Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 80

 

Б..............ын нэхэмжлэлтэй, хариуцагч

.............

парк ОНӨААТҮГ-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б..............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “.............парк” ОНӨААТҮГ-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлөэх, ээлжийн амралтын мөнгө бодож олгуулах тухайиргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б..............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 10-нд тус байгууллагад Хүний нөөцийн менежерийн ажилд орж туршилтын хугацаанд цалингүй ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тушаалаар томилогдон цалинжиж ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа иртэл тодорхой үндэслэл шалтгаангүй ажлаас халсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд Ажил мэргэжилдээ эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж. Ажил олгогч байгууллагын зүгээс ажилд нь буцаан авах талаар маргаангүй хэмээн өгсөн тайлбарыг шүүх үндэслэн ажилд эргүүлэн тогтоосон захирамж гарган шийдвэрлэсэн. Ажилдаа эргэн орохоор хүлээсэн ч ажил олгогч тушаал шийдвэр гаргаж, холбоо барилгүй удсан ба өөрийн шууд удирдлага болох Дэд захиралтай ажилдаа орох талаар хэд хэдэн удаа холбогдсон боловч Өөрийн биеэр ирж уучлалт гуйгаад өргөдөл бичээд захиралтай уулзаад үз гэдэг байр суурийг илэрхийлсэн тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гарган, албадан гүйцэтгүүлж 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Ажилд томилох тухай Б-19/26 тоот тушаалаар ажилдаа эргүүлэн тогтоогдсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр .............парк ОНӨААТҮГ Хүний нөөцийн ажлын байр цомхтгогдож 2020 оны 03 дугаар сарын 21-нээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл танилцуулагдсан тул ажлаас чөлөөлөгдөж байна. Урьд эрхэлж байсан ажил мэргэжлээс үндэслэлгүй халагдсан тул 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12сарын 09-ны өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааг нөхөн тооцуулах тул 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс ээлжийг амралт авах эрх үүсч 2020 оны 01 дүгээр сарын 09ны өдөр ээлжийн амралтаа биеэр бус эдлэхээр ажил олгогчид өргөдөл гаргасан татгалзсан хариулт өгч амралтын мөнгө бодож олгоогүй. Иймд ээлжийн амралтын мөнгө бодож олгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хүний нөөцийн менежер Б..............ыг манай үйлдвэрийн газарт дэд захирлаар ажиллаж байсан Д.Байгальмаагийн судлан санал болгосноор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд авсан. Ажиллаж эхлээд олон удаа алдаатай баримт, бичиг, тайлан, мэдээ, танилцуулга боловсруулж ажилдаа хариуцлагагүй хандаж байсныг тухай бүр гаргасан алдаа, дутагдлуудыг тайлбарлаж, хэлж өгч, зааж, зөвлөж, анхааруулж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд явахаас өмнө өглөөний 08:30 цагт намайг бэлэн байж чухал баримт бичгүүд бэлдэж танилцуулах, батлуулах үүрэг өгсөн байсан. Би баримт бичгүүдийг боловсруулж дуусаад Б..............д зөвхөн хувилж авчрах үүрэг өгсөн. Урьд өмнө нь хариуцлагагүй алдаанууд гаргаад байсан учир өмнөх өдөр нь үүрэг даалгавар өгөөд өглөө 30 минутын өмнө 08:00 цагт Засаг даргын өрөөнд баримт бичиг авчруулсан. Гэтэл миний боловсруулсан баримт бичгийн талыг авчирсан. Учрыг асуутал би дутуу хэвлэсэн байна хурдан хэвлээд ирье гээд явсан. Эргээд ирэхэд Засаг дарга замд гарах цаг тулаад танилцуулж амжаагүй. Энд үйлдвэрийн газар маш том хохирол амссан. Энэ талаар Б..............тай уулзаж гаргасан алдааг тайлбарлаад ажилдаа сайн суралцах хэрэгтэй байгаа талаар урьд нь удаа дараа хэлсэн, анхааруулсан, зааж зөвлөсөн, эрсдэлийг тооцоод өмнөх өдөр нь хэвлээд ир гээд явуулсан чухал бичиг баримтын талыг нь авчирсан. Ийм байдлаар би чухал ажлуудаа хариуцлагагүй хүнд даатгаад байж чадахгүй, манай ажилд тэнцэхгүй байна гэж хэлтэл Б.............. ажлаас халах гэж байгаа бол чамтай өөрөөр ярина гээд үгийн зөрүүгүй уурлаад гараад явсан. Хэд хоногийн дараа Б.............. өөр ажил олтол 2019 оны 04 дүгээр сарын НДШ тасрах гээд байна, энэ асуудлыг шийдээд өгвөл өөр асуудал, гомдолгүй гэж хэлүүлсэн байхаар нь 2019 оны 03 дугаар сарын цагийг бүтэн, 04 дүгээр сарын цагийг 70 хувиар тооцож цалин олгон НДШ төвлөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл энэ цалингаа авч, НДШ төлүүлсний дараа шүүхэд ажилдаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлтэй танилцаад цаашид ажилдаа хариуцлагатай хандаж, сайн суралцаж, ажиллана биз гэж үзээд ажилд нь авахад татгалзахгүй хариу тайлбар өгснөөр нэхэмжлэлийг хангасан шүүгчийн захирамж гарсан. Би ажилд эргүүлэн авна гэдгээ нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой илэрхийлсэн. Б.............. нэхэмжлэлдээ ажилд орохоор дэд захиралд хэд хэдэн удаа хандсан гэсэн байна. Шүүгчийн захирамж гарснаас хойш ажил олгогч буюу үйлдвэрийн газрын захирал надтай ирж уулзаагүй, утсаар ч яриагүй, огт хандаагүй. Гэтэл хавар, зун, намар өнгөрөөд 2019 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. Үүний дараа би Б..............тай уулзаад заавал ингэж шүүхийн шийдвэрээр асуудлаа шийдвэрлүүлж байхаар яагаад ирээд уулзаж болоогүй юм бэ, би ажилд авна гэдгээ албан ёсоор нэхэмжлэлийн хариу тайлбарт өгсөн. Би таныг ажилдаа ирж орох хүсэлтэй байгаа, үгүйг мэдэхгүй, тэгээд ч судалгаа. технологийн ажлаар би маш их ажилтай, завгүй байдаг, томилолтоор их явдаг, ирээд ажилдаа орох ёстой байсан талаар тайлбарласан, Би Б..............ыг хавар, зун, намар өөр ажил төрөл хийж байгаад, эсвэл амарч байгаад өвөл болохоор шүүхийн шийдвэрт хандсан гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн ажилд нь авъя гэсэн тайлбараа өгөөд 2019 оны 12 дугаар сард ажилд авсан. Б.............. ажилд эргэж ороод удалгүй 2020 оны 01 сард ээлжийн амралт авах хүсэлт гаргасан. Үйлдвэрийн газарт 2019 онд 3 сар ажилласан тул амралтын эрх үүсэхгүй, хуваарь, хууль, дүрэм, журмын дагуу амралт олгоно гэсэн хариу өгсөн. Байгууллагын 2020 оны бүтэц ТУЗ-өөр батлагдахад 2019 онд олон удаа цалингаа тавьж чадаагүй, цаашид зардал хэмнэх шаардлагатай гэж үзээд захиргаа зөвхөн 3 ажилтантай ажиллана гээд Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг цомхтгосон. Энэ талаар шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б..............д бичгээр танилцуулж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохыг нэг сарын өмнө мэдэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2020 оны 03 дугаар сарын ажилласан цагт харгалзах цалин болон хуулийн дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 750 000 төгрөгийг шимтгэлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон. Харин ч би буруу хэвлүүлсэн олон тооны танилцуулга, алдаатай боловсруулсан, хугацаа хоцрогдуулсан баримт бичиг, тайлангаас үүдсэн хохирлыг тооцож төлүүлээгүй. Иймд шүүгчийн захирамжийн дагуу Б.............. өөрөө ажилдаа ороогүй, өөрийн буруугаас огт ажиллаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэхь хэсэгт заасныг баримтлан .............парк ОНӨААТҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө олгуулах тухай Б..............ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 110 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ажил олгогч буюу хариуцагч тал ажлаа схалсан гэдгээ хүлээн зөвшөөрч ажилд буцаан авах тайлбарыг үндэслэж хэрэг хаагдсан байхад хариуцагч тал ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1., 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан хуулийн заалтыг зөрчсөн. Хэргийн материалыг дутуу хянасан ба 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажилд авах тухай тушаал гаргаж, ажилтанд танилцуулж гэрээ шинэчилж хийлгүй 2 сар гаруй ажиллуулсан болоод ажлаас халсан байхад өөрийн биеэр очиж, хүсэлтээ гаргаж ажилдаа ороогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан эрхийн дагуу хүсэлтийг ажил олгогч эс зөвшөөрсөн тул шүүхэд хандсан байтал шүүх цалин хөлсөө гаргуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Шүүгч шүүх хуралдааны үед ажилгүй байсан хугацааны цалин хэдэн төгрөг нэхэмжилж байна вэ? Цалин хэд вэ?  Нийгмийн даатгалаа төлөөд гар дээр хэдэн төгрөг авдаг вэ? зэрэг хуульд тодорхой заагдсан байх зүйлийг удаа дараа асуусан. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх зэрэг тайлбар хийсэн нь холбогдох хуулийн заалтуудыг хэрэглэн үнэн зөв шийдвэр гаргаагүй ба хэргийн материалд үндсэн цалингийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолт, ажлаас буруу халсан хугацаа, нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь хэлж маргаагүй тодорхой байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.............. ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр “... нэхэмжлэгч өөрөө ажилдаа ороогүй, өөрийн буруугаас ажиллаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасантай нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.............. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас халагдсаныг эс зөвшөөрч шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн № 00659 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэний дараа нэхэмжлэгчийг ажилд авсан ажил олгогчийн гаргасан тушаалын огноо зөрүүтэй байх тул  ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид  хариуцуулсан нь зөв байна.

Иймд нэхэмжлэгч Б..............ын “... ажлаас буруу халсан хугацаа, нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь хэлж маргаагүй тодорхой байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б..............ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б..............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