Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******тоотод оршин суух Т.О/регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ЭҮТӨҮГ-т холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Б.М, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.О би ЭҮТөрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч-бичээч албан тушаалтай /бүртгэлийн дугаар 52136 / ажилладаг. Тус үйлдвэрийн газарт 17 жил ажиллаж байгаа ба ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй, өөрийн хариуцсан ажлынхаа хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд маш нууц, нууц, нууцын зэрэглэлтэй бүхий л бичиг баримттай танилцаж, боловсруулж, бэлтгэж ажилладаг энэ үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн.

Гэтэл надад ЭҮТөрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил гаргаж, хөдөлмөрийн сахилгыг зөрсөн гээд үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарсан, энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна намайг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон зөрчил гэж байгаа үйлдлийг хэн, хэрхэн тогтоосон, зөрчил гэх үйлдлээс хэний эрх ашиг зөрчигдсөн зэргийг шалган тогтоосон эсэхийг огт мэдэхгүй байгаа болохоор надад таамаг төдий зүйлээр шалтаглан сахилгын арга хэмжээ авч, шударга ажилчдын үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярын нэрийг цохон ЭҮТӨҮГ болон ҮЭ-ийн Холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 заалт дахиад л хэвээрээ байна, энэ нь хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд энэ нь хэн нэгэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн нэр хүндэд халдаагүй байтал, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь үүнийг илт гуйвуулан эрхийг нь хамгаалж, үгийг нь сонсох ёстой үйлдвэрчний эвлэлийн гишүүнийхээ эсрэг гэж үзэхээр албан бичгийг ЭҮТӨҮГ-т гаргаж байгааг би олж мэдээд бидний эрхийг хамгаалах үүрэгтэй хүн ийм бичиг үйлдвэрийн захиргаанд гаргаад явж байна гэсэн мэдээлэл фэйсбүүк хаягтаа тавьсан.

Би үүнийг л сахилгын ноцтой зөрчил гэж үзсэн байх гэж таамаглаж байна. Хэрэв тийм бол энэ нь Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэл биш, өөрийн болон нийт ажилчдын эрхийг хамгаалан мэдээлэл түгээсэн хөдөлмөрчин хүний хуулиар хориглоогүй үйлдэл юм.

Надад сахилгын арга хэмжээ авахдаа уг зөрчлийг шалган тогтоох ажиллагаанд намайг огт оролцуулаагүй, мөн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт, манай албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн илтгэх хуудас зэрэг нь үндэслэлтэй байсан эсэхийг би огт танилцаж мэдээгүй учраас намайг хэлмэгдүүлсэн шийдвэр гарлаа гэж үзэж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд ЭҮТөрийн өмчит үйлдвэрийн газарт гаргасан хэн нэгний хүсэлт нь хүлээж авсан байгууллагын албаны нууц биш байсаар байтал хуулийн дагуу ажиллах нөхцөлөөр нь хангах, эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий байгууллагууд нэгнээ турхирч, хуйвалдан, хөндлөнгийн нөлөөнд автаж ажилтныхаа эрх ашгийг зөрчсөн байгаа тул өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд ЭҮТөрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил гаргаж, хөдөлмөрийн сахилгыг зөрсөн гээд үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажилтан Т.Оийн ЭҮТӨҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч-бичээч Тавхайн Оюунчимэг нь нэг өрөөнд хамт ажилладаг бичиг хэргийн ажилтан Д.Ундрах-Эрдэнийн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн завсар байсан Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 195 тоот албан бичгийг авч, зургийг даран, олон нийтийн сүлжээнд байршуулж, албаны баримт бичгийг хувийн зорилгоор ашигласан үйлдэлд ЭҮТӨҮГ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №01 тоот дүгнэлт, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны даргын үүргийг түр хослон гүйцэтгэгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн Илтгэх хуудас, ажилтан Т.Оийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Ажилтан Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... намайг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон зөрчил гэж үзэж байгаа үйлдлийг хэн, хэрхэн тогтоосон, зөрчил гэх үйлдлээс хэний эрх ашиг зөрчигдсөн зэргийг шалган тогтоосон эсэхийг огт мэдэхгүй, надад таамаг төдий зүйлээр шалтаглан сахилгын арга хэмжээ авч, шударга ажилчдын үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна гэжээ.

ЭҮТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч-бичээч Т. Оюунчимэг нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярын нэр цохон ЭҮТӨҮГ болон Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээ-ний 2.4 дэх заалттай холбогдуулан санал, сэтгэгдлээ оруулсан гэх ба ЭҮТӨҮГ-ын зүгээс ажилтан Т.О-ийн дээрх үйлдэлтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй болно.

Өөрөөр хэлбэл ажилтан өөрийн албан тушаалын давуутай байдлыг ашиглан өөр албан байгууллагаас ирсэн албан бичгийн зургийг авч, хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нь ЭҮХХК-ийн ёс зүйн дүрмийн 3.1.13-т заасан Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах гэсэн заалтыг зөрчин, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн ЭҮТӨҮГ-ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу тохирох шийтгэлийг ногдуулсан болохыг ажилтны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбарлах нь зүйтэй.

Харин ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх шийдвэр нь үйлдвэрийн газрын ажилтны үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь ЭҮТӨҮГ-т холбогдуулан Сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.От ЭҮТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, ЭҮТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.14, ЭҮТӨҮГ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдүгээр дүгнэлт, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны даргын үүргийг түр хослон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Т.Оийн тайлбар зэргийг үндэслэн үндсэн цалинг гурван сар 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч тал Б/6944 дугаартай тушаалынхаа үндэслэлийг: ...Т.О нь өөрийн албан тушаалын давуутай байдлаа ашиглан өөр албан байгууллагаас ирсэн албан бичгийн зургийг авч, хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нь ЭҮХХК-ийн ёс зүйн дүрмийн 3.1.13-т заасан Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах гэсэн заалтыг зөрчин, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн ЭҮТӨҮГ-ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу тохирох шийтгэлийг ногдуулсан... гэж тайлбарласан.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь /тушаал/ эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн байх учиртай бөгөөд, ЭҮТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалд үндэслэсэн Ёс зүйн хорооны дүгнэлт, илтгэх хуудас, Т.Оийн өөрийнх нь тайлбар зэргээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал: Ёс зүйн хорооны дүгнэлт нь ёс зүйн дүрмийн 3.1.13-ыг зөрчсөн гэсэн бол илтгэх хуудаст ...хөдөлмөрийн дотоод журмын 8.9.6, 8.9.7, хөдөлмөрийн гэрээний 2.4.10, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...сахилгын шийтгэлийг, зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаанд ногдуулахаар хуульд заасан байдаг. Илрүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн, мөн Ёс зүйн хорооны дүрэм нь 2013 онд батлагдсан байна, ёс зүйн хорооны гишүүдэд ямар ямар хүмүүс байдаг нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна... гэж мэтгэлцсэн бөгөөд, хариуцагчийн төлөөлөгч илрүүлснээс хойш гэдэг хугацааг ёс зүйн хорооны дүгнэлт гарснаас хойш тооцох ёстой гэж тайлбарласан. Харин ёс зүйн хорооны дүрэм нь 2013 онд батлагдсан, ёс зүйн хорооны гишүүдийг яаж томилсон, ямар ямар гишүүд байдаг талаар хэрэгт ямар нэг баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т ...илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байсан байх ба, энэ нь аливаа асуудлыг /зөрчлийг/ шалгаж тогтоосны дараа гэсэн агуулга гэж үзэхээргүй байна.

Ёс зүйн хорооны дүрмийн 3.1.13-т Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах гэж заасан байх ба, ЭҮТӨҮГ-т ирсэн ЭҮТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаартай албан бичгийн зургийг даран авч олон нийтийн сүлжээнд байршуулж, албаны баримт бичгийг хувийн зорилгоор ашигласан үйлдэл нь ёс зүйн зөрчил гэж ёс зүйн хороо дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг үндэслэн ЭҮТӨҮГ-ын ерөнхий захирал Т.От сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэхдээ намайг хуралд оруулаагүй, намайг очих боломжоор хангаагүй, над руу утсаар ярингуут нь би даргадаа хэлээд машинаар яваад очиход хурал болчихсон, асуудлыг шийдсэн гэж хэлсэн, тэгээд намайг ажил дээрээ буцаад ирэх энэ хугацаанд 20-30 минут л болсон гэж Т.О тайлбарласан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч хурал хийхдээ мэдэгдсэн гэсэн тайлбар гаргасан. Ёс зүйн хороо асуудлыг шийдвэрлэхдээ хэн нэгнийг хуралд оролцуулах бол хуралдаанд оролцох боломжит хугацааны дотор мэдэгдэж, тухайн хүний эрхийг эдлүүлэх нь зүйн хэрэг бөгөөд хэтэрхий нэг талыг барьж болохгүй. Энэ нь угтаа хүний эрх ашгийн асуудал юм.

