Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух  Б.Ц /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******байрлах Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ /регистрийн дугаар *******/-т холбогдох,

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө бодож олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 10-нд тус байгууллагад Хүний нөөцийн менежерийн ажилд орж туршилтын хугацаанд цалингүй ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тушаалаар томилогдон цалинжиж ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа иртэл тодорхой үндэслэл шалтгаангүй ажлаас халсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд Ажил мэргэжилдээ эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж. Ажил олгогч байгууллагын зүгээс ажилд нь буцаан авах талаар маргаангүй хэмээн өгсөн тайлбарыг шүүх үндэслэн ажилд эргүүлэн тогтоосон захирамж гарган шийдвэрлэсэн. Ажилдаа эргэн орохоор хүлээсэн ч ажил олгогч тушаал шийдвэр гаргаж, холбоо барилгүй удсан ба өөрийн шууд удирдлага болох Дэд захиралтай ажилдаа орох талаар хэд хэдэн удаа холбогдсон боловч Өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад өргөдөл бичээд захиралтай уулзаад үз гэдэг байр суурийг илэрхийлсэн тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гарган, албадан гүйцэтгүүлж 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Ажилд томилох тухай Б-19/26 тоот тушаалаар ажилдаа эргүүлэн тогтоогдсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ Хүний нөөцийн ажлын байр цомхтгогдож 2020 оны 03 дугаар сарын 21-нээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл танилцуулагдсан тул ажлаас чөлөөлөгдөж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Урьд эрхэлж байсан ажил мэргэжлээс үндэслэлгүй халагдсан тул 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12сарын 09-ны өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах.

2. Мөн дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

3. Ажилгүй байсан хугацааг нөхөн тооцуулах тул 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс ээлжийг амралт авах эрх үүсч 2020 оны 01 дүгээр сарын 09ны өдөр ээлжийн амралтаа биеэр бус эдлэхээр ажил олгогчид өргөдөл гаргасан татгалзсан хариулт өгч амралтын мөнгө бодож олгоогүй. Иймд ээлжийн амралтын мөнгө бодож олгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүний нөөцийн менежер Б.Цыг манай үйлдвэрийн газарт дэд захирлаар ажиллаж байсан Д.Байгальмаагийн судлан санал болгосноор 2019.02.01-ний өдрөөс ажилд авсан. Ажиллаж эхлээд олон удаа алдаатай баримт, бичиг, тайлан, мэдээ, танилцуулга боловсруулж ажилдаа хариуцлагагүй хандаж байсныг тухай бүр гаргасан алдаа, дутагдлуудыг тайлбарлаж, хэлж өгч, зааж, зөвлөж, анхааруулж байсан. Хамгийн сүүлд 2019.03.25-ний өдөр аймгийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд явахаас өмнө өглөөний 08:30 цагт намайг бэлэн байж чухал баримт бичгүүд бэлдэж танилцуулах, батлуулах үүрэг өгсөн байсан. Би баримт бичгүүдийг боловсруулж дуусаад Б.Цд зөвхөн хувилж авчрах үүрэг өгсөн. Урьд өмнө нь хариуцлагагүй алдаанууд гаргаад байсан учир өмнөх өдөр нь үүрэг даалгавар өгөөд өглөө 30 минутын өмнө 08:00 цагт Засаг даргын өрөөнд баримт бичиг авчруулсан. Гэтэл миний боловсруулсан баримт бичгийн талыг авчирсан. Учрыг асуутал би дутуу хэвлэсэн байна хурдан хэвлээд ирье гээд явсан. Эргээд ирэхэд Засаг дарга замд гарах цаг тулаад танилцуулж амжаагүй. Энд үйлдвэрийн газар маш том хохирол амссан. Энэ талаар Б.Цтай уулзаж гаргасан алдааг тайлбарлаад ажилдаа сайн суралцах хэрэгтэй байгаа талаар урьд нь удаа дараа хэлсэн, анхааруулсан, зааж зөвлөсөн, эрсдэлийг тооцоод өмнөх өдөр нь хэвлээд ир гээд явуулсан чухал бичиг баримтын талыг нь авчирсан. Ийм байдлаар би чухал ажлуудаа хариуцлагагүй хүнд даатгаад байж чадахгүй, манай ажилд тэнцэхгүй байна гэж хэлтэл Б.Ц ажлаас халах гэж байгаа бол чамтай өөрөөр ярина гээд үгийн зөрүүгүй уурлаад гараад явсан.

