Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 82

 

Т..............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч .............ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26ы өдрийн 142/ШШ2020/00435 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т..............ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .............ТӨҮГ-т холбогдох,

“2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай Т..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулууны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Т.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.............. би ............. Төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч бичээч албан тушаалтай /бүртгэлийн дугаар 52136/ ажилладаг. Тус үйлдвэрийн газарт 17 жил ажиллаж байгаа ба ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй, өөрийн хариуцсан ажлынхаа хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд маш нууц, нууц, нууцын зэрэглэлтэй бүхий л бичиг баримттай танилцаж, боловсруулж, бэлтгэж ажилладаг энэ үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн. Гэтэл надад ............. Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил гаргаж, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэж үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарсан, энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна намайг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон зөрчил гэж байгаа үйлдлийг хэн, хэрхэн тогтоосон, зөрчил гэх үйлдлээс хэний эрх ашиг зөрчигдсөн зэргийг шалган тогтоосон эсэхийг огт мэдэхгүй байгаа болохоор надад таамаг төдий зүйлээр шалтаглан сахилгын арга хэмжээ авч, шударга ажилчдын үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа .............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярын нэрийг цохон ............. ТӨҮГ болон ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 заалт дахиад л хэвээрээ байна, энэ нь хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд энэ нь хэн нэгэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн нэр хүндэд халдаагүй байтал, .............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь үүнийг илт гуйвуулан эрхийг нь хамгаалж, үгийг нь сонсох ёстой үйлдвэрчний эвлэлийн гишүүнийхээ эсрэг гэж үзэхээр албан бичгийг ............. ТӨҮГ-т гаргаж байгааг би олж мэдээд бидний эрхийг хамгаалах үүрэгтэй хүн ийм бичиг үйлдвэрийн захиргаанд гаргаад явж байна гэсэн мэдээлэл фэйсбүүк хаягтаа тавьсан. Би үүнийг л сахилгын ноцтой зөрчил гэж үзсэн байх гэж таамаглаж байна. Хэрэв тийм бол энэ нь Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэл биш, өөрийн болон нийт ажилчдын эрхийг хамгаалан мэдээлэл түгээсэн хөдөлмөрчин хүний хуулиар хориглоогүй үйлдэл юм. Надад сахилгын арга хэмжээ авахдаа уг зөрчлийг шалган тогтоох ажиллагаанд намайг огт оролцуулаагүй, мөн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт, манай албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн илтгэх хуудас зэрэг нь үндэслэлтэй байсан эсэхийг би огт танилцаж мэдээгүй учраас намайг хэлмэгдүүлсэн шийдвэр гарлаа гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд ............. Төрийн өмчит үйлдвэрийн газарт гаргасан хэн нэгний хүсэлт нь хүлээж авсан байгууллагын албаны нууц биш байсаар байтал хуулийн дагуу ажиллах нөхцөлөөр нь хангах, эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий байгууллагууд нэгнээ турхирч, хуйвалдан, хөндлөнгийн нөлөөнд автаж ажилтныхаа эрх ашгийг зөрчиж байгаа тул өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ............. Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил гаргаж, хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэж үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажилтан Т..............ийн ............. ТӨҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч-бичээч Тавхайн ............. нь нэг өрөөнд хамт ажилладаг бичиг хэргийн ажилтан Д.Ундрах-Эрдэнийн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн завсар байсан .............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 195 тоот албан бичгийг авч, зургийг даран, олон нийтийн сүлжээнд байршуулж, албаны баримт бичгийг хувийн зорилгоор ашигласан үйлдэлд ............. ТӨҮГ-ын ёс зүйн хорооны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №01 тоот дүгнэлт, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны даргын үүргийг түр хослон гүйцэтгэгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Т..............ийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Ажилтан Т.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... намайг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон зөрчил гэж үзэж байгаа үйлдлийг хэн, хэрхэн тогтоосон, зөрчил гэх үйлдлээс хэний эрх ашиг зөрчигдсөн зэргийг шалган тогтоосон эсэхийг огт мэдэхгүй, надад таамаг төдий зүйлээр шалтаглан сахилгын арга хэмжээ авч, шударга ажилчдын үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна” гэжээ. ............. ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны шууданч-бичээч Т.............. нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа .............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярын нэр цохон ............. ТӨҮГ болон .............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 дэх заалттай холбогдуулан санал, сэтгэгдлээ оруулсан гэх ба ............. ТӨҮГ-ын зүгээс ажилтан Т..............ийн дээрх үйлдэлтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй болно. Өөрөөр хэлбэл ажилтан өөрийн албан тушаалын давуутай байдлыг ашиглан өөр албан байгууллагаас ирсэн албан бичгийн зургийг авч, хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нь ............. ХХК-ийн ёс зүйн дүрмийн 3.1.13-т заасан ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах гэсэн заалтыг зөрчин, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн ............. ТӨҮГ-ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын дагуу тохирох шийтгэлийг ногдуулсан болохыг ажилтны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбарлах нь зүйтэй. Харин ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх шийдвэр нь үйлдвэрийн газрын ажилтны үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26ы өдрийн 142/ШШ2020/00435 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ............. ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай Ажилтан Т..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ............. ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл, маргаантай харилцааг зөв тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэлгүй маргааны зүйл, маргаантай харилцаанаас гадуур дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн өгүүлбэр хооронд (дүгнэлт хооронд холбоосгүй), авцалдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй байдлыг бий болгосон. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргалгүй хэт нэг талыг барин хийсвэр дүгнэлтүүдийг хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь (тушаал) эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн байх учиртай бөгөөд, “.............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн Б/6944 дугаартай тушаалд үндэслэсэн Ёс зүйн хорооны дүгнэлт, илтгэх хуудас, Т..............ийн өөрийнх нь тайлбар зэргээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Тодруулбал ёс зүйн хорооны дүгнэлт нь ёс зүйн дүрмийн 3.1.13-ыг зөрчсөн гэсэн бол илтгэх хуудас ... хөдөлмөрийн дотоод журмын 8.9.6, 8.9.7, хөдөлмөрийн гэрээний 2.4.10, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Аливаа үйл баримтыг нотлохын тулд юуг, ямар байдлаар нотлох вэ гэдэг нь чухал. Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалд үндэслэсэн “Илтгэх хуудас”, Ёс зүйн хорооны дүгнэлтийн зөрүүтэй байдал нь тухайн шатлал бүртээ зөрчил үйлдсэн байж болзошгүй үйлдлийг нотлон тогтоож буй баримт юм. Илтгэх хуудсаар ажилтньг хөдөлмөрийн дотоод дүрэм болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж дүгнэж байгаадаа бус, ажилтныг тухайн нөхцөл байдалд албан байгууллагад ирсэн бичгийн зургийг зөвшөөрөлгүйгээр авч, цахим сүлжээнд, (фэйсбүүк) хуудаснаа нийтэлсэн үйлдлийг нотлохыг чухалчилсан шинжтэй баримт бичиг юм. Илтгэх хуудас бичиж буй этгээд нь захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны даргын үүргийг түр хослон гүйцэтгэгч байх ба энэ албан тушаалд тусгай эрх зүйн мэдлэгийг шаарддаггүй. “.............” ТӨҮГ-ын хувьд аливаа эрх зүйн шинжтэй асуудалд хууль зүйн үнэлэлт өгч, дүгнэлт гаргах эрх хуулийн хэлтэст байдаг. Харин ажилчдын ёс зүйн шинжтэй зөрчилд холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газарт мөрдөгдөж буй ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх эрх бүхий нэгж нь “.............” ТӨҮГ-ын ёс зүйн хороо юм. Тиймээс Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай тушаалд үндэслэсэн илтгэх хуудас нь нотолгооны ач холбогдлын хувьд тухайн цаг хугацаанд ажилтнаас гаргасан байж болох зөрчлийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хандсан шинжтэй баримт ба тушаалд үндэслэсэн шалтгаан нь тухайн үйлдэл хэзээ гарсан болон ямар үйл явдал болсныг нотлох нотолгооны ач холбогдолтойг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба, энэ нь аливаа асуудлыг /зөрчлийг/ шалгаж тогтоосны дараа гэсэн агуулга гэж үзэхээргүй байна. “.............” ТӨҮГ-ын хэмжээнд аливаа албан тушаалтны ёс зүйн шинжтэй зөрчлийг шалган тогтоох эрх ёс зүйн хороонд байдаг. “.............” ТӨҮГ-ын ёс зүйн хорооноос ажилчны гаргасан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзээгүй тохиолдолд хэнийг ч зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгаас үзвэл сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Энэ нь сахилгын зөрчлийг шалган тогтоож, ёс зүйн зөрчил үйлдсэн талаар холбогдох дүгнэлт гарч, ёс зүйн зөрчил гэж үзсэнээс буюу зөрчил гэдгийг тогтоосноос хойш 1 сарын хугацаа гэж ойлгоно. Зөрчлийг хэн илрүүлэх, зөрчил гэж хэн үзэх вэ? Тухайн этгээдийг илрүүлж, зөрчил мөн гэж үзсэн тохиолдолд зөрчлийг илрүүллээ гэж үзэх нь хуулийн зарчим агуулгад нийцэхээр байна. Энэ талаар ижил төстэй харилцааг зохицуулсан заалтуудаас авч үзвэл: Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолын 7 дугаар зүйл, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 3.9 дүгээр зүйлд тус тус зааснаар “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/” гэж заасан байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг төрийн албаны харилцаанд хэрхэн хэрэглэхийг тодорхойлсон ойлголт юм. Хэдийгээр “.............” ТӨҮГ-ын харилцааг төрийн албаны харилцаа гэж үзэхгүй ч ижил төстэй харилцааг хуулийг дээрх байдлаар тайлбарлан хэрэглэж байна. Зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацаа гэдэгт “.............” ТӨҮГ- ийн Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа орж байх тул сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлан үзээгүй байна. Тухайлбал: Ажилтан Т.............. нь “.............” ТӨҮГ-т хандан ирүүлсэн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 195 тоот албан бичгийн зургийг авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн цахим хуудсандаа public буюу олон нийт үзэж болохоор нийтэлсэн. Энэхүү үйлдлийн талаар .............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 197 дугаар албан бичгээр хандан ирүүлснийг “.............” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан /бичиг хэрэг/- ээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шилжүүлснийг “ИБ 3502” дугаар бүртгэлээр бүртгэж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаас 2019.11.20- ны өдөр Н.Энхболд гэх орлогч даргадаа хуулийн дагуу санал танилцуулах, нууцын баталгаа тодруулах цохолттойгоор хүргүүлсэн нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна. Энэ нь удирдлагын зүгээс тухайн үйлдлийг 2019.11.20-ны өдөр танилцаж, үйлдлийн талаар тодруулуулахаар холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөгдсөн гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн тушаалд дурдаж үндэслээд буй, зөрчил үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар илтгээд байгаа “Илтгэх хуудас” нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байна. Ингэхээр хэзээ, хэрхэн хүлээж авч, хэн зөрчлийг илрүүлээд байна. Энэ хугацаа нь хуульд заасан хугацаанд явагдсан эсэхэд шүүх өнгөц дүгнэлт хийж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтан Т..............т “.............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяраас ирүүлсэн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 197 дугаартай албан бичгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ гэж дүгнэсэн байна. Шүүх хэрэг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, нотлох баримтанд тулгуурлан дотоод итгэлээр хэргийг үнэлэх бус хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал: “.............” ТӨҮГ-аас ажилтан Т..............т сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан нь үйлдвэрийн газарт хаяглагдан ирсэн албан бичгийг бичиг хэргийн ажилтны бүртгэлийн дэвтрийн завсар байсныг авч, зургийг даран өөрийн цахим хуудас фэйсбүүктээ олон нийт үзэхээр нийтэлж, хоёр байгууллага хоорондын харьцсан албан бичгийг хувийн зорилгоор ашигласан гэж дүгнэсэн болохоос бус хэн нэгэн албан тушаалтан, тэр дундаа үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нь манай үйлдвэрийн газарт арга хэмжээ ав гэж албан бичиг ирүүлээд, бид тэр албан бичгийг нь үндэслээд ажилтандаа хариуцлага тооцоод байгаа асуудал биш юм. Үүнийг огтоос ингэж ойлгож болохгүй. Шүүх маргаантай харилцаанд бус 2020 оны 11 сарын 07-ны өдөр ажилтан Т..............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны сайтад хандан нийтэлсэн үйлдлийн талаар тайлбарлаад байгаа болохоос биш, “.............” ТӨҮГ-т ирсэн бичгийн зургийг авч, фэйсбүүк хаягаараа олон нийтэд нийтэлсэн үйлдлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь харагдаж байна. Ажилтан Т.............. нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа дахин мэдээлэл байршуулсан байсан нь .............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 195 дугаартай албан бичигтэй холбоотой мэдээлэл байсан ба тухайн ажилтан өөрт холбогдсон асуудлаар мэдээлэл хийх эрхтэй. Тухайн ажилтан үйлдвэрчний эвлэлийн холбоотой үүссэн маргаант асуудлаа өөр бусад байдлаар илэрхийлэх боломж бүрэн байсан атал үйлдвэрийн газарт ирсэн албан бичгийг зөвшөөрөлгүй авч, зургийг даран олон нийтийн сүлжээнд фэйсбүүк хуудсандаа public тохиргоотойгоор яагаад тавих болсон бэ? Энд хэний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна вэ? “.............” ТӨҮГ-т бусад байгууллагаас ирж буй бичиг холбогдох эзэндээ, холбогдох албан тушаалтандаа саадгүй хүрч байх учиртай. Ингэж гэмээн байгууллагын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдана. .............ийн дурын ажилтан үйлдвэрт хаяглагдан ирсэн бичгийн зургийг дараад өөрийн фэйсбүүк хаягаараа тавиад байж болохгүй. Энэ асуудал ганц ажилтан Т..............ийн асуудал биш энэ бол .............ийн 6500 гаран ажилтны асуудал. Ажилтан сахилга, хариуцлагатай байж, албан тушаалын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэхгүй, аливаа бичиг баримтыг хувийн зорилгодоо ашиглахгүй байх ёстой. Гэтэл шүүхээс ямар учир шалтгааны улмаас өөрийн албан тушаалын давуу тал, боломжийг хувийн зорилгодоо ашигласан нь тодорхойгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хамтын гэрээ нь ажилчдын асуудал гэхдээ бид энэ шүүх хуралдаанаар хамтын гэрээтэй холбоотой маргаанаар оролцоогүй. Тэр маргаантай холбоотой асуудал шүүхэд энэ хэргийг шийдвэрлэхэд огт хамааралгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд гаргаж өгсөн зохигчдын баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг хэргийн агуулгаас өөр байдлаар тайлбарлаж дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.............. нь “.............” ТӨҮГ-т холбогдуулан “Сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.  

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасныг баримтлан ............. ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаартай Ажилтан Т..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т..............т “.............” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2., “.............” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.14, “.............” ТӨҮГ-ын Ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдүгээр дүгнэлт, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны даргын үүргийг түр хослон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Т..............ийн тайлбар зэргийг үндэслэн үндсэн цалинг гурван сар 20 хувиар бууруулах  сахилгын шийтгэл ногдуулжээ.

 ............. ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар тушаалд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэжээ.

............. ТӨҮГ-ын ёс зүйн хороо нь дүгнэлтдээ “ ... ............. ТӨҮГ-ын ёс зүйн дүрмийн 3.1.13-т заасан “Ажилтнууд нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглахгүй ажиллах ...” хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэж байна гэжээ. Энэ үндэслэл болгоод байгаа ёс зүйн дүрэм болон ............. ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам нь Ерөнхий захирлын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан бөгөөд тухайн үед ............. нь ХХК байсан үеийн ёс зүйн дүрмийг баримталсан ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж Ерөнхий захирал тушаал гаргасан нь буруу болжээ. 

Ёс зүйн хороо нь 2019 оны 12 дугаар сарын 17 ны өдөр хуралдсан эсэх нь тодорхойгүй хурлын тэмдэглэл байхгүй, ажилтан Т..............ийг өөрийн биеэр хуралдаанд оролцуулаагүй, хуралдаанд оролцох эрхийг нь хангаагүй, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн хүнийг оролцуулаагүй, ажилтан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд яаж давж заалдах эрхийг нь зааж өгөөгүй. ............. ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.3.2-г хэрэгжүүлээгүй байх тул Ёс зүйн хорооны дүгнэлт нь үндэслэлгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа .............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаярын өгсөн албан бичгийн дагуу арга хэмжээ тооцоогүй гэж байгаа боловч  Б.Төгсбаярын ирүүлсэн албан бичиг нь захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт  газарт ирсэн энэхүү албан бичгийг үндэслэж илтгэх хуудас бичигдэж ажилтанд арга хэмжээ тооцож байгаа нь ............. ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 1.1, 2.1-т заасны дагуу дээрх ажиллагааг явагдсан гэж үзэхээр байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

.............ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярт “санал хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт “ ... Иймд Т..............т холбогдох хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг таньд уламжилж байна ...” гэжээ. Энэхүү албан бичиг нь 2019 оны 11 дүгээр сарын 15 ны өдөр албажсан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн “... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна ...”  гэж заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “... .............” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/6944 дугаар “Ажилтан Т..............т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй ...” гэж дүгнэсэн нь хууль хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “... шүүхэд гаргасан тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулууны гаргасан давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26ы өдрийн 142/ШШ2020/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулууны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                                    Б.БАТТӨР