Нөгөөтэйгүүр Т.О нь ЭҮТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирсэн 195 дугаартай албан бичгийг өөрийн fecebook хуудсандаа тавьсан нь албан тушаалын давуу байдлаа ашигласан гэх үзэх үндэсгүй. Учир нь Т.О нь өөрийн хариуцсан ажлынхаа хүрээнд албан үүрэгтэй нь холбоотойгоор өөрт нь ирсэн бичгийг нийгмийн сүлжээнд тавиагүй. Тэрээр анх өөрийн санаа бодлоо илэрхийлж өөрийн болон ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн холбоонд саналаа илэрхийлсэн байх ба, үүний дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр ЭҮТӨҮГ-т албан бичиг хүргүүлсэн байна.

ЭҮТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь Т.О-ийг тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны групп сүлжээнд тавьсан хамтын гэрээний 2.4 дэх заалтад өөрчлөлт оруулах саналыг хараад ЭҮТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн бодлогын газарт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 195 дугаартай албан бичиг хүргүүлжээ. Үүний дараа дахин 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 197 дугаартай албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.От хаяглан хүргүүлсэн байх ба уг албан бичигт: ...энэхүү бичгийг холбогдох албан тушаалтанд очоогүй, албан ёсны зөвшөөрөл авалгүй олон нийтийн сүлжээнд тавьж мэдээлсэн зохисгүй үйлдэл дахин гаргалаа. Цаашид ЭҮТӨҮГ-аас бусад байгууллага, хувь хүнд явж, ирж буй аливаа албан бичиг баримтын нууцлалыг хадгалах, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх үйлдэл, үйл ажиллагаа гаргахгүй гэх баталгаа байхгүй байна. Иймд Т.От холбогдох хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг танд уламжилж байна гэжээ. Үүний дагуу Т.От сахилгын шийтгэл ногдуулжээ.

Угтаа бол Т.О нь Үйлдвэрчний эвлэлийн холбоондоо хандаж санал бодлоо илэрхийлээд байгаа болохоос биш, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг шүүмжлээд байгаа асуудал биш байх ба, ажилтан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоорондох асуудал гэж үзэхээр байна. Ажилтан үйлдвэрчний эвлэлийн холбоондоо хандан санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Т.Оийг өөрийн гүйцэтгэж байгаа ажлынхаа хувьд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд өөрийн fecebook хуудсандаа үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичгийг тавьсан нь өөрийн албан тушаалын ямар давуу тал, боломжийг ашиглан өөрийн хувийн зорилгодоо ашигласан нь тодорхойгүй, энэ нь тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр хамтын гэрээ бол хувь хүний асуудал биш, нийт ажилчдын эрх ашгийг илэрхийлсэн, тэдний эрх ашигт нийцсэн баримт бичиг гэдгийг дурьдах нь зүйтэй.

Тушаалын үндэслэл болсон илтгэх хуудаст ...хөдөлмөрийн дотоод журмын 8.9.6, 8.9.7, хөдөлмөрийн гэрээний 2.4.10, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.6-д Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ мэдээлэл, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг бусдад задруулсан, дамжуулсан, үйлдвэрийн хэвлэмэл хуудас, тэмдгийг хувийн зорилгоор ашигласан, бусдад ашиглуулсан, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, 8.9.7-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, Хөдөлмөрийн гэрээний 2.4.10-д Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, 4.2-т Ажилтан ажиллах хугацаандаа олж мэдсэн /үзэж сонссон/ үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой, зах зээлийн шударга өрсөлдөөнд давуу талаа хамгаалах, сан хөмрөг, үнэт зүйлсийн бүрэн байдлыг хангах, үйлдвэрийн газрын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт сөргөөр ашиглагдаж болзошгүй мэдээлэл, тоо баримт түүнтэй холбоотой мэдээллийг шууд болон шууд бусаар ашиглахгүй, бусад байгууллага, иргэдэд санаатай болон санамсаргүйгээр задруулахгүй, ашиглах боломж бүрдүүлэхгүй, устгахгүй байх талаар нууц хадгалах гэрээ байгуулна гэж заажээ. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн болох нь нотлогдоогүй бөгөөд, мөн Т.Оийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболдод гаргасан тайлбараар түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ЭҮТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай Ажилтан Т.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ЭҮТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ЭҮТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай Ажилтан Т.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ЭҮТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА