль руу шилжүүлсэн байсан. Мөнгө шилжүүлэхийг Оргодол дарга зөвшөөрсөн байгаа шүү дээ. Бэ энэ бүх үйл ажиллагааг мэддэг мөртлөө хэзээ хойно нь хохирол учруулсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. УБТЗ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна гэв.                                                                                            

          Хариуцагч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь аудитын акт байгаа. Энэ актан дээр А78 тушаалыг зөрчсөн гэсэн өгүүлбэр байдаг. А78 тушаалыг 2013 онд хэрэгжүүлээд явж байсан гэдгийг хэрэгт нотлох баримтаар гаргаад өгчихсөн байгаа. 15 ба түүнээс УБТЗ-д ажилласан хүмүүсийн судалгааг жил болгон гаргадаг. Хүүхдүүдийнх нь аль нэг нь Монгол Улсын аль нэг их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийг нь Тээврийн дээд сургуулийн жишгээр нэг удаа олгодог журамтай. Үүнийг зөрчсөн гэж оруулж ирсэн байдаг. Энэ журам гэрээний харилцаанд ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч сургалтын гэрээ байгуулсаныг үгүйсгээгүй, хуульд харьшилсан гэж үзээгүй, хүчин төгөлдөр бусад тооцуулъя гээгүй гэдгээ гомдолдоо маш тодорхой дурдсан байна лээ. Гэрээ хүчин төгөлдөр юм бол бид нараас ямар үндэслэлээр, юу шаардаад байгаа юм бэ. Гэрээ байгуулсан хүнд бүрэн эрх байгаагүй гэж үзэж байгаа бол анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэж маргамаар байна. УБТЗ-ын Замын 4 дүгээр анги нь бие даасан эрхгүй байгууллага нь үнэн. Итгэмжлэл олгогдох ёстой гэж байна. Итгэмжлэл нь олгогдсон. Энэ итгэмжлэл дээр тулгуурлаад гэрээг нь байгуулая гэж үзэхээр итгэмжлэл нь гадны байгууллагатай харьцах итгэмжлэл байгаа, гэрээнд огт хамааралгүй. Гэрээг юугаар баталгаажуулж байгаа вэ гэхээр хүний нөөцийн албанаас өгсөн үүрэг даалгавар. Замын 4 дүгээр анги болон Тээврийн дээд сургууль хоёрын хооронд оюутан суралцуулах гэрээг удаа дараа хийгээд явж байсан. Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай гэрээ байгаа. 2 байгууллагын дарга нар нь баталчихсан. Хүний нөөцийн дарга нь болон үүрэг хүлээж байгаа этгээдүүдийн гарын үсэгтэй гэрээ байгаа. Тээврийн дээд сургуультай ярьж байж энэ гэрээг хийсэн. Миний хувьд удирдах албан тушаалтныхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө 5 сая төгрөгийг төлөх болсондоо гайхаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь хариуцагч Ж.М, Б.Э нарт холбогдуулан журам зөрчиж сургалтын төлбөрт олгосон 11300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам” болон Улаанбаатар төмөр замын Дотоод аудит хяналтын албаны аудиторын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн актанд үндэслэжээ.

          Хариуцагч Ж.М, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.М нь УБТЗ-ын Замын 4 дүгээр анги болон Тээврийн дээд сургууль, суралцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-д хамааралгүй, албаны эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэж, хариуцагч Б.Э нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, суралцагчийн төлбөрийг байгууллага хоорондын дотоод тооцоогоор хийсэн тул байгууллагад хохирол учруулаагүй гэж тус тус маргажээ.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ эс зөвшөөрч “... нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

        Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

        Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч ... хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг захирамж гарган томилох, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд түүнийг орлох буюу шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг хуулийн 78.1-д заасны дагуу буюу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гаргах журмаар томилох тухай журмыг зөрчсөн байна.

          Тодруулбал тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136/ЕШ2018/00241 тоот Ерөнхий шүүгчийн захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.М, Б.Э нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Наранцэцэгийг томилж, улмаар шүүгч Д.Наранцэцэг ээлжийн амралт эдлэх болсонтой холбоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 136/ЕШ2018/00268 тоот Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Г.Алгирмааг томилсон байхад шүүгч Д.Наранцэцэг хэргийг хянан шийдвэрлэжээ.

          Энэ нь дээрх хуульд заасан журамд нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргалаагүй буюу хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзнэ.

       Түүнчлэн анхан шатны шүүх Замын 4 дүгээр анги болон Тээврийн дээд сургуулийн хооронд байгуулагдсан сургалтын гэрээг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон гэж үзсэн атлаа хариуцагч нарын үйлдэл, эс үйлдлээс нэхэмжлэгчид  хохирол учраагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг гэм хорын хохирол биш гэж үзсэн атлаа мөн хуулийн 8.1.5-д заасан “гэм хор учруулах” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д үндэслэж гэм хор учруулсанаас үүсэх үүрэг гэж тодорхойлсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй шүүгч дангаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд нийцээгүй гэж үзэхээр байна.

           Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