Хэд хоногийн дараа Б.Ц өөр ажил олтол 2019 оны 04 дүгээр сарын НДШ тасрах гээд байна, энэ асуудлыг шийдээд өгвөл өөр асуудал, гомдолгүй гэж хэлүүлсэн байхаар нь 2019 оны 03 дугаар сарын цагийг бүтэн, 04 дүгээр сарын цагийг 70 хувиар тооцож цалин олгон НДШ төвлөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл энэ цалингаа авч, НДШ төлүүлсний дараа шүүхэд ажилдаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлтэй танилцаад цаашид ажилдаа хариуцлагатай хандаж, сайн суралцаж, ажиллана биз гэж үзээд ажилд нь авахад татгалзахгүй хариу тайлбар өгснөөр нэхэмжлэлийг хангасан шүүгчийн захирамж гарсан. Би ажилд эргүүлэн авна гэдгээ нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой илэрхийлсэн. Б.Ц нэхэмжлэлдээ ажилд орохоор дэд захиралд хэд хэдэн удаа хандсан гэсэн байна. Шүүгчийн захирамж гарснаас хойш ажил олгогч буюу үйлдвэрийн газрын захирал надтай ирж уулзаагүй, утсаар ч яриагүй, огт хандаагүй. Гэтэл хавар, зун, намар өнгөрөөд 2019 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. Үүний дараа би Б.Цтай уулзаад заавал ингэж шүүхийн шийдвэрээр асуудлаа шийдвэрлүүлж байхаар яагаад ирээд уулзаж болоогүй юм бэ, би ажилд авна гэдгээ албан ёсоор нэхэмжлэлийн хариу тайлбарт өгсөн. Би таныг ажилдаа ирж орох хүсэлтэй байгаа, үгүйг мэдэхгүй, тэгээд ч судалгаа. технологийн ажлаар би маш их ажилтай, завгүй байдаг, томилолтоор их явдаг, ирээд ажилдаа орох ёстой байсан талаар тайлбарласан, Би Б.Цыг хавар, зун, намар өөр ажил төрөл хийж байгаад, эсвэл амарч байгаад өвөл болохоор шүүхийн шийдвэрт хандсан гэж бодож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн ажилд нь авъя гэсэн тайлбараа өгөөд 2019 оны 12 дугаар сард ажилд авсан. Б.Ц ажилд эргэж ороод удалгүй 2020 оны 01 сард ээлжийн амралт авах хүсэлт гаргасан. Үйлдвэрийн газарт 2019 онд 3 сар ажилласан тул амралтын эрх үүсэхгүй, хуваарь, хууль, дүрэм, журмын дагуу амралт олгоно гэсэн хариу өгсөн. Байгууллагын 2020 оны бүтэц ТУЗ-өөр батлагдахад 2019 онд олон удаа цалингаа тавьж чадаагүй, цаашид зардал хэмнэх шаардлагатай гэж үзээд захиргаа зөвхөн 3 ажилтантай ажиллана гээд Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг цомхтгосон. Энэ талаар шийдвэрийг 2020.02.21-ний өдөр Б.Цд бичгээр танилцуулж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохыг нэг сарын өмнө мэдэгдсэн. 2020.03.23-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2020 оны 03 дугаар сарын ажилласан цагт харгалзах цалин болон хуулийн дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 750 000 төгрөгийг шимтгэлгүйгээр 2020.03.23.-ний өдөр олгосон.

Харин ч би буруу хэвлүүлсэн олон тооны танилцуулга, алдаатай боловсруулсан, хугацаа хоцрогдуулсан баримт бичиг, тайлангаас үүдсэн хохирлыг тооцож төлүүлээгүй.

Иймд шүүгчийн захирамжийн дагуу Б.Ц өөрөө ажилдаа ороогүй, өөрийн буруугаас огт ажиллаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-т холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө бодож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Ц нь Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-т хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан байх ба, Б.Ц шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг ажилд нь эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00659 дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.

Хариуцагчийн төлөөлөгч: ...Б.Цыг анх шүүхэд нэхэмжлэл өгөхөд нь ажилд нь эгүүлэн авахаар хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгч ажилдаа өөрөө ирээгүй, эргэж ажилдаа орох сонирхолтой байсан эсэх нь тодорхойгүй, нэг ч удаа ажилдаа орох талаар ирж уулзаагүй... тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч: ...шүүгчийн захирамжид захирамжийг сайн дураараа биелүүлээгүй бол албадан биелүүлнэ гэсэн байгаа. Би Г.Э захиралд ажилдаа оръё гэж хандаж байгаагүй, харин өөрийн шууд удирддаг дэд захиралдаа ажилдаа орох талаар хэд хэдэн удаа хэлэхэд өөрийн биеэр ирж, уучлал гуйгаад өргөдөл бичээд захиралтай уулзаад үз гэж хэлсэн... гэдэг.

Б.Цыг ажилд нь эгүүлэн авахаар ажил олгогч хүлээн зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан хэдий ч, ажилтан өөрөө ажилдаа орохоор хүсэлтээ гаргах, өөрийн санаа бодлоо илэрхийлж ажилдаа орох хүсэл сонирхолтой буйгаа ажил олгогчид мэдэгдэх нь зүйн хэрэг.

Хэдийгээр дэд захиралтайгаа ажилдаа орох талаар ярьсан гэдэг нь нотлогдоогүй ч, нэхэмжлэгчийн тайлбараар дэд захирал өөрөө ирж уулзаад, өргөдлөө өг гэдгийг бол хэлсэн байна.

Тиймээс ажил олгогч ажилд авахаар хүлээн зөвшөөрсөн байхад ажилдаа орохоор өргөдөл гаргалгүй, ажил олгогчтой уулзалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, энэ дагуу ажилтныг ажилд авахаар тушаал гаргаснаас хойш өмнөх саруудын цалинг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч анх шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй байх ба, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх ба, нэхэмжлэлийн шаардлагаа ч тодруулж чадахгүй байна. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, амралтын мөнгө хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулан асуухад амралтын мөнгийг дундажлан бодсон, ажилгүй байсан хугацааны цалинг хэд гэдгийг тодорхойлон хэлээгүй.

Иймд Б.Цын ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 110 950 төгрөг /цалин нэхэмжилсэн хугацаа буюу 8 сарыг нэг сарын цалингаар бодож тооцов/ гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө олгуулах тухай Б.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 110 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА